Д.Үүрийнтуяа: Уртын дуу бол байгалийн хүч шингэсэн, сүнслэг урлаг

Монгол туургатны баяр жаргалтай аль эсвэл гуниг гутралтай аль ч цаг үед ардын дуу хамт байсан. Тэнгэр шиг цэлгэр, тал шигээ уудам, сүрлэг уулс шигээ сайхан аялгууг сонсох төдийд сэтгэлийн таашаал эдэлдэг болохоор тэр биз. Энэ их соёлыг түгээн дэлгэрүүлж яваа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, уртын дуучин Д. Үүрийнтуяатай ярилцлаа. Тэрбээр  уртын дуучин Д.Жавхаасайхан, Б.Алтанжаргал нартай хамтран “Мандах нар" тоглолтоо ирэх сарын 15-нд хийхээр төлөвлөжээ. Мөн дуучин Д.Жавхаасайхантай хамтран “Арга билэг” цомгоо олны хүртээл болсон байгаа юм. Тэд амьдралын утгыг нээх хийгээд аливаа мөн чанарыг таньж мэдэх, орших эс оршихын заагт буй бүхнийг дэнслэн дорнын ухааныг хослуулах нь эрхэм хэмээн билгэдэж, шинэ уран бүтээлээ “Арга билэг" хэмээн нэрийджээ. Хоолойн чадвар, дуулах ур маягийн дээд хэм хэмжээг шаардсан “Хун галуу”, “Арван тавны сар”, “Эхийн ач”, “Цэнхэрпэн харагдах уулс”, “Мандах нар” гэсэн сайхан дуу энэхүү цомогт багтжээ.

 

-Уртын дуучин Д.Жавхаасайхан, Б.Алтанжаргал нартай хамтран “Мандах нар” тоглолтоо хийх гэж байна. Таны тоглолтууд бэсрэг дуурь, бүрэн хэмжээний кино шиг болдгоороо онцлогтой. Энэ удаагийн тоглолтын тайз, найруулга ч өвөрмөц содон байгаа болов уу. Тоглолтоороо дамжуулан ард түмэнд юу хэлэхийг хүссэн бэ?

 

-“Аргагүй амраг”-аасаа эхлэн тоглолтынхоо найруулга, сурталчилгааг бүрэн хэмжээний кино шиг зохиомжилсон нь ардын дуу шимтэн сонсогчдын сэтгэлд хүрсэн. “Мандах нар” тоглолтоо үндэсний дуулалт жүжгийн тавилттай байхаар зэхэж, найруулагч Ц.Батнайрамдал ахтай хамтран ажиллаж байна. Ардын дуунд Монголын өв соёлоос гадна хайр, амьдралын ухаан гүн шингэсэн байдаг. Тиймээс тайзнаа зүгээр нэг дуулах бус уран сайхнаар үзүүлэхийг зорьсон юм. Зорин ирэх үзэгчдийнхээ хүсэл, сэтгэлд хүрсэн тоглолт хийхийн тулд туршлагатай, сайн уран бүтээлчидтэй хамтран ажидпаж байгаа. Хөгжмийн найруулга нь маш өвөрмөц, шинэлэг төдийгүй орчин үеийн техникийн шийдлийг үндэсний хэв шинжтэйгээ хослуулсан. Мөн ардын дууны урлагт орон зайгаа эзэлсэн дуучин Б.Алтанжаргалтай хамтарсан тоглолт хийж байгаагаараа онцлогтой. Үндэсний урлагаа хөгжүүлэх, ардын дууны өв соёлоо түгээн дэлгэрүүлэх гэсэн чин зорилго биднийг нэгтгэсэн. “Мандах нар” бол бид гурвын хамтран дуулсан ардын анхны дуу.

 

 

Монголчууд зовж, зүдэрсэн цагтаа ардын дуугаар бодлоо гийгүүлж, сэтгэлээ тайтгаруулж, баярласан үедээ найр цэнгэлээ эхлүүлдэг уламжлалтай. Нар мандаж, ертөнцөд шинэ өдөр ирдэг. Бид ард түмнийхээ сэтгэл оюунд үндэсний урлагийн нарыг мандуулахыг бэлгэдэж, тоглолтоо “Мандах нар” дуугаараа нэрлэсэн.

 

 

-Техникийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулна гэдэг сонирхолтой санагдаж байна?

 

-Үзэгчдэд шинэлэг зүйл харуулах зорилгоор UB Паласын концертын танхимыг долби дуугаралттай болгон тохижуулна. Нийслэл хүрээний өнгө төрхийг бүрэн харуулахын тулд хятад худалдаачдын яриа, хашааны захад нохой хуцах дууг дэргэд мэт гаргах шаардлагатай, Үе үеийн ардын дуучид байгаагүй бол бид өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан.Тиймээс ахмад үеийнхэндээ хүндэтгэл үзүүлж, тоглолтын өмнө улаан хивсний ёслол зохион байгуулна.

 

 

-“Мандах нар” дууг харууслын, гуниггай гэж тодорхойлдог. Дуугаа дүрсжүүлэхдээ ч бараан өнгийг голлосон байсан.

 

-Дуучин Д.Жавхаасайхан, Б.Алтанжаргал нартай хамтран дуулсан “Мандах нар” дуугаа дүрсжүүлж, ард түмнийхээ сонорыг мялаалаа. Алтан наран үдшээр жаргаж, үүрээр манддаг ч амраг сэтгэлийн нар зүрхэнд өнө мөнх манддагийг сануулсан. Алс хол цэрэгт явсан хайртай хүнээ хүлээсэн, сэтгэлгүй эрд богтлогдсон эмэгтэйн харууслыг өгүүлсэн дуу. Утга агуулгын хувьд гэгээлэг биш учраас дуугаа дүрсжүүлэхдээ бараан дэвсгэр өнгийг түлхүү ашигласан. Гэхдээ аз жаргалтай төгсгөлийг зөгнөж, мандаж буй нар шиг гэгээн өнгөөр кпипээ дуусгадаг. Энэ клипдээ Монголын болон дорнын соёлыг түлхүү харуулахыг  хүссэн. Учир нь, бид “Мандах нар” дуу, клипээ Азийн зах зээлд гаргах гэсэн алсын хараатай бүтээсэн юм.

 

-Та тоглолтоосоо гадна дуугаа дүрсжүүлэхдээ жижиг гэлтгүй зүйлд анхаарал хандуулж, “илээд өнгөрсөн” уран бүтээл туурвидаггүй. Уран бүтээлээ туурвихдаа ямар зарчим баримталдаг вэ?

 

-Сайн зохиомжтой, чанартай клип багагүй өртгөөр бүтдэг. Мөнгө хэмнэсэн, марзан өгүүлэмжтэй клип ардын дууны чансаанд тохирохгүй гэсэн зарчим баримталдаг. Үргэлж сайхан мэдрэмж төрүүлдэг учраас ардын дуу мөнх настай. Массд зориулсан хөнгөхөн дуунууд хэдхэн сарын л настай байдаг. Дээдсээс өвлөсөн урлаг учраас хүндэтгэхгүй  байхын аргагүй. Тэр чинээгээр хувь уран бүтээлчээс санхүү шаардана. Клип нэг төрлийн дэлгэцийн бүтээл юм. Өдөр тутам өмсдөг хувцастайгаа “Сүнжидмаа”-гаа  дуулбал онцгүй шүү дээ. Жижиг, том ялгаагүй бүтээл “урт настай” байх ёстой. Тав, арван жилийн дараах үзэгчдэд гоё мэдрэмж өгч чадвал тэр бүтээл. Оюун санаанаас гадна гоо зүйн талаас нь ард түмнийг байгаа сууринаас нь нэг алхам урагшлуулахгүй бол урлаг массын түвшиндээ гацна. Хэдхэн ноотод баригдсан, утгагүй үгтэй дуу, хошин шогийн өнгө аястай клип хийгээд ард түмнийг инээлгэх нь манлайлал биш. Үзэгчдийн оюун санааг хөнгөхөн зүйлээр хөгжүүлэхгүй шүү дээ. Тиймээс аль аль талаасаа түвшин өндөр байх ёстой. Хүмүүс нэг сонсоод л өнгөрөх биш ухаарал аваасай гэж бодож дуугаа дуулдаг. Мөн мартагдах шахсан уртын дуунуудыг ч сэргээж дуулахыг хичээдэг. Нөхөртэйгөө хамтран уран бүтээл туурвидаг учраас биесээ илүү ойлгодог. Бид 2012 онд хуримаа хийж, хамтын уран бүтээлээ эхлүүлсэн. Харилцаа уртын болон ардын дуу гэсэн том жанрыг сонгон авч, энэ чиглэлээр уран бүтээлээ туурвиж байна. Анхны “Язгуур” этник цомгоо 2013 онд гаргаж байлаа. Уг цомогт багтсан “Цэнхэрлэн харагдах уулс”, “Бор торгон хантааз”, “Сүнжидмаа”, “Юндэн гөөгөө Сийриймаа”, “Аргагүй амраг" дуу үзэгчдээс өндөр үнэлгээ авсан.

 

-Монгол хувцас, ёс заншил залуусын дунд тренд болоход үндэсний урлагийн уран бүтээлчдийн нөлөө их. Гэхдээ зарим дуучин ардын дууны уламжлалыг хэтэрхий эвдэж байх шиг санагддаг. Та энэ талаар юу хэлэх вэ?

 

-Монгол уламжлал их нарийн зангилаа, “ёстой” гэсэн дэг журамтай байдаг. Би уртын дуучин мэргэжлээр СУИС-ийг төгсөөд арав гаруй жил болж байна. Сургуулиа төгсөөд л уртын болон ардын дууг орчин үеийн хэв маягт оруулж, тайз, клипийн хувьд олон өөрчлөлт хийсэн. Үүний үр дүнд залуу уран бүтээлчдийг үндэснийхээ урлаг руу чиглүүлсэн болов уу гэж боддог. Задгай хоолойгоор тал шигээ уужим дуулдаг язгуур хэв маягтай ардын дууны үг, аяыг нь хэтэрхий өөрчилж байгаа нь надад таалагддаггүй. Аливаа зүйл хоёр талтай. Ардын дуугаа дуулж байна гэдэг залууст үндэснийхээ урлагийг хайрлах сэдлийг өгч буй хэрэг юм.

 

-Монголын язгуур урлаг дэлхийн тавцанд гарсны баталгаа нь “Тhe hu” хамтлаг боллоо. Манай улсын бодлого тодорхойлогчид  гаднын айлчлалдаа уртын дууч, морин хуурчдыг “цайны хачир” мэтээр дагуулж явдаг нь харамсалтай. Бид үндэсний урлагаа дэлхийн хэмжээнд хөгжүүлэхэд хувь уран бүтээлчийн зүтгэлээс гадна төрийн бодлого хэрэгтэй юу?

 

-Хувь уран бүтээлчид маань хичээл зүтгэлээрээ л өдийг хүрсэн. Төрөөс бодлогоор бага зэрэг анхаарсан бол дэлхийн тавцанд хэдийнэ гарах байсан. Гэхдээ бид төр, засгийг буруутгахгүй. “The hu” хамтлагийг дэлхий даяараа сонсч, манай хөөмийг биширч байна. Энэ бидний бусдаас ялгарах онцлог. Мөн “Бид хичээвэл чадна” гэсэн урам зориг өгсөн уран бүтээлч олон бий. Язгуур урлагт “The hu” хамтлаг, дуурийн талбарт Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нар үлгэр жишээ болж байна.

 

-Олон улсын фестивальд оролцож байхад уртын дууг гаднынхан хэрхэн хүлээж авдаг вэ?

 

-Европт зохион байгуулдаг фестивалиудад оролцдог. Биднийг микрофоноо шалгах төдийд л үзэгчид бүчиж, “Та нарын хаанаас ийм дуу гараад байна. Ямар сонин аялгуутай юм бэ. Үнэхээр гайхамшигтай юм. Урьд нь ийм дуу сонсч байгаагүй" гэж гайхна. Зарим нь уртын дууны эгшигт уярч, уйлж байсан.

 

Уртын дуу бол монгол хэл ойлгодоггүй хүн сонсоод уярдаг байгалийн хүчтэй, сүнслэг шинж чанартай урлаг. Уртын дуу цохилго, шигшлэг гээд олон чимэглүүртэй.

 

 

Тэр чимэглүүрийг сонсоод л “Яаж хийдэг юм. Хоолойндоо аппарат хийлгэсэн үү” гээд учир зүггүй шалгааж, бараг шалгах дөхнө. Энэ үед л үндэснийхээ урлагийг сайтар эзэмшсэндээ өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг. Биднийг дуунаас гадна үндэсний хувцас чимдэг. Монгол хувцас, өмсгөлөөр өмсөөд тайзан дээр гарахад ихэмсэг харагддаг юм. Монгол хувцас үнэхээр онцлог донж маягтай. Баруун монгол хувцасны загвар, халх эхнэрийн толгойн гоёл, үзэмчний мөнгө, шүрэн эдлэл гээд давтагдашгүй хэв маягийг харуулахыг хүсдэг. Тиймээс дууныхаа өгүүлэмжид тааруулж хамтран ажилладаг дизайнераа сонгодог.

 

 

-Та “Шуранхай” хамтлагаар олонд танигдсан. Зохиолын дуугаар амьсгалсан тэр үед уртын дууны хамтлаг байгуулахад үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?

 

-Уртын дуучин Б.Номин-Эрдэнэ, Г.Эрдэнэчимэг нартай хамтран 2008 онд “Шуранхай” хамтлагийг байгуулж байлаа. Тухайн үед Монгол Улсын Гавцяат жүжигчин С.Жавхпан, Т.Баясгалан нар ид мандаж, СУИС-ийн оюутнууд тэдэн шиг алдартай болохын тулд зохиолын дуу дуулах болсон. Бидэнд ийм боломж байсан ч дуулалтын хувьд уламжлалаа барьж ардын дууг шинэ түвшинд хөгжүүлэх зорилгоор хамтлаг байгуулсан. Эрсдэлээс айлгүй урагш тэмүүлж байснаараа шүүмжлэлд өртсөн. Зарим нэг нь Ц.Дэлгэр багшид “Танай шавь нар уртын дууг эвдэж байна” гэдэг байв. Хэрвээ тэр үед би ганцаараа дуулж эхэлсэн бол шүүмжлэлээс айж, шантрах байсан. Харин гурвуулаа зориглосон учраас эцсийн зорилгодоо хүрэхийн тулд тууштай явсан. Биднийг олон сайхан уран бүтээлч дэмжиж байсан учраас Монголын урлагт нэгэн шинэ өнгө нэмсэн болов уу. Бид уртын дууг анх удаа гурван хоолойгоор дуулсан. “Цомбон туурайтай хүрэн” дууг хоолой салгаснаас гадна төгөлдөр хууртай дуулсан нь урлаг судлаачдаас гайгүй үнэлгээ авч урамшсан. “Шуранхай” хамтлаг уртын дуунаас гадна ардын бүжигт шинэ тусгал өгсөн гэж боддог. Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Энхгэрэл эгч манай анхны тоглолтын бүжгийг найруулж, “Түмэн эх” чуулгын бүжигчид тайзнаа анх удаа этник бүжиг тавьж байлаа.

 

-Танд эмээдэг атлаа дуулахыг хүсдэг дуу бий юү?

 

-“Дуртмал сайхан”, “Тунгалаг Тамир” зэрэг айзам уртын дууг дуулахыг хүсдэг ч эмээгээд “барьж авч” чаддаггүй. Миний хувьд СУИС-ийн магистрт сурч байгаа. Төгсөхдөө эдгээр дууг дуулна даа гэж боддог.

 

 

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Амжилт (66.181.183.144)

    2019-11-04

    Дуучиддаа амжилт хүсье