Монголын нийгэмд хуримтлагдсан хог новшийг орвонгоор нь арилгах аавын хүүг амьдрал өөрөө бэлтгэж байгаа

Үндсэн хууль эмхлэгчдийн сонорт

Үндсэн хуулийг өөрчлөх явц дэндүү болхи, ичгүүргүй маргаан тэмцэл дагуулж байна. Бөөн хардлага, талцал, үгүйсгэл, гадуурхал, хийрхэл, туйлшрал, өнөөх л хуулмал сэтгэлгээ. Санал гаргалаа, татлаа л гэнэ. Хэнд ашигтай саналыг яагаад татаж, хэнийг /юуг/ хохироож байгаа юм бэ. Үндсэн хуулиас саналаа харамлаж байгаа этгээдийг цаашид сонгох ч шаардлагагүй санагдана.

 

 

Монгол хүн ардчилагдчихаад байгаа нь энэ үү. Лав л бие биенээ итгэх, тоохоо больсон харагдана. Энэ цаг, төр биднийг ийм болгочихсон хэрэг үү. Тийм бол Үндсэн хуулиараа тоглоод яах вэ. Үндсэн хууль бол хэн нэгний тулгалт, дур зорго, атгаг санаа, өс хонзон, дуураймал загвараас ангид төр, нийгмийн алс хэтийн бодлого зорилт, хөгжил дэвшлийг тусгасан бүх нийтийн эрх ашигт нийцсэн, цэвэр монгол оюуны охь шингэсэн хураангуй судар гэж ойлгож байна. Төр, нийгмээ төвхнүүлэхийн тулд л Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг байх.

 

Үндсэн хуульд тунхагласан хүмүүнлэг ардчилал гэхэд л өнөөдөр ашиг сонирхлоороо харшилдсан, бие биенээ хажигласан, үйолон хэсэг бүлгийн амь амиа хаацайлсан хүйтэн уур амьсгал болон хувираад байна. Энэ нийгмийн босго давмагцаа амин тэжээлээсээ хагацаж, ажилгүйдэл ядуурлын эгнээнд шилжигчдийн хувьд бол ардчилал, хүний эрх нь тэдний духан дээр наасан хуурамч хаяг л байлаа шүү дээ. Шүүхийн шинэчлэл, шүүгчдийн бие даасан хараат бус байдал гэж ямар их улигласан билээ. Гэтэл Ерөнхийлөгч нь шүүх тагнуулынхаа байгууллагатай хамсан зохиомол хэрэг бүтээчихсэн ч, байх шиг. Огт гэм зэмгүй иргэд хүн амины хэргээр шоронд хатаж байна. Үүнийг ардчилал, шударга ёс гэх үү. Хуульдаа захирагддаггүй, эд мөнгө, эрхтэн дархтанд бууж өгч ашигладаг, ашиглуулдаг шүүгч олширсон юм байна. Шүүхийн шинэчлэл гээч нь энэ үү. Шүүх, шүүгчид хэдийгээр хараат бус эрхтэй ч олон түмний хараа хяналтаас хэт хөндийрвөл ямар их уршиг тарьдаг нь эндээс харагдаж байгаа болохоор хүмүүс шүүгчдийг сонгуулиар тодруулж, огцруулж байя гэж санал гаргаж байна.

 

Монголд эв нэгдлээс эрхэм амин тариа үгүй болсныг энэ хэлэлцүүлэг хүртэл давтан сануулж, тулга тойрсон явган хэрүүлээ орхиод Үндсэн хууль тойрсон амьдрал ярихыг цаг үе шаардах болжээ. Ярилцаж буй хуульд хүмүүс хоорондоо эвлэлдэн нэгдэх эрх чөлөөтэй гэж заасан. Энэ уул нь маш чухал заалт. Гэвч амьдрал дээр уг заалт эвлэлдэн нэгдсэн дүрээр сүлбэлдэн хагаралдсан олон нам бүлэг үүсэхийн эрх зүйн бэлэн зууш болон ашиглагдаж иржээ. Тэгэхлээр энэ заалтыг мушгин гуйвуулж ашиглахааргүй болтол нь дэлгэрүүлэн найруулж өөрчилмөөр байна.

 

 

Төрийн эрх булаалцалдсан, үзэл бодлын зөрүүтэй олон намын балгаар нийгэм ашиг сонирхлын зөрчилтэй олон хэсэг болон талцан хуваагдаж, үндэсний эв нэгдлийг тарамдаж хаячихаад байна. Олон нам оршин буй цагт хүмүүнлэг ардчилал, үндэсний эв нэгдэл гэж ярих нь мөн л хоосон ам болж мэднэ. Монголд нэгдмэл бодлого, зорилготой улс төрийн ганц цул хүчин байхад хангалттай.

 

Энэ санаа одоо үгүй юм гэхэд хожим ойлгогдоно. Саяхан ‘‘далан нөхөөст” гэгдэж байсан. Хятад улс манайд олон нам хэрэлдэж байх зуур дэлхийд тэргүүлэх гүрэн болж амжлаа шүү дээ. Тэгвэл манайхан гучаад жил хоосон аманд хууртсанаараа л дэлхийд тэргүүлэх байх. Бид амаараа, тэд ажлаараа уралджээ.

Манайд амьдралын баталгаа алдагдсанаас энэ их шилжилт хөдөлгөөн, төвлөрөл, задрал үүсч, хүнийсэх явдал газар авчээ. Хамтран бүтээхийн оронд хуйвалдан хулгайлах, хийж бүтээхийн оронд хэрэглэж дундлах сэтгэлгээ ноёрхож ирлээ. Ялангуяа дээд шатандаа нийгмээ гэсэн сэтгэхүй нэн доройтжээ. Тиймээс төрд ажиллагсад, сонгуульд нэр дэвшигчдийг тун хатуу чанга шалгуураар шилж тодруулах нь зүйтэй. Зарим нь гаж сонирхлоо эдлэх ёстой эрх мэт ойлгож, эдийн шуналд ээнэгшин дассаар сүүлдээ бүр шуналын тулам, шоронгийн хадаас болж байна. Авлига, хээл хахууль хүн чанарыг ёстой нэг цөлмөж ирэв. С.Зоригийг хөнөөснөөс хойш бузар булай хэрэг арав хоног ч алгасалгүй гардаг болсон нь хүн чанар хэцүүдсэний илрэл мөн.

Үржих, ажиллах ид ирэн дээрээ яваа хэдэн зуун мянган хүн эх орноосоо дайжин дэлхийгээр нэг тархан цагаачилж явна. Мөн ч их нөөц боломж шүү. Цагаачлал манайдаа бол Үндсэн хуульд тусгахаас аргагүй том асуудал болжээ. Цагаачид цагаандаа гарах ёсгүй. Тусгай хуулиар ч болов зохицуулах байх гэж бодож байна.

Бидэнд заяасан ховор гени, үндсэрхэг дотночлол, үнэнч зан заншил, оюуны болоод бие бялдрын онцлог чадавх нь даяарчлалд уусгаж болохгүй, зөвхөн монголчууд өмчлөх эрхтэй нандин өв юм. Манай удмын сан, эрүүл мэнд, агаар ус, хөрс, амьдрах ахуй орчин цагаачдын тээж авчирсан хорвоогийн хог новшоор бузартчихсан байна. Хар тамхи, халдварт өвчин нүүрлэчихлээ. Үнэнч, дайчин шударга хэвшил маань урвамтгай уусамтгай нялцгай байдлаар солигдож ирэв. Цагаачид эх орноо хөгжүүлэх үйлсэд бүр ч онцгой  үүрэг гүйцэтгэх боломжтой. Тэдний нүдэн дээр дэлхийн дэвшилт стандарт, технологи, улс үндэстнүүдийн хамаг сайн сайхан дэлгээстэй байна.

Хүний эрх гэхээр монгол хүнд өөрт хамаагүй юм шиг сэтгэгдэл төрүүлж байна. Монголчууд хэзээнээс нааш хувьд оногдсон эрхээ хүний гэдэггүй, өөрийн эрх /мэдэл/ гэж ярьж, амьдрал, биеэ авч явж иржээ. Үүнийг харгалзан Үндсэн хуульд хүний эрхийг “өөрийн эрх” гэж залруулан тусгахыг санал болгож байгаа юм, бид.

Төр, засаг хүн бүрийг эрх, үүргээ хэрэгжүүлэх нөхцөл боломжоор бүрэн хангаж, бүх нийтийг ажилтай, хэрэглээнээсээ илүү ихийг хийж бүтээдэг болгосон цагт Монголд дүүрэн дундаж, чинээлэг амьдрал цогцолно. Манайд хуримтлагдсан бугшмал хог новш, хов живийг орвонгоор нь арилгах аавын хүүг амьдрал өөрөө бэлтгэж байгаа гэдэгт итгэж байна.

 

Г.ДАЛАНТАЙ /Ахмад сэтгүүлч/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)