Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай хамтатгах эсэхийг ярьж эхэллээ

Ард нийтийн санал асуулгын хугацааг хойшлуулах уу эсвэл, УИХ-ын ээлжит сонгуулийг нааш татах уу гэдэг асуудлыг улс төрийн хүрээнд ярьж, эхэллээ. Тодруулбал, УИХ зуны гурван сарын турш Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэнээр өдгөө ард нийтийн санал асуулга явуулахаар тогтоод байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаж баталсан бөгөөд уг эхийг дэмжих эсэхийг ард нийтээс асуух нь зүйтэй хэмээн олонхоороо шийдсэн.

Харин санал асуулга явуулах хугацааг ирэх сарын сүүлчээр байж болох талаар ярьж байсан ч хойшлуулж магадгүй нөхцөл үүсчээ. Учир нь, ард, нийтийн санал асуулга явуулахад 30 орчим тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай бөгөөд энэ нь УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн төсвийг давж байгаа юм. Тиймээс төсөв хэмнэх үүднээс УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж, ард нийтийн санал асуулгатай зэрэгцүүлэн дараагийн парламентыг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэх хүн олон байгаа аж. Иймдээ хүрвэл өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй хэд хэдэн хуулийг хөндөж таарна. Тиймээс эрх баригч намын зүгээс улс төрийн шийдвэр гаргавал шаардлагатай хуулиудад өөрчлөлт оруулах боломжтой юм байна. Гэхдээ энэ дараагийн асуудал. Иймдээ хүрэхээс наана УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах эсэхийг олонхоороо шийдэх учиртай. Харин парламентыг хугацаанаас нь өмнө тараана гэвэл УИХ-ын 76 гишүүний 51-ээс дээших нь гарын үсэг зурж байж асуудлыг эцэслэх хуулийн заалттай. Одоогоор албажаагүй энэ яриаг ажил хэрэг болгохын тулд УИХ-ын зарим гишүүн хөдөлж эхэлсэн гэх мэдээлэл гарах болсоор удаж буй.

Тэгвэл албан бус мэдээллээр, УИХ-ын нэр бүхий гишүүний албан бланкан дээр УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарахыг дэмжих эсэх талаар гишүүдийн гарын үсэг цуглуулаад эхэлжээ. Тэр бүү хэл, гарын үсгийн тоо хуулийн босгод тун дөхсөнийг ч хэлэх хүн байна. Тэгвэл эл яриаг УИХ-ын дарга болон ЗГХЭГ-ын дарга үгүйсгэсэнгүй. Улс төрийн хүрээн дэх энэ яриаг албажуулаагүй ч тодорхой түвшинд судалгаа хийж байгааг УИХ-ын дарга онцолсон. Тодруулбал, тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг баталсантай холбогдуулан сэтгүүлчидтэй ярилцсан бөгөөд энэ үеэр тайлбар өгсөн юм. Тэрбээр “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хүрээнд энэ асуудлыг ярилцаж байна. Энэ нь нэгдүгээрт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх санал хураалтын ирцийг хүргэх зорилготой. Хоёрдугаарт, ардчиллаа аврах, парламентын засаглалаа хамгаалж үлдэхийн тулд байж болох хувилбар гэж ярьсан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд оруулаад буй нэмэлт, өөрчлөлт нь парламентын тогтолцоог бэхжүүлж, хүний эрх эрх чөлөөг хангаж байгаа учраас, Монгол Улсыг хөгжлийн зөв замд оруулах гэж байгаа учраас, ард нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай нэгтгэж болох тухайд яриа гарсан. Ямар ч байсан хувилбаруудыг ярьж байна, эцэслэн шийдээгүй.

 

 

Ээлжит сонгуулийг нааш нь татаад хийчихвэл эерэг тал цөөнгүй гэж үзээд байгаа юм. Дээр хэлсэнчлэн парламентын засаглалаа бэхжүүлэх болон зардал мөнгө хэмнэх давуу тал бий.

 

 

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр зарим гишүүний зүгээс ийм санал гаргасан. Нөгөө талаас улс төрийн үр дагаврыг сайтар тооцох учиртай юм. Өөрөөр хэлбэл, улс орны тогтвортой байдал талаас болгоомжлол бий. Цаашид ийм асуудлыг байсхийгээд л хөнддөг болчихвол яах вэ гэдэг асуулт бас гарч ирнэ. Энэ мэт эрсдэлээ тооцож буюу олон талын тооцооллын үндсэнд шийдвэр гарах ёстой гэж харж байгаа” гэсэн бол ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ‘‘2-3 нөхцөл байдал үүссэн гэж би хувьдаа харж байна. Нэгдүгээрт, сонгууль зохион байгуулагчдын зүгээс ирц хүрэхгүй байж магадгүй хэмээн болгоомжлуулж байгаа юм.

 

Орон нутгийн сонгуульд өмнө нь хоёр ч удаа ирц хүрээгүй тохиолдол гарсан. Тэгэхээр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжих үү, үгүй юү” гэдэг ганцхан асуултад хариулт авахад УИХ-ын сонгууль өгдөг шиг иргэд идэвхтэй оролцохгүй байх талтай.

 

Энэ тохиолдолд хоосон зардал гарна гэсэн үг. Хоёр дахиа санал хураалт зарлахгүй гэх газаргүй гэдгийг СЕХ болон нийслэлийн сонгуулийг зохион байгуулах хэсэг, хорооныхны зүгээс анхааруулаад байгаа юм. Нэгэнт ийм эрсдэлтэй бол УИХ-ын сонгуулийг хэдхэн сарын дараа дахин зохион байгуулахаар хамтатгачихъя гэдэг хувилбар гарч ирсэн.  Ард нийтийн санал асуулга явуулахад 28 орчим тэрбум төгрөгийн зардал гарах учраас УИХ-ын сонгуультай хамтад нь хийж болох юм гэж үзсэн. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталчихвал ирэх хавар буюу тавдугаар сард шинэ хуулийг хэрэгжүүлнэ гээд заачихсан учраас буцааж болохгүй нөхцөл үүссэн. Тиймээс тавдугаар сард сонгууль явуулах уу эсвэл ирэх сард ард нийтийн санал асуулгатай хамтатгах уу гэдэг талаар санал солилцож байгаа төдий. Үүнд хүрэхэд тийм амар биш” хэмээн онцолсон. Ямартай ч, ард нийтийн санал асуулгыг маш их хэмжээний төсвөөр зохион байгуулах нь гэх шүүмжлэлийн хариуд байж болох хувилбар гэж хүлээж авах талтай. Нөгөө талдаа засаглалын тогтворгүй байдлыг бий болгох зэрэг сөрөг үр дагавар бийг ч онцлох хэсэг бий. Улс төрийн хүрээнд энэ талаарх яриа нэгэнт ил болсон учраас УИХ-ын зарим гишүүн хувийн байр сууриа илэрхийлж эхлээд байгаа билээ. Түүнчлэн МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах албан бичигт гишүүдийг гарын үсэг зурахыг шаардсан гэх мэдээлэл гарсанд хариу тайлбар хийлээ. Тэрбээр “Парламент хугацаанаасаа өмнө тарах нь зөв гэж үзвэл асуудлыг намын түвшинд ярина. Намын удирдах зөвлөл, Бага хурлын түвшинд ярьж таарна. Гэвч одоогоор энэ асуудлыг яриагүй. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах асуудлаар намын удирдлагатай уулзаж, санал бодлоо ярьж байгаа хүн мэр сэр бий. Тэдний санаа бодлыг сонсох, хэлж, ярьж байгааг нь дүгнэх үүрэг намын Ерөнхий нарийн бичгийн даргад байдаг. Тийм болохоор тэдний санаа бодлыг сонсох төдий л явж байна. Гишүүдийг дуудаж ирүүлээд гарын үсэг зуруулсан зүйл огт байхгүй. 

 

 

Парламентыг тараах нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал шүү дээ. Энэ хүмүүсийн гуравны  хоёр нь хуульд заасны дагуу энэ цаг үед парламентаа тараах нь зүйтэй, магадгүй ард нийтийн санал асуулгаа хамт явуулъя гэж үзвэл, дараа дараагийн алхмыг хийх байх. Ингэж үзээгүй тохиолдолд бид ярих ямар ч боломжгүй” гэлээ.

 

 

Эрх баригч намын удирдлагын түвшинд ийнхүү байр сууриа илэрхийлж эхэлсэн бол УИХ-ын гишүүд асуудал маш болгоомжтой, ул суурьтай хандах хэрэгтэйг хэлж байгаа юм. Тийм ч учраас уулзсан гишүүдийн дийлэнх  тодорхой тооцоо судалгаа, мэдээлэлтэй болсны дараа байр сууриа илэрхийлнэ гэдгээ хэлсэн. Өнөөдрийн байдлаар УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж, дараагийн парламентыг бүрдүүлэх сонгуулийг ард нийтийн санал асуулгатай нэгтгэх саналын талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Цогтбаатар Н.Оюундарь, Л.Энхболд нар тайлбар өгөөд байна.УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Энэ талаар албан ёсоор ярьсан зүйл байхгүй. Ээлжит бус сонгууль зарлахдаа тулбал албан ёсоор ярьж, хэлэлцэж байж шийдвэр гаргах байх. Магадгүй иргэд, сонгогчид УИХ-ыг тараахыг хүсвэл парламент тарахад асуудалгүй болов уу гэж бодож байна. Миний хувьд бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулахад асуудал байхгүй. УИХ-ын гишүүд сонгуулиар л хийсэн ажлынхаа дүнг тавиулдаг. Ээлжит бус сонгууль боллоо гэхэд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа дүнг тавиулна гэсэн үг” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Энхболд ,“Гарын үсэг цуглуулж эхэлсэн талаар мэдээлэлгүй байна. Гэхдээ УИХ-ын дарга сэтгүүлчидтэй уулзахдаа байр суурь илэрхийлснээс гадна хэвлэл мэдээллээр энэ талаар ярьж эхэлсэн байна. УИХ-ыг тараах, эсэх асуудлыг анхааралтай авч үзэх ёстой. Ард нийтээс санал асуухаар болсон ч цаг хугацаа, зардал зэргийг эцэслээгүй байна. Энэ тухайд гишүүдийн зүгээс нэлээд шүүмжлэлтэй хандсан. Учир нь, ганц асуултад хариулт авахад маш их хэмжээний зардал гаргах нь гэдгийг хэлсэн. Тиймээс тогтоолын төслийг баталгаажуулахгүй байна гэж би дүгнэж байгаа. Миний хувьд УИХ-ыг тараагаад парламентыг шинээр бүрдүүлэх асуудлыг яаралтай шийдэн цаашдаа арай өөр нийгэм рүү явах шаардлага байхыг үгүйсгэхгүй. Нэгэнт Үндсэн хуульдаа томоохон өөрчлөлт оруулж байгаа болохоор парламентаа шинээр бүрдүүлэх нь зүйтэй байж болох юм. Ард түмэн ч үүнийг хүсч байж болно. Харин тогтолцооны хувьд би эсрэг байр суурьтай байгаа. Манай улс парламентын засаглалаа сайжруулаад явах ёстой” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ‘‘УИХ-ыг тараах эсэх талаар албан бланк надад оруулж ирээгүй байна. Миний хувьд тойрогтоо ажиллаж байгаад ирлээ. Энэ талаар яриа гарч байгааг гадарлаж л байна. Ерөнхийлөгчийн зүгээс ч УИХ-ыг тарахыг удаа дараа шаардсан. Ард түмнээс сонгогдсон УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараана гэдгийг би хувьдаа сайн ойлгохгүй байгаа. Сайн, муугаар хэлдэг ч ард түмэн УИХ-ын гишүүдээ сонгосон шүү дээ. Тэгээд ч ямар ч үед УИХ, Засгийн газрыг сайнаар ярьдаггүй. Хугацаанаас нь өмнө тараах эсэхийг олонхоороо шийдэх биз. Миний хувьд ямар шалтгаанаар ард нийтийн санал асуулгыг сонгуультай нэгтгэх юм гэдэг үндэслэлийг сонсоно. Энэ процесс нь хуульд нийцэх эсэхийг ч харна. Бүх зүйл хуулийн дагуу л байх ёстой. Үндэслэлийг нь судалж үзнэ. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, аливаа шахалт шаардлагаар би гарын үсэг зурахгүй. Итгэл үнэмшлээрээ судалгаанд тулгуурлаж, зурна. Шаардлагагүй гэж үзвэл зурахгүй” гэсэн юм. УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хувьд “Хэрэв зайлшгүй шаардлага үүссэн гэж үзээд, олон нийт УИХ-ыг тарах ёстой гэдэг асуудлыг хөндөж, УИХ-ын ээлжит бус сонгууль зохион байгуулах улс төрийн шийдвэр гарах аваас дэмжинэ. Би хувьдаа сандал, ширээтэй зууралдаад суухгүй. Ард түмэн дүнгээ тавих ёстой. Юу хийж чадаж байна, чадахгүй байна гэдэгт дүнгээ тавих л хэрэгтэй.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа эгзэгтэй цаг үед УИХ өөрөө хариуцлага хүлээдэг байхад анхаарч ажиллах ёстой. Хариуцлага хүлээнэ гэж хэлчихээд хариуцлагагүй ажиллаж болохгүй” гэлээ. Ийнхүү УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах эсэх асуудал олон нийтийн анхааралд орлоо. УИХ-ын гишүүд ч дор бүрнээ тооцоо судалгаа хийж эхлэхээ мэдэгдлээ. Цаашид үйл явц хэрхэн өрнөх вэ.

“Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжино, дэмжихгүй” гэх ганц асуултыг 30 орчим тэрбум төгрөгөөр хийх эсэх нь эрх баригч намын мэдэлд үлдэж байна, Нөгөө талдаа УИХ-ын бүрэн эрхийг дуусгана гэж үзвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмэн дэмжихгүй бол хэрхэх вэ. Хий хоосон зардал гаргасан болж таарах уу гэх олон асуултад шийдэл олох шаардлага нэгэнт тулгараад байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс засаглалын хэлбэрийг өөрчлөх эсэхэд тулган шаардалт хийж буй энэ цаг үед асуудалд болгоомжтой хандах ёстойг сануулах хүн олон байгааг энд мөн дурдъя.

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)