Гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам гарцыг хаасан зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна
- 2019-11-06
- Үнэн
- 0
Нийслэлийн Онцгой байдлын газраас орон сууцны болон үйлчилгээний зориулалттай өндөр барилга байгууламжид Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгууллаа.
Нийт төв зургаан дүүргийн 62 орон сууцны хороололд шалгалтыг зохион байгуулж, 182 зөрчлийг илрүүлсэн байна. Илэрсэн, зөрчил дутагдлыг 26 буюу 14.2 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлийг арилгуулахаар холбогдох баримт бичгийг Сууц өмчлөгчдийн холбоодод хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг хувиар авч үзвэл:
Нийт зөрчлийн 10 хувь буюу 19 нь Барилга байгууламж, задгай агуулах, галын гадна шат, гал унтраах автомашины усны эх үүсвэрт хүрэх зам гарц, хонгил, нүхэн гарц нь автомашин явах бүрэн бололцоотой, өвлийн цагт цас, мөснөөс цэвэрлэгдсэн байнгын бэлэн байдалд байна гэсэн заалтыг зөрчсөн,
13 хувь буюу 24 нь болзошгүй гал түймрийн үед хүн, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх зам гарц дагуу аваар ослын гэрэлтүүлэг төлөвлөөгүй,
14 хувь буюу 26 нь барилга, байгууламж дотор гал эсэргүүцэх усан хангамжийн систем төлөвлөсөн боловч хоолой, хошуу, крант, иж бүрдэл байхгүй,
18,2 хувь буюу 51 нь галын автомат дохиолол, гал унтраах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон боловч ашиглалтын байнгын бэлэн байдлыг хангаагүй,
34 хувь буюу 62 нь Орон сууцны хороолол нь гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбай бэлтгээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.
Тиймээс Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд мэргэжил арга зүйн заавар зөвлөмжийг хүргүүлэн ажиллалаа.
Мөн гал унтраах тусгай зориулалтын автомашины хүрэлцэн очих зам талбай хааж хашаа, хайлс, контанейр, гарааш зэргийг байрлуулсан 9 зөрчлийг арилгуулж, зам гарцыг чөлөөлж тусгай зориулалтын автомашин чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)