Баянхонгор аймгийн Өлзийт суманд “Шинэ сумын төв” төслийг хэрэгжүүлнэ
- 2019-09-28
- Үнэн
- 0
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 27-29-ний өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж байна.
Тэрбээр Баянхонгор аймгийн Өлзийт суманд ажиллах үеэр “Шинэ сумын төв” төслийг Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх яриа хэлэлцээ хийгдэж байгааг УИХ-ын дарга тэмдэглээд, энэ бүтээн байгуулалтыг хийхэд иргэн бүрийн идэвх оролцоо чухал болохыг санууллаа.
Мөн тэрбээр, “Шударга ёсыг тогтоож, эдийн засгийн хөгжлийг дэмжих, сайхан ирээдүйг үр хойчдоо үлдээхийн тулд эрх зүйн шинэ хувьсгал хийх ёстой. Энэ хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
Шударга шүүхийг бий болгох, байгалийн баялагтаа иргэд өөрсдөө эзэн байх, хариуцлагатай парламент, тогтвортой Засгийн газар, өөрийн эрх мэдэл, хөгжлийн бодлоготой орон нутгийн тогтолцоотой болохын тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж байна. Ард нийтийн санал асуулга явуулж, иргэдээрээ батлуулахаар ажиллаж байгаа. Та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна” гээд Монгол төрийн төлөө, монгол хүний төлөө ажил үйлсэд ухамсарт амьдралаа зориулж, ХХ зууны түүхийг өөрсдийн гараар бүтээсэн ахмадууддаа баярын мэнд дэвшүүлэв.
Сэтгэгдэл (0)