Ѳѳрийн бодлоо бусдад бүү тулгаж бай
- 2019-10-30
- Өөр өнцөг
- 1
Хэрвээ чи ѳѳрийн санаа бодлоо бусдад хүчээр тулгаж байгаа бол хүчирхийлэл. Та бод доо. Бусдын санаа бодол танд таалагдахгүй байгаа бол, таны санаа бодол бусдад таалагдана гэж яагаад бодож байгаа юм бол? Хүн хүний бодол санааны багтаамж ѳѳр ѳѳр. Алдсан алдааны сургамж хийгээд олсон онооны хязгаар бүхнийг харьцуулах аргагүй. Хэрвээ маш тайвнаар анзаарах ахул хүн бүхэн энэ ертѳнцѳд заяагдсан хувь тавилан, оногдсон үүргээрээ амьдарч байгаа гэдгийг мэдрэх болно. Нэг их жаргаж байгаа юм шиг санагдсан нэгэн хэсэг хугацааны дараа зовж байхыг, нэг их зовж тарчилж байсан нэгэн хэсэг хугацааны дараа аз жаргалаар дүүрэн явахыг анзаарахдаа хүн ѳѳрѳѳ биш, цаг хугацаа үнэний шалгуур болохыг ойлгодог.
Ѳѳрѳѳ мундаг явахдаа ѳрѳѳл бусдыг дорд үзэн голж, амьдралыг нь бас сэтгэхүйг нь ѳѳрийнхѳѳрѳѳ залж залуурдах гэж хүсдэг хүмүүс зѳндѳѳ бий. Яг л ѳѳр шигээ байлгах гэж дарамтална. Ѳѳрѳѳ бусдаас гэгээн, ѳѳрѳѳ бусдаас ухаантай, ѳѳрѳѳ бусдаас мундаг гэж бодох дор тэнэглэж эхэлдэг. "Чи зүгээр л миний хэлснээр яв, би чамайг мэдэж байна" гэж дарамтлахдаа, тэр хүний хувь заяа чинийхээс огт ѳѳр гэдгийг ойлгоогүй байдаг.
Амьдрал тохуутай ч юм шиг. Нэгэн ѳдѳр чи, дарамталж байсан түүнээсээ дор амьдарч байгаагаа мэдрэхдээ гэнэт гайхдаг. Яагаад? хэмээн ѳѳрѳѳсѳѳ асууж амжаагүй байхад л цаг хугацаа чамайг болон чиний үнэ цэнийг үгүй болгосон байдаг. Богтолж авахыг хүссэн бүхэн чамаас алдуурч одоход чи ѳѳрийн жинхэнэ үнэ цэнээ бас ѳѳрийн ѳчүүхэн гэдгээ ойлгоно. Тэр мѳчид чи юуг ч уургалан тогтоож чадахгүй.
Та ѳѳрийн хайртай ханиа, бас аав ээж, ах дүү нар, найз нѳхѳддѳѳ ѳѳрийн санаа бодлоо хүчээр тулган бүү дарамтал. Тэд энэ амьдралд ѳѳрийн хувь тавилангаа ѳѳрсдѳѳ л үүрч туулах хувь тавилантай хүмүүс. Чи хэн нэгний зовлонгийн тѳлѳѳ хичнээн шаналлаа гэвч юуг ч ѳѳрчилж чадахгүй. Учир нь чи, бас тэд ѳѳрийн оюун сэтгэлгээ, ѳѳрийн санаа бодолтой хүмүүс. Чи түүнийг ѳѳрийнхѳѳрѳѳ байлгах гээд зовлон эгдүүцэл авчирахаас тус болохгүй. Зүгээр л тэдэнд "Хэрвээ би ийм байдалд орсон бол ингэх байлаа" гэж гаргалгаагаа л хэл. Тэд авахыг нь авч хаяхыг нь хаяг. Хүүг тань охиныг тань хайрласан хэн нэгнийг ѳѳрийнхѳѳрѳѳ байлгах гэж бүү зовоо. Тэд ѳѳрсдѳѳ л учраа олно, учраа олохгүй бол сална. Зовлон тарчлаанаа ѳѳрѳѳ л үүрэг. Таны үглэл, яншаа түүнийг ѳѳрийн гаргалгаагаа олоход ямар их саад болдогийг анзаардаг уу? Та ѳѳрѳѳ тийм тѳгс хүн үү? Амьдрал дахь алдааных нь тѳлѳѳ та хариуцлага үүрэх үү? Та шийдэл гаргаж тэднийг аврах уу?
Би ч залуудаа ийм л ѳвчнѳѳр ѳвчилж байв даа. Нэг их тѳгс тѳгѳлдѳр хүн гээд ѳѳрийгѳѳ үнэлчихсэн. Одоо эргээд ѳѳрийгѳѳ ямар ѳчүүхэн байсныгаа мэдэрч ичдэг.
Хэн ч миний зааж залуурдсанаар амьдраагүй ч ѳѳрийн зовлон жаргалаа эдэлж буй. Би ч бас адил. Тэгэхээр хэзээ ч хэнийг ч ѳѳрийн хүссэнээрээ байлгах гэж бүү дарамтал. Тэд энэ амьдралд ѳѳрийн зовлонгоо үүрч, жаргалаа амсах болно.
Энэ бол хувь тавилан. Тэдний энэ тавиланг бид ѳѳрчилж чадахгүй, энэ л үнэн. Зѳвлѳж болно, зааж албадаж л болохгүй, энэ л үнэн. Тэдний ѳмнѳѳс хэн ч хариуцлага хүлээхгүй, харин тэд ѳѳрсдѳѳ үүрнэ, энэ л үнэн.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Вашингтон ДС хот 2019-10-30
Сэтгэгдэл (1)
(202.179.27.151)
солиор. хэнд юу хэлэхээ та нараар заалгах юм уу? одоо бүр солиордог боллоо. хүүхдээ загнаж болохгүй. төрүүлсэн хүүхдээ загнаж болдоггүй яачихсан сохор цаг ирэв ээ.