Г.Давааням: Мансууралтай тэмцэх ажилд оролцохгүй нэг ч төрийн байгууллага, алба хаагч байх ёсгүй

-ШҮҮХЭЭС ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛАХГҮЙГЭЭР ТЭНСЭХ, АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН 64 ЭТГЭЭДЭД АНХАН ШАТНЫ ТЕСТИЙН СОРИЛ ТАВИХАД 20 НЬ ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИС ДАХИН ХЭРЭГЛЭСЭН НЬ ТОГТООГДСОН-

Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Даваанямтай ярилцлаа.

-Үндэстнийг мөхөөдөг хар тамхитай тэмцэхэд яамд болон албан байгууллагууд ямар оролцоотой ажилладаг вэ. Яаж ажиллах шаардлагатай вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүргийг цагдаа, гааль, эрүүл мэндийн байгууллагаас гадна холбогдох хууль тогтоомж болон Засгийн газрын 2017 онд батлан хэрэгжүүлж буй Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон чиг үүргийн байгууллагуудын үүрэг, оролцоог зааж өгсөн байдаг. Тухайлбал, БОАЖЯ, ХХАХҮЯ мансууруулах үйлчилгээтэй ургамлын тархац, нөөцийг тогтоох, МХЕГ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын бүртгэл, үйлдвэрлэл, зарцуулалт, хадгалалт, түүхий эдийн олборлолт, ургамлын тархцад хяналт тавих, БСШУСЯ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс хүүхэд, залуусыг урьдчилан сэргийлэх мэдлэг олгох бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх гэх мэт. Цагдаагийн байгууллагаас чиг үүргийн байгууллагуудыг хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар мэдэгдэл, шаардлага, зөвлөмжийг удаа дараа хүргүүлж байгаа. Мэдэгдэл, шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй байгууллага, албан тушаалтанд хуульд заасан арга хэмжээ тооцох болно. “Мансууралтай тэмцэх ажилд оролцохгүй нэг ч төрийн байгууллага, алба хаагч байх ёсгүй” гэж үздэг.

-Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид ямар ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны шийдвэр, Хууль зүй дотоод хэргийн сайдын энэ оны аравдугаар сарын 24-ний өдрийн тушаалаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Дэд зөвлөлийг байгуулсан. Тухайн Дэд зөвлөлийг Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд ахлан ажиллаж байна.

Дэд зөвлөл байгуулагдсантай холбогдуулан тус зөвлөлийн анхдугаар хуралдааныг өнгөрсөн сарын 28-ны өдөр зохион байгуулсан. Хуралдаанаар мансууруулах эм сэтгэцэд, нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахын тулд судалгаа, дүн шинжилгээнд суурилсан, мэргэжлийн байгууллага, олон нийтийн дэмжлэг оролцоонд тулгуурласан үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж тогтож гурван чиглэлд үйл ажиллагааг чиглүүлж ажиллахаар шийдвэрлэлээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх нь бүх нийтийн үүрэг, оролцоон дээр тулгуурлах ёстой. Нэн ялангуяа төрийн байгууллагуудын үүрэг, оролцоо маш чухал. Өнөөдөр цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэргийг илрүүлээд хуульд заасан хариуцлага тооцоод байдаг. Харин иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох, хэрэглэгч болохоос урьдчилан сэргийлэх, хэрэглэгч, донтогчдод үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ, хорих ял эдлээд суллагдсан иргэдийг нийгэмшүүлэх гээд маш олон асуудал бий. Бүх систем зэрэг, жигд ажиллаж байж энэхүү гэмт явдал, нийгмийн сөрөг үзэгдэл, үр дагавартай үр дүнтэй тэмцэх, хүн ардаа хамгаалах учиртай.

-Үйл ажиллагааныхаа чиглэлийн талаар илүү тодруулахгүй юу?

-Гурван чиглэл байгаа талаар би яриандаа дурдсан. Эхнийх нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт борлуулах үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, хязгаарлах, хяналтад авах ажлыг эрчимжүүлэх, байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ажиллана. Тэмцэх чиг үүргийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох ажлыг шуурхай болгож сэжигтэй бүлэг бөөгнөрөл, байр байгууламжийг илрүүлэх, тэдэнд цохилт өгч ажиллах үндсэн үүргийг хэрэгжүүлнэ.Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх, ухуулга нөлөөллийн ажлыг үр дүнтэй зохион байгуулахаар болсон. Үүнээс гадна донтогч, хэрэглэгч нарыг эмчлэх, хорт зуршлаас татгалзуулах, нийгэмшүүлэх гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагааг идэвхжүүлнэ.

-Төлөвлөсөн зорилтуудын хүрээнд хийж гүйцэтгэх ажлуудынхаа талаар ярихгүй юу?

-Дэд зөвлөлөөс аливаа ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ судалгаа, дүн шинжилгээнд суурилсан, чиг үүргийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоог хангаж зорилтот бүлэгт чиглэсэн үр дүнтэй урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг төлөвлөж ажиллахаар зорьж байгаа.

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд хар тамхимтай тэмцэх, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг олон нийтэд сурталчлахгүй чиглэлээр уриалга гаргаж ажилласан?

-Хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага уриалга гаргаж бидний ажлыг дэмжин ажиллаж байгаа. Хэвлэл мэдээллийн бодлогод хар тамхины хор хөнөөл, учирч болох сөрөг үр дагаврыг таниулсан, соён гэгээрүүлэх зөв мэдлэг, мэдээлэл олгоход чиглэсэн байгаасай гэж санагддаг юм.

Цагдаагийн байгууллагаас хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээллийн бодлого, агуулгад тогтмол хяналт тавьж байгаа. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, түүнийг тарих, түүж бэлтгэх, боловсруулах, худалдаалах гэх мэт хууль бус үйл ажиллагааны үйлдлийн аргыг харуулсан, сурталчилсан уран бүтээл хийхгүй, олон нийтэд түгээхгүй байх тухай мэдэгдлийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргүүлсэн. Энэ нь өсвөр үе залуучуудад хар тамхи хэрэглэж үзэх сэдэл төрүүлдэг муу талтай. Энэхүү бодлогыг хэвлэл мэдээллийн байгууллагууд дэмжиж, хамтран ажиллаж байгаа.

-Хар тамхитай тэмцэх газраас албан байгууллагуудад хандсан уриалга гаргаад хоёр сар орчмын хугацаа өнгөрсөн байна. Уриалгын үр дүн яаж гарч байна. Уриалгын ач холбогдол, онцлогийн талаар ярихгүй юу?

-Хар тахимтай тэмцэх газраас “Хар тамхигүй ажлын байр” гэх уриалгыг олон нийтэд гаргасан. Энэ нь олон улсад хэрэгжээд үр дүнгээ өгсөн арга хэмжээ. Аж ахуйн нэгж, байгууллагууд албан хаагчдаа мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг нь улиралдаа нэг шалгадаг байх, хэрэгцээт орон тоон дээрээ сонгон шалгаруулалтаар судалж буй хүнийг мөн шалгадаг байхыг л уриалж байгаа юм л даа. Энэ нь тухайн байгууллага тогтвортой үйл ажиллагаа явуулах, аюулгүй байдлаа хангахад нь хэрэгтэй.

Үүний цаад зорилго нь далд хэрэглэгчдийг эрт илрүүлэх, хэрэглээг нь хязгаарлахад чиглэж байгаа. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг хүнийг төрийн алба, цаашлаад үндэсний хэмжээний компани, аж ахуйн нэгж байгууллагуудад ажиллах, ажилд орох боломжийг хязгаарлах юм. Цаашилбал, гадаадад суралцахад тавьдаг шалгуур үзүүлэлтүүдийн нэг нь хар тамхи хэрэглэдэг эсэхийг тестэлдэг тогтолцоо бий болгохыг зорьсон. Энэ нь ирээдүйд “Хар тамхи мансууруулах бодис хэрэглэх нь миний хөгжиж дэвших, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэхэд саад тотгор болно” гэсэн сэтгэхүй, ойлголт, хандлагыг хүүхэд залууст эртнээс суулгахад ач холбогдолтой гэж ойлгож болно.

-Хар тамхи хэрэглэсэн эсэхийг тестэлдэг багаж хэрэгслийн хүртээмж хэр вэ?

-Мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест нь жирэмсний тесттэй л яг адилхан, биологийн дээж буюу шээсэнд дүрж үр дүнг шууд харах боломжтой байдаг. Эрүүл мэндийн байгууллагууд холбогдох хууль тогтоомж, зөвшөөрлийн дагуу оруулж ирээд зарахад нээлттэй. Харин энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх , хяналт шалгалт хийх чиг үүргийн байгууллагууд албаны үйл ажиллагаанд ашиглах тест хангалттай, хүрэлцээтэй байдаг. Ер нь энэ тестний хэрэглээг бүх төрийн байгууллагууд нэвтрүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж, уриалж байгаа.

-Цахим орчинд олон тооны дагагчтай хүмүүс зарим төрлийн мансууруулах бодисыг эрүүл мэндэд хоргүй, хуулиар зөвшөөрөх хэрэгтэй гэх мэт мэдээлэл, цацаж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Энэ нь өсвөр үе, залуучуудад буруу ойлголт хандлагыг төрүүлэх, мөн урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хор аюул, үр дагаврын талаар ухуулга, нөлөөллийн ажлыг нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, шинжлэх ухаанд суурилсан хэлбэрээр зохион байгуулахгүй бол зарим сургалт нэртэйгээр зохион явуулж буй урьдчилан сэргийлэх ажил нь хүүхдүүдийн сонирхол, шохоорхлыг өдөөсөн эсрэг сэдэл, сурталчилгаа болж болзошгүй байгаад анхаарч боловсролын байгууллагаас эрдэмтэн, судлаачдын оролцоотой сургалтын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж манай байгууллага үздэг. Дэд зөвлөлөөс энэ чиглэлд мөн ажлын хэсэг байгуулж ажиллахаар тогтсон байгаа.

-Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон урлаг соёлынхон, олны танил эрхмүүд тодорхой хуулийн дагуу ял шийтгэл хүлээдэг ч олонх нь тэнсэн харгалзах ялаар шийтгүүлээд үлддэг юм билээ. Тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн хүмүүст танайхаас ямар хяналт тавьж ажилладаг вэ?

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн Прокурорын газартай хамтраад өнгөрсөн сард Шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 64 этгээдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавихад 20 этгээд хар тамхи, мансууруулах бодис дахин хэрэглэсэн нь тогтоогдсон. Эдгээрийн дөрвөн этгээд биедээ мансууруулах бодистой явсныг илрүүлж хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа. Мансууруулах бодис хэрэглэсэн 16 этгээдэд “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй” гэх үндэслэлээр одоогийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хорих ял оногдуулах тухай саналыг холбогдох байгууллагад хүргүүлээд байгаа.

Шүүхээс энэ төрлийн хэрэгт холбогдсон гэм буруутай этгээдэд тэнсэх, албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ тухайн этгээдэд засрал хүмүүжил олгох үүднээс “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” албадлагын арга хэмжээг давхар оногдуулж байгаа. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон прокурорын байгууллагаас хэрэгжүүлж буй энэ төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд манай байгууллагаас мэргэжил арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллах болно.

-Дуучин Б.Амархүү, жүжигчин Б.Энхтүвшин нар хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэх явцдаа баривчлагдсан байсан. Дээрх хэргүүдийн талаар тодруулбал?

-Холбогдох хуулийн хүрээнд л шийдвэрлэгдэж байгаа асуудал. Цагдаагийн байгууллага нь олны танил, нийгмийн давхаргаас нь үл хамаараад гэмт хэргийг илрүүлэх үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа.

-Манайд үйл ажиллагаа явуулдаг гадаад хэлний сургалтын төвийн хоёр ч багш хар тамхины хэрэгт холбогдсон. Та бүхэн хэлний сургалтын төвийн багш нарт ямар хараа хяналт тавьж ажилладаг вэ?

-Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа, үйлдэж байж болзошгүй талаарх мэдээллийг хүлээж авч шалгалтын ажиллагаа явуулдаг. Энэ хүрээнд л шалгаад явдаг. Сургуулийн орчинд гадаад багш нартай холбоотой асуудал яригдаж байна. Энэ нь тухайн сургууль, боловсролын байгууллага нь гадаад багш урьж ажиллуулах эрх нь нээлттэй байгаа. Гол нь тухайн багшийнхаа хувийн байдлыг маш нарийн судалж байх шаардлагатай. Боловсролын байгууллага энэ тал дээр анхаарал хандуулж ажиллах зайлшгүй шаардлагатай. Цагдаагийн байгууллагаас хамтран ажиллах бүрэн боломжтой.

Эцэг, эхчүүддээ хандаад хүүхдийнхээ зөн төлөвт гарч буй өөрчлөлтийг маш сайн ажиглаж, нээлттэй сайн ярилцаж байхыг зөвлөж байна. Аливаа сэжигтэй зүйл илрэх тохиолдолд тестээр шалгаад үзэхэд илүүдэхгүй. Эрт илрүүлэх тусам түүнийг эмчлэх, хорт зуршлаас нь татгалзуулахад үр дүнтэй.

О.Дашням

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)