Азийн худалдааг дэмжих байгууллагуудын удирдлагын түвшний 32 дахь удаагийн чуулган эхэллээ
- 2019-09-12
- Үнэн
- 0
Монголын Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн худалдааг дэмжих байгууллагуудын удирдлагын түвшний 32 дахь удаагийн чуулганы нээлтэд оролцож хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Намрын нар хур тэгширсэн энэ сайхан өдрүүдэд манай улсад зочилж, “Азийн худалдааг дэмжих форум”-ын дээд түвшний чуулганд оролцож байгаа хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улс нь олон улсын худалдаа, эдийн засгийн асуудлаарх бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдааны саадыг арилгах, харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулах зорилгоор “Азийн худалдааг дэмжих форум”-ыг эх орондоо зохион байгуулж байгаад баяртай байна.
Энэ удаагийн форум “Олон улсын түвшинд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг нэмүү өртгийн сүлжээнд холбоход Азийн худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг оролцоо” гэсэн сэдвийн дор болж байгаа нь манай улсын үйлдвэрлэгчид олон улсын өртгийн сүлжээнд бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар харилцан туршлага солилцож, тодорхой санал, санаачилга, үр дүнд хүрнэ гэж үзэж байна.
Эдийн засгийн интеграци, үйлдвэрлэлийн сүлжээ, бүс нутгийн хэмжээн дэх үйлдвэрлэл хоорондын худалдаа, түгээлтийн сүлжээг өргөжүүлэхэд худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг, оролцоо чухал юм.
Бидний хувьд бүс нутгийн хэмжээнд нийлүүлэлтийн асуудал, зохицуулалтын орчин бий болгох нь чухал бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, худалдааг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж байна.
Мөн бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг нь өргөжүүлэн хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн хууль, бодлогын баримт бичгүүдийг хэлэлцүүлж, батлахыг эрмэлзэж байна.
Үүний зэрэгцээ зөв зүйтэй технологи сонгох, нутагшуулах, норм нормативыг нийцүүлэх, тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна.
Монгол Улсад 2018 оны байдлаар бүртгэлтэй 78585 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 60330 нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч байна. Улсын хэмжээнд энэ салбарт 78,3 хувь буюу нэг сая орчим хүн ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас эдгээр бизнес эрхлэгчиддээ зарим тусгай сан болон олон улсын төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан хөнгөлөлттэй зээл олгож, бизнесийн үйл ажиллагаанд нь бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Монгол Улс гадаад улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцад идэвхтэй хамрагдах, бүс нутаг, дэлхий нийтийн өмнө тулгарч байгаа сорилтуудыг шийдвэрлэхэд өөрийн бололцооны хэрээр хувь нэмэр оруулахыг эрмэлзсээр ирсэн. Бид энэ бодлогоо цаашид ч үргэлжлүүлэх болно.
Энэ хүрээнд форумын хэлэлцүүлгийн үеэр олон улс болон бүс нутгийн бодлогыг уялдуулах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой, ач холбогдол бүхий арга хэмжээ, төслийн талаар Та бүхнээс тодорхой бүтээлч санал, санаачилгуудыг дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Хүндэт зочид оо,
Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлнэ.
Мөн жижиг, дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нийлүүлэх, таниулахад нь бүх талаар бодлогын дэмжлэг үзүүлэх болно гэдгээ дахин илэрхийлье.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье
Сэтгэгдэл (0)