Шүүх хэний талд үйлчлээд байна вэ?

Ноён уулыг ухуулахгүйн төлөө тэмцэгчдийн гомдлыг хэлэлцэх шүүх хурал гурван жил сунжирч, 37 удаа хойшилсны эцэст, Ноён уул ойр орчимд ашигт малтмал хайж байсан компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг шүүхээс гаргав. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас Ноён уул орчмыг дархан цаазат газар болгох шийдвэр гаргасан ч дэлхийн анхны дархан цаазат уул гэгддэг Богдханы ойр орчмын газар маргаан дагуулсан хэвээр. Ямар сайндаа л салбар хариуцсан төрийн сайд нь “Зөрчилтэй компаниудын газар ашиглах зөвшөөрлийг цуцалсан ч шүүхэд гомдол гаргаад эрхээ сэргээлгэчихэж байна” гэж хэвлэлээр дамжуулан зовлонгоо тоочиж байхав. Богд ууланд зориулалтын машины зогсоол барих үйл явцыг төр хэрхэн хүчгүйдсэнийг бэлхнээ гэрчилсэн.

 

 

Богд уулын амыг 40 гаруй га-гаар нь хашчихаад хогийн цэг, архидалтын үүр уурхай болгосон компанид төр өөрийнхөө газраас гуравхан га-г авч, нийтийн эзэмшлийн талбай болгон авто зогсоол барья гэхэд өөдөөс нь салаавч өгүүлж байсныг уншигчид мартаагүй биз. Тухайн үед “Энигма” компанийнхан харьяа сургуулийнхаа оюутнуудаар БОАЖЯ-ыг горойлуулж, шүүхэд гомдол гарган нэхэмжлэхээ авч байсан нь саяхан. Туулын бургасыг хядаж байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан компанийн газар ашиглах эрхийг цуцлахад ч шүүхээс тухайн компанийн талд шийдвэр гаргасан талаар хэвлэлийнхэн шуугиад л өнгөрсөн. 

 

 

2018, 2019 онд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн, газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр Богдхан уулын Арцат, Зайсан, Түргэн, Хүүш, Чандмань, Чулуут, Хүрхрээгийн аманд 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсан ч мөн л шүүхээс эдгээр компанийн эрхийг сэргээчихэж байх жишээтэй. Баримт дурдвал, нийслэлийн Захиргааны хэргийн анхан шүүхийн шүүгчдийн анхан шатнь шүүхийн шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрийн А/113 дугаар тушаал, 2018 онь гуравдугаар сарын 29-ниь өдрийн А/76 дугаар тушаалаар Туул голын дагуу байршилтай усны эх үүсвэрт онцгой болоь энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэм зөрчсөн үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг хүчингүй болгож, нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн талд шийдвэрлэсэн байна. Ингээд ч зогсохгүй өдгөө Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны долоодугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар Хан уул дүүрэг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчин аялал жуулчлалын зориулалтаар олгосон гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхээ цуцлуулсан 46 аж ахуйн нэгж нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд сайдын тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хийсэн замбараагүй газар олголтын асуудлыг одоогийн төр засгийн удирдлагууд боломжоороо засах гэж оролдож байгаа дүр зураг ажиглагдаж байгаа нь сайшаалтай. Харамсалтай нь энэхүү боломжийг олгохгүй байгаа шүүх хэний талд үйлчлээд байна вэ гэж хардахаас өөр аргагүйд хүрч эхэллээ.

 

Энэ бол ердөө л Богд уул тойрсон мэдэгдэж буй маргаантай асуудлуудын зах зух. Үүний цаана шүүгч нарыг тойрсон гомдол, тэмцэл тасрахгүй байгаа нь шүүхийн нэр хүнд Монгол Улсад хэрхэн унасныг гэрчлэх би ээ. Тиймээс шүүгч нар эрх ашгийг нь хамгаалаад байгаа эрхмүүдийг олон нийтэд ил болгохын тулд өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хэн хэн гэдэг сайд нар, ямар ямар хүмүүст Дархан цаазат Богдхан уул болон Туул гол орчимд газар олгож байсныг ил болгохыг шаардаж байна.

 

 

Х.Уярал

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)