И.Урангоо: Хувцас ч уран зураг шиг байж болно

Монголын загварын ертөнцөд минималист хэв маягийг байгальд ээлтэй байдлаар хослуулсан цуглуулгаараа онцгойрдог дизайнер И.УРАНГООТОЙ ярилцлаа. Тэрбээр “Гоёл” наадмын шилдэг дизайнерын шагналыг хэдэнтээ хүртсэн бөгөөд Канад, Орос, Италийн загварын долоо хоногт амжилттай оролцжээ. 

-“Та хувцсанд эрх чөлөө” гэх этгээд нэртэй өвөрмөц номоо хэвлүүлжээ. Амьд биет л эрх чөлөөтэй гэж боддог бидний хувьд энэ нэр тун шинэлэг санагдлаа?

-Хүн өмссөн хувцсаараа өөрийгөө илэрхийлдэг учраас номоо “Хувцсанд эрх чөлөө” гэж нэрлэсэн. Хувцасаар дамжуулан амьдралд суралцаж буй миний он жилүүдийг багтаасан энгийн л ном. Хэрхэн сайхан хувцаслах вэ гэхээс илүүтэйгээр хувцсаа хэрхэн бас өөрийгөө эрх чөлөөтэй болгох вэ сэдвийг харамгүй багтааж хүрэх дараалалыг нь дасгал бүрээр өөрөө хувцасныхаа загварыг зурж сурах, загвараа гаргах хэсгүүд оруулж өгснөөр таны байнгын хөтөч болох болов уу гэж найдаж байна. Бид хувцаслалтын эрх чөлөөнд байгальд ээлтэй замаар хүрнэ. Ямар нэг зүйлийн төлөө уйгагүй тэмүүлж, эцэс төгсгөлгүй зорилгын дунд амьдарч байна. Хэрвээ мэдэрч чадвал амьд биет гэлтгүй бүх зүйл эрх чөлөөтэй шүү дээ. Жишээлбэл, мод үндсээ өөр зүйл ургамлын үндсээс ялгаж таньдаг. Мод хайрладаг, орон зайгаа хамгаалдаг, өвддөг, бие биедээ тусалдаг тэр ч байтугай хоорондоо найзалдаг. Бидний мод л гэж хардаг зүйл бидэн шиг амьдрах гэж хичээдэг.

-Хүн дэргэдийн эрдэнээ анзаардаггүй атлаа холын зүйлд тэмүүлдэг. Үүнийг дутагдал гэж ойлгож болох уу?

-“Бид өөрсдийгөө байгаар нь хайрлаж чаддаг уу. Таныг хүмүүс байгаагаар чинь хайрладаг болов уу” гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Тиймээс хэрхэн баяжих вэ, ямар ухаантай болох вэ, амжилттай байх вэ гэсэн сэдвийг миний номноос хайгаад олохгүй. Харин хэрхэн тэнцвэртэй амьдрах талаарх “Амьдралтай бүжиглэ” гэсэн сэдвийг багтаасан.

 

Бид зорилгынхоо төлөө гэр бүл, дотнын хүмүүсээ мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, тэнцвэртэй амьдрах хэрэгтэй. Хүмүүс аливааг хэтрүүлж байгаа нь аз жаргалыг багасгадаг гэж би боддог. Тиймээс цаг хугацаагаа зөв төлөвлөж, зохицуулж чадвал бид ажлаа аз жаргалтай хийж, гэр бүлтэйгээ илүү хугацаагаар хамт байж чадна.

 

Хүн хаана, юунд цагаа зарцуулна тэндээ хүн өсч байдаг. Харин цагаа юунд зарцуулах нь хувь хүний сонголт. Хүн зөвийг мэдэрдэг, хийдэг . Гэхдээ бүх зүйл нэгэн зэрэг нэг цаг хугацаанд байх боломжгүй.

 

-“Амьдралтай бүжиглэ” гэсэн таны уриалга надад содон санагдпаа. Энэ санаагаа дэлгэрүүлнэ үү?

 

-Амьдралд энгийн зүйлээс ч таашаал авч болно. Бид заримдаа хэтийдсэн тэмүүлэлд хөтлөгдөөд байгальд буй бүхэнд талархаж мэддэггүй нь харамсалтай. Тухайлбал, алтнаас илүүтэй усгүй бол хүн төрөлхтөн оршин тогтнож чадахгүй. Тиймээс амьдралынхаа мөч бүрийг мэдрэхийг хичээдэг. Хорвоогийн буй бүхнийг мэдрэхийг “Амьдралтай бүжиглэх” гэж хэлж болно. Нэг зүйлд маш олон жилийг зарцуулж байж үнэрлэх төдий л түүнийг мэдэрч чаддаг. Өөрөө унаж босоод, уйлж дуулсанаа мэдрэхээс цаадхыг бусадтай хуваалцахыг хайраа түгээх гэдэг байх. Амьдралын турш хүмүүсийг нэг л хэмжүүрээр хэмжвэл нэг хэвэнд цутгасан хүн сүргийн үйлдвэрлэл эхэлнэ. “Тэдний хүүхдүүд тэгсэн байна”, “Тэр ингэсэн байна”,“Намайг юу гэж бодох бол”, “Би ингэж болохгүй” гэсэн эцэс төгсгөлгүйн дунд бид нөгөө “Би”-гээ гээж байна. Хүн болж төрсний учир шалтгаан болох “Би юу мэдэрч байна, юуг мөрөөдөж байна. Би юунд тэмүүлж, юуг тунхаглаж байна” гэх давтагдашгүй мөн чанар, мэдрэмж бүгдийг боомилон “тэд”-ийн давалгаанд живж эхэллээ. Өөрийгөө сонсохоо, өөртэйгөө ярилцахаа ч больж, бусадтай өрсөлдвөл эцэс төгсгөлгүй шаналан эхэлнэ. Бусдыг даган дуурайсан, бусдад таалагдах гэж, тэдний зохиосон, хэлбэрдсэн хэрэгцээгүй юмны хэлбэрийг хөөцөлдөж, шинж чанараас ханамжийг эрсээр, мөн чанараасаа улам холдсоор амьдрал дуусна.

 

-Гэхдээ бид өнгө хөөсөн гажуудлаасаа болж хувцсыг хэрэглээнээс илүүтэй хог хаягдал болгож байна. Тэгэхээр бид түүнийг худалдан авахдаа тэнцвэртэй байх шаардлагатай юу?

 

-Тэгэлгүй яах вэ. Худалдан авахаас гадна хувцсыг урлахад хүртэл тэнцвэр шаардлагатай. Хэтэрхий их чимэглэлтэй, олон өнгө холилдсон загвар сүлд мод шиг харагдана шүү дээ. Тиймээс биеийн харьцааг зөв илэрхийлсэн загвар зохион бүтээхэд тэнцвэрийн зарчмыг зайлшгүй баримталдаг. Үүнд өнгөний тэнцвэр ч хамаарна.

 

-Та хувцсыг дахин ашиглаж болно гэсэн концепцоор загвар зохион бүтээдэг цөөн дизайнерын нэг. Ингэхдээ байгальд ээлтэй материал сонгодог нь таны онцлог юм болов уу?

 

-Худалдаж авсан хувцсаа удаан өмсч, элэгдсэнийх нь дараа “хоёр дахь амьдрал" бэлэглэхгүй байгаа нь бидний сул тал. Хуучин хувцсаар ахуйн хэрэглээний эд зүйлс урлаж болдог. Аливаа хувцсыг урласан материалын ард олон хүн хөдөлмөр, цаг хугацаагаа зориулдаг. Бүтээлийн үнэ цэнийг өртгөөр бус цаг хугацаагаар хэмжих нь зүйтэй. Би байгальд ээлтэйгээс гадна хүний биед эвтэйхэн материал ашиглахыг илүүд үздэг. Жишээ нь, хөвөн даавуун материалтай хувцас эдэлгээ урттайгаас гадна дахин ашиглахад урамтай байдаг. Нийлэг материалаар хийсэн хувцсанд хоёр, гурав дахь амьдрал өгөхөд төвөгтэй. Хог хаягдал болохоос гадна байгальд удаан шингэдэг. Тиймээс би нийлэг материалыг цуглуулгадаа тэр бүр ашигладаггүй. Ванковерын загварын долоо хоногт 2009 онд оролцохдоо тааран материалыг анхлан ашигласан юм. Хэдийгээр биднээс  түрүүлсэн нийгэмтэй ч Канадын загварын ертөнцийнхөн эергээр хүлээж авсан. Байгальд ээлтэй гэдэг утгаараа таар, арьс ширэн, материалыг загвартаа түлхүү ашигладаг. Мөн хонины ноосыг хэрэглэж үзсэн. Одоо ноолууран материал дээр ажиллаж байна.

 

-Магадгүй худалдан авагчид ухаалаг сонголт хийж чадвал эко бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл зах зээлээс шахагдах байх гэж би боддог. Та үүнтэй санал нийлэх үү?

 

-Худалдан авалтгүй бол тухайн үйлдвэрлэл зогсоно. Эсвэл синтетик бус цэвэр хөвөн даавууны үйлдвэрлэл рүү шилжих зэргээр категорио өөрчлөх байх. Ер нь хүний хэрэглээний боловсрол үйлдвэрлэлд нөлөөлдөг. Бид ухаалаг, эко байж чадвал өөрт төдийгүй хүрээлэн буй орчинд тустай.

 

-Таны цуглуулгууд “Хөдөөгийн баясгалан” гээд нэрнээсээ л монгол ахуй уламжлал руу өнгийсөн байдаг. Та загвараараа юуг илэрхийлэхийг хүсч, зорьдог вэ?

 

-Би монгол загварыг өөрчилж, хэт эвдэхээс эмээдэг. Тиймээс үндэсний хувцсаа “барьж авч” дагнасан цуглуулга гаргахаас зүрхшээдэг юм. Магадгүй “Одоо л монгол хувцас руу оръё” гэсэн цагтаа л үндэсний загвараар оролдох байх.

 

 

Дэлхийн загварын чиг хандлагыг ажиглахад Япон, Хятад, Солонгос гээд Азийн дизайнерууд өөрсдийн онцлогийг шингээсэн цуглуулга гаргах нь түгээмэл. Би монгол хүн учрдас угсаатныхаа ялгарах шинж чанараас загвартаа тусгадаг. Гэхдээ ёс заншлаараа түрүү барихаас илүүтэй бид ийм түүхийг туулж өдий хүрсэн гэдгийг загвартаа шингээхийг чухалчилж байна.

 

Ер нь гадаадын загварын тэмцээнд оролцоход үндэсний хэв шинжийг тусгасан байвал өндөр үнэлгээ авдаг. Тэгэхдээ хэтрүүлж болохгүй. Байгапь. нийгэм, хүмүүсийн холбоог анзаарч бүтээлдээ тусгахыг зорьдог. Мөн тухайн үед төрсөн мэдрэмж загварт нөлөөлнө. Би цуглуулгатайгаа хамт өсөн дэвжихийг хичээдэг.

-“Урангоо Идэр” брэндийн алсын хараа, хэтийн зорилго юу вэ?

 

-Аль ч үед үндсэн концепцоо хадгалахыг хүсдэг. Нийгмийг өөрчлөх гол цөм бсшсон залуу үед эерэг хандлага түгээхийг хичээж байна. Бид хувцас урлахаас гадна соёлыг түгээгчид. Гаднынханд бидний амьдралын хэв маяг, уламжлал чухал болохоос биш өндөр байшин, гоё машин сонин биш. Ер нь барууныхан “Монгол хүн гэж хэн юм бэ” гэж сонирхдог. Үүнтэй адил би гаднын соёл, хүмүүсийн сэтгэлгээ монголчуудаас юугаараа ялгаатайг судалдаг. Нийгмийг хөдөлгөгч хүч нь хүн. Тэгэхээр өндөр хөгжилтэй орны ард түмэн хэрхэн улсаа хөгжүүлж байгааг судлахад сонирхолтой байдаг. Би яавал байгальд ээлтэй хувцас үйлдвэрлэх талаар олон жил судалсан. Өнөөдрийн худалдан авагчид уу, арван жилийн дараах хэрэглэгчдийг зорьж байгаа юу гээд брэндийн зорилго ондоо. 10 жилийн өмнө брэндээ эхлүүлж байхад хүмүүс гоёлын даашинз, дээл худалдан авах сонирхолтой байсан. Харин одоо энгийн загварыг сонирхдог болжээ. Сүүлийн жилүүдэд би загварын шоунд оролцоогүй. Загварын үзэсгэлэнд анхаарал хандуулж байна. Хувцас уран зураг шиг байж болно шүү дээ. Загвар зохион бүтээхэд таван мэдрэхүй ажилладаг учраас хувцсыг бүтээл гэж хэлж болно.

 

-Энэ өвлийн загварын тренд, чиг хандлагыг хэрхэн тодорхойлох вэ?

 

-Мэргэжлийн дизайнерын хувьд чиг хандлагыг судалдаг. Гэхдээ би тренд, чиг хандлагаас илүү Хүний мөн чанартай тулж ажиллахыг илүүд үздэг. Загварын чиг хандлагад ноёрхож байгаа болон дизайнеруудын санал болгосон зүйлд үндэслэж тренд гардаг. Харин тухайн хүний мөн чанар, юу илэрхийлэхийг зорьж байгааг стиль гэнэ. Тэгэхээр стиль, трендийг ялгаж ойлгох хэрэгтэй.

 

-Азийн загварын чиг хандлагыг БНСУ-ын дизайнерууд тодорхойлж байна. Тэдний загварыг харахад уламжлалаа сэргээхийг хичээж байгаа нь анзаарагддаг. Та энэ улсын их сургуульд суралцахдаа юуг нь эзэмшихийг чухалчилсан бэ?

 

-Солонгосууд аливаад няхуур хандаж, гүйцэтгэл сайтай байдаг. “Чаддаг зүйлээ сайн хий” гэсэн зарчим баримталдаг. Бүхнийг мэддэг байх албагүй шүү дээ. Тэдний энэ чанар хоол хийхэд хүртэл мэдэгддэг. Хүн төрсөн цагаасаа харж дадсан үндэсний соёлоо бүтээлдээ түлхүү ашигладаг. Жишээ нь, монголчууд дээлээ, японууд кимоногоо ямар нэгэн байдлаар илэрхийлдэг шиг солонгосууд ханбокоо загвартаа тусгаж эхэлсэн.

 

-Дэлхийд алдартай загвар зохион бүтээгчдээс “Энэ надтай төстэй” гэж өөртэйгөө үзэл бодлоор адилтгах дизайнер байдаг уу?

 

-Өмнө нь тийм дизайнер байсан. Цаг хугацаа тутамд хүн мөн чанараа өөрчлөхгүй ч шинж чанар нь хувирдаг Магадгүй өнөөдөр өчигдрийнхөөс өөр хүн, маргааш дахиад шинэ дизайнер гарч ирэхийг үгүйсгэхгүй.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)