Өдрийн сонины “Хар тамхинд холбогдсон алдартнуудын мэдээллийг гаргахыг хориглоё“ уриалгыг Үнэн.мн сайт дэмжиж байна

"ӨДРИЙН СОНИН"-Ы ЗӨВЛӨЛӨӨС "Хар тамхинд холбогдсон алдартнуудын мэдээллийг  бүх  хэрэгслээр гаргахыг хориглоё" гэж уриалж байна. Үүнийг манай мэдээллийн UNEN.MN сайт дэмжиж байгаагаа ийнхүү илэрхийлж байна. 

 

"Өдрийн сонин"-ы зөвлөл  уриалга гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Монголд хар тамхи тахлын хэмжээнд очлоо. Хууль хяналтын байгууллага, холбогдох газрууд өндөржүүлсэн байдалд шилжлээ. Монголын хэвлэл мэдээллийн бүх байгууллага онцгой анхаарах цаг боллоо. Хар тамхины хэрэгт Монголын залуу, өсвөр үеийнхэн маш ихээр холбогдож, энэ байдлаараа живэх нь. Хүүхэд залуусын шүтэн биширдэг, даган дуурайдаг, үг үйлдэл, өмссөн зүүсэн бүгдээс нь үлгэр авдаг урлаг соёлын алдартнууд, олны танил хүмүүс олноороо хар тамхины хэрэгт холбогдож, цөөнгүй нь хуулийн хариуцлага хүлээх болов. Гэтэл Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэдгээр олны танил хар тамхичдыг онцгой ихээр сурталчилж байгаа нь залуу үеийнхэнд ийнхүү муугаар нөлөөлж эхэллээ. Хар тамхинд нэр холбогдсон алдартнуудыг өдөр шөнөгүй нийтлэл, нэвтрүүлэгтээ урьж оролцуулан, зар сурталчилгаандаа тоглуулж байгаа нь тэднээр дамжуулан хар тамхийг сурталчилсан үйлдэл болсныг мэргэжлийн хүмүүс анхаарууллаа. Хуулийн хэллэгээр бол Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд хар тамхины гэмт хэргийн нэг хэсэг, шууд болон шууд бусаар хар тамхичдыг дэмжиж, сурталчилагсад болсон байна.

Үүнд цэг тавих эцсийн арга нь хар тамхитай нэр холбогдсон урлаг соёлын алдартнуудыг нийтлэл, нэвтрүүлгээрээ гаргасан мэдээллийн бүх хэрэгслүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, лицензийг нь хураах явдал гэжээ. Байдал иймдээ хүрчээ, сэтгүүлчид ээ. Бид бол нийгмийг зөв зүйлд хөтлөх, буруугаас сэрэмжлүүлэх үүрэгтэй. Хар тамхи хэрэглэдэг олны танил хүмүүс гаднаасаа хүртэл андашгүй байдгийг “Өдрийн сонин” олон удаагийн цуврал нийтлэл сурвалжлагаараа хүргэж ирсэн. Наад зах нь телевизийн нэвтрүүлэгт орохдоо нөгөөдөхөө заавал хэрэглэдэг. Хэрэглэсэн хүний нүд айхавтар улайдаг учраас түүнийгээ нуух гэж хар шил зүүдгийг хүртэл бичиж, “Хар нүдний шил зүүсэн дуучин хуурчин алдартнуудыг телевизээр битгий гаргаач...” хэмээн уриалж байлаа. Уриалга маань энэ цаг дор дахиад давтагдахад хүрч байна. Монголын хэвлэл мэдээллийн бүх байгууллага, сэтгүүлчид ээ! Бүгдээрээ улс үндэстнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдэгсдийг дэмжигч, сурталчилагсад байхаа өнөөдрөөс эхлээд зогсооё. Энэ уриалгыг уншиж суугаа таны хажууд, хаалганы чинь цаана, ажлын чинь үүдэнд, цайны ширээний чинь дэргэд хар тамхичид зогсож байж ч мэдэх нь. Нийтлэл, нэвтрүүлэг дууссаны чинь дараа нөгөөдөхөө барьчихсан хар нүдний шилтэн хажууд чинь “Татах уу” гээд зогсож байж ч мэдэх нь. Наад “од”-ууд чинь нэг харсан таны хүү, охиныг чинь, ах дүүс, анд нөхдийг чинь дагуулчихсан, мансууруулчихсан явж байвал та яах вэ... Ийм хүмүүсийг тэгвэл өнөөдрөөс эхлээд редакцийнхаа хаалгаар бүү шагайлга. Үүнийг “Өдрийн сонин” уриалж байна.

 

"ӨДРИЙН СОНИН"-Ы ЗӨВЛӨЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • шударга (183.81.171.2)

    2019-09-19

    юун хоёр үзүүртэй гарчиг вэ? хар шилтэнгүүдийг сурталчилхаа болъёо гээд байгаа юм шиг бас тэд нарын хар тамхчин муу нэр хүндийг хамгаалаад ч байгаа юм шиг новш гэж,,,