Дэлхийг аврагч уу, суртал ухуулгын "зэвсэг" үү?

Шведийн парламентын байрны үүднээс эсэргүүцлийн жагсаалаа эхлүүлсэн 15 настай охин өдгөө 1.5 сая гаруй хүнийг нэгтгэсэн экологийн хөдөлгөөний удирдагч болжээ. Давост улс төрийн удирдагч, тэрбумтан бизнесменүүдтэй хийсэн уулзалтынхаа үеэр “Гэр чинь шатаж байхад та нар ширээний ард суугаад санхүүгээ ярих уу. Гал сөнөөгчдийг дуудна шүү дээ. Үүнтэй адил экологийн сүйрлийн эсрэг арга хэмжээ аваач ээ. Гэхдээ би та нарт найдмааргүй байна” гэсэн түүний хатуу үг олон нийтэд мартагдашгүй сэтгэгдэл төрүүлсэн.

Гретаг "Залуу үеийн дуу хоолой" гэж тодорхойлж байхад зарим нь "Улс төрийн суртал ухуулгын хэрэгсэл" гэх болжээ.

Грета Тунберг гэж хэн болох, түүний дүр төрх яагаад ийм ширүүн хэлэлцүүлэг өрнүүлэх болсныг дэлхийн хэвлэлүүд тал талын байр суурьтай мэдээлж байна. Фенүүд нь охины мэдлэг чадвар, тэсвэр хатуужлыг биширдэг. Тэд түүний уриалгыг дагаж нисэх онгоц, хуванцар сав, баглаа боодол, махан бүтээгдэхүүнээс татгалзаж, хүрээлэн буй орчинд учруулах байгаль орчны хохирлыг багасгахыг хүсч байна. Харин эсэргүүцэгчид нь түүний илтгэлд улс төрийн суртал ухуулгын сүүдэр туссаныг онцолдог. Тэд Грета Тунбергийн цаана нуугдсан эрхмүүдийг илчлэхээр чармайж байна. “Федералист” сэтгүүлийн редактор Лэвид Харсани "Бяцхан охмныг улс төрийн бамбай” болгон ашиглаж эхэллээ. Энэ инээдтэй зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  дэвэргэж байна. Хүүхдийг улс төрийн зорилгодоо ашиглахыг би үзэн яддаг” хэмээсэн бол сэтгүүлч Элиша Краусс “Охины сүүдэрт нуугдсан хүмүүс түүний мөрөөдлийг биш НҮБ-ыг хулгайллаа” гэж нийтлэлдээ онцолжээ. Үүний зэрэгцээ Грета Тунбергийг хамгаалагчдын арми нь түүний хэмжээ, статусыг сайтар тунхаглаж байв. Тэдний дунд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама "Манай дэлхийн хамгийн том хамгаалагчдын нэг" гэсэн бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гутерриш залуу эко хамгаалагчтай хэд хэдэн удаа биечлэн уулзсан байна.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Хэн нэгэн нь хүүхдээр давуу талаа хийвэл эмгэнэлтэй л юм” хэмээгээд 16 настай охины илтгэлд төдийлөн анхаарал хандуулахгүй байгаагаа илэрхийлжээ. Грета Тунберг хэн нэгний шатрын хүү юу, эсвэл дэлхийг аврах сурагч уу гэдгийг танихад бэрх юм.

 

"БИ АРЫН ШИРЭЭНИЙ ОХИН БАЙСАН”

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад илтгэл тавьсан. Эко идэвхтний сэтгэл хөдлөл, дэлхийн лидерүүдийг буруутгасан үг нь үзэгчдэд гүнзгий сэтгэгдэл төрүүлж, нийгмийн сүлжээнд од болсон юм. “Та нар миний мөрөөдөл, хүүхэд насыг хоосон үгээрээ хулгайлсан. Хүмүүс зовж, үхэж, бүхэл бүтэн эко систем сүйрч байна. Бид мөхөж байхад та нар санхүүгийн асуудал болон эдийн засгийн өсөлтийн талаар ярилцаж байдаг” гэж хапсэн, Грета Тунбергийн шийдэмгий үгийг сонссон сая сая хүн түүнийг дагахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр 2018 оны наймдугаар сарын 20-нд Шведийн парламентын байрны үүдэнд сурагчдын жагсаал зохион байгуулсан. Улсынхаа парламентын сонгуулийн үеэр сургуульд явахаас татгалзаж, экологийн асуудалд анхаарал хандуулахыг хүсч, суулт зарлажээ. Хажуугаар нь өнгөрсөн хүмүүс охиныг өрөвдөж байв. Энэ үед ангийнхан нь түүний санаачилгад нэгдэхээс татгалзаж байсан гэдэг. Гэтэл долоо хоногийн дараа дэлхийн хамгийн алдартай хэвлэлүүдийн тэргүүн нүүрт Грета Тунбергийн нэр гарах болов. Парламентын сонгуулийн өмнөх өдөр тэрбээр "Ирээдүйн төлөөх баасан гараг” санаачилгадаа нэгдэхийг шведүүдэд уриалав. Зорилго нь Засгийн газар хүрээлэн буй орчны сүйрлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хүртэл иргэд баасан гараг бүр парламентын байрны гадаа жагсах юм. Тухайн үед Грета Тунберг Шведийн парламентыг Парисын цаг уурын гэрээг дагаж мөрдөхийг шаарджээ. Ялангуяа дэлхийн дундаж температурын өсөлтийг хоёр хэмээс доош байлгах төслийнхөө ачаар Тунберг Стокгольмд илтгэл тавьж, Ромын пап ламтай уулзсан. Үүнээс гадна “Тайм” сэтгүүлээс Грета Тунбергийг 2019 онд дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад оруулсан. Тэр ч байтугай Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшүүлсэн байдаг.

Дуучин Малена Херман (“Евровидение 2009” тэмцээнд оролцсон), жүжигчин Сванте Тунберг нарын охин Гретаг ангийнхан нь хаалттай, чимээгүй хүүхэд байсан гэдэг. Тэрбээр "Би арын ширээний охин байсан. Жижиг биетэй учраас юуг  ч өөрчилж чадахгүй гэж боддог байв. Багш нар маань далайд хуванцар хаяж байгаа, өлссөн цагаан баавгайн тухай баримтат кино үзүүлдэг байлаа. Би тэр нэвтрүүлгүүдийг хараад уйлсан. Манай ангийнхан тэр үед сэтгэл нь зовниж байсан ч кино дуусмагц бусад зүйлийн талаар бодож эхэлсэн. Би тэгж чадаагүй. Тэр дүр зургууд миний сэтгэлд үүрд үлдсэн” гэж ярьжээ.

Грета найман настайдаа уур амьсгалын өөрчлөлтийн талаар анх сонсчээ. Тэрбээр насанд хүрэгчид энэ асуудлын ноцтой байдлыг ойлгохгүй, үл тоомсорлож байгаад цочирдсон гэдэг. Охин сэтгэлээр унаж, сургуульд явахаа больжээ. Эцэг, эх нь охиноо тайвшруулахыг оролдсон ч Грета шинжлэх ухааны баримтат кино үзэж, эрдэмтдийн өгүүллийг уншиж, цаг уурын өөрчлөлтийн графикийг судлахыг хүсчээ. Гретагийн нөлөөн дор эцэг, эх нь цагаан хоолтон болжээ. Энэ нь ирээдүйн идэвхтэний дараагийн тэмцэлд урам зориг өгсөн байна. Түүний “Ирээдүйн төлөөх баасан гараг” санаачилга нь дэлхий даяар маш их дэмжлэг авсан. Удалгүй Грета TED-д илтгэл тавих урилга авчээ. Гэвч эцэг, эх нь Аспергерийн хам шинж гэх сэтгэцийн хөгжлийн эмгэгтэй охиноо олон нийтийн өмнө илтгэл тавина гэдэгт эргэлзэж байв. Гэтэл Грета илтгэлээ англи хэлээр ямар ч асуудалгүй тавьсан юм.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)