“Тавантолгой“ ХК Өмнөговь аймгийн өрх бүрт 3 тонн нүүрс үнэгүй олгоно
- 2019-11-05
- Үнэн
- 0
Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн хурлын шийдвэрээр Өмнөговь аймгийн өрх бүрт 3 тонн нүүрс үнэгүй олгохоор болжээ. “Нутгийн илч” хөтөлбөрт тус аймгийн 15 сумын бүх өрх буюу 22500 өрх хамрагдах аж. Тус компанийн ажилтнууд сум болон багийн төвүүдэд нүүрсний талон тарааж эхэлсэн байна. Нутгийн илч хөтөлбөр энэ оны аравдугаар сарын 20-ноос эхлэн хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд Тавантолгой ХК-ийн уурхайчид ажлын өдрүүдэд 05.00-19.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж, нүүрс ачилтыг шуурхай зохион байгуулж байна. Өмнөговийн иргэд айл хөрш, ах дүүс, баг хамт олноороо нэгдэж, уурхайгаас нүүрсээ татаж эхэллээ хэмээн орон нутгаас мэдээллээ.
Уурхайн аманд нэг тонн нүүрсний үнэ 38500 төгрөг бөгөөд 3 тонн нүүрс нь 115500 төгрөгийн үнэтэй. Тавантолгой ХК нь өмнөх жилүүдэд орон нутгийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс олгодог байсан бол энэ жил 3 тонн нүүрс үнэ төлбөргүй олгож, нутгийн иргэдийн амьдралд бодитой хувь нэмрээ оруулж байна. Өмнөговийн ууган уурхай Тавантолгой ХК нь сүүлийн арван жилд улс, орон нутгийн төсөвт 830.2 тэрбум төгрөгийн татвар төлсөн, Монгол улсын ТОП 100 ААН-ийн нэг юм.Компанийн 51 хувийг орон нутаг, 49 хувийг Монгол Улсын болон дэлхийн 23 орны иргэд, ААН-үүд эзэмшдэг юм байна.
Сэтгэгдэл (0)