“Монполимет” компани болон Монгол банкийг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын эзэмшлийн “Монполимет” компани улсад их хэмжээний хохирол учруулсан гэх асуудалд Монголбанкны эрх бүхий албан тушаалтнууд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид ашиг сонирхлын үүднээс хандсан эсэхийг тогтоолгохоор нэр бүхий хуульчид АТГ-т хандсан байна. 

Хуульч Д.Хишигбаяр: “Монполимет” компани нь Монголбанктай 2003 оны хоёрдугаар сарын 28-нд, 2005 оны нэгдүгээр сарын 1-нд, 2006 оны нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд арилжааны ерөнхий гэрээ байгуулсан байдаг. 

2007 онд Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал гарч, алт олборлогч компаниудтай байгуулж байсан арилжааны гэрээг дуусгавар болгосон. 2006 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр “Монполимет” компанитай байгуулсан арилжааны гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн. Үүний зэрэгцээ гэрээг цааш сунгасан. Монголбанк нь “Монполимет” компанийн төлөх ёстой 13.6 тэрбум төгрөгөө төлөөгүй, гэрээний үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан байдаг.  

Уг нэхэмжлэлтэй холбоотойгоор  2016 онд  “Монполимет” компаниас тайлбар ирүүлсэн. Уг тайлбарт хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү гэсэн байдаг. Улмаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны зургаадугаар сарын 30-ны өдөр шийдвэр гарсан байдаг. Ингээд шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Монгол төрд төлөх байсан 13.6 тэрбум төгрөгийн асуудлыг хэрэгсэхгүй болгосон. 

Гэтэл Монголбанкны удирдлагууд шүүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзсэн учраас давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргаагүй. Харин хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэмэмжлэл гомдол гаргасан. Тиймээс Монголбанкны эрх бүхий албан тушаалтнууд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар авлига, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгуулахаар АТГ-т хандаж байна” гэлээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)