Монгол Улсын Засгийн газрын нээлттэй өдөрлөгт “Эрдэнэс Монгол” ХХК оролцож байна

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд  сурталчлан таниулах өдөрлөгийн үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү компанийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ онцолж, танилцуулав. Үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх хүрээнд нүүрс, зэс, алт, мөнгө зэрэг уул уурхайн үйлдвэрлэлээс гадна эрчим хүч, замын дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч буйгаа мэдээлсэн. Тухайлбал,

  • “Эрдэнэс метан” компани нүүрсний уурхайн олборлолтын доод давхаргад буй метан хийн нөөцийг тогтоох, ашиглах боломжийг судалж, ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлсэн,
  • Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн 5280 MW цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар БНХАУ-д экспортлох цогцолбор төслийг эхлүүлсэн,
  • “Эрдэнэс Стийл” ХХК-иар дамжуулан “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлж байгаа зэргийг  онцлон дурдлаа.  Түүнчлэн Монгол Улсын 3 сая иргэнд “Эрдэнэс Монгол” компанийн 1 ширхэг давуу эрхийн хувьцааг эзэмшүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Харин 2030 онд Монгол Улсын хүн амын тоо 5 саяд хүрнэ гэж тооцож үзээд  5 сая ширхэг хүртэлх давуу эрхийг хувьцааг гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь борлуулдаггүй, өвлүүлдэггүй, шилжүүлдэггүй хувьцаа байхыг нээлтийн үеэр хэлсэн юм.

Мөн нүүрсний экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам засварыг эрчимжүүлэн, 45 км замыг асфальтаар хучиж, 2500 автомашины багтаамж бүхий амралтын цогцолбор, түр зогсоол, замын ус зайлуулах хоолойн ажлуудыг хийж дуусган, жолооч, зорчигчдын ая тухыг бүрдүүлэх ажлуудыг орхигдуулахгүй байхад анхаарч, ирэх 10 дугаар сард ЭМЯ-тай хамтран дахин үзлэг, шинжилгээг хийхээр төлөвлөснөө дуулгав.

Өдөрлөгт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компаниуд /Гашуун Сухайт авто зам ХХК, Мон атом ХХК,  Эрдэнэс метан ХХК/-ын төслийн танилцуулга, макетыг дэлгэж олон нийтэд мэдээлэл өгч ажиллаж байна. Хуваарийн дагуу ирэх 7 хоногийн Лхагва гариг буюу 25-ны өдөр Эрдэнэс Монгол групп үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой мэдээлэл өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах ажлыг зохион байгуулах юм. 

Өдөрлөг энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)