Ахмад прокурор Т.Жадамба: Хуулийг уншихад их уйтгартай ч хэрэглэх үед л хамгийн сонирхолтой байдаг

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан прокурорын байгууллагад 35 жил ажилласан гавъяат хуульч, ахмад прокурор Т.Жадамбатай ярилцлаа.

- Сайн байна уу та, сайхан намаржиж байна уу. Танд Олон улсын болон Монголын ахмадын баярын мэндийг хүргэе. Ярилцлагаа таны прокурорын байгууллагад ажиллаж эхлэсэн түүхээс эхлэе. Яагаад хуулийн хүн болохоор шийдсэн бэ?

- Сайхан намаржиж байна аа. БиӨмнөговь аймагт 1951 онд төрсөн, айлын өргөмөл хүү лдээ. Манайх нэгдлийн олон тэмээтэй, хүн бүл муутай байсан болохоор намайг 11 настай байхад сургуульд оруулж байсан. Хуулийн хүн болно гэж урьдчилж төлөвлөсөн зүйл байгаагүй.Би 1972 онд аравдугаар ангиа төгсөөд аймагтаа конкурс өгөөд Их сургуулийн хуулийн ангийн хоёр хуваарь ирсэний нэгийг нь сонгочихсон хэрэг л дээ. 1976 онд сургуулиа төгссөн. Тухайн үед оюутнуудыг прокурор, шүүхийнх гэж ангилдаг байлаа. Би прокурорын нэр дээр хуваарлигдсан.

Тэгээд хотын прокурорт /одоогийн Нийслэлийн прокурорын газар/ мөрдөн байцаагчаар томилогдсон. Тэр үед хотын прокурор мөрдөн байцаагчтай байсан. Дараа нь Октъябрын район гэж одоогийн Баянгол дүүргийн прокурорын газарт прокурорын туслах, мөрдөн эрхэлсэн туслахаар ажиллаж байсан. Хотод 20 гаруй жил ажилласан хүн чинь орон нутагт ажилламаар санагдаад Увс аймгийн прокурорын газарт 1 жил, Өмнөговь аймгийн прокурорын газар мөн ажиллаж байгаад эргээд хотын прокурорт Мөрдөн шалгах хэлтсийн дарга хийж байгаад 2012 онд тэтгэвэртээ гарсан. Би 35 жил прокурорын байгууллагын “хоол”-ыг идсэн хүн.

- Тухайн үед прокурор болохдоо та дөнгөж 25 настай байж. Тэр үед хэрэг төвөг их гарч байв уу? Ажлын ачаалал их байсан уу?

- Тэр үед харьцангуй гайгүй байжээ. Хотын прокурор чинь 12 мөрдөн байцаагчтай, прокурорын мөрддөг харьяаллын хэргүүд нь цөөхөн байсан. Албан тушаалын хэрэг, цагдаагийн албан хаагчид халдсан хэргүүдийг мөрддөг, эдгээр хэргүүд ч цөөхөн гардаг байсан. Харин социализмын үе байсан болохоор худалдааны байгууллагад их олон хэрэг гардаг байв. Дэлгүүрийн худалдагч, нярав, нягтлан нартай холбоотой хэргүүд ихэвчлэн гардаг. Тэр хэргүүд дээр ажилладаг байлаа. Одоогийнх нь шиг том дарга нарын хэрэг барагтай бол гарахгүй. Энэ чинь 1976-1982 онд шүү дээ. Дараа нь Октъябрийн район буюу одоогийн Баянгол дүүргийн прокурорын газарт мөн л мөрдөн байцаагчаар томилогдож очиход жилдээ 800 гаруй хэрэг л гардаг байсан.

Дараа нь хөдөө Өмнөговь аймагт ажиллаж байгаад 2003 онд эргээд хотын прокурорт ирж ажиллахад гарч байгаа хэргийн тоо ч хэд дахин нэмэгдсэн байсан. Тэрнээс хойш улам нэмэгдэж,  хүн хүч нь цөөдөж эхлэсэн л дээ. Одоо харин албан тушаалын хэргүүд их гарах болждээ. Нийгэм хөрөнгөн дээр тогтсон нийгэм болсон, хөрөнгөн дээр тогтож байгаа нөхцөлд хүний шунал хязгааргүй. Одоо бол хүн албан тушаалаа ашиглаж байгаад яаж ийж байгаад жаахан юмтай болчих  юмсан л гэж боддог болчихож, энийг зогсоохын тулд нэлээд хугацаа шаардагдана. Хуулиар л зохицуулж таарна, гэтэл хууль боловсруулдаг зохиодог хүмүүс нь ямар хэмжээний хүмүүс байгаа билээ.

- Тухайн үед тантай хамт ажиллаж байсан нөхөд чинь таныг их шооч байсан гэдэг юм билээ. Бас болохгүй зүйлийг ч багагүй шүүмжилдэг байсан гэдэг.

- Заримдаа ч болохгүй зүйлийг “гашуун үг”-ээр утаж байсан зүйл байсан л байх. Анх залуухан мөрдөн байцаагчаар очиход прокурорт дандаа л 40, 50 насны хүмүүс ажиллаж байсан. Тэд их зарчимч бас шаардлага өндөртэй улс байж. Тэднээс сурсан зүйл их бий. Тэр хэрээр залуучуудаасаа ч шаардаж, шаардлага тавьдаг байсан. Хүний үг даадаг, тэр хэрээр бусдад ч хэлэх гэсэн үгээ хэлчихдэг байсан.

- Таны ажилдаа баримтладаг гол зарчим юу байсан бэ?

- Миний ч юу байхавдээ, бид бүгдээрээ л хуулинд юу гэж заасан тэрийг яаж зөв хэрэглэх вэ, хазайхгүй байх юмсан гэсэн ганцхан гол зарчим баримталдаг. Би шударгаар, хүнийг алагчлалгүй хандах юмсан л гэж боддог. Хуулийг уншихад их уйтгартай ч хэрэглэх үед л хамгийн сонирхолтой байдаг. Яавал энэ хуулийн утга агуулгыг зөв ойлгож, зөв хэрэглэх вэ гэдэг дээр хамаг анхаарал төвлөрдөг байсан. Тэр үед хуулийг олон хувь хэвлээд хүн болгонд хүртээмжтэй өгдөг байсан. Даанч одоо тухайн үеийн хэвлэх үйлдвэр байхгүй болсон байна.

Зөвхөн хуульчид биш бүх нийтэд зориулаад Эрүүгийн хууль бусад хууль тогтоомжийг хэвлэдэг байсан. Сүүлд эмхэтгээд “25-ын” гэгдэх хууль гэж өгч байлаа. Хуулийн төвөгтэй зүйл заалтыг Улсын Дээд шүүх тайлбарладаг, тогтоол гаргадаг байсан. Хэргийг судлаад алийг нь хэрэглэвэл зүгээр вэ гэдгийг тогтоочихдог байсан хэрэг. Олон улсын жишигт нийцдэггүй юм байлгүй шүүх тайлбарлахаа болиод, одоо хүн болгон хуулийг дураараа өөрсдийнхөөрөө  ойлгож хэрэглэж байгаа л харагдах юм. Угтаа нэгдсэн журмаар тайлбарлах хэрэгтэй юмшиг санагддаг даа.

- Таныг прокуророор ажиллаж байх үед ээдрээ төвөгтэй хэргүүд хэр их гарч байв.

- Би хяналтын прокуророор ажиллаж байхдаа дандаа хүн амины хэрэг дээр ажиллаж байсан. Нэг хэрэг санаанаас гардаггүй юм. Говь-алтай аймагт болсон хэрэг. Ховдоос ирсэн 4 хүний амийг бүрэлгээд машиныг нь шатаагаад цогцосуудыг нь булсан байсан лдаа. Орон нутгийн болоод хотоос ирсэн мөрдөн байцаагч нар хамтран ажиллаж энэ хэргийг илрүүлж чадсан. Миний хувьд их л олон хохирогчтой хэрэг байсан болохоор санаанаас гардаггүй юм. Бас хүмүүсийн их сайн мэдэх  Багануурт гарсан архины хордлогын хэрэг байна. Нийт 12 хүн амиа алдсан энэ хэрэгт маш олон хүн хамрагдсан бараг 30 гаруй холбогдогчтой хэрэг байсан. Дээр нь архи уусан хүмүүс нэмэгдээд хэргийг шийдвэрлэхэд цаг алдуулж байсан ч хэрэгт холбогдолтой бүх л хүмүүс шүүхээс ял авсан.

- Та шинэ залуу хуульчид ялангуяа прокурорын байгууллагын залуу прокурор, ажилтнуудад юу гэж хэлмээр байна.

- Бид нарын үетэй харьцуулахад та нарт боломж маш их, хангамж ч сайжирсан байна. Прокурорт ажиллаж байгаа бол зарчимтай шударга байх хэрэгтэй, гадны нөлөөнд автахгүй хуулинд юу гэж заасан байна тэрийг л барьж ажиллах хэрэгтэй.

- Та нийт ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

- Би одоо төрсөн нутаг Өмнөговьдоо амьдарч байна. Хэдийгээр амьдралынхаа ихэнх жилүүдэд хотод амьдарсан ч хөдөө нутаг л бодогдоод байдаг юм билээ. Харин Улаанбаатар хотод ирэх үеэрээ та бүхэнтэй уулзаж, ярилцлага өгөх завшаан тохиолдсонд баяртай байна.  Прокурорын байгууллагаас төрөн гарсан нийт ахмадууддаа Монголын ахмадын баярын мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

- Баярлалаа. Танд бас эрүүл энх, урт удаан наслахыг хүсэе.

 

Эх сурвалж: Улсын Ерөнхий прокурорын газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)