Бидний ойлголцохгүй байгаа "шинэ үеийнхэн"

1990 ОНООС ХОЙШ ТѲРСѲН ЗАЛУУСТ ГУРВАН ДАВУУ ТАЛ БАЙНА

1.     Тэд социализм болоод ямар нэгэн “…измын” суртал хордоогүй болохоор сэтгэлгээ нь арай цэвэр

2.     Тэд мэдээ орсон цагаасаа интернэт хэмээх хязгааргүй ертѳнцѳѳс мэдээлэл авч эхэлсэн болохоор багаасаа сэтгэлгээ нь задарсан

3.     Тэр давуу талаараа тэд ѳѳртѳѳ маш итгэлтэй. Тэдэнд гадаад хүнээс ѳѳрийгѳѳ дутуу гэж огт эмээдэггүй, харин ч “илүү байх ёстой” гэсэн бардам итгэл үнэмшилтэй

 

 

Харин тэдэнд байдаг сул тал нь жаахан БИЕЭ ТООМТГОЙ. Аргагүй шүү дээ, авч буй мэдээллийн багтаамж нь биднээс илүү болохоор биднийг жаахан ГОЛОМТГОЙ. Гадаад хэлийг маш хурдан сайн сурдаг болохоороо түүнийгээ бусдаас илүү чадвар хэмээн жаахан ОНГИРОМТГОЙ. Аль ч хүүхэд насанд байдаг үзэгдэл хэдий ч, тэдэнд энэ хандлага илүү мэдрэгдээд байдаг юм.

 

 

*ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУС ГУРВАН ТѲЛѲВТ ОРШИЖ БАЙНА

 

1.Ѳѳрийн давуу талаа ашиглан хурдан хугацаанд маш сайнаар тѳлѳвшин, амжилтад хүрч байгаа залуус

2. Ѳѳрийн давуу талаа мэдэрдэг хэдий ч, аргаа сайн олохгүй будилж яваа залуус

3. Ѳѳрийн давуу талаа буруугаар ашиглан нийгэмд оршин буй муу зуршилд автан донтож яваа залуус

 

Тэдний энэ байдал нь гэр бүлийн үнэт зүйл хийгээд харилцаанаас хамаараад байгаа мэт. Хүүхдийг тѳлѳвших үед нь ХЭМЖЭЭНД НЬ ДЭМЖИХ, ХЭТ МАГТАХ, ХЭТ ДАРАМТЛАХ харилцааны нѳлѳѳ байгаа.

 

*ТЭДЭНТЭЙ ХАРИЛЦАХДАА БИД ЯАЖ АЛДААД БАЙНА ВЭ?

 

1.     Тэднийг “ѳѳрийнхѳѳрѳѳ байлгах” гэж хүсээд, шаардаад байгаа нь бидний хамгийн том алдаа. Бид тэдний давуу талыг мэдэхгүй байгаагаасаа үйлдэл болгондоо ѳѳртэйгээ адилтгаад байна л даа. “Бид ингэж ѳссѳнѳѳр муудаад байгаа юм алга, чи зүгээр л миний хэлсэнээр бай” гэж зэмлэнэ, хааяа дарамтална.

2.     Яг үнэндээ мэдээлэл авч байгаа багтаамжаараа бид тэднээс хоцрогдоод байгаагаа анзаарахгүй байна л даа. Зарим тохиолдолд бид тэдэнд гологдож байгаа. Хааяадаа тэд бидний ѳѳдѳѳс “Яагаад ийм энгийн бас тодорхой зүйлийг ойлгохгүй байгаа”-г гайхаж харна. Хариуд нь бид зүгээр л муйхарлан зүтгээд байдаг тал бий.

3.     Тэдний ѳѳртѳѳ итгэлтэй байгаа чанарыг ѳѳрийн муйхар хандлагаараа мохоогоод байна. Ихэвчлэн ѳѳрийн хүүхдээ “голж”, бусдын ѳмнѳ “эвгүй байдалд орчих вий” хэмээн тэдний ѳмнѳѳс шаналдаг бидний хоцрогдсон сэтгэлгээ нѳлѳѳлѳѳд байгаа хэрэг. Заримдаа тэд бидний ѳмнѳѳс хэдэрлээд байгаа нь ѳѳртѳѳ итгэлтэй байдлаа хамгаалаад байгаа үйлдэл.

 

*ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ВЭ, ГЭЖ ҮҮ?

 

1.     Нилээд тэвчээртэй, хүлээцтэй байх хэрэгтэй болж байна. Юу юугүй загнаад дарамтлаад эхлэхээсээ ѳмнѳ ,тэднийг яагаад ийм араншин гаргаад байгааг ойлгохыг хичээ. Магадгүй та ѳѳрѳѳ учрыг нь олж чадах ч юм бил үү?

2.     Хүүхэдтэйгээ ярилцаж сурахаас ѳѳр аргагүй. Тэдний үй олон “Яагаад?” гэдэг асуултад тѳвѳгшѳѳлгүйгээр хариулж тайлбарлах хэрэгтэй болно. Мэдээж, худлаа ярихгүйн тулд та ѳѳрѳѳ уншиж судлах шаардлагатай болно. Та хүүхэдтэйгээ хамтад хѳгжиж эхлэхдээ гэр бүлийн үнэт зүйлээ бүтээж байдаг

3.     Заавал ѳѳртэйгѳѳ адилтгаж хэрэггүй дээ. Бидний ѳссѳн орчин болон суусан сэтгэлгээ, ѳнѳѳ үеийн тэдэнд хэзээ ч ойлгогдохгүй. Тэгээд ч энэ цаг үед та ѳѳрѳѳ ч

ѳѳрчлѳгдѳхѳѳс ѳѳр сонголтгүй гэдгээ мэдэж байгаа. Яахав генийн уламжлал байгаа л даа. Гэхдээ тѳлѳвшил бол огт ѳѳр зүйл шүү дээ

4.     За тэгээд “хүний эрх” гэж айхавтар тунхаглал байгаа болохоор дургуй тань хүрэхээр барьж аваад “балбаад” байж болохгүй. Уур чинь хүрээд байгаа бол нэг гараараа нѳгѳѳ гараа бариад тэвчихээс ѳѳр аргагүй. Уураа гарч, тайвширахаар нь дахиад л ойлголцох гэж оролдоно. “Оролдлого ихт оройд” нь нэг цагт хүрэх байхаа

5.     Хамгийн гол нь бусдын хүүхдүүдтэй харьцуулан жишээд байлгүй ѳѳрийн араншингаар нь тѳлѳвшүүлэхийг хичээх хэрэгтэй болно. “Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй” гэж манай ѳвѳг дээдэс сургасан ажээ. Хүүхэд тань ѳѳрийнхѳѳрѳѳ тѳлѳвшиж байж бусдад тѳвѳг удалгүй амьдарч чадна даа

 

*УЧИРЛАЛТ ТАЙЛБАР

 

-Би ѳѳрѳѳ муу эцэг л дээ. Бага насанд нь хүүхдүүдтэйгээ ойр дотно байж чадаагүй, нэг л их социализмын тѳгс ялалтын тѳлѳѳ ѳѳрийгѳѳ зориулсан “хэнхэг” хүн байв даа. Хүүхдүүдээс хамаарсан асуудлаа хамгийн хялбар аргаар буюу загнаад, эсвэл зодоод л шийдчих мэт гэнэн мѳртлѳѳ нийтлэг аргуудтай. Бусад хүн хүүхдүүдийг минь хүмүүжүүлж тѳлѳвшүүлэх ёстой мэт бодож, санхүүгийн асуудлыг шийдсэнээр эцэг хүний үүргээ биелүүлж байна хэмээн тѳѳрѳлдѳж явсан. “Хүний хүмүүжүүлсэн хүүхэд хүрэн бѳѳртэй” гэдэгчлэн багад нь хайрлаж энхрийлээгүй сэтгэл зүрх аажим аажмаар холддог. Эргээд бодож байхад, хүүхдийнхээ бага насанд нь зориулсан зүрх сэтгэл, тэсвэр тэвчээр, хайр халамж бүхэн ѳтѳл насанд тань тэр хэмжээгээрээ эргэж ирдэг тавилантай мэт. Ямар ч тохиолдолд ѳѳрийн хүүхдээ ѳѳрийн гэр бүлдээ ѳѳрсдѳѳ л хүмүүжүүлэн тѳлѳвшүүлэхээс ѳѳр сонголт үгүй.

-Боловсролын салбарт ажилласан 20 жил надад туршлага гэхээсээ бусдыг мэдрэх сайн мэдрэмж ѳгсѳн мэт. АНУ д ажиллаж амьдарсан он жилүүдэд олон олон залуустай уулзан ярилцаж, найзлан нѳхѳрлѳж, тэдэнтэй хамтарч ажиллаж байхдаа энэ бүхнийг анзаарч эргэцүүлсэнээ та нартай хуваалцаж байна. Бид тэднийг шүүмжлэхээсээ илүүтэй ОЙЛГОХ хэрэгтэй болж байна. Биднээс юугаараа давуу, юугаараа дутуу гэдгийг анзаарч эргэцүүлэх шаардлагатай болж байна. Бас тэдэнтэй яаж харилцаж, яаж хамтран ажиллахаа сонгох цаг нь болжээ.

 

 

-Ѳѳрийнхѳѳ үр хүүхдийнхээ ирээдүйн тѳлѳѳ ѳѳрийн амьдралаа золиослон байж тэднийг амжилтад хүргэж байгаа олон гэр бүлүүдтэй уулзан тэднээр бахархаж байв. Олон олон гэр бүлүүд амьдралын зорилгоо үр хүүхдүүдийнхээ ирээдүйн тѳлѳѳ ѳѳрчилж, тэдэнд маш их цаг, мѳнгийг зарцуулж байна. Үр хүүхдүүддээ хѳрѳнгѳ мѳнгѳ бус сайн тѳлѳвшил, боловсролыг олгох нь ирээдүйтэй “хѳрѳнгѳ оруулалт” гэдгийг ухаарцгааж байна. “Сайн хүү мѳнгийг ѳѳрѳѳ олдог” цаг үеийг бид харж байна. Энэ тухай бидний бүтээж буй “Монголчууд Америкт” ТВ нэвтрүүлэгт бага боловч үзүүлэх болно.

 

 

-Энэ бүхний тусаар Монголыг ѳѳрчлѳн хѳгжүүлэх цоо шинэ үеийнхэн гарч ирлээ. Тэд дэлхийг харж, дэлхийн хэмжээнд хѳгжиж, дэлхийн түвшинд ѳрсѳлдѳн эхэлж байна. Удахгүй тэд “Холливууд”-ад гарч ирж, дэлхийн мэргэжлийн спортуудад амжилт үзүүлж, дэлхийн шилдэг сургуулиудад суралцан тѳгсѳж, дэлхийн тэргүүлэх байгууллага болон компаниудад ажиллаж эхэлнэ. Энэ хэрээрээ тэд Монголыг дэлхийн хѳгжилтэй холбож ѳгнѳ, бас дэлхийд Монголыг сурталчилна. Тэднийг “монгол хэл мэдэхгүй, монгол ёс заншил мэдэхгүй байна” хэмээн бүү шүүмжил. Тэд дэлхийн хэлээр ярьцгааж дэлхийн хүмүүстэй ойлголцож байгаа нь хамгийн чухал. Эцэг эхчүүд нь тэдний монгол сэтгэл зүрхийг бүтээсэн болохоор хэзээ ч тэд монголоороо л үлдэнэ.

 

-“Сайны хажуугаар саар” гэдэгчлэн муу залуус цѳѳн биш байгаа. Тэдэнд бурууг ѳгѳхѳѳсѳѳ ѳмнѳ ѳѳрсдийн алдаагаа олж харцгаая.

 

1.     Монголын боловсролын тогтолцоо “үнэхээр муу байна” гэдгээ шударгаар хүлээн зѳвшѳѳрч, ѳѳрчлѳхийн тѳлѳѳ тэмцэх хэрэгтэй байна

2.     Материаллаг хэрэглээг шүтсэн, мѳнгѳний боол болсон нийгмийн сэтгэлгээг хүн болгон хичээж байж л ѳѳрчилнѳ.

3.     Ѳѳрийгѳѳ зовоохгүй их мѳнгѳ олж, амар хялбар аргаар амьдарч болох муу жишээг үзүүлж буй Монголын зарим улстѳрчдийг зайлуулан шийтгэж байж, нийгэмд шударга ёс тогтоон эрүүлжүүлнэ.

4.     Ѳѳрийн бүтээсэн хүүхэдтэйгээ шинэ аргаар харилцан ойлголцож байж зѳв тѳлѳвшүүлнэ. Загнаж зодоод асуудлыг шийдэхгүй гэдгээ ухамсарлах цаг нь болжээ

5.     Үр хүүхдийнхээ ирээдүйн тѳлѳѳ ѳѳрѳѳ бас ѳѳрчлѳгдѳх ёстой болж байгааг ойлгож ухаарах хэрэгтэй болжээ. Ѳѳр сонголт нэг их харагдахгүй л байна даа.

 

…Шинэ үеийн залуус гарч ирж байгаа болохоор Монголын ирээдүй ѳѳдрѳг сайхан болно гэдэгт би эргэлзэхгүйгээр итгэдэг. Ѳѳрчлѳлт цаг хугацааны л асуудал болохоос, суурь нь аль хэдийн бүрэлдсэн байгаа. Мунхаг тэнэг улстѳрчид, тэдний бүрдүүлсэн гажиг тогтолцоо, дагаж мунхарсан бид ѳѳрсдѳѳ л тэдэнд саад болж байна. “Аугаа их хувь заяатай”, “тэнгэрт тэтгэгдсэн” хэмээн цээжээ дэлддэг монголчууд бидний ирээдүй ѳѳдрѳг сайхан байх болноо.

 

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 

Вашингтон ДС хот       

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)