Жирэмсэн гурван эмэгтэйгээ цаазалсан улс орон Монголоос өөр байхгүй
- 2019-11-18
- Өөр өнцөг
- 2
Саяхан, Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаасаа гаргасан магадлалдаа “1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтад хэлмэгдэгч өөрөө, түүний эхнэр нөхөр, хэлмэгдэгчдийг амьд байхад нь төрсөн болох үрчилж авсан, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд байхгүй тохиолдолд хэлмэгдэгчийн төрсөн эцэг эх, эгч дүү, ач зээ нь хуульд заасны дагуу нөхөн олговрыг нэхэмжлэл гарган авах эрхтэй байна" хэмээн үндэслэлийнхээ эхэнд заасан юм.
Монгол орон бол, улс төрийн хэлмэгдлийн аймшигт зовлонг хамгийн их туулсан дэлхийн гурван улсын нэг юм. Манай ард түмний тийнхүү туулж өнгөрүүлсэн гашуун зовлонг үзсэн, сонссон дэлхийн хүн ард, сэтгэл зүрх нь чичирч, эмгэнэж хүлээж авдаг л даа. Аймшигт хэлмэгдүүлэлтийн оргил үе буюу 1940 онд Монгол Улсын хүн ам 805,5 мянга байж. Түүний гуравны нэг буюу 230-250 мянган хүнийг хэлмэгдүүлж зөвхөн цаазлагдсан, шоронд нас барсан, шоронд тамлагдсан нь 30 гаруй мянга гэж эрдэмтэн судлаачид үздэг. Энэ тоо баримтыг үе үеийн төр засгийн удирдлагууд олон арван жил нууцалж, одоо хүртэл ард түмнээсээ нууж байдаг юм.
Эрдэмтэн судлаач Ж.Баасандаш хэлмэгдүүлэлтийн түүхийг он оноор нь судалж үзээд нийт 230 мянган хүнээ хэлмэгдүүлжээ гэж гаргасан бол сэтгүүлч О.Цэдэндорж үнэнийг бичсэнийхээ төлөө олон жил шоронд хилсээр тамлагдаж 54 хоног өлсгөлөн зарлаж байхдаа, тамлаж байсан тагнуулынханд өгсөн мэдүүлэгтээ 250 мянган хүнийг хэлмэгдүүлсэн гэж өчсөн байдаг. Байцаагч нь: “Чи энэ нууц тоог хаанаас авсан бэ?” гэж байцааж байсныг бодвол 250 мянган хүн хэлмэгдүүлсэн үнэн бөгөөд “нууц тоо" юм билээ.
Албан ёсны баримтаар эдгээр хэлмэгдсэн хүмүүсийн 30 мянга гаруйг цаазалж, 124 нь шоронд тамлал даалгүй нас барж, 7442 нь шоронд 10 жил хоригдож байсан статистик бий. Тэр дунд 8 эмэгтэй цаазалсны 3-4 нь жирэмсэн эмэгтэй байсан. 1937 онд Онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр Дэмид жанжны жирэмсэн эхнэр Б.Навчаа, Дорнод аймгийн хошуу захирагч жирэмсэн эмэгтэй Д.Дунгаржид, Богд хааны их цагаан дагина жирэмсэн эмэгтэй Н.Гэнэнпил нарыг буудан хороосон юм. Зарим судлаачдын үзэж байгаагаар Дотоодыг хамгаалах газрын дарга Намсрайг жирэмсэн эхнэр М.Дулмаа (Магсар бээсийн охин)-тай нь хамт цаазалсан гэдэг. Тэгвэл жирэмсэн дөрвөн эмэгтэйг цаазалсан болж таараад байгаа юм.
Энэ бүхнийг би яагаад бичих болов гэвэл хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө бараг тохиолдоогүй яргалал Монголд болж байсныг эрх баригчид нууж хаагаад, булзааруулаад өнгөрдгийг бид л өнөөдөр түүхэнд үнэн мөнөөр нь үлдээх ёстой юм. Сэтгэл санааны болон эд материалын тэр асар их хохирлыг өнөөдөр л үр ачид нь хүртээж, “эсэргүүний гэр бүл, үр хүүхэд, ач зээ" хэмээн насаараа гадуурхагдаж байсан хүмүүсийг, үхэхээс нь өмнө нэг ч удаа болов баярлуулах хэрэгтэй юм. Энэ асуудал хөндөгдөөд ирэхтэй зэрэг эрх баригч хоёр намын удирдлага, төр засгийн газрын дарга сайд нар, Улсын дээд шүүх, Улсын прокурор, Тагнуулын Ерөнхий газрын
удирдлагууд л эсэргүүцэж, нууцалж, хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдийг хуурах төдий хандаж ирсэн нь нууц биш.
Би хувьдаа, энэ газруудын удирдлагад тухайн үеийн яргаллыг гардан хийж байсан хүмүүсийн үр хүүхэд, ах дүү нар байдаг юм болов уу гэж хардахад хүрдэг.
Ер нь тэгээд хэлмэгдэж, зовж зүдэрч үзээгүй хүн энэ улс төрийн хилс хэргээр хэлмэгдэнэ гэдгийг ойлгодоггүй, бүр хатуухан хэлвэл "басамжлал, доромжлол" болгоод байгаа юм. Тэдэнд амь насны нөхөх олговор нэрээр 500 мянгаас 1 сая төгрөг олгосон. Заримд нь орон байр олгосон. Хүний амь насыг, шоронд 10 жил тамлагдсаныг, хамаг хөрөнгөө хураалгасныг, гэр бүлээрээ “эсэргүү” нэртэй гадуурхагдаж явсныг 500 мянгаас 1 сая төгрөгөөр үнэлэнэ гэдэг хэтэрхий дорд үзсэн хэрэг л дээ. Нам төрийн удирдлагууд, хэлмэгдэгсэд тэдний гэр бүл үр хүүхдүүдийг харж үзэх болохоороо “Эдийн засгийн боломжгүй”, “Мөнгө хөрөнгөгүй” гэж хойргошсоор хэлмэгдэгсдийн олонх нь ертөнцийн мөнх бусыг үзсэн. Тэгвэл Монголд мөнгө хөрөнгө байсан уу, байсан. Одоо ч байгаа! Би ганцхан баримт авъя. Монгол Улсын жилийн төсөв 10 их наяд төгрөгт багтдаг гэнэ. Тэгтэл зөвхөн авлигын улмаас улсад учруулсан хохирол 11,9 их наяд гэнэ. Энэ хохирлыг төлж барагдуулах ёстой гол буруутан эздийг Улсын дээд шүүх, Улсын прокурорыг удирдаж байгаа хэдэн хүн ялаас чөлөөлөөд гадаадад оргуулчихсан, тэд нь дэлхийн хамгийн сайхан газруудад орд харш бариад, эдлэн газрууддаа эрх дураараа жаргаж байгаа юм. Энэ мөн их мөнгө шүү. Энэ мөнгөний зөвхөн 1000-ны 1 хувиар нь улстөрийн хэлмэгдэгсдийн гэр бүл үр хүүхдийг 1-2 өрөө орон сууцтай болгочихож болох юм байна. Ингэж Монголын мөнгө хөрөнгийг өөрсдөө гадныхантай хувааж идчихээд улс төрийн хэлмэгдэгсдийн амьд байгаа хэдэн буурал хөгшдөд өгөх болохоороо “эдийн засгийн боломжгүй, мөнгөгүй" гэж хувхай амлаад сууж байгаад үнэхээргомдохоос өөр яахав! Хамгийн сүүлийн баримт л гэхэд 2020 оны улсын төсвийн бараг хоёр их наядыг нь дарга сайд нар “концесс” нэрээр хуваагаад авчихлаа шүү дээ. Монголд “Ардчилал" “Зах зээлийн нийгэм” гэдэг сайхан нэрийн дор тогтсон зэрлэг капитализмын өнөө үед арга сүйхээтэй нь алтан абжуртай ордонд тансаглаж, ард түмэн нь өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдсэнийг дэлхий харж байгаа. Эцэс сүүлд нь “саарал жагсаалт" гэгчид орсон нэрээр, ард түмэн бүсээ чангалж, шоргоолж шиг болох юм байх. Ийм нөхцөлд хамгийн ядарч зүдэрч байгаа хүмүүс нь улс төрийн хилс хэргээр ял эдэлж, хөрөнгөө хураалгасан хүмүүсийн гэр бүл, үр сад байна. Тэд арваад жилийн өмнө гомдлоо төр засагтаа гаргасан юм. Хуулийн утга санааг олон арвуулаа хэлэлцээд багцалж “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль болгон Улсын их хурлын холбогдох хүмүүст хүргэсэн. Улсын их хурлын нэг дэд дарга нь, улс төрийн хэлмэгдэгсдийн асуудлыг хариуцдаг учраас ээлжилж төр барьсан МАНАН-мафийн янз бүрийн дэд даргын шүүгээнд хүнс бол илжиртлээ, эрэг шураг бол элэгдэж мөлийтлөө дарагдсан юм.
Тэгээд хамгийн сүүлд 2016 онд МАН үнэмлэхүй олноороо УИХ-д орж ирээд энэ асуудлыг өөрсдөөсөө зайлуулж, цөөнхийн бүлгээс томилогдсон УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт хариуцуулаад орхиж билээ. Олон түмний байнгын гомдол шаардлагаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятавын удирдаж байгаа өнөө үед нөгөөх хууль УИХ-аар батлагдсан. Анх бидний санал бодлоо солилцон боловсруулж байсан хууль танигдахын аргагүй өөр болоод гарч ирлээ. Манай хэлмэгдэгсдийн холбооны хөгшчүүл бол түүнийг “хуулинцар” “хуулийн сэг” л гэж нэрлэж байгаа юм. Хэд хэдэн гол зүйлийг нь хасаад хаячихсан. Тэр дундаас хамгийн гол зүйл болох хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нарт нөхөх олговор, тухайлбал 40,80 сая төгрөгийг ялгаварлалгүй олгох заалт хасагдсан. 1940-1990-ээдонд хилсээр хэлмэгдэж хохирсон хүмүүс, тэдний үр хүүхдэд нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх гэхчлэн гол заалтуудыг хассан. Үүнд, үе үеийн хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, ач зээ нар гомдолтой байгаа нь үнэн. Энэ гомдлоо, улс төрийн хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ нарын төлөөлөл саяхан Үндсэн хуулийн Цэцэд гаргасан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн төлөөлөл Х.Мөнхбаяр, П.Туул. Т.Галсан, Х.Оюунцэцэг, Г.Жамьян нар, мөн эдгээр хүмүүсийн өмгөөлөгч Ц.Оюунбаатар, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Санжмятав нарын оролцоотойгоор Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан саяхан боллоо. Энэ хуралдааныг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго даргалж, Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Б.Буяндэлгэр, Ш.Солонго, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн юм. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоо улс төрийн хэлмэгдэгсдийн гомдол саналыг үндсэн илтгэлдээ тов тодорхой зааж өгсөн. Гомдол гаргагчдыг төлөөлж оролцсон хүмүүс ч, өөрсдийн өвөг дээдсийн хэлмэгдсэн үнэн түүх, улс орны хүрээний асуудлуудыг тодорхой баримтаар ярьж тайлбарлана билээ. Тус хуралд оролцсон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын их хурлын дэд дарга Я.Санжмятав тус хуралдаанд хийсэн тайлбартаа: “...Хуулиар тогтоосон нөхөх олговрын хэмжээг анх батлагдсанаас хойш огт өөрчлөөгүй бөгөөд улс орны эдийн засгийн байдал, мөнгөний худалдан авах чадвартай уялдуулан нэмэгдүүлэх талаар нэлээд оролдлого гарч байсан хэдий ч 2018 онд хуульд нэмэлт өөрчлөлт орж батлагдах хүртэл үр дүнд хүрээгүй юм”... гэж өнөөх л эрх баригчдын хэлдэг үгийг тоть шиг давтсан. Тэрээр цааш нь "...Цаазаар авах болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн халуун ам бүл болох эхнэр (нөхөр) үр хүүхдүүдэд учирсан шууд хохирол, тэдний сэтгэл санаа, амьдралын чанарт нь нөлөөлсөн сөрөг үр дагаврыг нь хожуу ч гэсэн арилгах чиглэлээр баталсан хууль юм...” гэж Хуулийн нэмэлт өөрчлөлтөө тайлбарласан байгаа.
Үндсэн хуулийн Цэц, тэндэхийн хуралдаан гэдэг чинь хатуу чанд хориотой, нарийн хяналттай газар билээ. Бараг бүтэн өдөржин хуралдсан. Цэцийн таван гишүүн нь бараг 30 л минутанд цай зөөлгөж уугаад байдаг, бидний хэдэн буурайд бол аяганы амсар ч зуулгахгүй юм. Би, хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авч түр гараад ирэх хооронд өнөөх итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Санжмятав маань: “Жамьян, Галсан хоёр улсаас байр авсан” гээд хошуу өргөчихсөн байна билээ. Би орж ирээд тайлбар хийх гэсэн нь яриулаагүй. Ийм л тайлбар л даа.: Би гурван үеэрээ хилс хэрэгт хэлмэгдсэн хүн. Өвөг эцэг маань шууд буудуулсан. Отгон хүү нь баривчлагдаад сураггүй алга болсон. Зээ хүү (би) Тавъяа” найруулал бичсэний учир 10 жил зургаан сар нутаг заагдан хүнд хүчир хөдөлмөрт зүтгэсэн. Өвеө бид хоёрын хилс хэрэг цагаатгагдсан. Ийм л юм. Намайг цагаатгасан даруй нөхөх олговрын 500 мянган төгрөг олгоод “Та хилс хэрэгт 10 жил 6 сар нутаг заагдан явахдаа орон сууцны оочерт бичигдсэн байраа аваагүй тул, шинэ байр олголоо” гэж хэлээд хотын дарга асан Ц.Баасанжав түлхүүрийг нь гардуулж өгсөн. Ц.Баасанжав дарга маань одоо амьд сэрүүн байгаа. Би, хичнээн гуйлгачин болсон ч, монгол төрийн хайр хишиг энэ байрандаа хөгшин, хүүхдүүдтэйгээ “хар цайгаа залгилаад хатсан талхаа мэрээд хэвтэж дуусна” гэдэг юм. Би өөрийнхөө талаас бол нэхэх, гомдох зүйл огт байхгүй.
Харин өвгөн эцгийнхээ талаас бол “галын ганц зээ”-гийнх нь хувьд бусдын адил нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй гэж боддог. Хуулийн нэмэлт өөрчлөлт гэгчдээ хэлмэгдэгчийн үр хүүхэд, гэж оруулсан хэрнээ, өнөөх Я.Санжмятавын яриад байгаа “халуун ам бүл" гэдэгт багтах, хамгийн түрүү харж үзэх ёстой нялх балчир ач зээ нарыг нь хасчихсанд л сэтгэл эмзэглээд байгаа юм. Монгол ардын нэг сайхан үг байдаг юм. “Галын зээ-халуун амь”-гэж. Өөрөөр хэлвэл хүн чинь ач зээдээ төрсөн үрээсээ илүү юу гэхээс дутуугүй хайртай байдаг юм.
Өвөөгөө буутай хүмүүст туугдаад явахад би дөнгөж л сууж байсан юм билээ. Өвөр дээр нь эрхэлдэг зээгээ өргөж үнсчихээд гарсан Дорноговь аймгийн харьяат “Үс Дашням” гэж хүн эргэж ирээгүй юм даа. Би “халуун ам бүл" нь биш байна уу! Би өвөөгийнхөө сахпаас зулгааж суусан “галын зээ”гийн хувьд хураагдсан хөрөнгөнөөс нь хувь нэхэмжлэх эрхгүй гэж үү. Энэ бол зөвхөн миний өвөө. Ийм өвөөгөө алдсан олон хүн Монголын төр засаг руу, шүүх прокурор руу нулмистай нүдээрээ ширтсээр байгаад олонх нь таалал төгссөн. Одоо бидний ээлж болоод байгаа юм. Хуулинд тусгагдаагүй бас нэг ноцтой асуудал бий. 1960 оноос одоо хүртэл үргэлжилж байга улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд яаж тусламж дэмжлэг үзүүлэх юм? гэсэн асуудал. Энэ хугацаанд олон зуун хүн улс төрийн хилс хэрэгт хохирсон. Шууд буудахаас бусад бүх ял тамлалыг үзсэн. Банкны ажилтан хорин хэдхэн настай эмэгтэй Жамбалдоржийг шоронд яаж тамлалаа?! Р.Чойном, О.Цэдэндорж, Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав, Самбуу, Г.Баасанжав, А.Дашнамжил... гээд улс төрийн хилс хэргээр тамлагдаж зовсон олон хүний ач үрс өнөөдөр байж л байна. Тэд орон байраа хураалгаад, өвлийн дүн хүйтнээр задгай машинд ачигдаад явж л байсан. Үр хүүхэд, ач зээ нарыг нь Монголын төр нэг удаа баярлуулчихаж болоогүй юу?! Хэлмэгдүүлж хорсол тайлагчдад нь арга хэмжээ авдаггүй, хэлмэгдсэн хүмүүс, тэдний гэр бүлийг хайхарч үздэггүйгээс Монголын хэлмэгдэл өнөө хүртэл үргэлжилж байгаа нь нууц биш.
Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, Улсын их хурлын дарга аа, Шүүх прокурорын удирдлагуудаа, та нар хоног хугацаагаар хожиж, “түрүү талаасаа үхэж, цөөрч л байг" гэсэн сэтгэлээр хандаад байгаад чинь одоо байгаа хэдэн хүн голоо тасартал гомдож байгаа юм шүү.
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан магадлал гаргасан. Тэр магадлалын үндэслэлд: 1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтад хэлмэгдэгч өөрөө, түүний эхнэр нөхөр, хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, хэлмэгдэгчийг нас барсанаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд байхгүй тохиолдолд хэлмэгдэгчийн төрсөн эцэгэх, ах дүү, ач зээ нь хуульд заасны дагуу нөхөх олговрыг нэхэмжлэл гарган авах эрхтэй байна” гэж заасныг холбогдох байгууллага хүмүүс анхааралдаа авч түргэн шуурхай шийдэж өгөөсэй.
Энэ магадлалыг Улсын их хурал, Улсын дээд шүүх гэх мэт газарт явуулж, эдгээр байгууллага хянан хэлэлцсэний эцэст шийддэг юм гэсэн. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нар, шууд асрамжинд нь байсан хүмүүс энэ л эцсийн шийдвэрийг хоног тоолон хүлээх боллоо доо. Тэнгэр тэтгэх болтугай.
Г.Жамьян (МУСГЗ)
Сэтгэгдэл (2)
Монгол хүн (202.126.90.121)
Чи хужаагийн шээс, ногоонтний үлдэц биш бол сонс. Одоогийн Монгол төрийг уландаа гишгэсэн, улс орныг үгүйрүүлж байгаа жинхэнэ ялтануудыг цаазлаачээ гэж хэлж байгаа санаа юм.
иргэн (202.179.25.28)
зөнөг пизда үхэгсэдийн өмнөөс амьдраад байгаам уу,жинхэнэ дунд нь амьдарч явахдаа гөлөг царайлж авгай хүүхдийг нь магтаад элдэв юм бичиж явсан тэнэг зөнөг биз дээ,магтан дуулж байж МУСГЗ аваа биз дээ