УИХ-ын дарга Г.Занданшатар ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ
- 2019-10-01
- Үнэн
- 0
Монгол түмний хүндлэл, бахархлын хойморт суудалтай эрхэм хүндэт ахмадуудынхаа амрыг айлтган мэндчилье.
Та бүхэн минь сайхан намаржиж байна уу?
Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн баярын мэндчилгээг Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж энх тунх, аз жаргалтай, сэтгэл түвшин байж, насны буянаа эдлэн жаргахын ерөөл өргөе.
Ахмадууд Та бүхний улс орныхоо хөгжил цэцэглэлт, хойч ирээдүйн сайн сайхны төлөөх эрхэм үйлсэд халуун залуу насаа зориулсан бахархалт хөдөлмөр, туршлага сургамжийг хойч үеийнхэнд өвлүүлж, хүндлэн дээдлэх, халамжлан түших нь төрийн хэрэг, Монголын ёс билээ.
Түүнчлэн өтгөс буурлуудаа асран тэтгэх, үйл хэргийг нь үргэлжлүүлэн мөнхлөх нь энэ цаг үеийнхэн бидний хувьд ирээдүйн өмнө хүлээх эрхэм үүрэг мөн гэж бид үздэг.
Монголын нийт иргэд, залуу үеийнхний мартахгүй санаж явах үнэт зүйл бол ахмадууд та бүхний амь биеэ хайрлалгүй тэмцэж, босгож, цогцлоосон үндэсний тусгаар тогтнол, төрт ёс, эдийн засаг, нийгмийн дэвшил, иргэдийн эрх, эрх чөлөө билээ.
Ардчилсан засаглалтай, тусгаар улсын иргэд эдлэх ёстой эрх чөлөөгөө бүрэн эдлэх учиртай. Шударга ёс дэлгэрч, зөвхөн хууль засагладаг байх нь монгол хүн бүрийн хүсэмжлэл юм. Төрийн тогтолцоо зөв, тэнцвэртэй байх нь засаглал тогтвортой, иргэндээ ээлтэй байхын эх сурвалж мөн. Эх орны минь баялаг иргэн бүхэндээ тэгш хүртэх ёстой.
Эдгээр гарцаагүй шаардлага, эрмэлзэл тэмүүллийг эш үндэс болгож, Үндсэн хуулийн шинэчлэлийг энэ удаагийн Улсын Их Хурал хийж байна. Бурууг засах, зөвийг зорих цаг ирснийг Хүндэт ахмадууд маань ойлгож, дэмжин түшинэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Ахмадуудынхаа урт удаан наслах, эрүүл саруул, амар тайван, дутуу гуцуугүй аж төрөх, өөртөө таарсан хөдөлмөр эрхлэх, насаар ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх боломжийг бүрдүүлэх, нийгэм, эрүүл мэндийн арга хэмжээнд өргөнөөр хамруулах чиглэлд хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал онцгой анхаарсаар ирсэн, цаашид ч ямагт анхаарлынхаа төвд байлгах болно.
Та нар минь бидэнтэй ямагт хамт, хамгийн ойр байж, сургаал зөвлөмжөө хайрлан, туршлага сургамжаасаа хуваалцаж, мартсаныг сануулж, алдсаныг ухааруулж явна гэдэгт итгэл төгс байна.
Ахмад буурлууд Та бүхэн минь урт насалж, удаан жаргаж, бие тэнхлүүн, ухаан цэлмэг, амьдрал үйлс, буян заяа тань ямагт дэвжин дэлгэрч байх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Сэтгэгдэл (0)