Монгол, Японы харилцааг шинэ шатанд, харилцан ашигтай хөгжүүлэх төслүүдийг танилцуулав

Япон Улсын Токио хотноо болсон "Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын форум"-д 300 гаруй бизнесийн байгууллага, банкны салбарынхан оролцож, монголд хөрөнгө оруулах боломж, хамтран ажиллах талаар зөвлөлдөв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монгол, Японы парламентын бүлэг, Монгол Улсын Японы улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам (METI), Японы Газрын тос, байгалийн хий, металлын асуудал эрхлэх байгууллага (JOGMEC), Япон, Монголын Эдийн засгийн хорооны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан тус форумд  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцуулж, ахисан түвшний түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтойг онцоллоо. Тэрбээр “Япон Улс эрчим хүчний салбарт маш их тусламж үзүүлснийг Монголын ард түмэн мэднэ. Харин одоо хөгжлийнхөө харилцааг шинэ шатанд гаргаж, харилцан ашигтай төслүүд хэрэгжүүлье. Уул уурхайн нөөцөд суурилж, Японы өндөр технологиор эцсийн бүтээгдэхүүн хийх чиглэлээр хамтран ажиллах боломж бий. Бид гуйж явах биш, харилцан ашигтай төслүүд дээр хамтрах цаг нь болсон. Тухайлбал, нүүрс боловсруулах, газрын ховор элемент, ашигт малтмалын чиглэлээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг өндөр технологийг нэвтрүүлснээр нэмүү өртөг шингээж, хөгжих боломжтой гэж харж байна” гэв.  “Эрдэнэс Монгол” ХХК тус форумд нүүрс боловсруулах, зэс хайлуулах болон мөнгөний төслүүдээ танилцуулсан бөгөөд зэсийн хайгуулаас эхлээд хамтарч ажиллах боломжтой гэсэн саналыг илтгэлдээ дурдсан.

Хөрөнгө оруулагчдын зүгээс монголыг сонирхож байгаагаа илэрхийлээд, тогтвортой, таатай хөрөнгө оруулалтын орчин хамгийн чухал гэдгийг тодотгож байв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын хувьд ч хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргаж, хөрөнгө оруулах боломж үргэлж нээлттэй байна гэдгийг форумын индэр дээрээс онцлон дурдсан юм.

Монгол, Япон Улс дипломат харилцаа тогтоогоод 47 жил болж буй. Энэ цагаас хойш хоёр улсын харилцаа жил бүр ахиж, шинэ түвшинд гарсаар ирсэн. Энэ хугацаанд хоёр улсын гадаад харилцаа 600 сая орчим ам.доллар болжээ. Хэдийгээр гадаад худалдааны тэнцэл харилцан адилгүй, Япон улсаас Монголын талд импортлох бараа бүтээгдэхүүний тоо бага боловч эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүнд энэ тоо өсөх хандлагатай байгаа аж. Хоёр улсын гадаад худалдааны дийлэнхийг мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, эсгийн урлал, хөнгөн цагаан тусгай зориулалтын машин, механизм, төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд Монгол Улс малын гаралтай түүхий эд, хөнгөн цагаан зэрэг цөөн тооны бүтээгдэхүүн экспортолдог байна.

Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын форумд Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Ё.Мацүмото, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн, Монгол, Японы парламентын бүлгийн гишүүн М.Оюунчимэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нийслэлийн Иргэдийн хурлын дарга Р.Дагва, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Япон Улсын ЗГХЭГ-ын дарга Олимп хариуцсан сайд Хашимото Сейкотой уулзав

Японы нийслэл Токио хотноо хүн төрөлхтний эв нэгдлийн билэгдэл Зуны олимпийн 32 дахь наадам 2020 онд болно. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү Монголын дугуйн холбооны ерөнхийлөгчийн хувиар Япон Улсын ЗГХЭГ-ын Олимп хариуцсан сайд, хатагтай Хашимото Сейкотой уулзаж, олимпийн наадмын талаар ярилцаж, хоёр орны мэргэжлийн дугуйн спортын тамирчдыг хамтран бэлтгэл хангах тухайд санал солилцсон юм. Цаашид хоёр орны тамирчид өвөлдөө японд, зуны улиралд монголд бэлтгэл хангах нь харилцан туршлага судалж, илүү амжилт гаргах ирээдүйтэйг хатагтай Хашимото Сейко дурдаад, дугуйн спортыг хөгжүүлэх нь бүхий л хамтын ажиллагааны эхлэл гэдгийг тодотгосон. Өнөөдрийн байдлаар Япон Улсад дугуйн спортын мэргэжлийн 180 тамирчин байдаг бөгөөд олимпод 96 тамирчин оролцохоор бэлтгэл хангаж буй аж. Энэ хүрээнд мөн монголд олон улсын стандартад нийцсэн дугуйн цогцолбор төв барих ажлыг шат дараатай хэрэгжүүлэх боломжийг хөндөж ярилцсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)