Яао Рүн Шөнг: Угаартахаас сэргийлэн цагаан хоолойгоор хашгирдаг байлаа
- 2019-10-27
- Үнэн
- 0
БНХАУ агаарын бохирдлоо бууруулахын тулд Сайжруулсан шахмал түлшийг ахуйн хэрэглээндээ хэрэглэж байна. Шахмал түлшийг ахуйн нөхцөлд хэрэглэснээр яндангаас гарах утааг бууруулж, агаар орчны бохирдлыг 70 хүртэл хувиар бууруулах боломжтой байдаг аж. БНХАУ-ын Шаньси мужийн Шахмал түлшний үйлдвэрийн эрдэмтэн Яао Рүн Шөнгийг Монгол Улсад ирээд байх үеэр нь шахмал түлшний талаар зарим зүйлийг тодрууллаа.
-БНХАУ, тэр дундаа танай Шаньси муж шахмал түлш хэрэглэж агаарын бохирдлыг тодорхой түвшинд бууруулж чадсан туршлагатай юм байна. Ер нь хэдий хугацаанд хэрэглэж агаарын бохирдлыг ямар түвшинд буулгаж байв?
-Манай муж шахмал түлшийг 1980-аад онд хэрэглэж байгаад 1991 онд хийн хэрэглээнд шилжсэн. Шахмал түлшийг хэрэглэж байх үед агаарын бохирдлыг түүхий нүүрс хэрэглэж байх үеийнхтэй харьцуулахад 60 хувиар бууруулж чадсан. Агаарын бохирдлын хувьд 2014 оны Улаанбаатар хот шиг байсан даа. 2014 онд Улаанбаатар хотод ирээд би агаарын бохирдол ямар аймшигтай байсан, нүүрсний утааны хор хөнөөл одоо хүртэл арилаагүйг санаж байлаа.
-Манай улсын хувьд шинэ тутамд бүх нийтээрээ хэрэглэж байна. Багагүй эрсдэл үүссэн. Та бүхэн ийм эрсдэлтэй тулгарч байв уу?
-Агаарын бохирдлоо бууруулах гэж шахмал түлш хэрэглэж байгаа нь сайн хэрэг. Манай улсад шахмал түлш хэрэглэж байхад угаартах эрсдэл байсан. Өдөр бүр л тийм эрсдэлтэй тулгарч байсан. Тухайлбал, 45 жилийн өмнө миний хүү нэг настай байхдаа угаартаж байлаа.Хэдэн зуугаараа угаартан нас барж угаартан зовдог байлаа.
Тиймээс бид зөв хэрэглэхийг иргэдэд сануулан өвөл болохоор гудамжаар машинтай явж цагаан хоолойгоор хашгирч, түмпэн сав нүдэж сэрэмжлүүлдэг байсан. Тосгоны дарга угаартах магадлалтай халуун ханзыг лантуугаар нураалгаж байсан санагдана. Зөв хэрэглэхийг уриалж, сануулсны хүчин аажимдаа угаартах эрсдэл байхгүй болсон. Тиймээс иргэдийн мэдлэг, мэдээлэл, хэрэглээний соёл маш чухал.
-Шахмал түлшийг хэрэглэхэд иргэд чухам юун дээр илүү анхаарах ёстой байдаг юм бэ? -Гурван л зүйлийг анхаарах хэрэгтэй. 1-рт зуухны бүтэц сайн, угаарын хий ялгаруулдаггүй байх хэрэгтэй. Түлшээ шатааж байгаа зуух маш сайн байх ёстой. 2 рт зуух түлш хоёрын хэрэглээ нийцдэг байх хэрэгтэй. 3 рт хэрэглэгчийн мэдлэг сайн байх ёстой.
-Та бүхэн Улаанбаатар хотод айлаар орж нөхцөл байдалтай танилцсан гэсэн. Юу ажиглагдав, цаашид юун дээр анхаарах шаардлага байна гэж харж байна вэ? -Айлуудаар орж үзсэн. Хэрэглэж байгаа зуухных нь бүтцэд илүү анхаарах хэрэгтэй юм болов уу гэж бодогдсон. Монголд хэрэглэж байгаа дийлэнх зуухны бүтэц нь дөрвөлжин байна. Хятад зуухны бүтэц нь бөөрөнхий байдаг. Бөөрөнхий байх нь агаар сэлгэлт хурдан байдаг.
-Манайд шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлээд удаагүй байна. Гэхдээ одоо байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээд үзвэл танай улсын хэрэглэж байсан үетэй харьцуулахад ямар байна вэ? -Монголчууд маш сайн түлш хийсэн байна. Түлшийг шинжилсэн шинжилгээний дүн, тоон үзүүлэлтийг хараад үзэхэд маш чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь харагдлаа. Гэхдээ хэрэглэгчид хэрэглэж сурахад тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Одоо манай хятад иргэд хийн түлшээ хэрэглэхийн оронд шахмал түлшээ нууцаар түлдэг хэвээр байна.
Монголчууд маш сайн түлш хийсэн байна. Түлшийг шинжилсэн шинжилгээний дүн, тоон үзүүлэлтийг хараад үзэхэд маш чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь харагдлаа. Гэхдээ хэрэглэгчид хэрэглэж сурахад тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Одоо манай хятад иргэд хийн түлшээ хэрэглэхийн оронд шахмал түлшээ нууцаар түлдэг хэвээр байна.
Сэтгэгдэл (0)