П.Эрдэнэтулга: Бид социалист эдийн засгаасаа салахгүй байна
- 2019-11-18
- Өөр өнцөг
- 1
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadershisforum”буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа бизнесийн зөвлөх үйлчилгээний “Глобал Бизнес Солюшн” компанийн захирал дипломатч, улстөрч, эдийн засагч П.Эрдэнэтулгыг урьсан юм.
Компанийн соёл сайн институцтэй ямар ч байгууллагыг устгана эсвэл хөгжүүлнэ
Блиц:
Мэргэжил:
Дипломатч, улстөрч эдийн засагч
Боловсрол:
-2003 онд “Чингис хаан” олон улсын сургуулийг дипломатч, улстөрч, эдийн засагчаар
-2004 онд “Улаанбаатар эрдэм оюу” их сургуулийг төгссөн
-2004 онд “Глобал Бизнес Солюшн”-ийг үүсгэн байгуулж одоог хүртэл ерөнхий захиралаар нь ажиллаж байна
-2005 онд Эдийн засгийн ухааны мастер, докторантын зэрэг хамгаалсан
Ажлын туршлага:
-2002 оноос байгууллагын стратеги төлөвлөлт, бүтцийн хөгжүүлэлт, бизнес модель боловсруулах, бизнесийн үйл ажиллагааны update хөтөлбөр, инноваци ба маркетинг, бүтээгдэхүүний хөгжүүлэлт, борлуулалтын удирдлага, төрийн албан хаагчийн ёс зүй, бүтээмж, харилцагчийн үйлчилгээний маркетингийн хөгжүүлэлт, мониторингийн олон улсын стандартыг Монголд нэвтрүүлэх чиглэлд томоохон санаачлага гарган хөгжүүлсэн, Маркетингийн хяналт үйл ажиллагааны аудитын чиглэлээр сүүлийн 16 жил тасралтгүй бие даасан хөтөлбөрүүдийг удирдан явуулсан.
-Монгол Улс тууштай хөгжлийн замд орохгүй байгаа гол шалтгаан гадаад орчноос илүүтэй дотоод орчин биднээс шалтгаалж байна. Улс орны хөгжил иргэд нь ажилтай орлоготой, аз жаргалтай амьдарснаар хэмжигддэг. Энэ хэмжилтийн нэг үндэс нь компанийн хөгжлөөс шалтгаалдаг. 2000 оны тэртээ хүн хөгжиж байж байгууллага нийгэм хөгжинө гэсэн ойлголт үгүй байв.
Улсын хөгжилд макро эдийн засаг гол нөлөөлдөг хүчин зүйл мөн.Гэхдээ үүнд нэг их найдалтгүй. Бид хоёр хөрш болох Орос, Хятадын эдийн засагт оролцож нөлөөлөх боломж бага. Том тоглогч нарын хажууд бид жижигдэнэ. Харин ихэнх асуудал дотроо байна гэж хардаг. 2008-2009, 2015, 2016 оны хямралыг даван туулах гэж манай компаниуд барьц алдаж байсан. Ихэнх компани уламжлалт бизнесээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан нь нөлөөлсөн.
1990 оноос хувь хүмүүс ганзагын наймаа хийсэн бол 2000 онд компанийн бичиг баримтаар наймаа хийж, 2010 оноос арай дээрдэх гэж оролдсон. Гэхдээ энэ зангаргаас салж чадахгүй бизнесээ өөрийнхөөрөө дураараа, зөн билгээрээ, сэтгэлийн хөөрлөөр, төлөвлөгөө тавина гэвэл үүнд хүрэхгүй гэх зэргээр ямар ч тооцоо судалгаагүй явсаар ирсэн.Сонирхолтой нь алдаа гарахаар гүйцэтгэх захирал өөрсдийгөө буруутгахгүй бүх алдааг ажилтан руугаа чихдэг. Бизнесийг хэн нэгэн анх эхлүүлэхдээ энэ бизнес миний хүүхдийнх гэдэг ч юм уу, ямар нэгэн байдлаар зөвхөн өөрөө өмчлөх сэдлээр эхэлдэг. Ер нь бизнес хүссэн хүсээгүй нэг гэрээс эхэлдэг. Эхлээд нэг хэсэг хүмүүсийн ажил, амьдралыг зохицуулж явснаа томорсоор сүүлдээ тус компани нийгмийн өмч болж хувирдаг. Харин энэ явцад бүгд хожих, хүнээ хөгжүүлэх, үнэлэх гэсэн зарчмыг алдаж болохгүй. Ажилтнаа энэ надаас хаа холдох юм, цалинг нь яаж буулгах уу, яавал энэ байранд нь хөдөлгөхгүй энэ чигээр нь байлгах уу гэж бодох юм бол энэ нь өөрөө утгагүй тэмцэл. Үүнээс болж манай компаниуд томордоггүй. Тэгэхээр удирдлагаас гүйцэтгэх шат хүртэл бүх хүн сайн суралцах үүрэгтэй. Суралцсаныхаа хэрээр сайн ажилладаг, ажилласныхаа хэрээр өндөр цалин авдаг байх. Мэдээж тэр хэрээр ажилтнууд урам зоригтой болж ажлын бүтээмж нь улам нэмэгддэг. Тэр чинээгээр компанийн борлуулалт ашиг орлого сайжирдаг. Заримдаа эздийн хандлагаас шалтгаалж борлуулалт нь чухал байсан ч бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээс бид татгалздаг.Эзэд нь төрийн тендер хөөцөлдөж дарга нар дагаж гүйдэг, үе үе том борлуулалт хийдэг, ажилтнуудаа байдаг л нэг хэсэг гэж үздэг, нийгмийн хариуцлагагүй, хүүхдүүдийнхээ бэлгийг зардал гэж тооцдог, хүмүүсээ сургадаггүй өртөг өндөр гэх мэт соёлтой байгууллагаас аль болох татгалздаг. Эдгээр компанид зөвлөх үйлчилгээ үзүүлбэл үр дүн багатай. Зөвлөж ажилласан тохиодолд буруу хандлага, соёлоороо та нар сайн хийсэнгүй гэдэг. Ийм компаниуд эдийн засгийн хямралын он жилүүдэд олон байсан. Харин үүний оронд сайн бүтээмж өгөх төсөлтэй, магадгүй шөнө унтдаггүй, тэмүүлэлтэй залуус байна гэвэл, таван хүнтэй байсан ч, зургаан сар танайд зөвлөх үйлчилгээний төлбөр төлөхөд хүндрэлтэй шүү гэсэн ч хамтардаг байх хэрэгтэй. Манайх ийм л зарчмаар явсаар ирсэн.
Гэрийн эдийн засгаас илүү социалист эдийн засгаас салахгүй байна
-Ганзагын наймаагаар эхэлсэн бизнесийн эздийн мэдлэг боловсрол, хандлагатай холбоотой юм уу манайхан цаг хугацаа, хөдөлмөр, мэдлэг гуравын үр дүнг хүлээдэггүй, чухал гэдгийг ойлгодоггүй, яаруу улс. Нэг жилийн дараа цөм хиймээр байна гэж ярьдаг. Бизнес системтэй хөгждөг гэдгийг ойлгохыг зарим эзэн хүсдэггүй. Зөвлөх үйлчилгээг 3-6 жил хэрэгжүүлэхэд ойрын 20 жилд тухайн компанийн хөгжүүлэлтэд ажиллах шаардлагагүй. Зарим эзэн зөвлөх үйлчилгээний төлбөр өндөр гэсэн ойлголттой. Ажлын багтаамжаас шалтгаалж хөгжүүлэлтийн төлбөрийг тооцдог.100 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, үл хөдлөх хөрөнгө нь мөн 100 сая байсан компанийг таван жилийн дотор таван тэрбумын эргэлтийн хөрөнгөтэй болгосон жишээ олон бий. Салбарынхаа ТОП 10-т арай гэж багтаж байсан компанийг нэгдүгээр байранд аваачсан тохиолдол ч байна. Үр дүнг хараад зөвлөх үйлчилгээнд компаниуд өөрсдөө идэвхтэй оролцож эхэлдэг. Хэн нэгэнд найдах юм бол ямар ч байгууллагын ажил явдаггүй. Нөгөөтэйгүүр, сүүлийн үед хүний нөөцийн мэргэжилтний мэдлэг боловсрол сайжирч байна. Тэднийг бага зэрэг чиглүүлж байх ёстой газар нь зөв байршуулах юм бол өөрсдөө компаниа маш хурдан аваад явдаг болсон. Хамгийн гол нь гэрийн эдийн засгаас илүүтэй социалист эдийн засгаасаа салахгүй байна. Эдийн засаг гэдэг дипломын боловсрол гэхээс илүүтэй сэтгэлгээний боловсрол. Олон хүн бизнесийг зөвхөн санхүү бүртгэлтэй холбож ойлгодог. Зарим байгууллагыг ерөнхий нягтлангууд нь атгачихсан, даам гарсан байдалтай гүйцэтгэх захирал нь хөлд нь суучихсан байдаг. Ингэснээр бизнес загвар нь буруу болдог. Зөвхөн санхүүгийн даатгалын үйлчилгээ эрхэлдэг, хөрөнгийн зах зээлд бизнес хийдэг газруудад санхүүгийн алба номер нэг байх ёстой. Харин үйлдвэрлэлийн бизнест гол үйлдвэрлэл нь үндсэн алба байдаг. Санхүү, маркетинг хоёр дэмжих алба буюу үйл явц. Тэгэхээр үндсэн үйл явц буюу бизнесийн бүтцээ буруу байрлуулснаар даргад таалагддаг, хэн нэгэнд ая тал засах буруу хандлага үүсдэг. Өөрөөсөө бага төвшинтэй өөрөөс нь алдааг хардаггүй, өөрийг нь шүтдэг хүмүүстэй байвал одоогийн компаниуд шиг жижиг, урсгалаар цалингаас цалингийн хооронд хөгжихгүй байрандаа байсаар л байна. Ийм компанийн хүмүүс олон нийтийн сүлжээнд цалин хүрэлцэхгүй байна, ажил хиймээргүй байна, Солонгос явмаар байна гэж бичиж нийгмийн сэтгэл зүйгээр тоглодог.
Цалингийн зөв бүтэцтэй компани олон болох хэрэгтэй
-Сүүлийн үед ажилтнуудын цалингийн зөв бүтэцтэй компани олон байна. Цалингийн дээд хязгааргүй. Хүн хүссэн хэмжээндээ хүртэл ажилладаг, ажилдаа дурлах эрх чөлөөг тавьж өгч байна. Өөрөөр хэлбэл, хуучин нийгмийн тогтмол цалин гэдэг ойлголтоос салж чадахгүй байна. Ажлын цаг заавал 09:00-18:00 гэсэн хуваарьтай байх. Тэгвэл яагаад өглөө 07:00 цагт ирээд 16:00 цагт явж болохгүй гэж. Цагийн хуваарь яс заачихаар хүүхдээ хүргэж өгч чадахгүй болдог. Манай байгууллага хоёр цагийн хуваарьтай. 07:00 цагт ирсэн нь 16:00 цаг гээд тардаг. 09:00 цагт ирсэн нь 19:00 цаг гэж тардаг. Хагас бүтэн сайнд ажил багатай бол заавал амардаг. Компани үргэлж ажилтнуудаа бодож байх хэрэгтэй. Олон цагаар ажиллаж байгаа нь сайн ажилтан гэсэн үг биш. Ажил, амьдралынх нь балансад анхаарлаа хандуулж байх хэрэгтэй. Хэн ч хүүхэд нь өвдөж байхад ажил дээрээ суугаад байж чадахгүй. Бүтээмж ч муу. Харин хүүхдэдээ анхаарал тавих боломж олговол ажилтан удирдлагадаа талархаж тэр өдрөө нөхөж улам сайн ажилладаг. Зарим компани хүүхдийн өвлийн амралтын үеэр нь хүүхдүүдтэйгээ цуг байх боломж олгож гэрээс нь ажлаа хийхийг зөвшөөрдөг. Мэдээж үйл ажиллагааны чиглэлээс хамаарна. Цахим орчин хөгжсөн үед хаанаас ч ажиллах боломжтой болсон. Гэхдээ 14 хоногийн дараа үр дүнгээ үзүүлэх ёстой. Яаж ажиллах нь ажилтны өөрийнх нь дур. Компани бүрийн эзэн соёл загвараа өөрчилж ажилтнуудаа сайн сургах хэрэгтэй. Нэг зүйлээр бахархдаг. Манай залуучууд хаана ч гологдохгүйгээр суралцаж байна. Ялангуяа, сүүлийн долоон жилийг ажиглаж байхад эмч, эдийн засагч, инженер, интерьер дизайнер, сэтгүүлчид. Харин гурван зүйлээр дутагдалтай байдаг. Нэгдүгээрт, үзсэн харсан нь бага. Гадагшаа явж юм үзэж нүд тайлж аялсан байдал нь. Хоёрдугаарт, суурь мэдлэгийг сайн өгсөн хэрнээ нэг зүйлээр дагнаж чадваржуулсан байдал дутмаг.Боловсролын системийн зөрүүтэй байдлаас болж задалж, ялгаж анализ хийхгүй бэлэн форматад дурладаг. Гуравдугаарт, сониуч биш. 2-3 жил мундаг ажиллаж байртай,машинтай болоод ирэхээрээ эрч хүч нь суларч амарсан байдалтай болдог. Уг нь залуугаараа байгаад байдаг. Гэхдээ хүн болгонд энэ хандлага бүгд биш.Ямар нэгэн байдлаар аль нэг нь ажиглагддаг. Би хүн ажилд авахдаа дипломын голч дүнг чухалчилдаггүй. Харин “10 жилийн дараа юу хийх юм. Чи манайд насаараа ажиллахгүй байх. Чи яагаад манайхыг сонгов” гэх мэтээр асуудаг. Хүмүүжил хандлага, хэв маягийг нь хардаг. II курссын оюутанг ч, Сингапур, Англид сургууль төгссөн хүнийг ч ажилд авдаг. Манайх дангаараа болон бусадтай хамтарч 320 орчим компанид хурал, зөвөлгөөн, зөвлөх үйлчилгээг үзүүлсэн.
Бүтээмжид чиглэсэн хөрөнгө оруулалт бага байгаа нь компани хоёр тайлантай холбоотой
-Манайд бүтээмж дээшлүүлэх хөрөнгө оруулалт бага байдаг.Төсвийн хөрөнгө оруулалтыг задалж харах юм бол эргүүлээд хөрөнгө оруулалтаа нөхөх биш, зардал гарах үхмэл хөрөнгүүдэд чиглэдэг. Энэ нь өмнөх нийгмээсээ салаагүйтэй холбоотой. Гэхдээ өмнөх нийгмээс авах сайн юм их. Нөгөөтэйгүүр, хувийн өмчгүй байх ёстой нийгмээс өмчтэй байх нийгэмд шилжсэнээр олон компани өөрийн гэсэн өмчтэй, үл хөдлөх хөрөнгөтэй, ажлын байртай байхыг илүүд үзсэн. Тиймээс эхний хөрөнгө оруулалт нь үл хөдлөх хөрөнгө, өмч рүү илүү их зарцуулагдаж хүндээ бага зарцуулсан. Одоо энэ бүтэц өөрчлөгдөж эхэлсэн. Смарт оффисс, дундын оффисс, жижиг оффисс үүссэн. Түүнчлэн 24 цагийн үйлдвэр. Өөрөөр хэлбэл, хоёр үйлдвэр нэг үйлдвэрийн оффиссыг хоёр ээлжээр ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлэх хэлбэрт шилжиж байна. Түүнчлэн гадны хөрөнгө оруулалт их бий. Гагцхүү манай компаниуд хоёр тайлантай байдаг нь тэдний шалгуурыг хангадаггүйтэй холбоотой. Улсад бүртгэгдсэн татварын хоёр тайлан нь ашиггүй харагддаг учраас хөрөнгө оруулдаггүй. 2016 онд манай компанид Япон, Хятад улсаас оёдлын, хөнгөн үйлдвэрийн 200 гаруй төрлийн тоног төхөөрөмжийг 200-300 мянган ам.доллар хүртэл 20 жилийн хугацаатай тэг хувийн хүүтэйгээр зээлэх суваг орж ирсэн. Бид компаниудад санал болгож шалгуурыг нь тавихад шаардлага хангах нь цөөхөн байсан. Сүүлдээ бичиг цаас хөөцөлдөхөөс цөхөрч хэн ч авч чадаагүй. Уг нь манай эдийн засаг хөрш хоёр орноос өндөр байгаа тохиолдолд хөрөнгө оруулагч нар манайх руу хошуурдаг.
Гэвч компаниудын нийгмийн хариуцлага, шударга байдал, нийгмийн даатгалыг хэдэн хүн төлсөн, өндөр татвар, тээвэрлэлт нь стандарт хангадаггүй. Их хүндрэлийг худалдааны системээс илүү үйлдвэрлэгчид үүрдэг. Энэ бүгдээс эдийн засгийг тэтгэх бүтээмжтэй хөрөнгө оруулалт бага. Үүнээс шалтгаалж өөрсдөө хөрөнгө оруулагч нараа үргээдэг.
Бүтээмжийг нэмэгдүүлсэн, хүмүүсийн хандлагыг өөрчилсөн хөрөнгө оруулалтын тусгай сангууд, сургалтын шийдэл, түншлэл дэлхийн даяар дүүрэн. Хамгийн гол нь бид өөрсдөө сонирхохгүй, хандахгүй байна. Өнөөдөр манай компаниуд зөвхөн борлуулалтад анхаараад бусад бизнесийн хөгжүүлэлт, стратегийн байршил, маркетинг, хүний нөөцийн бодлогоо орхигдуулдаг.
Эдийн засагт зөв систем бий болохгүй байна
-Манайх эдийн засгийн системээ сайжруулах олон ажил хийж байна. Хамгийн наад захын жишээ татвал зарим компани НӨАТ төлөгч. Гэтэл төлөхгүй нэг хэсэг байна. Уг нь НӨАТ борлуулалт бүртгэдэг тайлан. Далд эдийн засгийг ил гаргаж ирсэн хөшүүрэг. НӨАТ төлөхгүй байгаа хэсгийн ачаалал төлж буй хэсэгт ногдохоор бухимдал үүсч эдийн засагт зөв систем бий болохгүй байгаа юм. Уг нь иргэнээс аваад улсад төлж буй татвар. Үүнээс шалтгаалж энэ хэсгээс би НӨАТ авч чадахгүй юм чинь нөгөө хэсэг рүүгээ хийж хасах тухай хүн бүр бодно биз дээ. Зөвхөн захууд биш, гайгүй эргэлттэй дэлгүүрүүд төлөхгүй байна. Бүх газар НӨАТ-аа өгдөг болох юм бол энэ гажуудал арилна. Энэ өөрчлөлтөөр зарим далд зүйлийг ил гаргаж ирсэн. Бидэнд зөндөө боломж байна. Харамсалтай нь буруу зүйлд төвлөрөөд байна. Ямар нэгэн хий хоосон зүйл хүлээгээд гэнэт хэн нэгэн гарч ирээд сайхан болгочих юм шиг хүлээгэд байна. Зарим хүнийг ажилд авах гэхээр цалин хэд вэ гэдэг. Гэтэл боломж хайсан хүн цалин гэхээс өмнө надад ямар боломж байна гэж ирдэг. Цалин асуусан хүнийг авах боломжгүй гэхээр уурлаж, бухимдаж, гомдож, хажуугаар нь амжилттай яваа хүнийг хараад баярлаж чаддаггүй хүн олон төрсөөр байна. Түүнчлэн үйлдвэрлэгч болж түншилж сурах хэрэгтэй. Эх оронч байх. Ямар ч хэцүү нөхцөлд үнэтэй байсан ч эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авч мөнгөн урсгалаа дотооддоо үлдээдэг. Мөнгөө хадгалж, хуримтлуулах хэрэгтэй. Заавал гурван өрөө байраа дөрвөн өрөө болгох гэж яах юм. Дэлхий улам энгийн минималист, улам цэвэрхэн, илүү дутуу эд хогшилгүй байхыг эрмэлзэж байна.Тиймээс жижиг, дунд үйлдвэрүүд хамгийн ухаалаг бүтэцтэй ашигтай байх хэрэгтэй. Зардлаа хэмнэсэн ухаалаг зохион байгуулалттай байх.100 мкв талбайтай байранд зургаан хүн суугаад яах юм. Дэлхийн бизнесийн өөрчлөлтийн чиг хандлагатай хөл нийлүүлэх цаг ирсэн.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (1)
АХ (150.129.141.75)
Социалист ч байхгүй, капиталист ч байхгүй шүү дээ. Аль ч үгүй, Авах юмгүй эдийн засаг гэж тодорхойлж болох болов уу