Ээлжит бус сонгууль ба Брекситийн хувь заяа

Их Британи улс Европын Холбооноос гарах гэж 3 жил хагасын турш оролдож байгаа боловч яагаад ч гарч чадахгүй байна. Одоо Брекситийн хувь заяаг Британийн парламентын ээлжит бус сонгуулийн дүн шийднэ гэдэг нь нэгэнт тодорхой боллоо. Гэхдээ энэ бол тун амаргүй үйл явц юм.

Сүүлийн 100 жилийн хугацаанд британичууд яагаад анх удаагаа дүн өвлөөр сонгуульд оролцох болов? Сонгуулийн дүн Брекситийн хувь заяанд хэрхэн нөлөөлөх вэ? гэх зэрэг асуултанд хариулт өгөхийн тулд ВВС агентлагийн улс төрийн тоймч А.Калмыков дорх нийтлэлийг бичжээ.  

 

Брекситийн хувь заяа

 

Их Британи улс ЕХ-ноос гарах асуудал нэг мөр шийдэгдэх үү гэдэг нь Ерөнхий сайд Борис Жонсон өөрийн Консерватив намыг ээлжит бус сонгуульд ялуулж чадах эсэхээс хамаарах болно.  

Хэрвээ консервативчууд /торичууд/ парламентад олонхийн суудал авч чадвал ЕХ-ноос гарах асуудлыг Нийтийн танхим нэн түргэн шийдвэрлэх ба ингэснээр 1 дүгээр сарын 31 гэхэд Брекситийн үйл явц эхэлнэ. Өөрөөр хэлбэл, ЕХ-ноос өгсөн хугацаа дуусах үед эсвэл түүнээс өмнө буюу Шинэ жилийн шөнө гэхэд асуудал шийдэгдэх юм.  

 

 

Хэрвээ ээлжит бус сонгуулийн дүнгээр парламент дахиад л өмнөх шигээ харьцаагаар бүрэлдэж, консервативчууд аль нэг жижиг намтай эвсэл байгуулан эрх барих аваас “зовлон шаналал” цаашид үргэлжилнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ЕХ-ноос гарах нөхцлийг дахиад л нарийвчлан хэлэлцэж эхлэх бөгөөд ингэснээр Брекситийн үйл явц сунжрах болно.  

 

Хэрвээ таамаглал зөрж, сөрөг хүчний намууд парламентад олонхи болсон тохиолдолд ЕХ-той байгуулсан өмнөх болон шинэ тохиролцоонуудын аль алиныг нь бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь тодорхой. Ингэснээр Брексит дор хаяж хагас жилээр хойшлох эсвэл Брекситээс бүрмөсөн татгалзах нөхцөл байдал үүсч мэднэ.

 

Сонгуульд хэн ялах бол?

 

Үүнийг урьдчилан таамаглах ямар ч аргагүй. Элдэв санал асуулгуудын дүнг үзвэл, консервативчууд чансааны хувьд өрсөлдөгчдөөсөө нэлээд хол тасарсан мэт харагдаж байгаа боловч Британийн сонгуулийн тогтолцоо ба үзэл баримтлалын хувьд ойролцоо намуудын хоорондоо байгуулах “харилцан үл довтлох тухай гэрээнүүд” бүхнийг будилаантуулж мэдэх юм.  

Сонгуулийн нийт 650 тойргийн аль нэгэнд нь ялалт байгуулахын тулд тухайн нэр дэвшигч нь бусад өрсөлдөгчөөсөө илүү тооны санал авсан байхад л хангалттай бөгөөд 50-аас дээш хувийн санал авах, хоёрдахь шатны сонгууль гэсэн ойлголтууд байхгүй. Энэ нь гажуудалд хүргэдэг. Тухайлбал, санал асуулгаар хоёрдугаарт байрт явж буй намын нэр дэвшигчид сонгуулийн тойрог бүрт хоёрдугаарт орох магадлал онолын хувьд бий. Ингэснээр олон сая сонгогчдын дэмжлэг авсан ч гэсэн тухайн нам парламентад ганц ч суудалгүй үлдэх магадлалтай. Ийм учраас өрсөлдөгчөөсөө яльгүй давуу байгаа тойргуудад гол тэмцэл өрнөх болно.

Брекситийн намын дарга Найжел Фараж 

Брекситийн төлөөх нам гэдэг утгаараа Консерватив намынхан юуны түрүүнд Шотланд, Лондон зэрэг ЕХ-ноос гарахыг хүсдэггүй бүс нутгуудад мандатаа алдах боловч Английн хойд ба төвийн районуудад Лейборист намыг ялах боломжтой. Нөгөө талаас, одоогоор парламентад төлөөлөлгүй байгаа Найжел Фаражийн тэргүүлдэг Брекситийн намын нэр дэвшигчид торичуудад “гай тарьж” мэдэх юм. Харин Брекситийг эсэргүүцэж буй Либерал-Ардчилсан намынхан лейбористуудад түвэг учруулж магадгүй.

Сонгууль яагаад ойр ойрхон болж байна вэ?

Их Британид сонгуулийг 5 жил тутамд зохион байгуулж байхаар хуульчилсан нь үнэн. Ээлжит бус сонгууль явуулдаг замбараагүй байдлыг эцэс болгохын тулд уг хуулийг 2011 онд зориуд баталсан юм. Гэтэл сүүлийн 5 жилд гуравдахь удаагаа сонгууль болох гэж байгаа бөгөөд хуулийн баталсны зорилго огт биелсэнгүй. 

2016 онд болсон бүх нийтийн санал хураалтаар британичуудын 52 хувь нь ЕХ-ноос гарахын төлөө саналаа өгсөн бол 48 хувь нь эсэргүүцжээ. Гэхдээ ямар замаар гарах вэ гэдэг тал дээр олон нийт болон парламентын санал зөрөлдөж, үндсэндээ гурван хэсэгт хуваагдаад байна. Тодруулбал: 

 

-Нэгдэх хэсэг хүмүүс нь ЕХ-ноос холбоогоо шууд таслах нь зүйтэй гэж үздэг  

-Хоёрдахь бүлэг хүмүүсийн хувьд, зөөлөн аядуу байдлаар “салж сарниж”, нягт харилцаагаа хэвээр хадгалах нь чухал аж.  

-Гуравдахь бүлэг хүмүүсийн хувьд, Брексит гэдэг санаа сэдлээс бүрмөсөн татгалзаж, ЕХ-нд үлдэх нь зүйтэй гэж үздэг.

 

Бүх нийтийн санал асуулга болох тэр үед Консерватив нам засгийн эрхийг барьж байсан боловч парламентад тун цөөхөн суудлын илүүгээр олонхи болж байсан юм. Олонхийн суудлаа нэмэгдүүлж, Брекситийн талаарх өөрийн хувилбарыг дэмжүүлэхийн тулд Ерөнхий сайд Тереза Мэй консервативчуудын нэр хүнд өсч буйг ашиглан 2017 оны 6 дугаар сард ээлжит бус сонгууль явуулах нь зүйтэй гэдэгт сөрөг хүчнийхнийг ятган үнэмшүүлж чаджээ.     

Гэвч тэрбээр дутуу тооцоолж, Консерватив нам олонхийн байр сууриа алдлаа. Т.Мэй Брекситийн асуудлаар ЕХ-той хийсэн гэрээгээ гурван ч удаа парламентаар хэлэлцүүлэх гэж оролдсон боловч бүтэлгүйтэж, нүдэндээ нулимстайгаар огцров. Консерватив нам Ерөнхий сайдын суудлыг ЕХ-ноос гарахын төлөөх кампанит ажлыг зохион байгуулсан Борис Жонсонд өглөө. Тэрбээр 10 дугаар сарын 31 гэхэд Их Британийг ЕХ-ноос заавал гаргана гэж амь насаараа батлан тангарагласан юм.

 

Гэтэл тэрбээр мөн адил бүтэлгүйтэв. Жонсон ЕХ-той шинээр гэрээ байгуулсан боловч түүнийгээ парламентаар батлуулж чадсангүй. Брекситийн тухай бараг л Үндсэн хуулийн хэмжээний том хуулийг 3-хан хоногт багтаан хэлэлцэхээс парламентын гишүүд татгалзаж, илүү олон хоногийн хугацаа өгөхийг шаардав. Харин Жонсон үүнийг зөвшөөрсөнгүй. Түүгээр ч үл барам, сөрөг хүчинтэй сөргөлдөх явцдаа тэрбээр намаасаа 20 гаруй депутатыг хөөснөөр цөөнхийн засгийн газрын тэргүүн болжээ.

Гэсэн хэдий ч Нийтийн танхим дахь хүчний харьцаа нь өөрийнх нь үзэл санаа, арга барил ард олны дэмжлэгийг хүлээж байгаа гэдгийг тусган харуулж чадахгүй гэж Жонсон үзсээр байна. Ийм учраас хамгийн зөв гарц бол ээлжит бус сонгууль мөн гэж тэрбээр шийджээ. Өөрөөр хэлбэл, буулт хийх дургүй парламентынхантай брекситийн талаарх өөрийн хувилбарыг хамгаалж, зууралдан тэмцэлдэх нь дэмий гэж үзсэн байна.

 

Сөрөг хүчин ээлжит бус сонгууль явуулахыг удаан хугацаанд хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Гэвч дараа нь зөвшөөрсөн шийдвэр гаргав. Учир юунд вэ?

 

“ЕХ-нд үлдэхийг хүсэгчдийн хувьд 12 дугаар сарын сонгууль бол эцсийн боломж” гэж Брекситийн асуудлаар мэргэшсэн шинжээч Дэвид Аллен Грин сөрөг хүчнийхний логик санааг тайлбарлаж байна. “Сонгууль бол сөрөг хүчнийхний хувьд эрсдэл юм. Гэсэн хэдий ч тэд өөр нэгэн аюулыг зайлуулж чадлаа. Учир нь, эрт орой хэзээ нэгэн цагт одоогийн парламент ЕХ-оос гарах гэрээг баталж магадгүй шүү дээ” хэмээн шинжээч ярьж байна.  

Чухам ийм учраас л ээлжит бус сонгууль явуулъя гэсэн Жонсоны цөхрөлтгүй уриалгыг Шотландын үндэсний үзэлтнүүд ба Либерал-ардчилсан намынхан дэмжсэн юм. Энэ хоёр намын аль аль нь ЕХ-нд үлдэхийн төлөө байгаа ба ээлжит бус сонгуулиар парламент дахь байр сууриа бэхжүүлэх нь үндсэндээ тодорхой.

 

Ээлжит бус сонгууль зарлахад нь торичуудад дээрх хоёр намын дэмжлэг хангалттай байлаа. Ийм гарцаагүй нөхцөл байдал үүссэн учраас гол сөрөг хүчин  болох Лейборист нам чансаа нь дэндүү доогуур байгаа ч гэсэн ээлжит бусыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрчээ. Лейбористуудын хувьд, Брекситийн асуудлаар талуудын алиных нь ч байр суурийг дэмждэггүй юм. 

 

Хэнийг сонгох бол?

 

Төрийн эрхийг барих дээд байгууллага бол 650 депутатаас бүрдэх Их Британийн парламентын Нийтийн танхим юм. Парламент дахь олонхийн бүлгийн дарга /нэг намын болон эвслийн/ нь Ерөнхий сайдаар томилогддог бол сөрөг хүчний хамгийн том фракци нь албан ёсоор сөрөг хүчний статустай болж, сүүдрийн засгийн газрыг байгуулдаг. Эрх баригч хүчний байгуулсан засгийн газар ба сүүдрийн засгийн газрын гишүүд хуралдааны танхимын эхний эгнээнд суудаг учраас “урд суудлынхан” гэж нэрлэдэг.

 

Хэзээ бүх зүйл шийдэгдэх вэ?

 

Сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулахад 25 ажлын өдөр буюу 5 долоо хоногийн хугацаа өгсөн байна. Санал хураалт уламжлал ёсоор пүрэв гарагт явагддаг бөгөөд энэ удаад 12 дугаар сарын 12-ны өдөр тохиож байна. 1923 оноос хойш анх удаагаа сонгуулийн сурталчилгаа болон санал хураалтыг бүрэнхий харанхуй, хүйтэн үед зохион байгуулна. Харин сүүлийн 50 жилийн хугацаанд хаврын сүүлчээр сонгуулийн санал хураалт болж байсан билээ. Гэвч Брексит бүхнийг өөрчиллөө. 

 

Сонгуульд хэн ялсан бэ гэдгийг бид 13-ны өдрийн баасан гарагт мэдэх болно.

 

Б.Адъяахүү

Эх сурвалж:  https://www.bbc.com/russian/features-50201893

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)