Лицензээ хураалгасан компаниудын зургаа нь нүүрснийх байна
- 2019-09-30
- Байгаль орчин
- 0
Ерөнхий сайдын сүүлд тушаал гаргаж цуцалсан уул уурхайн лицензүүд дотор нүүрсний зургаан компанийн найман лиценз багтаад буй. Экспортын орлогын 96 хувийг эзэлдэг уул уурхайн бүтээгдэхүүн дунд нүүрс жин дардаг, гадагшаа зардаг ашигт малтмалын 36 хувийг нүүрс дангаараа эзэлдэг статистик бий. Нүүрсний экспортын 55 хувь нь Гашуунсухайтаар урд хөрш рүү экспортлогддог бол 45 хувь нь Шивээхүрэнгийн боомтоор Хятадын зах зээлд нийлүүлэгддэг.
Гүйцэтгэх засаглалтын тэргүүний цуцалсан нүүрсний лицензийн лав гурав нь Шивээхүрэнгийн боомтоор нүүрсээ гаргадаг “Саусгоби сэндс” компанийнх. Шивээхүрэнгийн боомтоор нүүрс эскспортолдог компаниудын дунд үйл ажиллагааг нь зогсоосон компани ч байгаа аж. Үүнээс гадна тусгай зөвшөөрлийг нь хураах санал холбогдох байгууллагуудад очоод буй компаниуд бий гэсэн мэдээллийг бид албаны эх сурвалжаас авсан юм. Нүүрсний экспортын бараг тал хувийг эзэлдэг Шивээхүрэнгийн боомт хавьцаах нүүрс олборлогч компаниудын байдал газар дээрээ ямар байгааг сурвалжиллаа. Эхлээд очсон компани маань “Өмнийн говийн элс” буюу “SGS”. Эдний компани Нар мандах, Нар жаргах гэсэн хоёр уурхайгаасаа олборлосон нүүрсээ баяжуулж экспортолдог гэнэ. Шивээхүрэнгээс нүүрс хүлээж авдаг Сэхээ боомтын эрэлт өндөр байгаа учраас нүүрсээ гаргаж л байвал доллар болгох асуудал биш гэж компанийнхан онцолж байв. Нүүрсний үнэ тогтвортой гэсэн гэгээлэг мэдээг “SGS”-ийн Байгаль орчин, орон нутгийн харилцааны хэлтсийн дарга Д.Ариунболд дуулгалаа. Тэд нэг тонн B ангиллын нүүрсээ 220 юань буюу 82 мянга орчим төгрөгөөр экспортолж байгаа аж. Дашрамд дурдахад Шивээхүрэнгээр нэвтэрдэг нүүрс Таван толгойнхоос ялгаатай. Таван толгойнх хатуу коксжих гэдэг утгаараа илүү үнэтэй, Шивээхүрэнгээр гардаг нь олон улсын ангиллаар сул коксжих учраас арай бага үнэтэй экспортлогддог юм. “Саусгоби сэндс” өнөө жил 5.1 сая тонн нүүрс олборлож, 800 мянган тонн нүүрс баяжуулж гаргахаар төлөвлөжээ. Д.Ариунболд “Манай компани олборлосон нүүрснийхээ 4.1 сая тонныг ондоо багтаад экспортолчих байх. Сэхээ боомт манайхаас 15-17 сая тонн нүүрс авна гэсэн тооцоотой байгаа юм билээ. Тэгэхээр гаргаж л чадвал эрэлт нь байгаа гэсэн үг. Ер нь Шивээрхүрэнгийн боомтоор өдөрт 820 орчим машин гардаг. Засгийн газраас нэг удаа турших маягаар 22.00 цаг хүртэл сунгаж ажиллахад өдөртөө 1400 орчим машин гарсан тооцоо бий. Яг одоогийн байдлаар 680-820 машины хооронд хэлбэлзэж байна” хэмээн сонирхуулсан юм. Хятадын тал битүү агуулахад нүүрс хүлээж авах ёстой гэсэн босго тавьсан нь манайхаас нийлүүлэх нүүрсний хэмжээ багасах шалтгаан болжээ. Үүнээс гадна долоо хоногийн таван өдөр ажлын найман цагаар нүүрс гаргадаг нь экспортын хэмжээнд сөргөөр нөлөөлж байгаа гэж нүүрс экспортлогчид онцолж байв. Хоёр тал өндөр түвшинд яриа хэлээ өрнүүлээд өдөрт боомтуудаа өдөрт 16 цагаар ажиллуулбал өнөөдөр гаргаж буй нүүрсний хэмжээ нэг нугарч өсөх бололцоотой аж.
Д.Ариунболд: МАНАЙ КОМПАНИЙН ЛИЦЕНЗИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ЦУЦАЛСАН
Д.Ариунболд (Лицензийг нь хураасан талбай дээр)
Уул уурхайн лицензүүдийг хомроглож цуцлах үеэр “Саусгоби сэндс” компанийн лиценз цуцлагдсан тухай өмнө дурдсан. Тус компанийн хэлтсийн дарга Д.Ариунболдтой энэ сэдвийг хөндөн ярилцсанаа хүргэе.
-Танай компанийн гурван ч лиценз цуцлагдсан гэсэн мэдээ хэвлэлээр цацагдлаа. Ямар шалтгаанаар яагаад цуцлагдсан юм бол?
-Гурван тэс суманд долоон аж ахуйн нэгжийн 10 лицензийг цуцалсан юм. Энэ лиценз дотор манай компанийн лиценз багтсан. Олборлолт явуулаагүй, үйл ажиллагаа эхлээгүй ч А лицензээ авчихсан, олборлох төлөвлөгөөгөө боловсруулаад явж байгаа гурван лиценз цуцлагдсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-ыг үндэслэж цуцалсан байгаа. Яагаад цуцлав гээд судлаад үзэхээр Байгаль орчны яамнаас ажлын хэсэг гарч дүгнэлт гаргасан байгаа юм.
-Байгаль орчны яамны ажлын хэсгийн дүгнэлтийг танай компани мэдээгүй хэрэг үү?
-Огт мэдээгүй.
-Яамнаас ажлын хэсэг ирсэн гэхээр газар дээр нь ирж шалгасан баймаар юм...?
- Хэн хэзээ ирж ажилласан нь мэдэгдэхгүй байна л даа. Танайхыг шалгаж байна гээд бидэнд хандаж, манай компани дээр ирсэн тохиолдол байхгүй. Н.Цэрэнбат сайдын 2019 оны наймдугаар сарын 11-ний өдрийн А425 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаад дүгнэлт гаргасан гээд байгаа.
-Дүгнэлт нь ямар агуулгатай юм бол?
-Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхүйц байна, үүнийг нь орон нутгийнхан удаа дараа мэдэгдсэн гэсэн агуулгатай байсан.
-Та түрүүн олборлолт эхлээгүй талбай гэсэн. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэхээр өөр онцгой шалтгаан байна уу. Тост, Тосон бумбын нуруутай ойрхон уу?
-Лицензийн талбайн хувьд Хятадын хилээс 50-иад км зайтай. Залгаа гурван лицензийн талбай маань 28 км-ын урттай 20 мянга орчим га газрыг хамарч байгаа. Тост, Тосонбумбын нуруунаас зайтай. Тус нуруу баруун хойд зүгт 40-өөд км-ийн цаана бий.
-Булаг шанд гэх мэт усны эхтэй ойр юм уу?
-Манай лицензийн талбай ойр орчимдоо булаг шандгүй. Хайрган хөрстэй. Энэ орчинд дүрэм журмын дагуу байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийсэн. Тэнд заасан зөвлөмж арга аргачлалын дагуу шийдээд нүүрс олборлож Шивээ хүрэнгийн боомт руу 60 гаруй км тээвэрлээд Хятад руу экспортлох боломжтой талбай.
-Хураагдсан лицензүүдийн талбай нийт хэчнээн тонн нүүрсний нөөцтэй вэ?
-Баталгаажсан нийт нөөц нь 191 сая тонн. Хайгуул хийвэл ирээдүйд нөөц нь өсөх боломжтой.
-Олборлолт явуулаагүй, экологид ямар нэг сөрөг нөлөөгүй талбайн лицензийг цуцалсан гэсэн байр суурьтай байгаа юм байна. Танай компанийн зүгээс ямар алхам хийгээд байна. Хүсэлт, өргөдөл гаргасан уу?
-Компанийн хувьд лиценз цуцлалтыг үндэслэлгүй гэж үзээд дээд шатных нь байгууллагад хандсан.
-Танай гомдлыг хүлээж авахгүй бол яах вэ?
-Бидний гомдлыг хүлээж авахгүй бол шүүхэд хандана. Олборлолт явуулаагүй лицензийн талбайнхаа тайланг бид АМГТГ-т өгдөг. Ашиглалт явуулаагүй шүү гэсэн агуулгатай тайлан өгдөг юм. Энэ тайлан дээр үндэслэж Уул уурхайн яам тайлан нэхдэг. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн эсэх асуудлаар орон нутгийн эрх бүхий албан тушаалтнуудаас тодорхойлолт авдаг. Гурав, дөрвөн сарын өмнө орон нутгийн байцаагч, засаг дарга нар бүгд тодорхойлолтоо өгчихсөн.
-Ямар агуулгатай тодорхойлолт өгсөн юм бол?
-Лицензийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй, байгаль орчинтой холбоотой дүрэм журмын биелэлт хангагдаж ажилласан гэсэн утгатай тодорхойлолт. Ийм байтал гурав, дөрвөн сарын дараа нь орон нутгаас санал ирсэн гээд цуцлах шийдвэр гарсанд гайхахаас аргагүй байна л даа.
-Танай компани өмнө нь байгаль орчны тал дээр асуудал гаргаж байсан уу?
-Байгаль орчин, орон нутгийн харилцаа хариуцаж ажилладаг хүний хувьд нэг зүйлийг онцолж хэлье. “Саусгоби сэндс” компани байгаль орчинд хариуцлагатай ханддаг уу гэдэг асуултыг орон нутгийн иргэдээс асуугаад үзээрэй. Аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газраас ч асуу. Манай компани олборлолт явуулж байгаа талбайдаа өндөр хариуцлагатай ажилладаг. Байгаль орчны тухайд дүйцүүлэн хамгаалах гэж чухал ажил бий. Тэр жишгийг түүчээлж нэвтрүүлсэн компани бол “Саусгоби сэндс”. Тост, Тосон бумбын нуруунд дүйцүүлэн хамгаалах ажлыг олон улсын стандартаар явуулдаг ганц уурхай нь манайх. Биднийг дуурайгаад бусад уурхай дүйцүүлэн хамгаалах ажил руу орж байна. Манай уурхай Тост, Тосонбумбын нуруунд дүйцүүлэн хамгаалах ажлыгдөрвөн жилийн турш амжилттай хийж байгаа. 2014 онд гэхэд л тэнд нарны энергиэр ажилладаг зэрлэг амьтанд зориулсан уст цэг гаргасан. Дараа жил нь Тост, Тосон бумбын нуруунд тусгай хамгаалалтай газрын хил заагийг тэмдэглэгээ 22 ширхэгийг хийж байрлуулсан. Хилийн цэсийн тэмдэглэлжүүлэлтийг хийсэн гэсэн үг. Өнгөрсөн жил Тост, Тосон бумбын нурууны хамгаалалтын захиргаанд пургон автомашин, GPS, байгаль хамгаалагчийн стандартын хувцаснууд өгсөн. Энэ жил ч тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн. Уул уурхайн том компаниуд “Хариуцлагаар нэгд” гэсэн санаачлага гаргасан даа. Тэр санаачилгад манай компани нэгдсэн байгаа. Ер нь уул уурхайг хариуцлагатай, хариуцлагагүйгээр нь ялгаж салгах цаг болсон. Хариуцлагагүй уул уурхайд төр төмөр нүүрээ харуулах нь зүйн хэрэг. Хариуцлагатай уул уурхайг ялгаж салгаж харах хэрэгтэй.
"Терра энержи". Олборлолт эхлээгүй талбай
-Ерөнхий сайдыг МҮХАҮТ дээр бизнесийнхэнтэй уулзахад лицензээ хураалгасан нэг компани бас ийм агуулгатай зүйл хэлж, асуудлыг нь эргэж нягтлахыг гүйцэтгэх засаглалын тэргүүнээс хүсч байсан. Тэр үеэр ерөнхий сайд цуцалсан лицензүүд дотор мэр сэр ийм асуудал байхыг үгүйсгэхгүй, судалж үзье гэсэн тал ч бий шүү?
-Наад үйл явдлын талаарх сурвалжлагыг харсан. Ерөнхий сайд тэр уулзалтын үеэр ганц нэг аж ахуйн нэгж хэлмэгдсэн байхыг үгүйсгэхгүй гэсэн утгатай үг хэлснийг олзуурхаж сонссон. Цуцлагдсан лицензүүдийн шалтгаан дүгнэлтийг нарийн харж хянах нь гэсэн итгэл төрсөн. Манай компанийн хувьд байгаль орчинд хохирол учруулсан зүйл байхгүй. Цуцлагдсан лицензийн талбайг ирж харсан удаа байхгүй.
“Саусгоби сэндс” компанийн цуцлагдсан лицензийн талбай олборлолт явуулж буй талбайгаас арав гаруй км зайд байна. Талбайн тэмдэглэгээ болгож босгосон цементэн шонг эс тооцвол хүний гар хүрээгүй атар тал угтав.
УРД ХӨРШ НҮҮРСНИЙ ЧАНАРТ ӨНДӨР БОСГО ТАВЬЖ ЭХЭЛЖЭЭ
Дараагийн очсон компани маань МАК. Нарийнсухайтын уурхайд олборлолт явуулдаг тус компани таван лиценз эзэмшдэг юм байна. Ордын хэмжээнд 300 метрийн гүнд 560 сая тонн нүүрсний нөөц тогтоожээ. Таамаг нөөцөөр тооцвол 680 сая тонн болж байгаа аж. Хамгийн гүндээ 120 метрт олборлолт явуулж байгаа аж. Жилдээ 12 сая тонныг олборлох хүчин чадалтай гэнэ. Баяжуулах үйлдвэр босгосон, боомтыг өндөр хурдны шилэн кабельтай болгосон, бусад компаниудтайгаа хамтарч Шивээхүрэнгийн боомтын найман урсгалтай хаалгыг ашиглалтад оруулсан гэж ирээд тоочвол нүүрс экспортын дэд бүтцэд багагүй хөрөнгө заржээ. Нойтон баяжуулах үйлдвэрээс гадна хуурай баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлээд байгаа юм байна. Хятадын тал нүүрсний чанарт өндөр босго тавих болсон учраас нүүрс экспортлогчид бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээж боловсруулах талд анхаараад эхэлчихэж. Нарийн сухайтын уурхайн дарга Д.Баярсайхан “Энэ жилээс урд хөрш нүүрсний чанарт өндөр шаардлага тавьж эхэлсэн. Манай компани ийм шалтгаанаар ахиад хоёр сая тоннын нойтон баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Нэмээд 1.5 сая тонны хүчин чадалтай хуурай баяжуулах үйлдвэр угсарч байна. Ажлын гүйцэтгэл 60 хувьтай яваа. Хятадын зах зээлд нүүрсний таван үзүүлэлтийг хардаг байсан бол одоо фтор, хар тугалга, фосфор гэх мэт химийн таван хүнд элементийг давхар үздэг болсон. Энэ шаардлагыг хангахын тулд үйлдвэр барьж байна” гэсэн юм. Худалдан авагч талын шаардсанаар нүүрсэнд агуулагдах хүхрийг бууруулсан гэж уурхайн дарга сонирхуулав. Нойтон баяжуулах үйлдвэр нь ашигласан усныхаа 90 гаруй хувийг дахин ашигладаг гэнэ. Урд хөршийнхөн энэ жилээс эрчим хүчний импортын нүүрсэн дээрээ фтор бага байх шаардлага тавьж эхэлжээ. Хятад талын энэ мэт стандартыг хангаж ажиллаж эхэлсэн нь нүүрсний экспорт буурахад тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа гэнэ. МАК энэ жил 7-9 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөснөөс гурван сая тонныг экспортолжээ. Энэ дашрамд онцлоход урд хөршийн импортлогчид түүхий нүүрс авахаас зайлсхийж эхэлсэн нь түрүүчээсээ тод мэдрэгдээд эхэлчихэж. МАК-ийн хувьд лицензийн асуудал байхгүй аж.
АШИГЛАЛТ ЯВУУЛААГҮЙ ТАЛБАЙН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛСЭН ҮҮ?
Лицензийн асуудалтай дараагийн нүүрс экспортлогч нь “Терра энержи” компани. Эднийх “Саусгоби сэндс” шиг лицензээ хураалгаагүй. Лицензийн тухайд цуцлах хүсэлт хүргүүлсэн жагсаалтад багтсан гэсэн асуудалтай байгаа юм. Алаг тэвш, Цагаан өвөлжөө, Энх Тунх Орчлон гэсэн гурван охин компанийн нэр дээр нийт таван олборлолтын лицензтэй бөгөөд Цагаан өвөлжөөгийн Баруун ноён уул буюу 17162 лицензтэй талбай дээр төвлөрч ажилладаг юм байна. Тус компанийн бүх лицензийг байгаль орчинд хохирол учруулсан гэх үндэслэлээр цуцлах санал хүргүүлсэн тухай мэдээ хэвлэлээр цацагдаж байгаа. Экологид сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаа талбайг нь сонирхлоо. “Саусгоби сэндс”-ийн лиценз нь цуцлагдсан талбай шиг хүний гар хүрээгүй, тал хөндий байна. Олборлолт явуулж буй уурхайгаас нэлээд зайтай энэ газарт намаржиж буй айл ч харагдав.
Тус компанийн зөвшөөрөл хариуцсан ахлах ажилтан Э.Соёмбоос “Засгийн газраас уул уурхайн ашиглалт болон хайгуулын лицензийг цуцлах асуудал хүчтэй яригдаж байна. Тэр хүрээнд танай компанийн охин компани болох нийт гурван компанийн таван лицензийг цуцална гэсэн асуудал яригдсан гэсэн мэдээ байна. Ингэж үзээд лиценз цуцалбал хэр үндэслэлтэй шийдвэр болох вэ” гэж тодруулахад “Одоогоор бидэнд мэдэгдсэн зүйл алга. Энэ талаарх тодорхой мэдээлэл ирээгүй учраас шууд цуцлагдах нь гэж ярьж болохгүй байх. Хэрвээ таны асуугаад байгаа үндэслэлтэй мэдээлэл бол бидний хувьд ор үндлэслэлгүй шалтгаан гэж харж байна. Миний зогсож байгаа 20803 тоот энэ талбай дээр төлөвлөлт хийгээд явж байгаа. Уурхайн олборлолт хийгдээгүй. Олборлолт хийгдээгүй талбайд байгаль орчны асуудал яригдах боломжгүй л дээ” гэсэн хариу өглөө.
“ЖАВХЛАНТОРД”-ЫН УУРХАЙГ ТҮР ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГАСАН ГЭВ
Шивээхүрэнгийн боомтоор нүүрс экспортолдог жижиг компаниудын төлөөлөл болгож “Жавхлант орд” компанийн талбайд очлоо. Тогтвортой үйл ажиллагаа явуулаад хоёр жил болж байгаа гэнэ. Олборлолт, уулын ажил нь эхлээд 20 хүрэхгүй хувь дээрээ явж байх үед нь шалгалт ирж, энэ уурхайг түр зогсоох шийдвэр гаргажээ. Биднийг очиход уурхайн ажилчид гэртээ харьцгаасан, цөөн хэдэн ажилтан л байв. Техникийн шинжтэй зөрчлүүд гаргасан гэх шалтгаанаар уурхайг хаасан бололтой. 28.6 сая тоннын нөөцтэй, нөөцийн хувьд цаашид өсөх боломжтой, 200 гаруй ажилтантай, зам гэх мэт дэд бүтцэд 64.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихсэн, цаашид 166 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нэмж хийх тооцоотой яваа энэ компани ашиглалт эхлүүлснээсээ хойш улсын төсөвт 5.2 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Ашиглалтынхаа хугацаанд нийтдээ 146.2 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг төсөвт төвлөрүүлнэ гэсэн тооцоо гаргаснаа сонирхуулав. Олборлолт эхлээд удаагүй учраас байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй гэсэн тайлбарыг тус компанийн мэргэжилтэн хэлж байв.
Сурвалжлагын төгсгөлд онцлоход Шивээхүрэнгийн боомтоор 8.9 сая тонн нүүрс экспортлоод байгаа аж. Боомтын хувьд анх 2003 онд "Чинхуа МАК" нүүрсний экспорт эхлүүлж байж. Харин 2018 онд үндэсний хөрөнгө оруулалттай МАК уурхай байгуулж ажилласнаар энэ боомтоор нэвтрэх нүүрсний хэмжээ огцом өсчээ.
Сэтгэгдэл (0)