Цагдаа нар өндөрлөг дээрээс түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхийг ажиглаж байна
- 2019-11-16
- Байгаль орчин
- 0
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид өндөрлөг цэгүүд дээрээс айл өрхүүд түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхэд нь хяналт тавин, дурант эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Тухайлбал, Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах тухай” тогтоол, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх захирамжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийслэлд түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх чиглэлээр өнөө өглөө 07:00 цагт тус хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Оюунбаатар, Нийтийн хэв журмын тасгийн дарга, цагдаагийн ахмад С.Амгаланбаатар, ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн нар хяналт тавьж ажилласан байна.
Нэмж мэдээлэхэд Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид арваннэгдүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Налайх дүүрэг дэх бичил уурхайгаас хууль бусаар ачилт хийсэн гурван удаагийн үйлдлээр 41.5 тонн түүхий нүүрсний тээвэрлэлтийг таслан зогсоожээ.
Цагдаагийн байгууллагаас Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1118 дугаар захирамжаар хураагдсан түүхий нүүрсийг "Амгалан дулааны цахилгаан станц" ХХК-д, тээврийн хэрэгслийг журамлаж харьяалах дүүргийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /байр/-нд төвлөрүүлэн ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)