П.Оюунтөгс: Миний шүүгээнд дөрвөн улирлын 35 хувцас бий
- 2019-10-25
- Өөр өнцөг
- 0
Цөөн зүйл дээр төвлөрөх, энгийн, бага зүйлээр ихийг бүтээх гэсэн түлхүүр үг минимализмыг илэрхийлнэ. Минималист хүмүүс материаллаг зүйл худалдаж авахын оронд цагаа өөрт хэрэгтэй зүйлд зарцуулахыг эрхэмлэдэг. Тэгвэл минималист хэв маяг Монголд хэрхэн нэвтэрсэн, онцлог, давуу талынх нь талаар Монголын анхны минималист блоггер, стилист П.Оюунтөгстэй ярилцлаа.
-Нэг үеэ бодвол хүмүүс минимализмын талаар ойлголттой болсон. Та монголд минималист хэв маягийг нэвтрүүлсэн анхны хүн. Дэлхийд минимализмын тухай ойлголт хэзээ нэвтэрсэн бэ?
-Үүнийг тодорхойлоход хэцүү. Минимализм хэв маяг өмнө нь байсан болохоос цоо шинэ зүйл биш. Харин гэнэт энэ хэв маягийг олон хүн сонирхож, нийгэмд трэнд болсон. Тиймээс зарим хүн шинээр бий болсон зүйл мэт ойлгож байгаа байх. Ер нь энгийн байх нь сайхан гэдгийг хүмүүс анзаардаггүй, Хэрэглэж байгаа эд зүйл болгоноо гоё, сайхан гэж хүлээж авдаггүй байсан мэт санагддаг. Түүнээс Сократаас эхлээд эрдэмтэд энгийн амьдралын философийн талаар эрт үед ярьж л байсан. Хүн бүр өглөө юу өмсөх вэ гэсэн асуудалтай нүүр тулдаг. Сонгоод өмсье гэхээр юу ч байхгүй. Харин угаах гэхээр олон хувцас гарч ирдэг. Тоог нь цөөлчихвөл юу өмсөх нь тодорхой болно. Мөн өдөр бүр ямар харагдаж байгаа бол гэж санаа зовдог. Өөрөө ч мэдэлгүйгээр олон зүйлээс болж бухимддаг. Жишээ нь ширээн дээрх хэтэрхий олон зүйл өөрийг нь бухимдуулаад байна гэдгийг ойлгодоггүй. Минималист байна гэдэг бүх зүйл энгийн ойлгомжтой байна гэсэн үг. Идэж уух нь хүртэл олон сонголттой байхаас илүү өөрт хэрэгтэй хүнсийг хэрэглэнэ. Тэгэхээр минималист буюу энгийн байх нь олон асуудлаас чөлөөлж аз жаргал бэлэглэдэг маш чухал зүйл.
-Энгийн байх нь аз жаргал бэлэглэдэг гэлээ. Гэхдээ эмэгтэй хүн дэлгүүр хэсэж байгаад гоё хувцас хараад авч чадахгүй болохоор сэтгэл дундуур байдаг шүү дээ?
-Эмэгтэй хүн нүд булаасан, гоёмсог цамц харчихаад тэрийгээ авахгүй бол сэтгэл дундуур байх үе бий. Гэхдээ тэр цамцаа худалдаж аваад хоёр өдөр өмссөний дараа уйдаж, чухал биш санагдаж эхэлдэг. Материаллаг зүйл гэдэг ийм богино настай, хүний сэтгэхүйд үзүүлэх нөлөөлөл нь шинэ хэвээрээ байдаггүй. Хувцас, эд зүйлс хүнд урт хугацаанд аз жаргал бэлэглэдэггүй учраас хүмүүс минимализм буюу энгийн амьдралын хэв маягийг сонгоод байгаа юм. Хүн амьдралынхаа сүүлийн мөчид хэн нэгний үнэтэй машин, гоё хувцсыг биш тийм зан чанартай сайн хүн байсан даа гэж дурсана.
-Минималист болоход эхэндээ хэцүү байх юм шиг санагддаг?
-Имижээ өөрчлөхийн тулд олон бүтэлгүй туршилт хийж байсан. Минималист болохоос өмнө олон хувцастай л байвал загварлаг гэж бодож, юу ч хамаагүй авч өмсдөг байлаа. Шүүгээнийхээ өмнө удаан зогсож цаг үрдэг байсан учир энгийн болохоор шийдсэн. Өглөө ажилдаа 05:00 цагт амжихын тулд 03:00 цагт босч ажлынхаа унаанд амжиж суух ёстой. Гэтэл ач холбогдол өгөхгүйгээр тааралдсан хувцсаа өмсөөд гарахаар өдөржин сэтгэл тавгүй, уулзалтаа хойшлуулдаг байсан. Хэтэрхий олон хувцастай, тэрийгээ яах вэ гэж боддог байлаа. Гэтэл дэлхий нийтээрээ энгийн амьдралын хэв маяг руу шилжиж байгааг уншаад туршиж эхэлсэн. Шийдвэрээсээ олон удаа буцсан. Гэхдээ ямар ч зантай хүн байсан хамгийн анхны шийдвэр гаргах шалтгаан маш чухал. Харин шалтгаан нь хүчтэй байж амжилтад хүрнэ.
-Зөвхөн хувцас биш амьдрах хэв маяг үзэл бодол, хандлагаа өөрчилнө гэдэг хялбар биш?
-Минималист болох шийдвэр гаргах үед сэтгэл санааны гутралтай байж таарсан. Эмэгтэй хүн сэтгэл санаагаа дэмжиж, өөдрөг болохын тулд худалдан авалт руу дайрдаг. Эмэгтэй хүний дөрвөн улирлын хувцас нийлээд 100 ширхэгт багтана гэхээр хүмүүс яаж тийм юм байж болдог юм, их юм биш үү гэдэг. Хүн бүрийн гоо зүйн мэдрэмж харилцан адилгүй байдаг. Илүү энгийн зүйл сонирхдог хүн олон асуудлыг шийдэж чаддаг. Би өмнө нь сэтгэлээр унахаараа дэлгүүр ороод юу ч хамаагүй авчихдаг байсан. Өөртөө ямар нэг шинэ зүйл нэмж байвал сэтгэл санаа сайхан болох юм шиг санагддаг байлаа. Харин одоо гунигтай үедээ ямар нэг шинэ зүйл сурах тухай боддог болсон. Жишээ нь бокс, балет, фитнесс, иогоор хичээллэж өөрийгөө сорьж байгаа.
-Стилиэ өөрчлөхийг хүссэн олон эмэгтэй тань дээр ирдэг байх. Тэдэнд хамгийн түрүүнд юу гэж зөвлөдөг вэ?
-Миний ажлын хамгийн дуртай хэсэг нь хүмүүстэй хамт дэлгүүр хэсэх. Яагаад гэвэл хүний бодит өөрчлөлт тэр дороо гардаг. “Би ийм сайхан харагдаж болдог байсан юм уу” гээд инээмсэглэхийг нь харах хамгийн сайхан мөч. Хүмүүс намайг стилист талаас нь хараад хамт явж байхдаа олон хувцас авна гэдэг. Харин би хоорондоо хосолдог цөөхөн хувцас авахыг зөвлөдөг. Зарим бүсгүй тоонд нь ханахгүй байх тохиолдол гардаг ч сүртэй асуудал биш. Надаас зөвлөгөө авсан бүсгүйчүүдээс имиж бүрдүүлэлт сэтгэл ханамжгүй байсан тохиолдол нэг ч байгаагүй. Яагаад гэхээр өөрийгөө толинд харахад өөр болчихсон байх нь таатай байдаг юм байна л даа. Эхлээд стилиэ дараа нь амьдралдаа өөрчлөлт хийж эхэлдэг. Өөрийгөө өөрчлөөд, өөртөө итгэлтэй болохоороо хүн зоригтой алхам хийдэг. Амьдарлыг харах өнцөг нь өөрчлөгдөж ажлаа хүртэл сольж байсан тохиолдол бий.
-Эд зүйлсийнхээ тоог цөөлөхөөс гадна оюун санааны минималист гэж байдаг уу?
-Хүний сэтгэл ямар нэг зүйлд ханадаггүй. Өөрийгөө олоогүй, юунд дуртайгаа мэддэггүй болохоор юу ч хамаагүй авах гээд байдаг. Эд материал руу дайрахаас өмнө өөрийн оюун санааг цэгцлэх хэрэгтэй. Зарим хүн өөрт хэрэг болдоггүй боловч хүнд заавал байх ёстой зүйл гэж бодоод худалдаж авдаг. Имиж бүрдүүлэхийн тулд би ямар дүр төрхийг хүсч байна вэ гэдгээ тодорхойлох нь зөв. Би лекцэнд ирсэн хүмүүст бясалгал хийхийг санал болгодог. Бодлоо эмх цэгцтэй болгож удирдаж сурвал ямар ч хувцас гоё харагдахаа больчихдог. Материаллаг зүйлийнхээ хэрэглээг хязгаарлаж чадвал өөр шинэ хаалга нээгддэг. 300 мянгаар гутал авах эсвэл тэр мөнгөөрөө гэрийхэнтэйгээ аялалд явах хоёрын хооронд их ялгаа бий. Дараа өвөл тэр гутлаа харахад гоё санагдахгүй. Харин аяллыг бол дурсана. Хайртай хүмүүстэйгээ хамт байх, бие биеэ хайрлах, сайхан дурсамж үлдээхийн үнэ цэнийг ойлгоно шүү дээ.
-Таны шүүгээнд хэдэн хувцас байгааг сонирхож болох уу?
-Миний шүүгээнд дөрвөн улирлынх нийлээд 35 болсон байна. Би хамт байсан хүмүүсээсээ “Эмэгтэй хүний шүүгээнд өвөл зуны гутал, цүнхтэйгээ нийлээд 50 ширхэг хувцас байвал ямар вэ” гэж асуухад нэг нь надад арай бага байна гэсэн бол нөгөө нь яахав байж болох л юм гэж хариулсан.
-Минималист хэв маягаасаа хэзээ ч буцахгүй юу?
-Хэрэгтэй цөөн зүйлтэй байхын аз жаргалыг мэдрээд явж байна. Яаж ч бодсон өмнө нь мэдэрч байсан зовлонтой үеэс ирээдүйд мэдрэх аз жаргал илүү байна гэж боддог. Ямар ч байсан одоохондоо бүх зүйл сайхан, сонирхолтой байна.
-Таны гэр бүлийнхэн бас минималист уу?
-Манай ээж намайг юу хийдэг, юу ярьдгийг мэддэг ч юу ч хаядаггүй. Шил байсан ч өргөст хэмх дарна гээд далд хийдэг максимум стилтэй хүн. Гэхдээ ээждээ нэг ч удаа энийгээ ингэ, тэрийгээ тэгээч ээ гэж хэлж үзээгүй. Хүн бүрийн гоо зүйн мэдрэмж, таашаал авах өнцөг нь өөр. Тиймээс хүн бүрт минималист болохыг тулгадаггүй. Харин энэ хэв маягийг сонгоод явж байгаа хүмүүс бусдыгаа уриалах хэрэгтэй.
Эх суралж: Зууны мэдээ сонин
Б.Гүнжид
Сэтгэгдэл (0)