Алт цэвэршүүлэх үйлдвэр барихаар гэрээ байгуулав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын үеэр Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотод болсон юм. Форумын үеэр хоёр орны бизнес эрхлэгчид "Алт мөнгө/үнэт металь/цэвэршүүлэх үйлдвэр барих", "Нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих", "Агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх", "Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, мэргэжилтнүүдийг сургах сургалтын төв байгуулах" зэрэг найман гэрээг байгуулав.

Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд "Эрдэнэс Алт Ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, "Сымбат инжиниринг" ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд үнэ төлбөргүй өглөө.

БНКазУ нь жилд 70 тонн алт үйлдвэрлэх зорилтынхоо хүрээнд Нур-Султан хотод 2013 онд "Тау-Кен Алтын" алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулж ашиглалтад оруулснаар алтыг 99,99 хувь хүртэл цэвэршүүлдэг, жилд 25 тонн алт, 50 тонн мөнгө цэвэршүүлэх боломжтой олон улсын шаардлага хангасан үйлдвэртэй болжээ. Тус үйлдвэр нь "Тау-Кен Самрук" ТӨХК-ийн санхүүжилтээр Хөрөнгө оруулалт, хөгжлийн яамны хяналт, удирдлагаар ажилладаг байна. Монгол, Казахстаны бизнес форумд оролцогчид тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)