Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-Ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт
- 2019-10-08
- Өөр өнцөг
- 1
Худал мэдээ буюу fake news-тэй тэмцэх тухай санал
2019.10.07. Улаанбаатар хот.
Мэдээллийн технологийн хөгжлийн үр дүнд хүн төрөлхтөн асар богино хугацаанд мэдээллийг хил хязгааргүйгээр харилцан солилцох боломжтой болсон. Хүн төрөлхтөн асар бахдалтайгаар хүлээн авсан технологийн энэхүү дэвшил нь мэдээлэл харилцан солилцох, мэдлэг түгээх, мөн хүлээн авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төр, засгийн бүх шатны байгууллагын хууль бус үйл ажиллагааг хянах олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх, шударга ёсыг тогтоох чухал арга хэрэглүүр мөн боловч бусдын нэр хүндийг санаатайгаар гутаах, гүжир гүтгэлэг тараах, бодит мэдээллээс олон нийтийг холдуулж төөрөлдүүлэх, улмаар үндэсний ухамсар сэтгэхүйд буруугаар нөлөөлөх, зарим тохиолдолд улс орны аюулгүй байдалд аюул учруулах хэмжээний ноцтой үр дагаврыг бий болгож байгаа нь өдрөөс өдөрт тодорхой болж байна.
Монголчууд интернэт хэрэглээ өндөртэй орнуудын тоонд багтах болсон нь сайшаалтай ч энэ орчинд ёс зүйтэй, мэдлэгтэй хэрэглэгч байх соёлд суралцаагүй учраас бусдын алдар хүнд, нэр төрд халдах, хуурамч мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлж нийгмийн бухимдал үүсгэх, аллага хүчирхийлэлд уриалан дуудах, ялгаварлан гадуурхалт, нацизмыг сурталчлах явдал энгийн үзэгдэл болсныг та бид харж мэдэрч байна. Үүнийг нотлох бодит жишээ ч сошиалаар дүүрэн байна.
Дэлхий нийтэд сошиалыг иргэд үзэл бодлоо хуулийн хүрээнд илэрхийлэх хувийн орон зай гэж үздэг атал Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйтэй хольж хутган fake news-ийг бодит мэдээлэл мэтээр хүлээн авч байгаа нь бүр ч аюултай юм. Энэ нь монголчуудын мэдээллийн цагаан толгойд тайлагдах (information literacy) асуудал, мэдээллийн боловсрол (media education) нэн дутмаг, энэ талаар төр, засгаас анхнаасаа тодорхой бодлого хэрэгжүүлж, дэмжихгүй зөнд нь орхисны гай юм.
Энэ нь өөрсдийгөө сэтгүүлч хэмээн нэрлээд сэтгүүлч мэргэжлийн ёс зүй, үнэт зүйлийг уландаа гишгэн ямар ч аргаар хамаагүй дуулиан шуугиан үйлдвэрлэн олны анхаарлыг татаж, “гэлбэлзэж байгаа гэмтнийг” айлган сүрдүүлж мөнгө “саадаг”, тэд нь дуулгавартай байвал дуугардаггүй, дургүйг нь хүргээд эхэлбэл шударга үнэнчийн дүрд хувиран давшлаад эхэлдэг. Эсвэл оргүй хоосноос “үнэн”-ийг үйлдвэрлэн бусдын алдар хүндэд халддаг, олон нийтэд шившиглэдэг хэсэг бүлэг этгээд хэвлэл мэдээллийн салбарт бий болж сошиал орчныг зэвсэг болгон ашиглаж байгаа бодит үнэнийг та бүхэн сайн мэдэж байгаа. Асуудлыг соёлтойгоор мэдээлж мэтгэлцэх, бодит тэнцвэртэй мэдээлэл түгээхээс зайлсхийж, хэн нэгнийг хараан зүхэж, хүссэнээрээ доромжилж, сэжиг таамгаа үнэн мэтээр олон нийтэд ойлгуулж, алхам тутамдаа хууль зөрчиж байгааг мэдсээр байж зүгээр хараад суух нь өөрөө гэмт үйлдэл учраас миний бие худал мэдээтэй хэрхэн тэмцэх тухай саналыг та бүхэнд өргөн барьж байна.
Fake news түгээгчид өнөөдөр өөрийн нүүр ном, хуудас, цахимдаа байршуулсан мэдээллээ хандалт ихтэй, гишүүнчлэл олонтой фэйсбүүк группүүд рүү шэйрлэх, мөнгө төлж түгээх, live хийж түгээх нь нэгэн зэрэг олон хүнд хүргэдэг хар пиарын бохир технологи хэрэглэж, шат дараатай, төлөвлөгөөтэй кампанит ажил зохион байгуулж байгаа нь илэрхий хууль зөрчсөн үйлдэл учраас шийдвэртэй арга хэмжээ авахгүй, бодлогоор зохицуулахгүй орхих нь байж болшгүй асуудал гэж үзэж байна. Fake news-ийн ийм хяналтгүй байдал нь нийгмийн сэтгэл зүй, иргэдийн ёс суртахуун, соёлд сөргөөр нөлөөлөх хортой үр дагавартай төдийгүй үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой асуудал болсон бодит байдалд та бүхнийг анхаарлаа хандуулна уу хэмээн хичээнгүйлэн хүсч байна.
Энэ байдал нь 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил, сонгуулийн явц, үр дүнгээс урган гарах нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх хортой үр дагавартай, хохирогч нь нийт монголчууд бүгд байх болно гэдгийг эрхэм та бүхэн сайн ойлгож байгаа нь мэдээж.
Нийгмийн оюун санааг худал мэдээллийн хүчирхийллээс аврахын тулд дэлхий нийт, бусад улс орон хэрхэн тэмцэж байгаа талаар санаа өгөх үүднээс цухас дурдъя.
Fake news өнөөдөр дэлхий нийтийн асуудал болсон. Твиттерт гэхэд л худал мэдээ үнэнээс 70 хувь түргэн тардгийг эрдэмтэд нэгэнт тогтоогоод байна. Европчуудын 83 хувь нь ийм төрлийн мэдээ мэдээлэл ардчилалд аюул занал учруулж байна гэж үзэж байгааг Eurobarometer судалгаагаар тодруулсныг 2018 оны гуравдугаар сард Европын холбоо мэдэгдсэн. Хуурамч мэдээг улстөрчид өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглаж байгаа асуудлыг ч тэнд давхар хөндсөн. Улмаар энэ ойлголтын хамрах хүрээг өргөтгөх, иргэдийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, fact-checking буюу мэдээлэл шалгах хараат бус байгууллагуудыг дэмжих саналыг Европын холбоо дэвшүүлээд байна.
Өнөөдөр улс орон болгон fake news-тэй хэрхэн тэмцэх арга замаа тодорхойлохыг оролдож, зарим нь шийдвэртэй арга хэмжээ авч эхэллээ. Тухайлбал, Франц 2018 онд сонгуулийн өмнөх худал мэдээтэй тэмцэхтэй холбоотой хоёр ч хууль баталсан. Германд хуурамч мэдээ, интернэт орчин дахь дайсагнасан үг хэллэгтэй тэмцэхэд чиглэсэн Net Enforcement Act (NetzDG) хэмээх хуулийг 2018 онд баталлаа. Энэ хуулийн дагуу нийгмийн сүлжээн дэх харгис хуурамч, байж болшгүй агуулгыг 24 цагийн дотор устгах эс бөгөөс 50 сая хүртэл еврогоор торгохоор болжээ. Малайзын төр хуурамч мэдээллийн эсрэг хатуухан тэмцэж, хууль гаргаад байна.
ОХУ-д баталгааг нотолгоогүй, эсвэл баримтыг мушгин гуйвуулсан мэдээллийг хаах, хариуцлага тооцох тухай хууль энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэллээ.
Сингапур үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаална. Гэхдээ худал мэдээ түгээхтэй хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдэн, худал мэдээ тараагч хувь хүнд мөнгөн торгууль оноох эсвэл 10 хүртэл жил шоронд хорих, мөн уг хоёр шийтгэлийг давхардуулан хэрэглэж болох хууль дөнгөж сая гаргалаа. Худал мэдээ түгээсэн байгууллага, мэдээллийн сайтууд, фэйсбүүк, твиттер нь сошиал платформуудаар тарсан мэдээлэлд өндөр торгууль ногдуулж, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд худал мэдээ түгээгч сайтын хандалтыг хаалгүй өнгөрүүлсэн хоног тутамд торгууль төлөхөөр болоод байна.
Фэйсбүүкийн Марк Цукерберг интернэтийг зохицуулах асуудалд Засгийн газрууд идэвхтэй оролцохыг 2018 оны хавар уриалж, цахим сүлжээний нэгдсэн стандарт тогтоох хараат бус байгууллага байгуулах санал дэвшүүллээ.
Дэлхийн улс орнууд fake news-тэй ийнхүү тэмцэж байгаа нь эцсийн дүндээ олон нийтийн үнэн зөвийг мэдэх эрхийг хүндэтгэж, нийгмийн оюун санааны дархлааг хамгаалж буй хариуцлагатай чухал алхам юм. Монгол Улс ч гэсэн үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, иргэдийн оюун санааг худал мэдээний хүчирхийллээс аврахын тулд энэ давалгаанд нэгдэх цаг нь болсон гэж үзэж байна. Үүний тулд эрхэм Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд та бүхний хэн нэг нь эсвэл хамтдаа “Хуурамч мэдээтэй тэмцэх хууль”-ийн төсөл боловсруулан УИХ-аар яаралтай батлуулж өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсч байна.
Манай БОСМЭГҮ(Боловсрол, соёл, мэдээллийн гүүр) ТББ нь “Худал мэдээний эсрэг аян”-г өнөөдрөөс эхлэн өрнүүлэх бөгөөд төр, олон нийтийн байгууллага, иргэдтэйгээ хамтран ажиллаж, иргэд олон нийтийг оюун санааны хүчирхийллээс хамгаалах үйлсийн төлөө цуцалтгүй зүтгэнэ гэдгээ дашрамд уламжлахад таатай байна.
Монгол Улс, монголчууд минь худал мэдээ, оюун санааны хүчирхийллээс ангижрах болтугай.
Б.Галаарид
БОСМЭГҮ (Боловсрол, соёл, мэдээллийн гүүр) ТББ-ын тэргүүн, Сэтгүүлзүйн ухааны доктор
Сэтгэгдэл (1)
шаар (202.9.43.89)
энэ муу өмхий лалар галаарид одоо бас юу вэ. МСНЭ-ийг газарт булчихаад дараа нь МАН-ын бууны нохой, бусдыг дарамталж мөнгө саадаг банзал новш мандахбаярт өөрийн суудлаа өгсөн новш шүү дээ. чи олигтой сэтгүүлч ч биш. өмхий мал биз дээ