Л.Лантуу: Залуучуудыг голж болохгүй, тэдэнд зааж, сургах хэрэгтэй
- 2019-10-01
- Үнэн
- 1
Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Л.ЛАНТУУТАЙ ярилцлаа.
-Монголын ууган намтай таны ажил, амьдрал салшгүй холбоотой. Удахгүй нэгэн зууны ойгоо угтах гэж байгаа намд та хэдэн жил ажилласан бэ?
-Би 1962 онд МАХН-д элссэн. Түүнээс хойш өөрийнхөө амьдралыг энэ намтай 57 жил холбожээ. Намын анхан шатны хорооны дарга, дүүргийн намын хорооны I нарийн бичгийн дарга, хотын намын хорооны нарийн бичгийн дарга хийж явлаа. Тухайн үеийн Улаанбаатар хотод улсын хэмжээний аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 55 хувийг үйлдвэрлэдэг байсан. Тийм л үед би үйлдвэрийг хариуцдаг байв. Дараагаар нь Төмөр замын хорооны I нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын намын хорооны I нарийн бичгийн дарга болж, Улс төрийн товчоо огцроход хамт огцорсон юм даа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын төлөө амьдралынхаа 28 жилийг зарцуулсан хүн. Тэр үед намаас даалгавар өгдөг байж. Түүний дагуу ажлаа хийнэ. Гэхдээ би үүргээ сайн биелүүлсэн, ажлаа ч сайн хийсэн гэж өөрийгөө үнэлдэг юм. Намын хороодын I нарийн бичгийн дарга болно гэдэг тухайн нутаг дэвсгэртээ бүх талаараа үлгэр жишээч байх тийм л хариуцлагатай алба. Тэр үед Улаанбаатар хотын намын хороо намын гишүүдийн болон Монгол Улсын нийт хүн амын гуравны нэгийг өөртөө багтаасан том хот байлаа. 1990 онд намайг ажлаа өгөхөд Улаанбаатар хотод 700 мянган хүн амьдарч байсан. Одоо энэ тоо хоёр дахин нэмэгджээ. Гэхдээ энэ бол механик өсөлт. Хөдөөнөөс ялангуяа баруун таван аймгийнхан Улаанбаатар хотод нэмэгдэж, орж ирсэн. Хөгжил гэхээсээ гадна хуулийн цоорхойг ашигласан их нүүдэл ч гэж энэ байдлыг хэлж болох байх. Энэ их нүүдлийн үр дагавраар орон нутаг эзэнгүйдчихлээ. Нутаг эзэнгүйрнэ гэдэг их аюултай юм шүү, та минь.
-Таныг ажиллаж байх үед Улаанбаатар хотыг хөгжүүлэх ямар хөтөлбөр боловсруулж байв?
-Нийслэлийг хөгжүүлэх 17 цогц программ гэдгийг боловсруулсан. Их, дээд сургуулийн багш, шинжлэх ухааны академийн эрдэмтдээс бүрдсэн тусгай баг гаргаж Улаанбаатар хотын утааг арилгах, байгаль орчныг сайжруулахад асуулга тавьж, арга замыг эрэлхийлдэг байсан юм. Энэ үед мөн аж ахуйн нэгжүүдийг бие даалгах ажлыг эхлүүлж байлаа. ЗХУ-ын тусламжтайгаар барьсан үйлдвэрүүдийн ажилтан, ажилчдад бид хичээл заахаас гадна тусгай бригад байгуулж, олсон туршлагаас бусдадаа заах маягаар ажилласан. Улаанбаатар хот тэр үед хогондоо дарагдсан байлаа. Хойд талд байдаг ам, жалга үе хогоор дүүрэн. Тиймээс яам, Тамгын газар, сайд нарт үүрэг өгч, хоггүй хот болохын төлөө хамтдаа зүтгэсэн. Тухайн үед Батлан хамгаалахын сайдаа ажиллаж байсан Ш.Жадамбаа гуай цэргийнхнээ уриалж, том автомашинуудаараа хог зөөлцөж, өнөөгийн нийслэлийн хойд хэсгийг хоггүй болгоход гар, бие оролцсон хүн дээ. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг тааруухан байна гэж үзээд Дамбадаржаагийн айлуудыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байв. Тэнд суурьшсан айлуудыг Нисэх орчимд нүүлгэх ажлыг эхлүүлсэн ч 1990 сүүлчээр энэ ажил зогссон. Уг нь тэр ажлыг дорвитой хийсэн бол өнөөдөр арай өөр байх байсан гэж боддог.
-Тухайн үед төлөвлөөд ажил хэрэг болгож чадаагүйг одоо ч хийх боломжтой шүү дээ. Гаднынхан ахмадуудынхаа зөвлөгөөг сонсч, туршлагаас нь судалдаг. Тэдний нэгэн адил арвин туршлагатай та бүхэн өнөөгийн залуустаа зөвлөвөл болохгүй гэх зүйлгүй?
-Уг нь тийм л дээ. Дарга нартай уулзаж, өөрсдийн байдлаа ярихгүй ээ. Ганцхан улсаа яаж хөгжүүлэх вэ гэдэг талаар ярьж, санал бодлоо хэлнэ. Харамсалтай нь, бидний ярьж, хэлж байгааг хүлээж авах нь тааруухан юм шиг. Ардын зүйр үгэнд “Хазгар өвгөнд ухаан бий. Хар авдранд эрдэнэ бий" гэдэгсэн. Дарга нарт санал бодлоо бичээд өгөхөөр туслахдаа өгчихдөг. Уг нь түүнийг нь хэдхэн минут гаргаад уншиж танилцчихаж болмоор. Даанч тийм дарга ховор болчихжээ. Бид чинь нэлээд зүйл уншиж судалж байж санал бодлоо бичдэг юм шүү дээ. Биднийг хүмүүс шүүмжилдэг гэж бууруушаадаг. Бидний шүүмжлэл сөрөг хүчнийхний шүүмжийн дэргэд тэнгэр, газар шиг ялгаатай.
Бид тэдний ажлыг сайжруулахын төлөө шүүмжилнэ. Нөгөөдүүл бол үгүйсгэх гэж шүүмжилдэг. Энэ ялгааг харахгүй, ойлгохгүй байгаа нь харамсалтай санагддаг. Бид дарга нарын ажлыг шүүмжилнэ. Шүүмжилсээр ч байх болно. Шүүмжлүүлж байж ажил илүү сайжирна. Бидний нас явсан ч тархи толгойд энэ улс Оронд хэрэгтэй зүйл асар их бий.
-Танаас сүүлийн хэдэн жил Улаанбаатар хотод тулгамдаад байгаа зарим зүйлийн талаар онцлон асууя. Эхлээд агаарын бохирдлоос ангижрах ямар арга зам байгаа талаар та санал бодлоо хуваалцахгүй юу?
-Агаарын бохирдол миний үед ч толгойны өвчин байсан. Жижиг уурын зуухыг төвийн дулаанд холбох том ажлыг хийдэг. Зуун айл гэхэд л төвийн дулаанд холбогдоогүй уурын зуухтай байсныг намайг ажиллаж байхад шугам сүлжээ тавьж, төвийн дулаанд холбож байсан. Ер нь, төвийн дулаанд холбох ажлыг өргөн цар хүрээтэйгээр хийдэг байсан. Одоо сайжруулсан шахмал түлш гэж яриад байна. Энэ ажлын дүнд энэ жил агаарын бохирдол гайгүй болно гэж найдаж байна. Бид нэг асуудлыг шийдэх хэрэгтэй. Тодруулж хэлбэл, гэр хорооллынхны жорлонг төмөр бетонон доторлогоотой болгож, хөрс бохирдуулдаггүй болгомоор байгаа юм. Ингэж чадвал хөрсний бохирдол багасна. Нэг хэсэг айлын дунд шахмал түлшээр ажилладаг, утаа бага гаргадаг төвлөрсөн зуухтай. Тэндээсээ халуун, хүйтэн усаа авдаг шийдлийг би зөв гэж боддог.
-Хотын автомашины түгжрэлийг бууруулах талд ямар бодолтой явдаг вэ?
-Намайг ажиллаж байх үед автомашин ховор байлаа. Одоо ч цаг өөр болж. Гэхдээ түгжрэлийг бууруулах олон арга бий. Тэдгээрээс нийтийн тээврийн, үйлчилгээг илүү сайжруулах хэрэгтэй байгаа юм. Тэр дундаа ойрын зайн чиглэлд илүү анхаарч ажиллавал үр дүнд хүрнэ гэж би боддог. Хүмүүс хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэхдээ автомашинаар явж байна. Гэтэл гадаадын олны танил хүмүүсээс гадна доктор, профессорууд нь метрогоор явдаг. Тиймээс бид хандлагаа өөрчлөх нь чухал юм. Дараагийн асуултаа асуухаас чинь өмнө нэг зүйлийн талаар ярьж болох уу.
-Бололгүй яах вэ.
-Хөдөө аж ахуйг үндсээр нь өөрчилж, эрчимжсэн аж ахуйг байгуулах хэрэгтэй. Гаднын оронд 5-6 кг нарийн ноос өгдөг хонь байна. Гэтэл манайх нэг кг гаруй байх жишээтэй. Гадаадад өдөрт 40 литр өгдөг үхэр бий. Манайд сарлагаас 600-700 грамм, монгол үнээнээс нэг литр орчим сүү л сааж авдаг. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Юу гэвэл, манайхаас бусад оронд нэг үнээнээс төдөн литр сүү саана гэсэн ойлголт байдаггүй. Нэг га газраас төдөн центнер сүү авч байна гэж тооцдог. Өөрөөр хэлбэл, бүх ашиг шимийг тооцоолохдоо газартай холбож өгдөг. Үүнтэй уялдуулан манай улс чанартай бүтээгдэхүүн өгдөг хонь, үхэр, ямааны суурь сүрэгтэй болох хэрэгтэй байна. Нөгөө хэсэг нь тэжээлийн ургамал тарих ёстой. Гэхдээ ургамлаа шууд малын тэжээл болгохгүй. Малын тэжээл болгож, үйлдвэрлэх хэрэгтэй. Жишээлбэл, Эрээн хотын цаахна Сайхан тал гэж аймаг байдаг. Тэнд алтан өвс гэж ургамал тарьдаг. Нэг га-гаас 470 тонныг хураан авч байна. Жилд гурван удэа ургац авна. Ингээд бодохбор бидэнд одоогийнхоос илүү сайн сайхан байх боломж бий юм.
-Хүний нас тэтгэвэрт гарахаас оюун бодол нь хөгширдөггүй гэдэг. Хэдийгээр насны амралтад гарсан ч эх орныхоо бүтээн байгуулалт, хүн амын энхийн манаанд санал бодлоо тусгаж, зөвлөх юу байна вэ?
-Нэг сонин зүйлийн талаар ярвж өгье. Намайг нийслэлийн МАН-ын хорооны дарга байхад буюу 1962 онд тэтгэвэрт гарсан хүн бараг байхгүй байсан. Тэтгэврийн хуулийг бүр сүүлд баталсан юм шүү дээ. Монголчууд дэндүү залуугаараа өнгөрч байсныг үүнээс дүгнэж болно. Ер нь 80 насална гэж нүдний гэм байлаа. Хүн амын дундаж наслалт 49 байсан байх. Тухайн үед 35 настай хүн их хөгшин харагддаг байсан. Одоо цагт 35 настай бол ямар залуухан, сайхан харагдаж байна вэ. Улсын хөгжлийг үүнээс харах хэрэгтэй. Иргэд хэрхэн өөрчлөгдөж байгаагаас улсын хөгжил харагддаг. Яам, Тамгын газраар ороход хиртэй гараар барихааргүй сайхан залуус байна. Дээр нь гадаадын хэд хэдэн хэлний мэдлэгтэй, өндөр боловсролтой, хилийн чинадад явж газар үзэж, туршлага судалсан байна. Тиймээс би залуучуудыг голж болохгүй гэж боддог. Харин тэдэнд зааж, сургах хэрэгтэй. Бидний үед ямар байсан, одоо ямар байвал зүгээр вэ гэдгийг ярих ёстой юм.
-Олон улсын ахмадын баяр өнөөдөр тохиож байна. Та Монголын ахмад настнуудын аж амьдрал, хангамж ямар байна гэж боддог вэ?
-Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Монгол оронд ахмадуудаа хүндэлж, бүх шатны байгууллагууд үе үеийн ахмадуудаа хүлээн авч уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсч, заримынх нь хөдөлмөрийн алдрыг тэмдэглэдэг. Мөн халамж, анхаарал тавьж байгаад их баярлаж явдаг хүмүүсийн нэг би юм.
Гадаадынхан “Монголд хүүхэд, ахмад настан хоёр шиг эрх дархтай хүн хүн алга’’ гэдэг гэсэн. Бид дотооддоо шүүмжлэлтэй ханддаг хэдий ч үнэн хэрэгтээ ахмадуудынхаа төлөө маш их зүйлийг хийж байгаа нь үнэн юм шүү, залуус минь.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (1)
ZOV (66.181.191.227)
OYUN-ERDENE : ard tumen aasan demjileg guugarei. ard tumen ni demjileg iig yaaji avdag erdem iig suruh heregtei