Барилгын материалын үйлдвэрүүдийн байршилтай газрын зургийг гардууллаа
- 2019-10-15
- Үнэн
- 0
Барилгын материалын зориулалттай эрдэс түүхий эдийн ордын илэрцүүд, барилгын материалын үйлдвэрүүдийн байршлыг Монгол Улсын газрын зураг дээр байршуулах төслийг БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төвийн захиалгаар Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо /МБМҮХ/-ноос Барилгын хөгжлийн төвийн Барилга, барилгын материалын үйлдвэрийн хэлтсийн баг хамт олонтой хамтран хийж гүйцэтгэсэн бөгөөд /2019.10.14/ Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханд гардуулан өглөө.
Тус холбоо улсын хэмжээний барилгын материалын орд илэрцүүд, барилгын материалын үйлдвэрүүдийн байршлыг өөрсдийн суурь судалгаа болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал газрын тосны газраас 2018 онд боловсруулсан судалгааны материалууд дээр түшиглэн хийж гүйцэтгэжээ.
Мөн Нийслэлийн байгаль орчны газар, ХХААХҮЯ, Элс хайрга үйлдвэрлэгчдийн холбоо, Зам барилгын дүүргэгч материал үйлдвэрлэгчдийн холбоо, Хөөсөнцөр хавтан үйлдвэрлэгчдийн холбоо, Цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг мэргэжлийн байгууллага, салбар хороодоос нэмэлт саналыг авч газрын зурагт мэдээллийг баяжуулж ажилласан байна.
Барилгын материалын үйлдвэрүүдийн судалгаанд Улаанбаатар хотоос 554, орон нутгаас 501 нийтдээ энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг 1055 аж ахуйн нэгж хамрагдсан гэдгийг төслийн багийнхан онцолсон юм. Түүнчлэн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж энэ үеэр, “Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар цемент, угсармал бетон хийц, түүний дүүргэгч, тоосго, хөнгөн бетоны үйлдвэрийн тоо, хүчин чадал хангалттай.
Харин дотооддоо бага хэмжээгээр үйлдвэрлэдэг арматур, модон хаалга, эрдэс хөвөн, шохой, модны төрлийн хавтангууд, дээврийн материалыг импортлох замаар эрэлтийг хангах шаардлагатай байна. Энэ оны байдлаар давхардсан тоогоор нийт 730 аж ахуй нэгж барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авсан. Эдгээр аж ахуй нэгжээс зөвхөн энэ онд гэхэд 120 аж ахуй нэгжийн 430 нэрийн бүтээгдэхүүн тохирлын баталгаажуулалтад хамрагдаж бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж байна” гэв.
Эх сурвалж: БХТ |
Сэтгэгдэл (0)