Ноосны урамшуулалын 13.0 тэрбум төгрөгийн санхүүжүүлтийг малчдын нэрийн данс руу өнөөдрөөс олгож эхэллээ
- 2019-10-29
- Эдийн засаг
- 0
Үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан малчин,мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгож эхэллээ. Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох шийдвэрийн дагуу 2011-2017 он хүртэлх хугацаанд нийтдээ давхардсан тоогоор 593.7 мянган малчин, мал бүхий этгээдийн тушаасан 112.3 мянган тонн хонь, тэмээний ноосны урамшуулалд 158.5 тэрбум төгрөгийг Монгол банкаар дамжуулан олгосон байна. Энэ удаад Төрийн сангаас шууд малчдын нэрийн дансанд шилжиж байгаа юм.
2018 онд 70.7 мянган малчин, мал бүхий этгээдийн тушаасан 16.6 мянган тн хонь, тэмээний ноосны урамшуулалд 18.6 тэрбум төгрөгийг олгох урьдчилсан тооцоо гарч, хяналт шалгалтын ажил хийгдэж байна.“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын хүрээнд “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журам”-ыг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор баталсан юм. Үүнээс хойш тус уг журамд 3 удаа нэмэлт өөрчлөлт орж байжээ.
Засгийн газрын 2019 оны 87 дугаар тогтоолыг үндэслэн Мал хамгаалах сангийн ажлын албыг татан буулгах, төсвийн урамшууллыг ХХААХҮЯ-аар дамжуулан олгохоор болсон юм. ХХААХҮЯам 2019 оны 9 дүгээр сарын 04-нд Засгийн газраар “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журам”-ыг шинэчлэн батлуулсан. Монгол Улсын Засгийн газраас ноосны урамшуулал олгосноор нийгэм, эдийн засагт малчдын орлого нэмэгдэж, үйлдвэрлэлийн хүчин чадал, тоо хэмжээ, нэр төрөл /тухайлбал: ноосон бордоо, ноосон дулаалга, ноосноос ноолуурыг ялгаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх г.м/, ажлын байрыг 5700 хүнээр нэмэгдүүлсэн зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан байна.
2018 онд үндэсний 108 үйлдвэр 16,645.1 тн ноос авч бэлтгэсэн байна. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын шаардлага хангасан үндэсний үйлдвэрүүдэд 2018 онд 11,548,691.60 кг хонь, тэмээний ноос бэлтгэж тушаасан 49,625 малчин, мал бүхий этгээдийн урамшуулалд нийт 13.0 тэрбум төгрөгийг Мал хамгаалах сангийн “ноосны урамшуулал”-ын арга хэмжээнээс санхүүжүүлтийг Төрийн сангийн данснаас шууд малчдын нэрийн данс руу өнөөдрөөс олгож эхэллээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл (0)