Н.Бат-Эрдэнэ: Цагдаагийн алба хаагчид хүчирхийллийн дуудлагыг АНХНЫ удаа гэж бодож болохгүй

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Бат.Эрдэнэтэй ярилцлаа.

- Сүхбаатар дүүргийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй тоон үзүүлэлт мөн өдөрт үйлдэгдэж буй гэмт хэрэг хүчирхийлэл ямар түвшинд байна вэ?

Сүхбаатар дүүргийн хэмжээнд хоногт 150-180 орчим дуудлага, мэдээлэл бүртгэгддэг. Эдгээр дуудлага мэдээллийн 10-18 дуудлага нь гэр бүлийн хүчирхийллийн мэдээлэл байдаг. Үүн дээр цагдаагийн алба хаагчид гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд журамд заасны дагуу хурдан шуурхай очин туслалцаа үзүүлэх, хохирогчийн аюулгүй хангах арга хэмжээг авдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хууль батлагдсанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг баривчлах шийтгэл ногдуулдаг болсон. Үүнээс гадна гэр бүлийн хүчирхийллийн талаар иргэдийн маань  хуулийн мэдлэг дээшилсэн.  

Үүний нэг илрэл нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн тоо тодорхой хэмжээгээр өссөн. Энэ нь цаашлаад тухайн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж байгаа хэрэг юм. 

- Хүчирхийлэлд өртөж буй зарим иргэдийн хувьд хууль хүчний байгууллагаас айж цагдаагийн байгууллагад хандахгүй байх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд ер нь ямар зөвлөгөөг өгөх вэ?

Аливаа зүйл хоёр талтай иргэдийн дийлэнх хувь нь гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиа мэддэг бол зарим иргэд энэ талын мэдлэг бага байдаг.  Гэр бүлийн тухай хуулийн мэдлэг багатайгаасаа болоод зарим тохиолдолд хууль хүчний байгууллагад мэдэгдэхгүй байх тохиолдол бас байна. Бидний хувьд хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг нэн тэргүүнд анхаарч ажилладаг. Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг энэ төрлийн гэмт хэргийг дарж нууж хэрхэвч болохгүй. Хүчирхийлэлд өртөж буй мэт мэдрэмж төрж  байгаа бол та хуулийн байгууллагад хандаж, өөрт тохирсон тусламж үйлчилгээ, зөвлөгөөг авах боломжтой. Үүнээс гадна иргэд маань  ч энэ талаарх мэдээллийг цаг алдалгүй өгөх хэрэгтэй. Хүчирхийллийг хурдан хугацаанд таслан зогсоох нь хамгийн чухал. Хүчирхийллийн дам хохирогч нь хүүхэд байдаг хүүхдийн эрх дураараа өсөж бойжих орчинд үйлдэгдэж байдаг учраас үүн дээр маш мэдрэмжтэй хандах нь чухал, хүүхэд өнчрөх, хүүхдийн ирээдүй, эрүүл мэнд, аюулгүй байдал гээд их олон асуудлууд гарч ирдэг. Ямар ч тохиолдолд хүүхэд гэр бүлтэйгээ хамт байх нь чухал учраас тухайн гэр бүлийг нэгтгэх бүхий л талын боломжтой арга хэлбэрийг хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой.

- 2017 оны хоёрдугаар сарын нэгнээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай  хуулинд шинэ зүйл заалтууд нэмэгдэж орсон. Шинэ заалтууд нэмэгдэж орсноор ямар давуу талууд гарч ирж байна вэ?

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 онд  батлагдаж, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Шинэ хуулиар олон харилцааг зохицуулж, шинэлэг зохицуулалтыг тусгасан. Энэ хуулийг бүхэлд нь авч үзвэл гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдолд эрт илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тусламж үйлчилгээнд холбон зуучлах, зөрчигдсөн эрхийг сэргээх, холбогдогчийн зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулах зэрэг харилцааг зохицуулж өгсөн.

- Сүхбаатар дүүргийн хувьд гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх нэг сарын аяныг зохион байгуулж байгаа. Уг аяныг та бүхэн яагаад зохион байгуулах болов.

Бид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд болох цагдаа, прокурор, шүүх болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад төрийн болоод төрийн бус байгууллагуудыг оролцуулаад уулзалт, хэлэлцүүлэг мөн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулсан.

Дээрх эрх бүхий албан тушаалтнууд  гэр бүлийн хүчирхийллийн гомдол мэдээллийг хүлээн ач шийдвэрлэхдээ  хуулийн хүрээнд нэг ойлголттой, шуурхай, зөв зохион байгуулалттай ажиллах ёстой. Энэ утгаараа зөрчил шийдвэрлэх эрх бүхий алба хаагч нарыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулсан.  Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухайн иргэнд зөрчигдсөн эрхийг нь сэргээх мөн гэр бүлийн хурцадмал байдлыг зөөллөх, жендэртэй холбоотой ойлголтыг өгснөөр гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, гэмт хэргийг шалган шийдвэрлэх үйл ажиллагаанд үр дүнгээ өгөх юм.  Сүхбаатар дүүргийн хэмжээнд “Бид нийгмийн ямар ч давхаргад амьдарч болно гэхдээ хүчирхийллээс ангид амьдаръя” уриан дор “Гэр дүүрэн инээмсэглэл” нэг сарын аян зохион байгуулаад төлөвлөгөөгөө гаргаад эхний ажлууд амжилттай зохион байгуулагдаж байна. Манай алба алба хаагчид “Хүчирхийллийн дуудлага мэдээллийг анхны удаа гэж хэрхэвч бодож болохгүй. Тэр хүн аргаа бараад хамгийн эцсийн найдвар болох бидэнд хандаж байгаа” гэсэн ойлголтоор хандах нь зүйтэй. Тиймээс цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл давхардаж ирсэн тохиолдолд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд эхлэн очиж таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, туслалцаа үзүүлэх ажлыг нэг тэргүүнд хийдэг.

- Аянаас гарах үр дүнг хэрхэн харж байна?

Сүхбаатар дүүргийн хуулийн байгууллагын ажилчид тэр дундаа цагдаагийн албан хаагч, жижүүрийн шуурхай удирдлагын алба хаагч нар нэг ч гэсэн хохирсон иргэнд бүрэн дүүрэн туслалцаа үзүүлэх, нэгдсэн ойлголттой, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хүчирхийллийн дам хохирогч нь хүүхэд байдаг учир тэр болгонд хүрч туслалцаа үзүүлэх, таслан зогсоох, зарим гэр бүлийг эргэн нэгтгэх зорилгоор бусад төрийн болон төрийн бус байгууллагад холбон зуучлах ажил эрчимжиж үр дүн гарч байгаа. Манай дүүргийн онцлог нь маш олон төрийн болон төрийн бус байгууллага төвлөрсөн дүүрэг. Үүн дээр Их, дээд сургуулийн багш, оюутан залууст хууль дүрмийг ярихаас илүү үндсэн ойлголтууд гэр бүлийн хүчирхийлэл гэж чухам юу вэ? Ямар байдлаар үйлдэгдэж байна бид юун дээр илүү анхаарах талаар сургалт мэдээллүүдийг АШУИС, МУБИС, Этүгэн болон бусад их дээд сургуулиудын оюутан, багш ажилчдад шат дараалалтайгаар мэдээллийг  байна. Аяны гол зорилгын хувьд нийгмийн хандлагыг өөрчлөх иргэдийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл нь нийгмийн аль давхаргад байж болно гэхдээ гэр бүлийн хүчирхийллийн асуудлаас ангид өрх бүрт “Гэр дүүрэн инээмсэглэл” байгаасаа гэсний үүднээс уг аяныг зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

- Гэр бүлийн хүчирхийлэл гэж юуг хэлж байна. Юу гэж томьёолох вэ? Иргэд гэр бүлийн хүчирхийлэлд  өртсөнөө хэр мэддэг вэ?

Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж,  санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдлийг хэлдэг. Мөн хэн нэг нь нөгөөгөө хүч эрх мэдлээр далайлгаж, эрхшээлдээ оруулах зорилгоор хяналтаа тогтоон, өөрийн хамааралд оруулж буй тэгш бус харилцаа юм. Гэр бүл дэх хүчирхийлэл нь нэг удаагийн санаандгүй үйлдэл бус дахин давтагдах даамжрах шинж чанартай үйлдэл болохын хувьд нийгмийн бусад хэлбэрийн хүчирхийллээс ялгагддаг. Өөрийгөө сэтгэл санааны дарамтад орсон ч төдийлөн тоохгүй. Энэ нь байх ёстой зүйл мэт бодож явдаг. Заавал бие махбодод нь халдаж гэмтээсэн тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл үзүүллээ гэж боддог. Энэ тохиолдолд хаана хэнд хандахаа мэдэхгүй өнгөрөөсөөр байгаад сэтгэлзүйн ноцтой өөрчлөлтөд орчихдог. Би тэвчих ёстой гэж зодуулсаар сэтгэл зүй болон эд хөрөнгө, гоо сайхны хувьд гэмтэл учирсан хойноо яах вэ би гэр бүлийн хүчирхийлэлд өртчихлөө гэж ирдэг.

- Манай улсын хувьд түр хамгаалах байр хэчнээн байдаг вэ? Хохирогчийг хамгаалах хүрээ хэр өргөжсөн бэ?

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ахуй, гэр бүлийн хүрээнд хэн нэгний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал зөрчигдөхөөс хамгаалдаг хууль. Тиймээс баталгаатай гэр бүл хамтран амьдрагч, гэрлэлтээ цуцлуулсан, дундаасаа хүүхэдтэй тусдаа амьдарч байгаа хэний ч хооронд хүчирхийлэл үүссэн энэ хуулиар хамгаалалт авах боломжтой. Тэгэхээр энэ нь юуг тодотгож байна гэхээр хохирогчийг хамгаалах хүрээ өргөжсөн гэсэн үг. 2017 оны хоёрдугаар сараас эхлэн хохирогчийг хамгаалалтад авах үйлчилгээ үзүүлж байгаа.

Одоогоор нийслэл хотын хэмжээнд таван түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний гураван төв байна. Нэг цэгийн үйлчилгээнд бие махбодод нь гэмтэл учирсан иргэдийг хүлээн авч эмчилгээ туслалцаа үзүүлж 72 цагийн хугацаанд байршуулан туслалцаа үзүүлэх холбон зуучлах арга хэмжээ авдаг.

-Ярилцсанд баярлалаа. 

 

Эх сурвалж: ХЗДХЯ-ны ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)