Ч.Хүрэлбаатар: Үндсэн хуулийн цэц "эцэг" хуулийг зөрчсөн шийдвэр гаргасан
- 2019-11-07
- Үнэн
- 0
Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн долоо хоногт хуралдаад АМНАТ-ийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон билээ. Ингэснээр АМНАТ төлөх эзэн холбогдогчгүй болох нөхцөл үүссэнээс гадна ирэх оны улсын төсвийн орлого 1.3 их наядаар тасалдахад хүрээд байгаа юм. Тиймээс Ашигт малтмалын тухай хуульд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. Гэвч хуульд ямар өөрчлөлт оруулж, ашигт малтмал ашигласны төлбөрийг хэчнээн хувиар тогтоох тухайд холбогдох хоёр яамны санал зөрсөн учраас УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар оруулж ирэхгүй байна гэх мэдээлэл гарсан юм. Үүнтэй холбогдуулсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэцээс дүгнэсэн. Цэцийн шийдвэрийг та хувьдаа маш хүчтэй эсэргүүцсэн. Үүний үндсэн дээр хуулиа өөрчлөхөөр болох шиг боллоо. Цэцийн шийдвэрийг хор уршгийг та хэрхэн дүгнэх вэ?
-Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэрийг Цэцээс гаргасан. Учир нь, газрын хөрсөн доорх байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн өмч байна гэж Үндсэн хуульд заасан байдаг. Газар доорх баялгийг ашиглахдаа дэлхийн аль ч оронд рояалти буюу АМНАТ-ийг авдаг. Цэц шийдвэр гаргаснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэн төлөх вэ гэдгийг тодорхойгүй болгосон. Дээрээс нь энэ татварын хувь хэмжээг зохицуулсан бүх заалтыг аваад хаячихсан. Ийм хоёр том шийдвэр гаргасан.
Өнөөдөр бид УИХ-аар ирэх оны улсын төсвийг хэлэлцэж байна. Үүнд ирэх онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс ирэх онд 1.3 их наяд төгрөгийн төсөв төвлөрүүлнэ гэж тооцсон байна. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр энэ орлогыг бүрдүүлж чадах эсэх нь эргэлзээтэй болсон. Гэтэл АМНАТ улсын төсөвт ямар үүрэг гүйцэтгэдгийг харъя.
2018 оны төсвийн гүйцэтгэлээр нэг их наяд 64 тэрбум төгрөгийн АМНАТ-ийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. 2019 оны эхний есөн сарын байдлаар төсөвт нэг их наяд 94 тэрбум төгрөг хуримтлагдсан байсан. Ийм л татварыг Цэц хүчингүй болгочихлоо шүү дээ.
-АМНАТ төлөхгүй байхыг санаархсан компаниуд Цэцэд лобби хийсэн гэх мэдээлэл гараад байгаа. Энэ тухайд та ямар тайлбар хийх вэ?
-Энэ тухайд үндэсний үйлдвэрлэлийг дэмжээгүй гэж яриад байгаа юм. “Страто” гэдэг компанийн талаар яриад байгаа юм билээ. Гэтэл энэ компани “Эрдэнэс Тавантолгой”-гоос 72 ам.доллароор нүүрс авч байгаа. Дотооддоо борлуулж байгаа учраас үүнээс АМНАТ-ийн татварыг 2.5 хувиар төлдөг. Гэхдээ “Страто” гэдэг компани бус баялгаа борлуулж буй “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани рояалти буюу 2.5 хувийн татварыг нь төлж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” өөрсдөө гаргахдаа 92 ам.доллараар гаргадаг. Үүнээс найман хувийн АМНАТ төлдөг. Ашигт малтмалын тухай хуульд давхардуулахгүй гээд заачихсан учраас “Страто” компани 2.5 хувь шингэсэн үнээр авчихаад боловсруулж гаргахдаа дөрвөн хувийн АМНАТ төлдөг. Би ойролцоо хувь хэмжээ ярьж байгаа нь энэ шүү. Тэгэхээр боловсруулах үйлдвэрийг дэмжихгүй байна гэдэг нь худлаа. Монгол Улсад 2006 оноос хойш энэ татварыг төлөөд явж байгаа юм.
-Одоо цаашид хэрхэх вэ. Энэ хуулийг 14 хоногт багтаан өөрчлөх шаардлагатай байгаа шүү дээ?
-Засгийн газрын хуралдаанаар энэ хуулиа оруулаад засаад явуулчихъя гэтэл дэгээрээ өөр юм байна. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-аас өөрчлөх ёстой юм. Тиймээс хуулиа өөрчлөх ажлыг УИХ-аас эхлүүлээд явж байна. Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарсан, холбогдох аж ахуйн нэгжүүдтэй ч уулзсан байна билээ. Энэ ажилд манай яамныхан.ч оролцоод явж байна.
-Үндсэн хуулийн Цэцээс энэ асуудлыг их суудлын хуралдаанаараа хэлэлцсэн. Гэтэл үүнээс өмнө дунд суудлын хуралдаан болсон шүү дээ. Өөрөөр хэлбэл, АМНАТ-өөс хамааран төсвийн орлого тасалдах эрсдэл аль хэдийнэ бий болчихсон байхад яагаад 1.3 тэрбум гэж өндөр тооцсон юм бэ. Дунд суудлын хуралдааны дараагаар УИХ хуулиа засаад явж болоогүй юм уу?
-УИХ-аас энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барьчихсан байсан. Харин Үндсэн хуулийн Цэцэд УИХ-ын төлөөлөгч ажиллаад явж байсан асуудал байгаа юм. УИХ-д нэг зовлон байсныг та бүхэн ойлгоорой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцээд эхэлчихсэн байсан учраас өөр асуудал хэлэлцэж болохгүй байсан болов уу гэж бодож байна.
Цэцийн шийдвэрийн дагуу хоёр зүйл тодорхой болчихлоо шүү дээ. Нэгдүгээрт, АМНАТ төлөгч байхгүй. Хоёрдугаарт, хувь хэмжээг тодорхойгүй болгочихсон. Гэхдээ энэ шийдвэрийн дүнд би нэг зүйлд талархалтай хандаж байгаагаа хэлмээр байна. Энэ нь хэдийгээр Үндсэн хуулийн Цэцээс татвар төлөхгүй байх боломж, хийдэл гаргачихсаныг мэдэж байгаа ч Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу энэ бол төлөх ёстой татвар гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас төлөх ёстой гэдгийг хэлж байна.
Гэтэл зарим нэг хүн аливаа ашиг хонжоо хараад энэ татварыг төлөхгүй юм шигээр яриад байж болохгүй гэдгийг онцолъё. Хуулийнхаа дагуу татвар төлөхөө илэрхийлж буй бүх аж ахуйн нэгжид чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.Энэ бол үнэхээр эх оронч сэтгэлгээ мөн. Энэ тухайд "Страто” гэдэг компанийг би дахиад ярья. Бүтээгдэхүүн боловсруулж буй компаниудыг дэмжихгүй гэж яриад байна. Гэтэл энэ нь гадагш гаргаж буюу экспортолж байгаа тохиолдолд нэмүү өртгийн албан татварыг тэг хувиар авдаг. Тэгэхээр үйлдвэрлэлийн явцад төлчихсөн НӨАТ-ийг бүгдийг нь буцааж өгдөг гэсэн үг шүү дээ. Гэтэл энэ компани миний ойлгож байгаагаар одоо улсаас 3.2 тэрбум төгрөг буцааж авах хүсэлтээ өгчихсөн байгаа юм.
-Цэцийн дүгнэлт гарчихсан байхад яагаад төсөв дээрээ ийм өндрөөр тооцсоныг хардах хүн бий шүү дээ?
-З.Энхболд гэдэг хүн тийм юм яриад байна билээ. 2019 оны төсвийг ч гэсэн “Та нар орлогыг төвлөрүүлж чадахгүй. Хэтэрхий өөдрөг төсөв зохиолоо” гээд ноднин жилжингээ ярьсан. Тэр үед би 95 хувийн итгэл үнэмшилтэйгээр энэ мөнгийг төвлөрүүлж чадна гэдгээ ч хэлж байсан.
-Хуулиа өөрчилтөл татвараа яах вэ гэдэг асуудал үүсч байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Дунд нь хоног алдахгүй байхаар хуулиа зохицуулаад гаргаж болно. 1.3 их наяд төгрөгийг буулгаж болохгүй. Энэ бол өмнө нь ч компаниуд төлөөд ирсэн татвар. Тиймээс эргүүлээд сэргээж өгнө гэдэгт би итгэлтэй байна.
АМНАТ-ийг Монгол Улсаас экспортод гаргаж байгаа зэс, төмөр, нүүрс, цайр зэрэг бүхий л бүтээгдэхүүнээсээ авдаг. Ингээд орлогоо 1.3 тэрбум байна гэж тооцож гаргасан. Цэцийн шийдвэрээр АМНАТ төлөгч байхгүй болсон. Мөн хувь хэмжээг нь тодорхой бус болгочихлоо. Гэхдээ би уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд баярлаж байна. Тэд Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу төлөх ёстой татвар гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тийм ч учраас төлөх ёстой татвараа төлнө гэдгээ илэрхийлж байна. Энэ бол эх оронч сэтгэлгээ юм.
-Уул уурхайн яам АМНАТ-ийг цуцалснаар эрсдэл гарахгүй гэсэн. Харин Сангийн яам эрсдэл үүснэ гээд байгаа. Засгийн газар яагаад дотроо эсрэг байр суурьтай байгаа юм бэ?
-Мэдэхгүй. Яамдын санал зөрсөн зүйл байхгүй. Анх энэ хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Д.Сумъяабазар сайд УИХ-д өргөн мэдүүлсэн. Тэгэхдээ Засгийн газраас санал аваад нэгдмэл байдлаар өргөн барьсан. Тэр санал хэвээрээ байгаа. Засгийн газар нэгдсэн нэг байр суурьтай байгаа гэж ойлгож байна.
Таныг Хятадын компаниудын захиалгаар АМНАТ оруулж ирсэн гээд байгаа?
-Би энэ хуулийг өргөн бариагүй. Уул уурхайн яамнаас өргөн барьсан гэдгийг хэллээ шүү дээ.
-ОУВС-гаас орж ирэх мөнгө тасарсан. Энэ нь ямар шалтгаантай юм бэ?
-ОУВС-гаас улиралд 34 сая ам.доллар орж ирдэг. Монгол Улсын төлбөрийн тэнцлийг хангах зориулалтаар энэ мөнгийг Монголбанкинд олгодог. Энэ бол Засгийн газрын зээл биш.
-УИХ-ын хоёр гишүүн мөрийтэй тоглоом тоглосон гэх мэдээлэл гарлаа. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн хувьд энэ мэдээллийг үгүйсгэсэн. Харин та энэ тухайд тайлбар өгнө үү?
-Би ийм “АХА” тэмцээнд оролцмооргүй байна. Ийм тэмцээн зохиохоо боль. Энэ нэг л танил технологи яваад байна. Үүнийгээ болих хэрэгтэй.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)