Б.Чулуун-Эрдэнэ: Чөлөөт бүсэд суурьшлын бүс байхгүй, орж ирсэн хаалгаараа өдөртөө буцаад гарна
- 2019-11-14
- Өөр өнцөг
- 0
“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Чулуун-Эрдэнэтэй ярилцлаа.
-2015 онд батлагдсан Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ хэлэлцэж байна. Багагүй маргаан дагуулаад буй уг хуульд яг одоо ямар өөрчлөлт орж байгаа юм бэ?
-Энэхүү хэлэлцээрийн төслийг боловсруулах, Хятадын талтай хэлэлцээ хийх явцад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Хил дамнасан чөлөөт бүс гэсэн томьёоллыг өөрчлөх чиглэл өгсөн. Үүний дагуу Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Чөлөөт бүсийн тухай хууль 2015 оны хоёрдугаар сарын 12-нд батлагдсан. Одоо энэ хуулийн зөвхөн 3.1.11-т “Хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн Газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг гэж тусгасныг “ Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэж өөрчлөхөөр санал оруулж байгаа. Нэр томьёоны л асуудал байгаа.
-Монгол, Хятадын Замын- Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хэлэлцээрийг хийхээр хоёр улс хэдийд санал нэгдсэн юм бэ?
-2014 оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсад айлчлах үеэр хоёр тал Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоохоор санал нэгтэйгээр тохиролцсон. Улмаар төрийн тэргүүнүүдийн удаа дараагийн уулзалтаар эдийн засгийн коридор байгуулах, хил дамнасан чөлөөт бүс байгуулах тухай судлахаар харилцан тохиролцсон юм. Улмаар Ерөнхий сайдын 2015 оны 12 дугаар Захирамжаар “Замын-Үүд” болон Эрээний боомтод хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах, холбогдох судалгаа хийж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хүрээнд Замын-Үүд болон Эрээн боомтын хооронд хил дамнасан чөлөөт бүс байгуулах ажлын урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, эрсдэлийн үнэлгээний судалгаа хийгдсэн. Монгол, Хятадын хамтын ажиллагааны бүс байгуулах асуудал 2015 оноос яригдаж, энэ хугацаанд хоёр улсын дээд түвшний уулзалт дөрвөн удаа зохион байгуулагдсан юм. Мөн онд Монгол улсын Аж үйлдвэрийн сайд, Хятадын худалдааны сайд нар харилцан ойлголцлын санамж бичиг, 2016 онд хамтарсан ерөнхий төлөвлөгөөг үзэглэсэн байдаг.
-Тэгэхээр Чөлөөт бүс байгуулснаар манай улсад ямар боломж нээгдэнэ гэж үзсэн гэсэн үг вэ?
-Орчин үед гадаад худалдааг хөнгөвчлөх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилттой уялдуулан хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын стандартын дагуу хөгжүүлэх асуудлыг нэгдсэн бодлоготойгоор зохион байгуулах шаардлага бидний өмнө зүй ёсоор тавигдаж байна. Энэхүү бодлогын нэг хэсэг нь хилийн хамтын ажиллагааны бүс байгуулах. Хилийн хамтын ажиллагааны бүс байгуулахад хөрш орны хоорондын худалдааны нөхцөл байдал чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг.
Дорноговь аймгийн Замын-Үүд төмөр замын боомт нь 1956 онд нээгдсэн. Импортын өргөн хэрэглээний барааг энэ боомтоор авч байна. Тус боомтоор импортолсон барааны бүтцийг үзэхэд, цахилгаан болон механик машин тоног төхөөрөмж тээврийн хэрэгсэл, барилга барихад шаардлагатай төмөр болон ган хийц, цемент голлох буюу 60 орчим хувийг эзэлж байна. Харин тус боомтоор экспортолж буй барааны 70 гаруй хувийг малын гаралтай боловсруулаагүй арьс шир эзэлж байгаа юм. Үүнээс харахад Замын-Үүд–Эрээний хилийн хамтын ажиллагааны бүсэд Монгол-Хятадын хамтарсан арьс, нэхийний үйлдвэрийн кластер байгуулах нэг боломж харагдаж байна. Ингэснээр нэмүү өртөг шингэсэн барааны экспорт нэмэгдэж, тээврийн зардал, чөлөөт бүсэд үйлчлэх татварын тусгай хөнгөлөлт зэргээс дотоодын зах зээл дээр хувцас, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулж болох юм. Тухайн худалдаа эрхэлдэг иргэд чөлөөт бүсээс гурван сая хүртэлх бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр Монголын хил рүү оруулах боломжтой. Энэ нь тус боомтыг түшиглэн чөлөөт бүсийг хөгжүүлэх, хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж гэж үзэж байгаа юм.
-Урд хөрштэй чөлөөт бүс байгуулбал тухайн улсын иргэд зах замбараагүй зорчих суурьших, улмаар уусах эрсдэлтэй гэж зарим улстөрчид хэлж байгаа л даа.
-Өдгөө дэлхийн 120 гаруй улсад 3000-гаад чөлөөт бүс ажиллаж байгаагаас амжилттай хэрэгжүүлж байгаа улсыг БНХАУ тэргүүлж байна.
Энэ улсын чөлөөт бүс хөгжүүлэх онцлог нь бүс нутгуудын тэнцвэртэй хөгжлийг хангах бодлого баримталж туршилтын бүсүүдийг байгуулдаг явдал юм. 2019 оны байдлаар БНХАУ томоохон муж хотуудын онцлог, давуу талыг ашиглан 30 гаруй чөлөөт бүсийг байгуулжээ.
Монгол Улсын хувьд Чөлөөт бүс байгуулах туршлага байхгүй, харин БНХАУ 30 гаруй жилийн туршлагатай. Энэ боломжийг ашиглан Замын-Үүд, Эрээний хилийн хамтын ажиллагааны бүсийг байгуулж, Монгол Улсын харьцангуй давуу талтай бүтээгдэхүүн болох малын болон байгалийн гаралтай түүхий эдэд тулгуурласан үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт татах замаар эдгээрийг тойрсон кластерийг хөгжүүлэхэд анхаарна. Ялангуяа олон улсын дүрэм, журамд нийцсэн гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой эрх зүйн орчныг бий болгож, үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй болгох, чөлөөт бүсэд хориглох, хязгаарлах үйлдвэрлэл, үйлчилгээг нарийн тодорхойлж, чанд мөрдүүлдэг жишиг тогтоох шаардлагатай юм. Түүнчлэн Монгол Улсын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх, БНХАУ-ын хэрэглэгчийг органик хүнсээр хангахад тухайлбал, рапс, хивэг, хөх тарианы гурил экспортлох, адууны мах болон боловсруулсан махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох мөн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой. Хил дамнасан чөлөөт бүсэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Монгол Улсад тарифын болон тарифын бус хөнгөлөлт үзүүлж буй АНУ, Япон болон ОХУ-ын зах зээлд гарах боломжийг ашиглах, эдгээр орны зах зээлд гарахад Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр маш чухал үүрэгтэй. Ерөнхийдөө Замын-Үүдийн чөлөөт бүс нь БНХАУ, ОХУ-аар дамжин Зүүн хойд Ази хийгээд Евро Азийн зарим зах зээлд нэвтрэх боломжтой байршил юм.
Чөлөөт бүсэд хятад иргэд орж ирлээ гэхэд тэрхүү орж ирсэн хаалгаараа л буцаад гарна. Зөвхөн хилийн боомтоор л нэвтэрнэ. Чөлөөт бүсээр дамжаад Монголын хилийг даваад, дураараа явна гэсэн үг биш, тийм боломжгүй.
-30 хоногийн турш визгүй учир Чөлөөт бүсэд орж ирээд суурьшчих юм биш үү гэх болгоомжлол байна.
-Чөлөөт бүс хамтын ажиллагааны бүс боллоо гэхэд тэнд хүн амьдрах суурьшлын бүс байхгүй. Зөвхөн худалдаа наймаа, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлалын үйлчилгээ л явуулна. Хүн амьдраад, суурьших боломж байхгүй. Өдөртөө наймаагаа хийчихээд, үйл ажиллагаагаа явуулчихаад л буцаад хилийн боомтоороо гарна. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа манай монголчууд Замын-Үүд рүүгээ, хятадууд цаашаагаа өөрийн нутагтаа л орж амьдарна. Тэр ч утгаараа чөлөөт бүс нь Монгол Улсын эдийн засаг, хөгжил хувь нэмрээ оруулахын сацуу бүс нутгийн хөгжлийг түргэсгэх зорилготой, давуу талтай юм. Мөн талууд нийгмийн ёс суртахуунд харш үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхгүй байх зарчим баримтална. Хоёр талын хууль тогтоомжийг хатуу чанга мөрдөнө. Талууд өөр, өөрсдийн хуулийн дагуу хяналтаа тавиад явах юм. 30 хоног визгүй зорчих асуудлын тухайд 2015 онд Чөлөөт бүсийн тухай хуульд тусчихсан байсан заалт юм.
-Одоогоор “Замын-Үүд” чөлөөт бүсийн дэд бүтэц, бүтээн байгуулалт ямар хэмжээнд байгаа юм бэ?
-УИХ-ын 2004 оны 17 дугаар тогтоолоор “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулахаар шийдвэрлэж, нутаг дэвсгэрийн хэмжээг 900 га-гаар тогтоон хилийн заагийг тодорхойлсон. “Замын-Үүд” чөлөөт бүс нь Улаанбаатар хотоос 680 км зайтай, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлана. Чөлөөт бүс нь олон улсын жишигт нийцсэн чөлөөт бүсийг байгуулж хөгжүүлснээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах явдал юм.
“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийг санаачлан боловсруулсан нь дэмжигдэж, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 58.8 сая долларын хөнгөлөлттэй зээлээр дэд бүтцийн дөрвөн багц ажил хийгдсэн. Энэ ажлын хүрээнд “Замын-Үүд” чөлөөт бүсийн гурав, дөрөвдүгээр хэсэгт автозам, холбоо дохиолол, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, дулааны дэд бүтцийн ажлууд хийгдээд байна. Чөлөөт бүсэд эхний ээлжийн хатуу хучилттай 13.5 км авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, холбоо дохиоллын сувагчлалын ажил хийгдэж бүрэн дууссан. “Замын-Үүд” суманд 90 мВ хүчин чадалтай дулааны станц, чөлөөт бүсэд дулаан дамжуулах таван төв, Замын-Үүд суманд дулаан дахин дамжуулах долоон төвийг холбогдох шугам сүлжээний хамт барьж байгуулсан. Замын-Үүд сум болон чөлөөт бүсийг цэвэр усаар хангах ус цэвэршүүлэх байгууламж, чөлөөт бүсэд байрлах цэвэр усны өргөтгөлийн станц, хоногт 3040 м3 хүчин чадалтай ус цэвэршүүлэх байгууламжийг холбогдох шугам сүлжээний хамт барьсан. Замын-Үүд сумын дэд станцыг өргөтгөж чөлөөт бүсэд 2x16 мВт хүчин чадалтай дэд өртөө, 10/04 кВ-ын 16 дэд өртөө, 10 кВ-ын хуваарилах байгууламж хоёрыг барьж байгуулсан. Мөн чөлөөт бүсэд салаа төмөр зам оруулах асуудлыг төр болон хувийн хэвшил, түншлэгч талуудын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр ажиллаж байна. Зам тээврийн яам, Замын-Үүд төмөр зам , “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны хамтарсан ажлын хэсэг чөлөөт бүсэд ажиллаж, төмөр замын салаа оруулах боломжтой гэсэн дүгнэлт гарган, холбогдох судалгаа хийгдэж байна.
-900 га газар гэдэг багагүй талбай. Үүнд хичнээн аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулах боломжтой вэ?
-Одоогийн байдлаар 57 аж ахуйн нэгжид газар олголт хийчихсэн. 900 га газрын 300 га газарт дэд бүтцийн ажил хийгдчихсэн. Гадаадын хөрөнгө оруулалттай компани одоогоор орж ирээгүй байгаа. Хоёр тал хөгжлийн төлөвлөлтөө харилцан уялдуулж хийх ёстой. Тиймдээ ч хамтын ажиллагааны бүс болоод ирсэн тохиолдолд Монголын талд баригдаж байгаа үйлдвэр Хятадын талд давтагдахгүй. Хятадын барьсан нь Монголын талд давтагдахгүй байх юм. Энэ бүхнийг хэлэлцээртээ тусгачихсан.
-Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах сонирхолтой аж ахуйн нэгжүүд хэрхэн хамрагдах вэ?
-2015 онд батлагдсан Чөлөөт бүсийн хууль хүчин төгөлдөр хэрэгжээд явж байгаа. Тиймдээ ч дээрх 57 аж ахуйн нэгж чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулахаар газар авахдаа төсөл сонгон шалгаруулалт юм уу, дуудлага худалдааны хэлбэрээр авсан. 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл таван удаагийн төсөл сонгон шалгаруулалтын ажил хийгдсэн. Цаашдаа ч үндэсний топ аж ахуйн нэгжүүдийг энэ чөлөөт бүсэд ороосой гэж уриалах байна. Дээр хэлсэнчлэн бүтээгдэхүүнээ зөвхөн урд хөрш рүү гаргах биш гуравдагч орон руу гаргах боломж та бүхэнд бий шүү гэдгийг хэлэх байна.
Сэтгэгдэл (0)