Д.Отгонжаргал: Хүсч, мөрөөдөж, хичээж чадвал хүн бүрт боломж бий
- 2019-10-29
- Өөр өнцөг
- 1
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ гэхээр эрчүүдээр л төсөөлөгддөг. Гэтэл өнөө цагт эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, эрдэм мэдлэгээрээ ялгарч байгаа эмэгтэй энхийг сахиулагчид цөөнгүй. Тэдний нэгэн төлөөлөл болж, цэнхэр дуулгатан болсон Онцгой бүсгүй бол Д.Отгонжаргал. Түүний хувьд Онцгой байдлын байгууллагын эмэгтэй алба хаагчаа төлөөлөн НҮБ-ын Энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгээд ирсэн юм. Тэрээр Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт дуудлага хүлээн авагч-холбоочноор 8 дахь жилдээ ажиллаж байгаа ахлах ахлагч цолтой алба хаагч.
-Юуны өмнө Онцгой байдлын албаа тэр дундаа эмэгтэй алба хаагчдаа төлөөлөн энхийг сахиулах үүргээ амжилттай биелүүлээд ирсэнд нь баяр хүргэе?
-Баярлалаа. Улс орноо төлөөлөн олон улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцоно гэдэг нэр төрийн хэрэг. Энэ удаагийн бүрэлдэхүүнд 850 алба хаагч үүрэг гүйцэтгэсний 67 нь эмэгтэй. Миний хувьд Онцгой байдлын албанаас НҮБ-ын Энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэгт гүйцэтгэсэн гуравдахь эмэгтэй цэнхэр дуулгатан болсондоо баяртай байгаа.
-Анх очиход таны төсөөллөөс тэндэхийн нөхцөл байдал хэр өөр байсан бэ?
-Бэлтгэлд гарч байхдаа Өмнөд Судан Улсын талаар мэдээлэл авч, сэтгэлзүйгээ давхар бэлдэж байсан. Монголоосоо бид намрын зөөлөн салхитай тийм өдөр ниссэн. Тэнд очиход маш бүгчим халуун угтсан. Мэдээж таньж мэдэхгүй газарт очиж үүрэг гүйцэтгэнэ гэдэг газар, тэнгэр шиг ялгаатай юм билээ. Хэрвээ энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээгүй бол бөмбөрцгийн нөгөө талд амьдрал яаж өрнөж байна, юуны төлөө яагаад тэмцээд байгааг нь ойлгохгүй л байсан байх.
-Энхийг сахиулах ажиллагаанд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
-Эмэгтэй алба хаагчдаас 8 нь холбоочноор үүрэг гүйцэтгэсэн. Үүний нэг нь би. Мэргэжлээрээ үүрэг гүйцэтгэсэн болохоор хүндрэлтэй зүйл гараагүй. Харин ч олон шинэ зүйлд суралцаад өөрийгөө олон талаар сориод ирсэндээ баяртай байгаа.
-Монголдоо болоод Өмнөд Судан улсад холбоочноор үүрэг гүйцэтгэхэд ялгаатай зүйл хэр байв?
-Хүлээн авч байгаа дуудлагын хувьд ялгаатай. Түүнээс гадна дүрвэгдэгсдийг хамгаалж байгаа цэгүүдээс 30 минутын зайтай мэдээлэл авч, тухайн цагийн нөхцөл байдлыг дамжуулж мэдээлдэг. Зогсоо зайгүй холбоонд ордог болохоор ачаалал их өндөртэй. Түүнчлэн мэдээгээ радио станцаар хүлээн авна. Нийтдээ 7 төрлийн радио станцаар холбоонд ордог байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа зохион байгуулагдаж байгаа спорт, урлаг, сайн үйлсийн аян гээд бүхий л арга хэмжээнд санаачлагатайгаар оролцож, зорилгынхоо төлөө чин сэтгэлээр зүтгэсэн дээ.
-Үүний тод жишээ бол “DANCON UNMISS 2019” олон улсын маршийн тэмцээн. Энэ тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн нь олон хүнд урам хайрласан үйл явдал болсон. Танаар бахархаж байлаа?
-Баярлалаа. Энэ тэмцээнд оролцмоор байна гэдгээ батальоныхондоо уламжилсан. Гэтэл маш олон хүн Монгол Улсынхаа нэрийг гаргаж чадах хүн л оролцох ёстой. Тиймээс оролцох боломжгүй гэсэн хариултыг сонсоод урам хугарч байлаа. Гэтэл өмнөх өдөр нь тэмцээнд оролцоорой гэсэн хариу өгсөн. Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа 37 орны 352 тамирчнаас эмэгтэйчүүдийн төрөлд 28 орны 157 тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан байгаа. Тэмцээний барианд орохоос өмнө 200 м-ийн зайд тугийг нь гардуулж өгдөг юм билээ. Барианд ороод өөрийн эрхгүй нулимс унагасан. Учир нь 40-45 хэмийн халуунд 10 кг ачаатай 25 км замыг туулна гэхээр хүн бүрийн зориглох тэмцээн биш байх. Ийм их зориг гаргаж, тэмцэлтэй нүүр тулан байж оролцож түрүүлсэндээ, намайг үл тоож байсан хүмүүстээ чадлаа гэдгээ харуулсан даа л маш их баярласан даа.
-Албаныхаа хувцсыг өмсөөд сайн үйлсийн аян зохион байгуулж байгаа зургийг нь хараад өөрийн эрхгүй бахархал төрж байлаа. Өөрийгөө дайчилж, бүхий л талаар эх орныхоо тэр дундаа Онцгой албаныхаа нэрийг тив дэлхийд таниулсанд уншигчдыхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна?
-Анх хүүхдүүдийг нь хараад эх хүний хувьд үнэхээр сэтгэл эмтэрч, өөрийн эрхгүй нүднээс нулимс урссан. Сайн үйлсийн аяныг өрнүүлээд хүүхдүүдтэй уулзаж байхдаа амьдралын үнэ цэнийг ойлгосон доо. Болохгүй байна, бүтэхгүй байна, хэцүү байна гэдэг үгийг үгийн сангаасаа хасмаар санагдсан. Өөрөө өөрийнхөө амьдралыг эрх чөлөөтэйгээр бүтээх эх орон байна. Хүсч, мөрөөдөж, хичээж чадвал амжилтад хүн бүр хүрч чадах тийм их боломж байгаа учраас. Эх орон, ээж, аав, бусдын сайн сайхны төлөө гараа сунгадаг Онцгой албанд үүрэг гүйцэтгэж байгаагаараа маш их бахархсан. Ямар сайхан эх оронд төрсөн, ямар их хувь тавилангаар амар амгалан, аз жаргалтай амьдарч яваа юм бэ дээ бид чинь л гэж хэлмээр байна.
-Байнгын түгшүүртэй байдалд сэтгэл санаа дагаад хямарна биз?
-Тэгэлгүй яахав. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай нэгэнт л тангараг өргөсөн цэргийн хvний хувьд хийх ёстой зvйлээ хийх л болно шvv дээ. Бvгд л өөр, өөрийн гэсэн хийх зvйлээ цаг минут алдалгvй, ёс журамтай, сахилга баттай хийж гvйцэтгэх л ёстой. Хамт үүрэг гүйцэтгэсэн албаныхаа эрчүүдтэй тэр бүр уулзах боломжгүй. Тусдаа хуарантай. Уулзахаараа сэтгэл санааг дэмжсэн, урмын үгийг хэлж, бие биедээ л итгэл өгдөг байлаа. Тэр итгэлээрээ Онцгой байдлын албаа төлөөлөөд VIII ээлжинд үүрэг гүйцэтгэсэн 27 алба хаагч нэр төртэй үүргээ биелүүлээд ирсэн гэж хэлэхийг хүсч байна.
-Шантрах тохиолдол гарсан үед хэрхэн даван туулж байв?
-Цэргийн хүн, өөрийнхөө хүсэл зорилгоор ажиллагаанд оролцож байгаа болохоор шантарч болохгүй гэдгээ мэддэг ч заримдаа халшрах үе гаралгүй л яахав. Баяр наадам, төрсөн өдөр, шинэ жил гээд дурсамжит өдрүүдээр гэр бүлийнхэнтэйгээ хамт байж чадахгүй гэж бодохоор бас эмзэглэдэг л байсан. Гэхдээ эмэгтэй хүний төрөлхийн тэвчээртэй, аливаа зүйлийн ард нь гарах гэсэн хүсэл эрмэлзэл минь маш их нөлөөлсөн байх. Би бусдыгаа уруу татах ёсгүй. Аль болох үлгэр дууриалал болох ёстой гэж бодож, сэтгэл санаагаа өөдрөг байлгадаг байлаа. Мөн хэл сурах, бусдад туслах гээд аль болох л өөрийгөө хөгжүүлэх гэж хичээсэн. Хайртай хүмүүсээсээ хол байгаа учраас аль болох л цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, хором бүрийг хайрладаг байлаа.
-Бидний ярилцлагыг уншиж байгаа бүсгүйчүүдийн дунд энхийг дэмжих ажиллагаанд явах хүсэлтэй алба хаагчид олон байгаа байх. Та тэдэнд хандаж юу гэж зөвлөмөөр байна?
-Энхийг дэмжих ажиллагаанд оролцохоос өмнө олон шалгуурыг давж, бие бялдар, сэтгэл зүйн хувьд бэлтгэгддэг. Хэдийгээр эмэгтэй хүн ч гэсэн эрчүүдээс дутахааргүй өндөр хариуцлагатай, чухал албанд монгол эмэгтэйчүүд ажилладаг. Тийм болохоор зориод үз. Хийж чадна гэвэл та чадах л болно. Гэр бүлийнхэнтэйгээ зөвшилцөөд, энхийг сахиулагч эмэгтэйчүүдийг хараад хэзээ нэг цэнхэр дуулгатан болно доо гэж боддог л байсан. Энэ бодол маань биелэлээ олоод энхийг сахиулагч аврагчдын нэг болж амьдралдаа шинэ түүхийг бүтээлээ. Хүн бүхэнд ийм боломж байгаа. Тиймээс бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд шантарч, зүрхшээх хэрэггүй зорилгынхоо төлөө зүтгээд амжилтаа атгаарай гэж хэлмээр байна.
-Жил гэдэг тийм ч богинохон хугацаа биш. Энэ хугацаанд гэр бүлийнхнийгээ маш их санасан байх?
-Тэгэлгүй яахав. Хамгийн эрхэм нандин хүмүүсээсээ хол байна гэдэг тэвчээр. Ээж, аавыгаа, ханийгаа, охидуудаа маш их санасан. Хань маань Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэдэг. Анх хань нь эхлээд явчихаад ирье. Дараа нь миний хань яваарай гэдэг байсан ч зөвшилцсөний эцэст би явахаар болсон. Гэхдээ ханийгаа заавал энхийг сахиулах ажиллагаанд явуулна гэж бодож байгаа. Ер нь төрийн цэргийн байгууллагад ажиллаж байгаа хүн бүрийг энхийг сахиулах ажиллагаад оролцоосой гэж хүсч байна. Амьдралыг өөр өнцгөөс харж, ажил, мэргэжилдээ хандах хандлага хүртэл өөрчлөгддөг юм байна.
-Ингэхэд Онцгой байдлын албатай хэрхэн холбогдож байв. Хүн бүрийн ажлын анхны гараа эзэндээ их эрхэм байдаг шүү дээ?
-Тийм шүү. Би “Мон Алтус” биеийн тамирын дээд сургуулийг 2011 онд төгссөн. Оюутан байхдаа ханьтайгаа танилцаж байлаа. Сургуулиа төгсөөд ханийгаа дагаад Хэнтий аймагт амьдрахаар болсон. Би өөрөө Завхан аймгийн Тосонцэнгэлийнх. Багаасаа л цэргийн хүн болохыг мөрөөдөж, мөрөөдлөө 2012 онд биелүүлсэн. Тэр дундаа хамгийн энэрэнгүй, үйлс нь гэгээн Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж байгаа минь бахархал юм. Хань маань 2013 оноос хойш мөн л Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт аврагчаар үүрэг гүйцэтгэж байгаа. Гэрт маань Онцгойн амьдрал өрнөнө шүү дээ. Гэгээлэг, сайхан байдаг. Үүрэг гүйцэтгэх хугацаанд бүхий л талаар дэмжиж, урам хайрлаж, охидуудаа халамжлах үүргээ маш сайн биелүүлж, ар талдаа санаа зоволтгүй байлгаж чадсан ханьдаа баярлалаа.
-Цаашдынх нь зорилгыг сонирхмоор санагдлаа?
-Цэргийн алба хаагчийн хувьд олон зүйлд өөрийгөө дайчлахыг л хүсч байна. Яагаад Онцгой байдлын байгууллагын эмэгтэй алба хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Марш тусгай-бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд орж болохгүй гэж. Үнэхээр ийм боломж гарвал оролцохыг хүсч байна. Энхийг сахиулах ажиллагаанд оролцохдоо нэрний минь өмнө эцгийн нэртэй хамт Онцгой гэдэг нэр байгаа. Тийм учраас албаныхаа нэрийг нь л өндөр гаргаж, дараа, дараагийн үүрэг гүйцэтгэхээр зорьж байгаа залуустаа үүд хаалгыг нь нээлттэй байлгах юмсан гэж их хичээсэн. Алхам тутамдаа бусад хүчний байгууллагаас дутах зүйлгүй адилхан цэргийн байгууллагын алба хаагч гэдгийг л мэдрүүлэхийг хүсч байна даа.
-Цаг зав гарган ярилцсан таньд баярлалаа. Таны цаашдын ажилд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе?
-Баярлалаа. Энэ дашрамд үүргээ нэр төртэй биелүүлж, эх орныхоо төдийгүй Онцгой байдлынхаа албыг өндөрт өргөөд ирсэн алба хаагчдаараа бахархаж байгаагаа хэлмээр байна. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын удирдлага, хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ албаар овоглодог хүн бүрийн үйлс нь өөдөө, зорилго нь мохошгүй, ажил, амьдрал нь тэгш дүүрэн байхыг ерөөе.
Түүнтэй ярилцаж байхад амьдралыг, аав, ээжээ, албаа хайрласан, хүн бүрийг зорьсондоо шантралгүй хүрээсэй гэсэн чин сэтгэлийн үгсийг дахин дахин сонсоод өөрийн эрхгүй бахархал төрсөн. Тэмцээнд оролцуулахгүй ээ. Бэлтгэл, сургуулилт дутуу гээд шүүмжилсэн олон хүнд манай албанд Онцгой хүмүүс л үүрэг гүйцэтгэдэг шүү гэх бахархлыг төрүүлэхийн тулд хичээсэн гээд нулимсаа нуугаагүй Онцгой бүсгүйдээ “Чи чадсаан” гэж хэлмээр байна. Олон залууст үүд хаалгыг нь нээж, Онцгой байдлын байгууллагын нэрийг тив дэлхийд тэр дундаа Монголын Зэвсэгт хүчинд дархалж өгсөнд тань дахин баярлалаа. Зорьж байгаа хүсэл бүхэн нь саадгүй биелж, зогсолтгүй урагш тэмүүлэх чин сэтгэл нь гэгээн байх болтугай.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин
Сэтгэгдэл (1)
(43.228.128.195)
за за хүүхнүүд яваад ч гэр бүл нь салалтаар дуусч байгаа зөндөө олон жишээ байгаа гэсэн шүү Тэндхийн паян тэндээ дуусга гэсэн ярма байдаг гэсэн Гэвч дарга голдуу тариа хийлгээгүй нөхдүүд өдөр шөнөгүй ханамж авч байгаад ирээд байдаг тухай жагсаалын ахлагч нар ярьж байсан Иймд цаашид эмэгтэйчүүдийг аль болох явуулахгүй байсан дээр хэдэн төгрөгний төлөө амьдралаа сүйтгэж байна даа