АШУҮИС-ийн гадаад харилцаа өргөжин тэлж төлөөлөгчийн газраа Япон улсад нээлээ
- 2019-09-18
- Үнэн
- 0
АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонтой уулзаж, цаг үеийн сэдвээр ярилцлаа.
- АШУҮИС Япон улсад төлөөлөгчийн газраа нээсэн гэж дууллаа. Энэ нь АШУҮИС-ийн гадаад харилцаа өргөжин тэлж байгаагийн нэг илрэл гэж харж байна. Энэ сэдвээр яриагаа эхэлье?
Тийм ээ. Миний бие 8-р сарын 26-29 хооронд Гадаад харилцаа, эрдэм шинжилгээ хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Б.Амарсайханы хамт Япон улсад ажиллаад ирсэн. Энэ ажлын нэг чухал үйл явдал нь Монгол улсын анхны Их сургуулийн эмнэлэг болох “Монгол-Япон сургалтын эмнэлэг”-ийг Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулж өгсөнд Япон улсын гадаад хэргийн яамаар дамжуулан Япон улсын Засгийн газар, Японы ард түмэнд чин сэтгэлийн талархлаа АШУҮИС-ийн эрдэмлэг хамт олон оюутан залуус, ард түмнийхээ нэрийн өмнөөс илэрхийлэх сайхан боломж олдсон явдал юм. 8-р сарын 27-ны өдөр Япон улсын Гадаад хэргийн яамны гадаад хамтын ажиллагааны тэргүүн захирал, G20-ийг даргалж байсан ноён Такеши Акамацу хүлээн авч уулзаж, бидний үйл ажиллагааг дэмжиж байгаагаа албан ёсоор илэрхийлсэн нь нэр хүндийн хэрэг болсон. Энэ нь анх удаагаа Монгол улсаас Япон улсад биеэр очиж талархал илэрхийлсэн явдал болсон хэмээн тус албаны хүмүүс үнэлсэн. Мөн дэлхийн хамгийн том сонины нэг болох өдөрт 14 сая хувь хэвлэгддэг “Ёомиүри шимбүн” сонинд АШУҮИС-ийн эмнэлэг болох Япон-Монголын сургалтын эмнэлгийн талаар ярилцлага өгсөн байгаа. Түүнчлэн Японы Эзэн Хааны нэрэмжит гурван их сургуулийн нэг, Дэлхийн их дээд сургуулийн жагсаалтад зэрэглэлээрээ эхний 50-д багтдаг Тохоку Их Сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, цаашид хэрхэн хамтарч ажиллах тал дээр санал солилцлоо. Мөн Тохоку их сургуулийн “Smart Aging Center” Төв дээр бид айлчилж үйл ажиллагаатай нь танилцсан. Тохоку их сургуульд Монгол улсаас 4 докторант суралцаж байгаа бөгөөд АШУҮИС-тай хамтын ажиллагаагаа дараагийн шатанд хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Хамгийн гол нь төлөөлөгчийн газрыг тухайн их сургууль дээр бид нээлээ. Энэ нь АШУҮИС-иас гадаад улс оронд нээж байгаа хамгийн анхны төлөөлөгчийн газар бөгөөд мөн тус сургууль дээр байгуулагдсан анхны төлөөлөгчийн газар байснаараа онцлог бөгөөд нэр хүндийн хэрэг байлаа. Мөн Тохоку их сургуульд био-анагаахын инженерийн сургууль байдаг бөгөөд Тохоку их сургууль нь анагаахын шинжлэх ухаан, материал судлал болон инженерчлэлийн салбарыг хослуулдаг Японы хамгийн том их сургууль юм. Тус сургуулийн эрдэмтэд “Нано технологи нь хуучирсан одоо “Пико” технолги хүчээ авч байна, манай сургууль пико технологийн тусламжтай олон шинэ нээлт, бүтээгдэхүүнүүдийг гаргаж байна” гэж ярьж байлаа. Мөн Япон улсын Хоккайдо Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуультай хамтарч ажиллахаар ярилцсан бөгөөд цаашид их сургуулийн түвшинд хамтарч ажиллахаар тохиролцоод ирсэн гэхчлэн энэ удаагийн томилолтоор маш олон ажлыг амжуулаад ирсэн байгаа.
- Та сая “Пико”технологи гэж ярьлаа. Би гэхэд л энэ талаар анх удаагаа сонсож байна?
Шинжлэх ухааны салбар маш хурдацтай хөгжиж тэр чинээгээрэ хүн төрөлхтөний хөгжилд ахиц гарч байна. Бид “Нано” технологи гэж ярьж байсан бол одоо тэр технологи аль хэдийн тавин жилийн насыг зооголж түүний дараагийн үе болох “Пико” технологийн үе ирсэн байна. Биднийг Тохокугийн их сургууль дээр айлчлахад “Пико” технологийн тусламжтайгаар гаргасан шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байсан. “Пико” гэдэг үг нь испани үг бөгөөд “орой оргил”, “хушуу” гэдэг үгнээс гаралтай. Англиар бас “Peak” гэдэг шүү дээ. “Пико” технологи нь “Нано” технологиос 1000 дахин бичил хэмжээнд судалгаа хийнэ гэсэн үг өөрөөр хэлбэл трилионный хэмжээ буюу аравын хасах арванхоёрын зэрэгтэй \10−12 зэрэгт\ тийм бичил биетээр маш нарийвчлалттай хагалгаа хийнэ гэж ойлгож болох юм. Таван жилийн өмнөөс Тохоку Их Сургуулийн Био-анагаахын инженерчлэлийн сургууль “Пико” технологийн туршилтуудыг эрчимтэй хийж эхэлсэн бөгөөд нано бүтцийн материалуудын шинж чанарыг Сканнинг туннель микроскопийг (Scanning tunneling microscope/STM)ашиглан судалж STM систем хөгжүүлэлтийн судалгааг эрчимтэй хийж байна. Тэдний сургууль дурангийн мэс засалд ашиглах, нүдний хараанд нөлөөлөхгүй микро дурангуудыг бүтээж эхэлсэн байна. Дархлааны эсийн харилцан үйлчлэлийг багасгах, халдварыг дарангуйлах, эд эсийн өсөлтийг нэмэгдүүлэх, эд эсийг нөхөн төлжүүлэхийн тулд эдэд (арьс гэх мэт) шууд хэрэглэж болох ба эд эсийн наалдамхай бүрхүүлтэй болгоход тус технологийг ашиглаж байна. Жишээ дурьдвал шүдний пааланг \эмаль\ бүтээснээр цоорлын хөндийг шууд паалангаар бүрж цоорлын хөндий хатуулаг эдээр хучигдаж хоёр дахь цоорол үүсэх, хүндрэл гарахгүй болно. Бид энэ бүтээгдэхүүнийг хамгийн түрүүнд авч хэрэглэх, харьцуулсан судалгаа хийх саналаа илэрхийлсэн. Мөн амьдралд хэрэгцээтэй өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг гаргаж байна. Жишээ нь, ширүүн бороотой үед машины цонхны шилэн дээр борооны дусал огт тогтохгүй, шилний тунгалаг байдал алдагдахгүй байх бүтээгдэхүүнийг гаргасан нь аваар ослын тоог нэлээдгүй хэмжээгээр бууруулах юм байна. Мөн өндөр шилэн байшингуудын шилэн дээр туссан нарны гэрэл доош ойж, газрын гадаргын агаарыг 10 хэмээр нэмэгдүүлэн хөрсөнд шингэсэн бодисуудыг хайлуулан ууршуулах нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэн хүний эрүүл мэндэд хортой байдал үүсгэдэг бол “Пико” технологийг ашигласнаар нарны туяа цонхонд ойгоод доошоо биш тээшээ тусч хүний биенд хортойгоор нөлөөлөх нөлөөлөл багасах жишээтэй.
- АШУҮИС судалгаа, технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Япон Улсын их дээд сургуультай хамтын ажиллагаатай байгаа нь сайшаалтай. Сүүлийн үед тулгамдсан асуудал болох насжилтын талаар Япон эрдэмтэд олон шинэлэг судалгаанууд хийх болсон. Манай улсад ч бас энэ асуудал хэзээ нэгэн цагт ирнэ шүү дээ.
Япон улсын дөрвөн хүн тутмын нэг нь жаран таваас дээш насны хүн байна. Энэ байдал нь эрүүл мэндийн салбарт төдийгүй эдийн засгийн байдлыг бүхэлд нь хамарсан тулгамдсан асуудал болж байна. Эдийн засгийн гол суурь ажиллах хүчний тоо багасаж, тэтгэмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хөгшчүүдийн тоо нэмэгдэж байгаа гэсэн үг. Энэхүү үзүүлэлт ойрын хугацаанд сайжирч, хүн ам нь залуужих боломж байхгүйгээс хойш Японы эрдэмтэд зөнөгрөл өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөгшрөлтийн явцыг удаашруулах тал дээр судалгаануудыг хийж байна.
Тохоку их сургуулийн насжилт судлалын төв нь орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт технологийг ашиглан тархины эдийн сөнөрөлт өвчнүүдийн эсрэг тэмцэж чадна гэж үзэж байна. Тархи судлалын шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтод тулгуурлан шинжлэх ухаан, нийгэм хооронд үүссэн зөрүүг арилгах, тэдгээрийн хоорондох холбоосыг тогтоох шинэ арга замыг боловсруулан хүн төрөлхтнийг ухаалаг насжилт руу чиглүүлж чадна гэж үзэж байна. Насжилтай холбоотой үүсэж байгаа тархины эдийн сөнөрөлт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх нь дэлхий даяар тулгамдсан асуудал болж байна. 140 хүн тутмын нэг нь тэнэгрэх буюу сэтгэц танин мэдэхүйн үйл ажиллагаа доройтож байгаа бөгөөд дөрвөн секунд тутамд хэн нэг нь энэ өвчнөөр оношлогдож байна. Хөгжингүй улс орнуудын дунд Япон бол дундаж наслалт өндөр бөгөөд мөн найман сая хүн энэ өвчнөөр шаналж байна.
Японы их сургуулиудтай хамтарч ажиллаж байхад ажиглагдсан зүйл бол тухайн хүний мэдлэг, дипломыг үндэслэж ажилд авахаасаа илүү сэтгэл, санаачлага, хариуцлагыг чухалчлан үзэж ажилд авч байна. Тэр тусмаа академик байгууллагад бусдад мэдлэг олгох, мэдлэгээ харамгүй хуваалцахад цаашлаад судалгаа шинжилгээний ажилд өөрийгөө бүрэн зориулж чадах ухамсартай хүмүүс ажиллаж байна. Ингэж байж шинэ нээлтүүд хийгдэж үр дүнг нь дэлхий нийтээрээ хүртэж байна. Түүнээс гадна салбар хоорондын хамтын ажиллагаа, багаар ажиллах арга барилыг эрхэмлэж байна.
Тус сургуулийн удам зүйн тэнхим нь насжилттай холбоотой гемеостазийг зохицуулахад чухал оролцоотой генийн экспрессийн зохицуулгийн судалгаанд түлхүү анхаарч ажиллаж байгаа юм байна. Тус тэнхим Nuclear factor erythroid 2-related factor 2 (Nrf2) буюу антиоксидант уургуудын нийлэгжилийг зохицуулдаг факторын судалгааг хийн насжилтийг уртасгах, насжилттай холбоотойгоор тархины эдийн сөнөрөл үүсэхээс сэргийлэх суурь зарчмыг молекулын түвшинд тайлбарлах судалгааг хийн дээрх фактор нийлэгжилтэд нөлөөлөх, эрүүл урт наслуулах үйлдэл зарим хүнсний ногоо, ургамлуудын судалгаанд онцгой анхаарал хандуулж байгааг харлаа.
Бидэнд маш сонирхолтой илтгэл танилцуулсан бөгөөд цаашид хамтарч ажиллах, хамтарсан судалгаа хийхээр тохиролцсон. Бидэнд бас тус төвийн захирал Профессор Хозуми Мотобаши насжилтын механизмын судалгааны талаар маш сонирхолтой лекц уншиж өгсөн. Тэрээр дөнгөж ургаж буй броклиний зутанг өдөрт идэхэд хөгшрөлтийг удаашруулахад нөлөөлнө гэж хэлж байсан. Сонирхуулж хэлэхэд Тохоку их сургуулийн профессор Рюта Кавашима өөрийн хийсэн өндөр настны тархины үйл ажиллагааг сэргээх программаас олсон мөнгөөрөө сургуульдаа ухаалаг насжилт судлалын төвийг байгуулж барилгыг нь барьж өгсөн юм билээ.
- АШУҮИС дэргэдээ Тархи судлалын хүрээлэн байгуулсан гэж сонссон. Мөн тархи судлалын чиглэлээр нобелийн шагналтныг урьж олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Тархи судлалыг хөгжүүлснээр ямар үр дүн гарах вэ?
Бид дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны нэг нейросайнсын шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор Тархи судлалын хүрээлэнг байгуулж, салбар дундын тархи судлалын олон улсын хурлыг 6 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Мөн бид дэлхийн тархи судлалын чиглэлээр тэргүүлэх эрдэмтэд, Нобелийн шагналт, Тархи судлаач, Норвеги улсын нэрт эрдэмтэн Э.Мозерийг урьж, МУ-ын ерөнхийлөгчийн ивээл доор олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хийж байсан талаар мэдээлж байсан. Харин энэ удаагийн хурлаар тархины эдийн сөнөрөлөөс урьдчилан сэргийлэх мэдрэлийн эсүүдийн дохиолол дамжилтын нейрофизиологийн механизмууд ба мэдрэлийн эс хоорондын холбоосыг идэвхжүүлэх болон сэтгэц танин мэдэхүй, тархи нуруу нугасны мэс заслын эмчилгээний дэвшилтэд аргууд зэрэг олон асуудлаар Япон, Солонгос, ОХУ, Хятад, Малайзын тархи судлалын чиглэлээр мэргэшсэн дэлхийн шилдэг эрдэмтэд оролцон судалгааны үр дүнгээ хэлэлцүүллээ.
Энэ үеэр Манай их сургууль Солонгос улсын тархи судлалын хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, магистр, доктор, постдокторын хөтөлбөрт Монголоос оюутан суралцуулах, богино, дунд, урт хугацаанд тархи судлалын чиглэлээр хамтарсан судалгаа хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх өргөн боломж нээгдлээ. Дээрх хамтын ажиллагаа маань АШУҮИС-ийн тархи судлалын хүрээлэнгийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийг чадавхижуулахад ихээхэн ахиц гаргана гэдэгт итгэж байна. Хамгийн гол нь бидний үйл ажиллагааг дэмжиж БНХАУ-ын шинжлэх ухааны академийн дэргэдэх Тархи судлалын хүрээлэнг үүсгэн байгуулагч, захирал Проф. Ми Мүнг Пү өөрийн биеээр ирж байсан бол энэ удаад БНСУ-ын тархи судлалын хүрээлэнгийн захирал Проф. Сү өөрийн биеээр хүрэлцэн ирлээ. Тэрээр хэлэхдээ “Би үлдсэн амьдралаа Монгол улсад тархи судлалыг хөгжүүлэхэд зориулах юм байна. Энэ бол миний нэг зорилго юм” гэж хэлсэн бидэнд асар их урам өгсөн юм. Би удахгүй Сеүл хотноо болох тархи судлалын ЮНЕСКО-гийн олон улсын хуралд оролцохоор болсон байгаа.
- Гадаад харилцаа сайн хөгжиж байж олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө байх. Танай хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн гэж сонссон. АШУҮИС-ийн диплом ямар ямар улсад хүлээн зөвшөөрөгддөг вэ?
Бид дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай ижил түвшний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж буйгийн илэрхийлэл нь Европын холбооны ASIIN олон улсын магадлан итгэмжлэл, Ази номхон далайн баруун эргийн бүсийн шинжээчдийн багийн дүгнэлт, дотоодын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн дүгнэлтүүдээс харагдана. Мөн АШУҮИС нь БНСУ-ын Олон улсын Боловсролын Солилцооны Холбоо, АНУ-ын Жоржиа мужийн Их сургуультай байгуулсан гэрээний хүрээнд “Анагаах ухаан” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал АНУ-ын Жоржиа мужийн их сургуулийн анагаахын бэлтгэл ангийг (premed) дүүргэсэн оюутнууд 3-р дамжаанаас АШУҮИС-ийн АУС-д суралцан хүний их эмчийн мэргэжил эзэмшинэ. Төгсөх дамжааны дадлагажигч эмчийн дадлагыг АНУ-ын эмнэлгүүдэд хийх юм. Сургалт нь англи хэлээр явагдах бөгөөд жил тутам уг хөтөлбөрт хамрагдах гадаад оюутны тоо нэмэгдэх юм. АШУҮИС-ийн диплом нь АНУ, Европын холбоо, БНСУ-д хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд эмчлэх эрхийн шалгалтанд орох бүрэн боломжтой учир солонгос оюутнууд тус их сургуульд суралцан эмч болохыг хүсэж өргөдлөө өгч байна. Одоогийн байдлаар 2020-2021 оны хичээлийн жилээс уг хөтөлбөрт хамрагдсан гадаад оюутнуудаа хүлээн авахаар бэлтгэл ажил эхэлж байна. Уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үүднээс гадаадын судлаач, профессоруудыг урин ажиллуулах бөгөөд үүнд БНСУ-н Олон улсын боловсролын солилцооны холбоо бүрэн дэмжлэг үзүүлэх юм. 2019 оны 9 сарын байдлаар АШУҮИС-д Энэтхэг, АНУ, Куба, Солонгос зэрэг орны нийт 17 багш ажиллаж, Лаус, БНХАУ, БНСУ-ын нийт 194 гадаад оюутан суралцаж байна.
Ярилцсанд баярлалаа. Ажлын ажилт хүсье.
Сэтгэгдэл (0)