Кембриджийн олон улсын ерөнхий боловсролын хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг онцлов

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Ази-Номхон далай хариуцсан сайд, хатагтай Хеадер Вьеелерийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Их Британийн их, дээд сургуулиудын магистрын сургалтад сургадаг Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Монгол оюутнуудыг жил бүр сургаж байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ Кембриджийн олон улсын ерөнхий боловсролын хөтөлбөр амжилттай хэрэгжиж, сурагчдын сурлагын амжилт, багш нарын мэргэжлийн ур чадвар өндөр үнэлэгдэж байгааг онцлон дурдав.

Боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт хамтын ажиллагаа өргөжүүлж болох хэд хэдэн асуудлыг талууд хөндөв. Тухайлбал, англи хэлний багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, “Монгол тэмүүлэл” ахлах сургуулийг бүрэн дунд сургалтын хөтөлбөртэй болгох, ирэх онд Монгол Улсад болох “Ногоон тоглолт” олон улсын спортын наадамд баг тамирчдаа оролцуулах боломж зэргийг судалж, хамтран ажиллахыг хүслээ.

Мөн сайд Хеадер Вьеелерийн эрхлэх асуудалд хамаардаг бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сэдвээр Монголын эрдэмтэн, судлаачид судалгаа хийж, “Ногоон уур амьсгалын сан”-тай хамтран ажиллах боломжтой гэдгийг танилцуулав.

БСШУСЯ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)