Намбар: Байгалийн эмчилгээний нөөцийн зарим эх үүсгэвэр
- 2019-10-25
- Өөр өнцөг
- 1
Мянганы хүмүүн эзэн богд Чингис хаан Тэмүүжиний мэндэлсэн Дэлүүн болдог хэмээх газар зон олонд тустай Гурван нуурын рашаан сувилал Хан Хэнтий Өндөрхаан хотоос /их хааныг өргөмжилсөн нэр ч гэж болох/ 275 км зайтай Дадал сумын нутагт далайн төвшнөөс дээш 800 метрт оршдог.
Рашаан сувилал нь нарсан ойгоор хүрээлэгдсэн үзэсгэлэнт гурван нуурын хөвөөнд оршдог нам дор газрын уур амьсгалтай, нарлаг өдөр олонтой, байгалийн эмчилгээний нөөцийн зарим эх үүсгэврээр харьцангуй арвин болой. Нарсан ой нь салхинаас нөмөрлөх хүйтний хүчийг зөөлрүүлэх бол анхилуун шилмүүс шингэсэн чийглэг, цэвэр агаар нь фитонцид, озоноор элбэг. Хэрэв 1см3-д 5000-аас илүүгүй тоосонцор бүхий агаарыг цэвэр гэж үздэг бол ой модонд бараг тоосонцоргүй, ойн агаарт 1см3 агаарт 25г агуулагддаг байна. Ургамал ногоо нь биологийн идэвхтэй бодис дэгдэмхий фитонцид нь хортой бичил биетийг хөнөөх ба нэг гектар шилмүүст ой нь тав хүртэл кг фитонцид ялгаруулдаг байна.
ҮЭ-ийн төв зөвлөлөөс 1949 онд зүүн гурван аймгийн иргэдийг амарч сувилуулахаар 50 ортой улирлын чанартай амралт хосолсон сувилал байгуулахад анхны тулгын чулууг тавилцсан улсын начин Довчингийн Тавинтай Архангай аймгийн Хайрхан сумаас 13 хайнагийн шар, тэрэгтэй гарч Улаанбаатар хотоос хэрэгцээтэй зүйл авч очсон ба 10 гаруй ажиллагсадтай эсгий гэрүүд байжээ.
Одоо 170-аад ортой 500 гаруй сувилуулагч, амрагч, аялагчид хүлээн авах боломжтой, жилдээ 5000 орчим сувилуулагч, жуулчин хүлээн авч үйлчилдэг сувилал болон өргөжжээ.
Хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх байгалийн цогцыг суулгах анагаах ухаан, газар зүйн ухааныг хосолсон эмнэлгийн газар зүй хэмээх салбар бий болсноор уур амьсгалын хүчин зүйлийг улам тодорхой болгосон байна.
Эрдэмтэд, судлаачдын олон жилийн судалгааг үндэслэн 2003 онд “Монгол орны рашааны газрын зураг”-т био уур амьсгалын үзүүлэлтийг хавсаргасан нь рашаан сувиллын эмнэлэг газар зүйн олон талын ач холбогдлыг өгч байна.
Уур амьсгалын цогцод орох агаарын температур, харьцангуй чийг, атмосферийн даралт, салхины горим, агаарын тунадас, цаг агаарын давтамж энэ бүгд нь хүний эрүүл мэндэд нөлөөлдөг тул Гурван нуурын рашаан сувиллын уур амьсгалын нөхцөл хүний эрүүл мэндэд тохиромжтойг тодотгосон болно. Заримыг жишээлбэл, Агаарын 1см3 хэвийн байдалд нэмэх, хасах ион 200-10000 байх бол агаарын температур, чийгшил, тоосжилтоос хамаарч ионы өтгөрөл 1 см3-д 5000 хүрдэг. Энэ нь зүрх, уушгины ажиллагаанд ачаалал өгч цусны даралт, түүчлэн бодисын солилцоонд нөлөөлж улмаар их хэмжээний нэмэх цэнэг нь амьсгаадах, толгой эргэх бие сулрах, ядрах зэргийг үүсгэдэг бол хасах ионы дээшлэх өтгөрөл нь биед эерэг нөлөө үзүүлдэг аж.
Агаарын температур 18-210С, харьцангуй чийгшил 40-60 хувь байвал хүний биед хамгийн тохиромжтойд тооцдог. Эмчилгээний нөөцийн өөр нэгэн чухал үүсгэвэр бол нарны цацраг. Гурван нуурын орчимд нарлаг өдөр дунджаар 2800 цаг, энэ нь ялангуяа, богино долгионы хэт ягаан туяа маш хүчтэй хүчин зүйл гэх боловч атмосфер нь биосферийг хэт ягаан туяанаас найдвартай хамгаалагч. Нөгөөтэйгүүр атмосферийн озон хий нь нарны цацрагийг шингээх чанартай, түүний үндсэн масс нь озоны давхарга хэлбэрээр орших ба хамгийн их өтгөрөл нь 20-25 км аж. Харин озоны агууламж буурвал хэт ягаан туяаны түвшин ихэсч амьд бие махбодид хор хөнөөл учруулах тул дэлхийн озоны давхаргыг хамгаалах асуудал дэлхий нийтийг хамаардаг. Дэлхийд озоны давхаргыг хамгаалах өдөр гэж жил бүрийн есдүгээр сарын 16-нд тэмдэглэдэг. Эрүүл мэндэд чухал байгалиас заяамал эмчилгээний нөөцийн бас нэгэн үүсгэвэр бол эмчилгээний шавар. Нарсан ойн хэсэгхэн цоорхойд зэргэлдээ ойрхон тогтсон баруун дунд, зүүн гэсэн гурван нуур оршдог. Одоогоор баруун нуур ширгэсэн. Гурван нуурын шаврыг 1957 онд Москва дахь рашаан судлалын хүрээлэнгийн лабораторид шинжлүүлэхэд Екатренбург мужийн Дундад уралын нурууны зүүн салбарын ой модтой газрын “Молтаева” нуурын ялзмаг /хүхэрлэг/ шавартай найрлагаараа адил төстэй гэж үзжээ.
Нууруудын гидробиологийн ерөнхий төлвийг тодорхойлбол, Зүүн нуурын ёроолын хурдас нь шавартай, нуурын гүн хүртэл ургамал ногоо ургасан, янз бүрийн хорхой, хавч зэрэг усны жижиг амьтнаар элбэг. Дунд нуур бол төдийлөн тунгалаг биш. Жижиг амьтдын бүтцийн хувьд зүүн нууртай төстэй. Баруун нуур нь тухайн үед усны ургамлаар элбэг, ёроолдоо лаг шаврын хурдастай байжээ.
Нуурууд нь химийн найрлагаар өөр хоорондоо бага ялгаатай. 1957,1965, 1967, 1998 онд шинжилгээний дүнгээс үзэхэд баруун нуурын найрлагад кали-натри-37мг/дм3, кальци-48, магни-39.5, хлорид-24.0, сульфат-135.0, гидрокарбонат-480.0, карбонат-129.0, эрдэсжилт 911.0, Рн-7.7 тус тус байжээ. Дунд нуур нь гидрокарбонат, натри-калийн ангид багтах бөгөөд шим бодисоор элбэг. Энэ шавар нь ялзмаг, хүхэрлэг төрлийн шавар болох ОХУ-ын Тюмень мужийн нутаг дахь Тараскуль нуурын ойролцоох шавартай ч адил болой. Куль гэдэг нь татараар нуур гэсэн аж.
Гурван нуурын шаврыг сувиллын нөхцөлд олон жилийн туршид хэрэглэж байна.
Эх орныхоо үнэт баялаг эрдэст рашаан, эмчилгээний шаврыг судалж, хүн ардынхаа эрүүл мэндэд зориулж рашаан сувиллын газруудыг байгуулж тохижуулах эмчилгээ үйлчилгээг өргөжүүлэхэд тухайн үеийн удирдлага, хамт олон ажил мэргэжлээ зориулсан энэ үйлсэд Гурван нуур сувиллынхан ч хамрагдана. Харин судалгааны ажлыг улиран өнгөрөх цаг хугацааны дагуу рашаан судлаачид практикийн эмч нар гүйцэтгэсний дотор ахмад эмч Б.Жанчив, Н.Чүлтэмбаяр, Д.Дэнсмаа, Ө.Нямдорж, Б.Цэдэндамба нарыг зүй ёсоор дурдах учиртай.
Гурван нуурын тухайд бол Б.Жанчив “Байгалийн эмчилгээ” сэдэвт зохиол бичиж нийтлүүлсэн бол Б.Цэнд “Өнгөний өвчний урхаг шарханд шавар эмчилгээ хийх” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Хэдийгээр эмч, химичид тусдаа бие дааж ажиллан багагүй амжилт, цаашдаа тодорхой сэдвээр хамтарч, оновчтой шийдвэрлэх асуудал дэвшүүлж ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Мал аж ахуй эрхэлсэн талын нүүдэлчид байгалийн үзэгдлийг сайтар мэдэж байсны нэг илрэл бол давс хужирлаг нууранд орох, биедээ шавар нааж наранд ээх, замгаар хөл гараа хөхүүлэх зэрэг энгийн аргыг хэрэглэж иржээ. Он цагийн уртад шавар эмчилгээ хийх янз бүрийн арга дэлгэрсэн боловч уламжлалт аргыг ч гэсэн рашаан сувиллын практикт нэлээд түгээмэл хэрэглэж байна. Сувиллын нөхцөлд эмчилж сувилах эмгэгийн заалтыг олон удаагийн практикт тулгуурлан мөрдөх болсноор эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг эмнэлгийн байгууллага, эмч зөвлөгөө өгдөг журам мөрдөгддөг болно.
Рашаан сувиллын нөхцөлд хамгийн энгийн чухал хүчин зүйл бол агаар орчинд алхаж, аялж зугаалан биеэ чийрэгжүүлэх бололцоог ашигласнаар мэдрэл, дотоод шүүрлийн тогтолцооны хөвчрөлийг дээшлүүлж, зүрх судас уушгины үйл ажиллагааг идэвхжүүлж улмаар цусны улаан бөөм, гемоглобины тоо өсдөг байна. Рашаан судлалын олон эрдэмтэн бүтээлдээ зориулж үнэлэх жишиг тогтоосон практик ажиглалтыг хослуулж эмчлэх өвчний харьцангуй заалтыг мөрдөж байна.
Дээр дурдсан байгалийн эмчилгээний үүсгэвэр бүхий сувилалд эмчлэх эмгэг, үрэвслүүд тухайлбал, Гурван нуурын сувилалд уушгины архаг өвчнүүд, гуурсан хоолойн багтраа, архаг хатгалгаа, уушги тэлэгдэл, харшлын өвчнүүд, арьсны үрэвсэл, намарс, хөрвөс /крапавница/, хоол хүнснээс улбаалсан буюу ахуйн химийн зүйл /угаалгын нунтаг, гоо сайхны элдвийн зүйл/, сүлжээний болон худалдаа арилжааны үр дүн нь нотлогдоогүй эм биобэлдмэл газар авсан тохиолдолд туршуулахын оронд эмийн бус буюу уламжлалт арга хэрэглэхийг онцлон анхаарвал зохино. Үйлдвэрийн хөгжил өндөр түвшин бүхий орнуудад харшлын өвчин нийгмийн асуудал болсон байна.
Гурван нуурын сувилалд эмчлэх заалттай гол эмгэг, өвчнүүд бол хэрэх төст үе мөчний архаг үрэвсэл, бруцеллёз өвчний яс, үений архагшаагүй үрэвсэл, шөрмөсний үрэвсэл, гэмтлийн шалтгаантай булчингийн үрэвсэл, үений татанги болно. Нэг онцлох зүйл бол мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тогтсон уушги тоосжих урхаг /пневмокониоз г.м/
Өөр нэгэн чухал асуудал бол гадаад нөхцөлд хүний дасан зохицох ажиллагаа болой. Үүнийг бүрдүүлэхэд сувиллын орчин бүрэн боломжтой. Дасан зохицох асуудал нь биологийн төдийгүй нэн анхаарах анагаахын ач холбогдолтой.
Өгүүллийн төгсгөлд байгалийн эмчилгээний нөөцийн талаар танин мэдэхүйн ойлголтын зэрэгцээ түүнийг ашиглаж хэрэглэх цаашдын төлвийн талаар дурдахыг бодлоо.
Аялал, жуулчлал хөгжүүлэх бүсийн хүрээнд эрүүл мэндийн аялал зохион байгуулахад сувиллын газрууд оролцох. Энэ нь аялагчдад тухайн хугацаанд эрүүл мэндэд нь зориулж эмчилгээ сувилгааны тусламж үзүүлэх үүнийг олонхи улсад аяллын нэгэн чухал хэлбэр хэмээн үздэг болжээ.
Улсын чанартай рашаан сувиллуудад түүний дотор Гурван нуурын сувилалд сэргээн засах эмчилгээг дагнан хөгжүүлэх өөрөөр хэлбэл, сэргээн засах гэдэг нь хүнд өвчин буюу гэмтлийн улмаас биед үүссэн үлдэц урхагийг бүрэн буюу зарим хэсгийг арилгахад оршино. Үүнийг бүүр өргөн утгаар нь дээрх шалтгаанаас үүсэлтэй бие махбодийн хязгаарлагдмал ажиллагааг сэргээхэд зориулалттай эмнэлэг, сэтгэц зүй, сургалт багтаасан нийгмийн цогц бүрдмэл арга хэмжээ.
Сувиллуудын практикийн эмч, судлаачид хамтран сэргээн засах эмчилгээний үр дүнг нягтлан тооцож цаашид нарийн боловсронгуй болгоход судалгааны ажлын арга барил туршлагыг сувиллын ажиллагаанд нэвтрүүлэх.
Рашаанчдыг сувилалд эмчлүүлэх үед чухалчлан анхаарах зүйл бол сувилгааны хоол. Энэ нь сувилах үед ч сувилуулсны дараа гам хийхэд ч туйлын ач холбогдолтой. Иймд сувиллууд бие махбодь өвчний онцлогийг харгалзан төрөлжсөн хоол унд бэлтгэх шаардлагатай зориулалт бүхий сувилгааны хоол эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэхэд ач холбогдолтойг хоол судлаачид олонтаа тодруулсаар байна.
Зарим хүн эрүүл мэнддээ санаа тавьж өөрсдийгөө бөөцийлдөг мөртлөө хүүхдийнхээ бие махбодийг чийрэгжүүлдэггүйг анхаарах цаг хугацаа болсон. Цэвэр агаар, нарны илч, усан засал /голын усанд болон бассейнд орох г.м/ байгалийн эмчилгээний нөөц нь гадаад орчны элдэв үзэгдлийг тэсвэр чадвартай давах, дасан зохицох чадлыг дээшлүүлэхэд үнэхээрийн юугаар ч орлошгүй хүчин зүйл юм. Хүүхдийн бие махбодийг чийрэгжүүлж сэргээн засахад сувиллын газрын нөхцөл ихэд тохиромжтой тул улсын үйлчилгээтэй рашаан сувиллуд төрөлжсөн тасаг тохижуулж материаллаг бааз бий болговол зохино. Энэ бол ирээдүйн иргэдийн эрүүл мэндийн төлөө анхаарал тавьж буй бодлогын асуудал юм.
Хүрээлэн буй орчин, хүмүүн олны харилцан уялдаа бүхий экологийн зүй тогтолцоог үндэслэн рашаан сувиллын орчны унаган төрхийг хадгалах үүнийг бодит ажил болгоход Монгол Улсын 2012 оны “Усны тухай” хуулийн холбогдох заалтын дагуу рашааны ордыг ашиглах эрх зүйн үндэслэлтэй болж улмаар эрүүл ахуйн болон хамгаалах бүс тогтоолгож түүнийг чандлан мөрдөж хяналт тавиулах шаардлагатай.
Манай оронд байгалийн эмчилгээний нөөц ч байна, рашаан усны шинжлэх суурь, хавсарга судалгааг нягталж шинжлэх чадавхи ч бүрдэж байна. Хүн амын рашаан сувиллын хэрэгцээ, сувиллын газрууд тохижиж өргөжсөөр байна.
Рашаанчин олны эрүүл мэндийн зориулалттай энэрэх ажил, үйлс үргэлжилсээр….
Б.НАМБАР
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, профессор, рашаан судлаач-бальнеологич
Сэтгэгдэл (1)
uka (222.128.107.199)
Bayarlalaa TAND. Saihan sanagdlaa, oird unshaagui sedev bainaa, dandaa muuhai medee harah yamar uramgui gej sananaa. Tand sain saihniig husye!