УИХ-ын дарга Г.Занданшатар бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, үнэт зүйл, зорилгодоо үнэнч байхыг сурагчдад захилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 27-29-ний өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллахдаа “Намрын ногоон өдөр”-үүдийн арга хэмжээнд оролцож, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзан, Монголын оюун ухааны академийн салбарыг Баянхонгор аймагт нээж, иргэд хөдөлмөрчидтэй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар санал бодлоо солилцож, Ахмадын баярыг тохиолдуулан ахмад настнуудтай уулзаж ярилцлаа.

Багш нарын өдрийг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүллээ

Тэрбээр өнөөдөр /2019.09.29/ Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан “Баян-Ойт” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд оролцож, нийт багш нарт баярын мэндчилгээ дэвшүүлэв.

ЮНЕСКО-гоос 1994 онд жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон зарласан билээ.  Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь өдөр энэ онд тохиож байна. Жил бүр  ЮНЕСКО-гийн санаачилгаар Дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэдэг нь дэлхийн өнцөг булан бүрт багш нарт талархал илэрхийлэх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, багш нарын хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, дэлхий дахинд багшийн нэр хүндийг өргөх, улс орны хөгжил цэцэглэлтэд багш нарын гүйцэтгэж буй үүрэг оролцоог таниулахад чиглэдэг юм. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудын хүмүүжил, боловсрол ямар байх хэрээр улс орны хөгжил тодорхойлогдоно. Хоёр наснаас хүүхдийн суурь хүмүүжил төлөвшдөг. Мөн шавийн эрдэм багшаас эхтэй гэдэг. Шинэ зуунд хүнийг дипломоор үнэлэхээс илүү авьяас ур чадварыг үнэлдэг болж байна. Тиймээс хүүхэд багачуудыг багаас нь хөгжүүлэх шаардлага зүй ёсоор үүсэж байна. 

Олон улсын боловсролын тогтолцоо “багшлахаас суралцахуй” гэсэн зарчимд шилжиж, багш зөвхөн чиглүүлэгч, дасгалжуулагчийн үүргийг гүйцэтгэдэг болж байгаа. Өчигдөр Монголын оюун ухааны академийн гэрээт салбар Баянхонгор аймагт нээлтээ хийлээ. Хонгор нутгийн хүүхэд багачууд, залуучууд оюун ухааны чадвараа хөгжүүлж, сургалтын шинэ арга хэлбэрийг эзэмших боломж бололцоо бүрдсэнийг хэлэхэд таатай байна. 

Хүүхдийн хөгжил зөвхөн багш нараас шалтгаалахгүй, эцэг эх, хүүхэд, багш нарын хамтын ажиллагааны үр дүн байдаг” хэмээн онцлоод нийт багш, сурган хүмүүжүүлэгч нарт баярын мэндчилгээ дэвшүүллээ.

    

“Баян-Ойт” цогцолбор нь тус аймгийн анхны цэцэрлэг бөгөөд өдгөө цэцэрлэг, сургуулийн цогцолбор болон өргөжиж, 16 дахь намартайгаа золгож байгаа аж. 1948 онд ашиглалтад орж байсан барилгыг ашиглах боломжгүй болсноор 2017 онд цэцэрлэгийн байрыг шинээр барьсан бол 2018, 2019 онд спорт заал бүхий хичээлийн өргөтгөлийн байрыг ашиглалтад оруулсан байна. Эдгээр байрыг нийтэд нь 3.5 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барьж байгуулжээ.

 

Одоогоор тус цогцолборын цэцэрлэгийн 10 бүлэгт 380, сургуулийн 14 бүлэгт 580 хүүхэд сурч, хүмүүжиж байна. Нийт 70 гаруй багш ажилчид 2-12 насны хүүхдүүдийн олон талт оюуны чадамжийг хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдгээрээ онцлогтой юм. Тухайлбал, нэгдүгээр ангийн сурагчид өнгөт шоо эвлүүлж, өнгөний зүй тогтлыг тогтоодог бол хоёр, гуравдугаар ангидаа могой шоогоор төрөл бүрийн дүрсийг хийж сурдаг байна. Харин дөрөв, тавдугаар ангийн сурагчид рубик шоо, есөн цоож тайлах зэрэг чадварыг эзэмшдэг аж.

Г.Занданшатар: Зорилго том байх тусам төдийчинээ амжилтад хүрнэ

Монголын оюун ухааны академийн орон нутгийн гэрээт салбар Баянхонгорт нээгдсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар нар тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад “Оюунлиг Баянхонгор”, “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” сэдвээр лекц уншив.

  

Дэлхий дахинд 7000 гаруй ажил мэргэжил байдаг ч цаг үеийн хурдацтай өөрчлөлт, шинэчлэлийг дагаад ойрын ирээдүйд 60 гаруй хувь нь устаж үгүй болно гэсэн судалгаа гарсан байдаг. 

Аж үйлдвэрийн IV хувьсгал эхэлж байна. Энэ цаг үе технологийн эрин учраас хиймэл оюун ухааны хөгжил үсрэнгүй байх болно. Иймд ирээдүйгээ харсан сонголт хийж, том зорилгын төлөө мэргэжлээ сонгох нь чухал хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар лекцийнхээ эхэнд онцолсон юм.

Тэрбээр үргэлжлүүлэн, “Цаг үетэйгээ нийцүүлж шинэ зорилго тэмүүлэлтэй болох хэрэгтэй. Зорилго хэдий том байна, төдийчинээ амжилтад хүрнэ. Та бүхэн дүнгийн төлөө, дипломын төлөө сурахаас илүүтэй өөрт байгаа авьяас, ур чадвараа хөгжүүлэхийн төлөө шамдаарай. Дэлхий нийтээр дипломны үнэгүйдэл үүсэж, томоохон компаниуд болох “Google”, “Apple” ажилтнуудаа ур чадвараар нь үнэлдэг болж байна. Саяхан 12 настай япон хүү нисэх онгоцны загвар зохион бүтээгээд “Google” компанид ажилд орлоо. 

Монголын оюун ухааны академийнхан дэлхийд улсынхаа нэрийг өндөрт өргөж байна. Дэлхийн нийтээр монгол хүний оюуны чадварыг шагшиж байна. 13 секундэд 52 хөзрийг дэс дараагаар нь цээжлээд зөв байрлуулж, дэлхийн дээд амжилтыг эвдсэн хүүхэд байна. Мөн Б.Янжиндулам гэдэг охин ой тогтоолтын шинэ амжилтыг тогтоож, дэлхийн 12 хэлээр чөлөөтэй ярьж байна гээд дурдвал олон хүүхдүүд байна. 

Тэд авьяасаа хөгжүүлж чадсан учраас амжилтад хүрсэн. Та нар ч ийм амжилтад хүрэх боломжтой. Хамгийн чухал нь хичээл зүтгэл, хөдөлмөр хэрэгтэй. Үүнээс гадна зөв сэтгэлтэй, бусдын төлөө гэсэн зүтгэлтэй, өөрийн үнэт зүйл, зорилгодоо үнэнч байх хэрэгтэй гэдгийг онцлон захья” гээд сурагчдад сурлагын өндөр амжилт хүсэв.

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар Баянхонгор аймгийн 7 сургуулийн 3000 гаруй сурагчдад лекц уншлаа.

 

Баянхонгор аймгийг 2022 онд гэхэд утаагүй болгоно гэв

УИХ-ын дарга Г.Занданшатар тус аймгийн “Инновацын төв”-өөр зочилж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр орон нутагт хийгдэж буй ажлын явцтай танилцлаа.

НҮБ-ын Хүүхдийн сангийн хийсэн судалгаагаар агаарын бохирдол эхийн урагт сөргөөр нөлөөлж, хүүхдийн өвчлөлийг нэмэгдүүлж байгааг тогтоосон байна.

Тус аймаг агаарын бохирдлын хэмжээгээрээ нийслэл хотын дараа ордог болох нь судалгаагаар гарчээ. “Утаагүй Баянхонгор” төслийн хүрээнд өрхөд суурилсан эрчим хүчний хэмнэлттэй халаалт, сайжруулсан түлш, зуух, яндангийн шүүлтүүр, гэрийн дулаалгын бүтээгдэхүүний шийдлүүдийг туршиж эхэлсэн байна. 

Энэ хүрээнд 2022 он гэхэд утаагүй аймаг болох зорилтыг тавьсан байна. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс хөрөнгө зарцуулахгүй бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг олон улсын байгууллага, орон нутгийн удирдлага, хувийн хэвшлийн байгууллага хамтран хэрэгжүүлэх юм байна. Агаарын бохирдлыг нэмэгдүүлж байгаа шалтгааны нэг нь дулаан алдалт юм. 

Дулаалсан болон дулаалаагүй гэрийг харьцуулахад эрчим хүчний хэмнэлт 55 хувийн ялгаатай байдаг байна. Иймд НҮБ-ын Хүүхдийн сангаас ШУТИС-ийн эрдэмтэдтэй хамтран тус аймгийн 200 өрхөд гэр дулаалгын төслийг хэрэгжүүлж байна. Төслийг эхний 100 өрхөд үнэ төлбөргүй хэрэгжүүлэх бөгөөд үлдсэн 100 өрх нь 85 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр уг дулаалгыг ашиглах юм байна. Тус аймгийн төв 32-40 орчим мянган хүн амтай ажээ. 

 

“Утаагүй Баянхонгор” төслийн хүрээнд хийгдсэн ажлуудаас үр дүнтэй шийдэл гарвал Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжтойг УИХ-ын дарга хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)