Ерөнхийлөгч Х.Баттулгыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа

Монгол Улсын Төрийн тэргүүн Үндсэн хуулиа зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн Цэц хянахаар боллоо. Тодруулбал, Үндсэн хуулийн эрх зүй судлаач Д.Үүрцайх Ерөнхийлөгч Х.Баттулгыг өргөсөн тангаргаасаа няцсан гэж үзээд Цэцэд гомдол гаргажээ. Ингэхдээ тэрбээр Хөдөлмөрийн үндэсний намын залуустай хамтран дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд Үндсэн хуулийн Цэц шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн гэдэг улс төрчдийн тавиул уу эсвэл Үндсэн хуулийн манаач уу гэдгийг харахаар тэд ийнхүү нэгджээ. УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгаснаар ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Ингэхдээ чуулганаар баталсан уг эхийг дэмжих эсэхийг олон нийтээс асуух нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн юм. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс ард нийтийн санал асуулгад Үндсэн хуулиас өөр агуулга оруулж, “Монгол Улс парламентын засаглалтай байх уу эсвэл ерөнхийлөгчийнх үү” хэмээн асуух нь зүйтэй гэж үзээд тогтоолын төсөл боловсруулан, УИХ-ын даргад өргөн бариад байгаа билээ.

Түүнийг ийнхү засаглалын хэлбэрийг өөрчлөх тулгалт хийснийг хуульчид, ихээхэн эсэргүүцсэн бөгөөд “Төрийн тэргүүн Үндсэн хуульд тэрсэлсэн үйлдэл гаргаснаараа огцрох болзлоо хангалаа” хэмээн санал нэгтэйгээр дүгнээд байгаа юм. Тэдний хувьд Төрийн тэргүүн Үндсэн хуулиа сахисангүй гэж дүгнэсэн ч Үндсэн хуулийн Цэц шударга шийдвэр гаргана гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлж байсан ч ийнхүү хэсэг залуус нэгдэн, Монгол Улсын Төрийн тэргүүнээ шалгуулахаар боллоо.

Залуус Цэцэд хандсан нь Монгол Улсын түүхэн дэх анхны тохиолдол болж буйгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн удаад Төрийн тэргүүнээр ажиллаж байсан эрхмүүдийг хууль зөрчсөн талаарх яриа, мэдээлэл цөөнгүй гарч байсан ч албан ёсоор Цэцэд гомдол гаргаж байсан нь үгүй. Гомдол гаргасан залуусын хувьд Ерөнхийлөгчийг хэд хэдэн хуулийг зөрчсөн гэж үзжээ. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд засаглалын хэлбэрийг өөрчлөх тухай асуултыг нэмэх санал гаргаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоор уламжлан УИХ-ын даргад -өргөн барьсан нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзжээ. Ингэхдээ Үндсэн хуулийн 68.2, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйл, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4.2-д Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах ард нийтийн санал асуулгыг уг хуулийн 4.1-д заасан төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар явуулах санал асуулгаас ялган тусгайлсан зохицуулалтыг хуульчилсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.6-д УИХ-аас хоёрдугаар хэлэлцүүлгийг явуулж, бүхэлд нь баталсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээс зөвшөөрөх, татгалзах гэсэн хувилбараар ганц л асуулт асуух ёстой гэж тодорхой зохицуулсныг зөрчсөн хэмээн гомдол гаргалаа. Энэ тухайд Цэцэд хандсан залуусын нэг болох Үндсэн хуулийн эрх зүй судлаач Д.Үүрцайх Үндэсний аюулгүй байдпын үзэл баримтлалын 1.1.4-д “Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд суурилсан, нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөн” гэж заасан. Гэтэл Үндсэн хууль дээр гараа тавьж байгаад Үндсэн хуулийг дээдлэн сахина, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаална хэмээн тангарагласан Ерөнхийлөгч маань хууль зөрчин байж Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг үгүйсгэх, тэс өөр төрийн байгуулалтын хэлбэртэй болгох санал гаргасан. Ингэснээр энэ хүн тангаргаасаа няцаж, үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байна гэж үзэж байна. Тиймээс бид Ерөнхийлөгч энэхүү шийдвэр, үйл ажиллагаагаараа Үндсэн хуулийг зөрчсөн үү, тангаргаасаа няцсан уу, түүнийг огцруулах үндэслэл байна уу гэдгийг тогтоолгохоор Үндсэн хуулийн Цэцэд хандсан хэмээсэн. Тэрбээр энэ тухайд “Ерөнхийлөгч дээрх хуулийн заалтуудыг илтэд зөрчиж, засаглалын хэлбэрийг өөрчлөх тухай асуулт нэмэх санал өргөн барьсан нь Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” зарчим болон бусад хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөн хэрэг юм. Ерөнхийлөгчийн гаргасан энэ санал бол одоогийн Үндсэн хуулийг халж буюу бүхэлд нь өөрчилж, шинэ Үндсэн хуультай болох тухай асуудал юм. Мөн Үндсэн хууль өөрчлөх, санал гаргах, асуулга явуулах нь өөрийн гэсэн зарчим, хуультай. Төрийн ямар ч албан тушаалтан байсан Үндсэн хуулийг уландаа гишгэж, дур зоргын улс төр хийж, монголчуудын хувь заяа, эрх чөлөөгөөр наадах эрхгүй. Ийм дур зоргыг, эрх мэдлээ хэтрүүлэх явдлыг хязгаарлах, төрөөс иргэдээ хамгаалахын тулд бид 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа батлаж, парламентын ардчиллыг сонгосон. Одоогийн Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг  илэрхийлэгч байх үүргээсээ удаа дараа хазайсан, нийгмээ талцал, хагаралд дуудсан шинжтэй үг, үйлдэл гаргаж байсан. Бид, үүгээрээ түүний энэ дур зоргод хэмжээ хязгаар гэж бий шүү, тэр нь Үндсэн хууль юм шүү гэдгийг сануулахыг бас зорьсон. Улстөрчид ард түмнээс нэг л сонгогдсон бол дараагийн сонгууль хүртэл юу дуртайгаа хийж, төрийг яаж ч самарч болно гэж боддогоо болих хэрэгтэй” гэсэн юм. Тэдний хувьд ийнхүү Цэцэд хандсан ч хуульчдын нэгэн адилаар шударга шийдвэр гаргана гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсэн. Гэсэн ч бослого тэмцлээс өөрөөр Үндсэн хуулиа хамгаалах сүүлчийн аргаа хэрэглэж байгаагаа хэлсэн юм.

 

Хуульчдын зүгээс Ерөнхийлөгчийн зүгээс засаглалын хэлбэрийг өөрчлөх эсэхээр санал хураах төсөл боловсруулж, өргөн барьсныг маш хүчтэй эсэргүүцсэн ч Төрийн тэргүүний энэ үйлдлийг байж болно гэх хэсэг ч бий. Учир нь, Ерөнхийлөгч аливаа хуулийн төсөл санаачилж, өргөн мэдүүлэх бүрэн эрхтэй. Энэ эрхээ эдэлж байна гэж харахаас аргагүй хэмээж буй. Гэвч эцсийн дүндээ аливаад хэмжээ, хязгаар гэж байх учиртай. Тэр дундаа бүхэл бүтэн тусгаарчулсыг тэргүүлж буй хүнд давж болохгүй хязгаар гэж бий. Тэр нь мэдээж Үндсэн хууль.

 

Манай улс 1992 оны Үндсэн хуулиар парламентын засаглалтай байна хэмээн хоёрдмол утгагүйгээр тайлбарласан нь өдгөө ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга засаглалын хэлбэрийг ард нийтээс асууя гэсэн нь Үндсэн хуулиас тэрсэлсэн явдал хэмээн дүгнэх хүн олон бий. Үндсэн хуулийн манаач байх учиртай Цэц ба түүний гишүүдэд итгэх иргэдийн итгэл буурсан нь үнэн. Тэр дундаа Ерөнхийлөгч Үндсэн хуулиа сахисан эсэхийг эцэслэх процессын шийдвэрт Цэцийн гишүүдийн нөлөөлөл орохгүй гэх баталгаагүй. Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс гурван ч хүнийг санал болгосноор УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ёсчилсон байдаг. Тиймээс бүгдээрээ биш гэхэд санал болгуулагсад “манаач”-ийн үүргээ ухамсарлах уу гэдэг асуулт хариулт нэхэн үлдэж байна. Ямартай ч Ерөнхийлөгч Үндсэн хуулиа зөрччихлөө хэмээн хоосон тийчилсэнгүй, гомдол гаргах зоригтой залуус байгааг үнэлэх хэрэгтэй болов уу. Гагцхүү дараагийн процесс хэрхэн өрнөх вэ гэдэг нь ийнхүү олны анхааралд орлоо. Нэгэнт гомдол гаргасан учраас Үндсэн хуулийн Цэцийн гишүүд хянаж үзээд эхний ээлжид уг асуудлаар маргаан үүсгэх эсэхээ шийдэх учиртай. Үүний дараагаар Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаан зарлана. Тэндээс гаргасан шийдвэрийг Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар эцэслэх учиртай юм. Хэрвээ асуудал иймдээ хүрвэл Монгол Улсын Төрийн тэргүүнийг огцруулах асуудлыг УИХ албан ёсоор авч хэлэлцэнэ., Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Үндсэн хуулийн Цэц баталгаажуулбал УЙХ хэлэлцэх бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар огцруулах хуулийн зохицуулалттай. УИХ ард түмний төлөөллийн байгууллагынхаа хувьд Ерөнхийлөгчид хяналт тавих, түүний гаргасан шийдвэрүүдийг хянаж байх, хүчингүй болгох бүрэн эрхтэй гэсэн үг. Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиа зөрчсөн эсэх шийдвэрийг Цэц гаргана. Үр дүн хэрхэн гарах нь дараагийн асуудал ч гэлээ Х.Баттулгын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Үндсэн хуульдаа тэрсэлсэн, тангаргаасаа няцсан гэх үндэслэлээр Цэцэд дуудагдсан анхны хүн болон түүхэнд үлдэх нь тодорхой боллоо.

 

 

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.43.93)

    2019-09-22

    үндсэн хуулинд байгаа юм. Яагаад энэ хуулийн сайн сайхан болсон гэж цөөн хэд үнэлж монгол эх орон минь сүйрлийн ирмэгт ирчихээд байна вэ? Үүнд гадны гар оролцсон эсэхийг ганцхан зүйлийг ил болгочиход их тодорхой болох юм. Энэ үндсэн хуулийг батлахад оролцсон 430 депутатад өнгөрсөн 27 жилд ямар урамшуулал олгож вэ? гэдгийг мөнгөн дүнгээр нь, эд материалаар нь, албан тушаалаар нь хүн нэг бүр дээр монголын ард иргэддээ үнэн мөнөөр ил тод тайлагначихад ёстой нэг үнэ мөн нь илчлэгдэх юм шүү

  • Зочин (202.9.43.93)

    2019-09-22

    Ерөнхийлөгч зөв асуудал дэвшүүлсэн гэж ард иргэд талархалтай байгаа. Одоогийн засаглалын хямрал юутай холбоотой вэ гэдгийг иргэд хоорондоо ний нуугүй ярилцаж шүүмжилж байна. Луйвардах, хулгайлах, төсвийн мөнгийг ард иргэддээ ашиггүй дэндүү үр ашиггүй зарцуулж, монгол эх орны минь өрөнд бариулж, баян хоосны ялгаа хэтэртлээ ихсэж байгаа нь хяналтгүй, хамжаараггүй, дур зоргоороо аашилсан олон толгойтой атгаалжин хар мангас шиг болгосон ШИНЭ САЙХАН ХУУЛЬ болсон гэж хөөрцөглөж байдаг 1992 оны 01 дүгээр сарын 13 -нд баталсан