Хар тахал газар авсаар, Монголын төр толгойг нь илсээр...

Б.АМАРХҮҮГ НЭГ САРЫН ХУГАЦААТАЙ ЦАГДАН ХОРЬЖ, ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВСАН БАЙНА-

Хар тамхины хэрэглээ манайд хавтгайрсан нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын хэд хэдэн гүйцэтгэх ажиллагаанаас харагдсан юм. Шөнийн цэнгээний газарт бүлэглэж зохион байгуулалттайгаар хар тамхи хэрэглэж байсныг илрүүллээ. Олон нийтийн газарт бүлэглэж мансуурах нь хар тамхины хэрэглээ тахлын хэмжээнд хүрснийг илтгэдэг талаар мэргэжлийн хүмүүс ярьж байна. Эмгэнэлтэй нь үндэстнийг мөхөөх хор уршигтай энэ төрлийн гэмт хэрэгт залуучууд, өсвөр үеийнхэн холбогдож байгаа нь Хар тамхитай тэмцэх газрынхныг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахад хүргээд байна. Хар тамхины хэрэглээ залуусын дунд нэвтрэхэд том нөлөө үзүүлсэн улс төр, нийгэм, урлаг соёлын нэр бүхий хүмүүс бий. Залуус шүтээн нь юу хийж байна түүнийг л дуурайна. Хувцаслалтаас өгсүүлээд хэлж буй үг, хийж буй үйлдэл нь залууст нөлөөлнө. Нийгэмд буруу үлгэр үзүүлж улс үндэстнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн урлаг соёл, нийгмийн зүтгэлтнүүдийг танилцуулъя.

“ЛАНДАГА” ХОЧИТ ЁНДОНЖАМЦЫН БАТЦЭНГЭЛ

Хар тамхины хэрэглээ залуусын дунд дэлгэрэхэд голлох нөлөө үзүүлсэн хүн бол өсвөр наснаасаа л гэмт хэрэгт холбогдож “Ландага” нэрээрээ олонд танигдсан Ё.Батцэнгэл юм. Хүний эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, бусадтай бүлэглэн зэвсгийн чанартай зүйл ашиглан танхайрах зэрэг олон гэмт хэрэгт холбогдож ял авч байсан тэрбээр хүүхэд, залуучуудыг гэмт хэрэг үйлдэхэд уруу татан оролцуулж, гэр орондоо орогнуулдаг, мансууруулах бодис хэрэглүүлж байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг.

“ЦАГААН ШОНХОР ХОЛДИНГ” КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧИМЭДИЙН ЭНХТАЙВАН

“Цагаан шонхор”ын Ч.Энхтайван мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж, хэрэглэдэг газрыг зохион байгуулж гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогдсон. Энэ үйлдэлдээ чанга дэглэмтэй ангид найман жилийн хорих ялаар шийтгэгджээ. Тэрбээр 2004 оны УИХын сонгуульд нэр дэвшиж байсан юм.

“ШАР” ЭНХЭЭ БУЮУ ЭРДЭНЭБУЛГАНЫ ЭНХБАТ

Э.Энхбат 2000аад оны эхэн үед хар тамхи хэрэглэсэн үедээ галт зэвсэг хууль бусаар хадгалсан хэрэгт холбогдож хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ. Сүүлд энэ оны тавдугаар сард хар тамхи улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, худалдаалах зорилгоор хадгалсан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа аж. Түүний хэрэг шүүх рүү шилжээд байгаа юм байна.

НИКЕЛЬ ГАНБАА БУЮУ ГАНБААТАРЫН ДАШНЯМ

Өнөөгийн залуусын танил Никель Ганбаа буюу Г.Дашням энэ оны тавдугаар сард хар тамхи хэрэглэж байхдаа цагдаагийнханд баривчлагджээ. Тухайн үед биедээ хар тамхи авч явсан ч баривчлагдахдаа хаясан байна. Г.Дашнямыг шүүхээс 30 хоног баривчлах ялаар шийтгэжээ. Тэрбээр “Шарк танк” шоунд оролцож олон зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсны дараа хар тамхины хэрэгт холбогдсон юм.

ХАТАНБААТАРЫН ЛХАГВАСҮРЭН

Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн 2008 онд хар тамхины хэрэгт холбогдож долоон жилийн хорих ялаар шийлтгүүлсэн байна. Гэсэн ч нэг жил хоригдоод тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэдоржийн зарлигаар суллагдаж байжээ. Тэрбээр урлаг соёлын салбарын олон залуусыг хар тамхины ертөнц рүү уруу татсан хар мөртэй нэгэн. Даган дуурайж хар тамхи хэрэглэсэн залуус одоо хэр нь хоригдож байна.

“ДИЖИТАЛ” ХАМТЛАГИЙН АХЛАГЧ ШААЛУУГИЙН БАТБАЯР

Монголын хип хопчдын холбооны ерөнхийлөгч Б.Батбаяр буюу Баавар хар тамхи хэрэглэж, хадгалсан хэд хэдэн үйлдэлтэй. Анх 2013 онд хар тамхи хэрэглэж мансуурсан үедээ цагдаагийнханд баригдаж ял авч байжээ. Үүний дараа 2014 онд мөн хар тамхи хэрэглэж мансуурсан үедээ баривчлагдсан юм.

“МОТИВ” ХАТЛАГИЙН ЖИЖГЭЭ БУЮУ БОЛДБААТАРЫН ЭРДЭНЭБАЯР

“Мотив”ын Жижгээ 2018 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан нь тогтоогджээ. Шүүхээс түүнд хоёр жилийн хорих ял оноосон ч зургаан сар орчим хоригдоод шүүгчийн захирамжаар хугацаанаасаа өмнө суллагджээ. Цагдаагийн байгууллагад баригдах үедээ хоёр ч төрлийн хар тамхи хэрэглэсэн байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Б.Эрдэнэбаяр тэнсэн харгалзах ялтай байгаа.

КОБИ БУЮУ СОДНОМДАРЖААГИЙН ЧУЛУУНБАЯР

Коби буюу С.Чулуунбаяр анх 2007 онд хар тамхины хэрэгт холбогдож зургаан сар баривчлах ял шийтгэгдэж байжээ. Суллагдсаныхаа дараа 2008 онд дахин хар тамхи хэрэглэсэн, хадгалсан байдалтай баривчлагдаж шүүхээс жил дөрвөн сар хорих ялаар шийтгүүлсэн байна. Гэсэн ч зургаан сарын орчим хоригдож шүүгчийн захирамжаар хугацаанаасаа өмнө тэнсэн харгалзах ял авч суллагдсан байна. Үүний дараа 2017 онд дахин хар тамхи хадгалсан хэрэгт холбогдон шалгагдаж шүүхээс дахин нэг жил хорих ял шийтгэгдэж, энэ оны тавдугаар сард ялын хугацаа нь дуусч суллагджээ. Гэсэн ч засарсангүй. Өнгөрсөн долдугаар сард мөн л хар тамхины төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, өөрийн биедээ хадгалсан байдалтай баригдаж, нэг жилийн хорих ялаар шийтгэгдсэн байна. Тэрбээр “Ice top” хамтлагийн гишүүн юм.

“ICE TOP”ХАМТЛАГИЙН ДУУЧИН Д.МАНЛАЙЖАРГАЛ

Залуусыг олон уран бүтээлээрээ байлдан дагуулсан “Ice Top” хамтлагийн хоёр ч гишүүн хар тамхины хэрэгт холбогдож байсан. Тэдгээрийн нэг нь Д.Манлайжаргал. Тэрбээр бусадтай бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлджээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Д.Манлайжаргалыг жил зургаан сарын хорих ялаар шийтгэжээ.

ЭГШИГЛЭН БУЮУ ТӨМӨРБААТАРЫН БОЛОРТУЯА

“Зуун хувь", "Хоёр хоёрын тав" "Love Song" зэрэг уран бүтээлээрээ олонд танигдсан Эгшиглэн буюу Төмөрбаатарын Болортуяа хар тамхи хэрэглээд цагдаагийнханд хоёр ч удаа саатуулагдсан. Тэрбээр 2013 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан, хэрэглэсэн хүмүүстэй хамт дайчлан баривчлагдаж байсан аж. Тухайн үед Т.Болортуяа нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаагүй ч, хар тамхи хэрэглэж мансуурсан байдалтай байжээ. Сүүлд 2018 онд ХанУул дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглэсэн олон удаагийн үйлдэлтэй С.Чулуунбаяр буюу Кобигийн хамт мансуурсан үедээ баривчлагджээ. Эгшиглэнг 30 хоног баривчлах ялаар шийтгэжээ.

ДУУЧИН ДОН ДИОР БУЮУ Д.МӨНХТУЛГА

Өсвөр насныхныг байлдан дагуулж буй Дон Диор буюу Д.Мөнхтулга хар тамхи хэрэглэж мансуурсан үедээ баривчлагджээ. Түүнийг нэг жилийн хугацаанд тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн байна.

СУГАРЫН ЦОГ

2010 онд Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсан боловч хэрэгсэхгүй болжээ. Харин 2014 онд дахин бусадтай бүлэглэн хар тамхины хэрэгт холбогдож хоёр жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. Гэсэн ч 2015 онд шүүгчийн захирамжаар хугацаанаасаа өмнө тэнсэн харгалзах ял авч суллагджээ.

УЛСЫН НАЧИН Ц.УЛААНХҮҮ

Дундговь аймгийн харьяат улсын начин Ц.Улаанхүү 2015 мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг онц их хэмжээгээр хууль бусаар олж авч, хадгалж, борлуулах гэмт хэрэг үйлджээ. Түүнийг шүүхээс 11 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН П.ОЧИРБАТЫН ЗЭЭ ХҮҮ Б.ЧИНГАРАЛ

Ерөнхийлөгч П.Очирбатын Б.Чингарал нь хар тамхины төрлийн бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт энэ оны хоёрдугаар сард холбогдсон юм. Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр жилийн хугацаанд хорих ялаар шийтгэсэн байна.

“GUYS”-ИЙН Х.БАТ-УНДРАЛ

“Guys” хамтлагийн дуучин Х.БатУндрал хар тамхины хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байсан. Түүнд хоёр жил хорих ял оногдуулсан бөгөөд үүнийг нь тэнсэн харгалзахаар болж байсан юм.

ДУУЧИН БОРХҮҮГИЙН АМАРХҮҮ

Хар тамхитай холбогдсон ээлжит урлагийн од нь “Яг түүн шиг” шоуны шүүгч Борхүүгийн Амрахүү болж байна. Түүнийг энэ сарын 1920 нд шилжих шөнө өөрийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байхад нь Хар тамхитай тэмцэх газрынхан баривчилжээ. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Одоогоор хураагдсан бодис, биологийн дээж нь (шээс) ШШҮХд хүргэгдсэн, шинжилгээ хийгдэж байгаа ажээ.

Хар тамхины хэрэгт холбогдсон урлаг соёлынхны олонх хэдхэн сар л хоригдож, тэнсэн харгалзах ялаар шийтгүүлээд өнгөрчээ. Манай урд хөршид бол хар тамхины хэрэгт холбогдсон хэнийг ч болов цаазаар авдаг. Харин ОХУд насаар нь шоронд суулгадаг хуулийн зохицуулалттай. Манайд бол үндэстнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдэгсдийг эрхлүүлсэн хуулийн зааллттай өнөөдрийг хүрч байна. Энэ төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн Т.Болортуяаг 30 хоног цагдан хориод явуулсан бол мансуурсан үедээ саатуулагдсан жүжигчин Т.Билэгжаргалыг торгоод л өнгөрсөн байх юм.


​​​​​​ А.ДОНДОГСҮРЭН
ӨДРИЙН СОНИН

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)