Шахмал түлшний “нугалаа”
- 2019-09-25
- Үнэн
- 0
-Хөршүүд нь “тагнуул” болчихсон, өглөө оройд хэнийхээс ямар утаа гарахнав гэж яндан шагайж явдаг болох нь-
1932 онд Монголд аймшигтай, “нугалаа” болсон түүх бий. Төр засгаас ард түмнээ орчин үеийн соёл боловсролд сургах арга хэмжээ авсан чинь, тэр нь цаашаа “нугалаа” болж, эмэгтэйчүүдийн гэзэг үсийг тайрч, эрэгтэйчүүдийн дээлний нудрагыг хүртэл огтолж байсан гэдэг. Яг тийм “нугалаа” өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод эхлэлээ. Үүнийг хүмүүс шахмал түлшний “нугалаа” хэмээн нэрлэх болж.
Уул нь Засгийн газраас зөв шийдвэр гаргасан юм. Хотын утааг бууруулах, ядаж л 50 хувь багасгах зорилгоор энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс түүхий нүүрсийг хотод оруулахыг хориглож, өндөр илчлэгтэй шахмал түлшээр хангах үйлдвэрүүдийг барьж байгуулан, бүтээгдэхүүнээ ид худалдаалж байгаа. Тонн нь 150 мянган төгрөгийн үнэтэй шахмал түлшийг Улаанбаатар хотын 500 цэгээр, зарим мэдээллээр бол 800 цэгээр худалдаалж байгаа гэх.
Гэр хорооллын айлууд бололцооныхоо хэрээр аваад түлж байнаа. Сайхан түлш байна гэж магтах хүн олон байгаа ч, саар муугий нь гайхах хүн ч мэр сэр тааралдана. Юутай ч энэ түлш нийслэлийн утааг бууруулахад үнэлж баршгүй ач тустай нь илт. Аливаа шинэ юманд сайн муу, саад бэрхшээл байлгүй яахав. Таван үйлдвэр нь стандартын дагуу сайн түлш үйлдвэрлэж байхад нэг нь “хулхи” түлш үйлдвэрлэхийг байг гэх газаргүй. Яваандаа жигдэрнэ. Бүгдээрээ сайн болно гэхэд миний хувьд эргэлзэхгүй байгаа.
Тэгтэл! Тэгтэл өнөөх сайхан арга хэмжээ маань аймшигт “нугалаа” болж өрнөлөө. Нүүрс түлсэн айлыг хэдэн зуун мянгаар, албан газрыг хэдэн сая төгрөгөөр торгоно гэнэ. Яндангаар нь нүүрсний хар утаа гарч байгаа айлыг барьж өгвөл, тэр “тагнуулд” нь үнэгүй шахмал түлш өгнө гэнэ. Одоо гэр хорооллын хөршүүд нь хэнийхээс нүүрсний утаа, хэнийхээс шахмал түлшний утаа олгойдож байна гэдгийг тандаад өглөө оройд гудамжаар дүүрэн хөлхөлдөж байгаа гэнэ. Нүүрс түлсэн айлыг мэдээлж, өөрөө үнэгүй шахмал түлшээр шагнуулах нь ээ! Гадаа дулаан байгаа учраас одоодоо бол арай гайгүй. Хүйтэрч эхлэхтэй зэрэг энэ “тагнуулуудын” үйл ажиллагаа, цаад эздийнх нь үйл ажиллагаа яаж идэвхжих бол. Зарим хүн сайжруулсан шахмал түлш авахгүй байгаа гэнэ. Хүйтрэхтэй зэрэг нүүрс түлж байгаа хэдэн айлыг барьж өгөөд шахмал түлшээр “шагнуулчихна” гэж хээвнэг ярьж байна гэнэ.
Энэ “нугалаа” эцэстээ юунд хүрдэг бол! Гэр хорооллынхон хэдэн жилээр нүүрсээ нөөцлөөд авчихсан байдаг. Ноднин жил түлээд бараагүй өчнөөн мянган тонн нүүрс айлуудын пинд хадгалагдаж байгаа. Түүнийгээ яах юм? Түлээд торгуулах юмуу, хог дээр аваачиж хаях юмуу? Авсан үнээрээ эргүүлээд тушааж болдоггүй юм уу? Станцуудад аваачиж тушаагаад оронд нь мөнгө юмуу шахмал түлш авахаар зохицуулж болохгүй юу? гэхчлэн олон асуудал тулгарч байна.
Сайжруулсан түлшээр нийслэлийн гэр хорооллуудыг хангахыг би дэмждэг хүн. Мэдээж утаа буурна. Магадгүй, 50-60 хувиар буурахыг ч үгүйсгэх аргагүй. Гэлээ ч би хоёр зүйлд сэтгэл эмзэглэж явдаг хүн. Ер нь ингэж нүсэр үйлдвэр байгуулж, тэрбум тэрбумаар нь мөнгө зарж сайжруулсан шахмал түлш гэгчийг үйлдвэрлэж, бөөн явдал чирэгдэл болж байхын оронд, тэр их илчлэгтэй, бараг утаагүй коксжсон нүүрсээ шууд хот руу зөөгөөд хангачихаж яагаад болдоггүй юм?! Коксжсон нүүрсний лабораторийн шинжилгээг том төсөл болгож бариад 10 жил энэ дарга нарын үүдийг сахисан, нүүрсний “хаан”, инженер Рэнцэндоржийн төслийг хэрэгжүүлсэн бол бид өнөөдөр биш арван жилийн өмнө хотын утааг 50-70 хувь бууруулчих байсан юм биш үү. Инженер Рэнцэндорж маань арван жил төслөө барьж хөөцөлдөөд үр дүнг нь үзэж чадалгүй саяхан таалал төгссөн л дөө. Гэтэл нас барснаас нь хойш нөгөө төсөл маань “сайжруулсан шахмал түлш” нэртэй болоод гарч ирсэн нь ямар учиртай юм бол гэж сэтгэл эмзэглэдэг юм.
Нөгөө нэг зүйл бол сайжруулсан шахмал түлш гэдэг чинь, ядарсан ард түмнээ дулаан бүлээн өвөлжүүлэх, нийслэл хотынхоо утааг багасгах гэхээс илүү “мөнгө цагаан, нүд улаан” төсөл болжээ. Хэрэгжиж эхлэхээсээ өмнө л “торгоно” “шийтгэнэ” гээд эхлэсэн. Тонн нь 150 мянган төгрөг гэнэ. Борлуулагчдаас 2 сая төгрөгийн урьдчилгаа авна ч гэх шиг. Ядарсан ард түмнээ айлгасан, тамирдуулсан үг л дуулдаж байгаа. Уул нь инженер Рэнцэндоржийн төслөөр бол эхний жилд нь коксжсон нүүрсээ үнэгүй юм уу, хямдхан тарааж, “Байгалийн хишиг”, “Эрдэнийн хувиа” ард түмэндээ мэдрүүлье гэж байсан юм. Тэгтэл эсрэг төсөл хэрэгжээд эхлэх юмдаа.
Эрхэм дээдэс минь олон нийтийн санал бодлыг та нарт дамжуулах хэрэгтэй боллоо.
1.Бид шахмал түлшийг эсэргүүцэхгүй ээ. Засгийн газрын зөв шийдвэр. Харин дундаас нь “нугалаа” гаргачихлаа. Хотод түүхий нүүрс оруулахгүй гэдэг чинь түмэн зөв. Гэтэл олон мянган тонноор нь оруулах гэсэн оролдлого хэд хэдэн удаа гарлаа. Засгийн бодлогын эсрэг зохион байгуулалттай хийж байгаа ийм оролдлогыг л таслан зогсоох хэрэгтэй юм. Гэтэл илрүүллээ гээд л замхарсан. Бодвол нэг дарга сайдынх нь юмуу, шүүх прокурорынхны хамаатан садан байгаад хав дарагдаа биздээ. Уул нь ийм санаатай, зохион байгуулалттай үйлдлүүдийг илрүүлээд, хуулийн хатуу арга хэмжээ авч олон түмэнд мэдээлэх ёстой. Гэтэл өнөөх яам тамгынхан, хууль хяналтынхан таг чиг. Бодвол тэр их нүүрсийг Баянзүрхийн товчоо илрүүлж буцаагаад, Яармагийн ч юм уу аль нэг товчоогоор ороод ирсэн л байх. Манай эрх мэдэлтнүүд ийм л юм хийж байгаа.
2.Уул нь, Монголд хариуцсан Яам нэртэй юм байгаа бол сайжруулсан шахмал түлшээр нийслэлийг хангахын өмнө бэлтгэл асар их ажил байлаа. Торгуулийн хэдэн төгрөг олохын тулд, ард түмнээ айлгаж ичээж байхын оронд гэр хорооллын бараг бүх айлын пинд байгаа үлдэгдэл нүүрсийг ямар замаар борлуулж, иргэдээ ч, улсаа ч хохиролгүй болгох вэ? гэдгийг эрт шийдэх хэрэгтэй байсан шүү дээ.
3.Хэрэглэж заншаагүй шахмал түлш анх удаа түлэх гэж байгаа ядарсан ард түмнээ бодоод үнийг нь хөнгөлж болоогүй юу.
Гурван тонн шахмал түлш 450 мянган төгрөг. Арай ч дээ. Хотын захын гэр хорооллын ядуус хоёр гурван шуудайны ч мөнгөгүй л байгаа. Дүн өвлөөр, юун тийм үнэтэй шахмал түлш, гарт тааралдсанаа л түлнэ. Мөнгө л олж байвал хамаагүй гээд торгоод л байх уу?!
4.Аливаа зүйлийг хэрэглэж эхлэхээс өмнө олон түмэнд, тэр дундаа хэрэглэгчдэд сайн тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй байдаг. Зүгээр л “Нүүрсээ түлвэл торгуулна” “Шахмал түлш сайн” гэдгээс өөр мэдлэггүй хүмүүс шинэ түлшээ хэрэглэж мэдэхгүй байна. Сайжруулсан шахмал түлш гэгч бөөрөнхий зүйл чинь ямар найрлагатай, яаж хэрэглэх ёстой юм, хүний биед сөрөг нөлөө бий юу, яаж түлдэг, хэдий хугацаагаар дулаанаа барьдаг зэргийг хэрэглэгчдэд маш сайн ойлгуулах хэрэгтэй юм. Хүмүүс бол энэ шинэ түлш гэдэг чинь утаа бууруулахаас гадна мөнгөний л төлөө хийгдэж байгаа ажил байна гэх. Шууд түлчихэж болдоггүй, модоор цогшуулж байж түлдэг, тортог ихтэй, зарим тохиолдолд шатдаггүй бөөн шавар явж байна гэхчлэн янз бүрийн л яриа гарч байна. Иргэддээ сайн тайлбарлаж ойлгуулаагүйнх байх л даа.
5.Иргэдийн зүгээс буруутай зүйл бий л дээ. Орон гэрээ дулаалдаггүй, хаяагаа сөхөөд, цонхоо нээгээд орхичихдог, дулаанд амар амгалангуй загнаж, найр наадам хэсээд явдаг, хүйтрэхтэй зэрэг хүн хүн рүү үсчиж буруутгадаг гэм бий. Ямартай ч хууль дүрмээ чандлан сахиж, буруугаа бусад руу чихэлгүй амьдарцгаах юмсан.
6.Эрхэм дээдэс минь, “Түүхий нүүрс түлж байгаа айлыг барьж өгвөл шахмал түлшээр шагнана” гэхчлэн хөгийн санал санаачлага гаргаж, олон түмнээ битгий доромжлооч, онигоонд битгий орооч.
Сайжруулсан шахмал түлшний дүн энэ өвөл, хаварт гарна. Түүнийг л харцгаах үлдлээ.
Галсангийн ЖАМЪЯН
Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч
Сэтгэгдэл (0)