Цасанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав
- 2019-11-18
- Орон нутаг
- 0
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орсны улмаас иргэд цасан шуурганд малтайгаа уруудсан, автомашинтай зорчиж яваад цасанд суусан, төөрсөн нийт 16 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн.
Дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 63 алба хаагч, 12 нэгж техник, нутгийн захиргааны байгууллагын 83 хүн 18 нэгж техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж 36 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Цахир” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 25м-т/ “Цагаан худаг”-аас баруун урд зүгт 200 метрт Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын чиглэлд иргэн У-ийн жолоодож явсан “Лексүс 470” загварын суудлын автомашин /цасанд суусан дуудлагаар /2019. 11.16-ны өдрийн 17:45 цагт/ Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, 3 хүний аюулгүй байдлыг ханган ажилласан.
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Гурванхайрхан багийн Согоотын давааны “Жарантайн гол” гэдэг газар /Тосонцэнгэл сумын төвөөс баруун хойд зүгт 120 км-т/ Эрдэнэт хотоос Завхан аймгийн Улиастай сумын чиглэлд Б-ын жолоодож явсан “Соната-6” загварын суудлын автомашин цасанд суусан дуудлагаар /2019. 11.16-ны өдрийн 18:04 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, 3 иргэний амь насыг авран хамгаалсан.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “Аргалын гарам” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 35 км-т/ Тус аймгийн харьяат иргэн А /35 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Тоёота Клугер” загварын суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар /2019.11.16-ны өдрийн 23:49 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид автомашиныг татан гаргаж, 8 иргэний аюулгүй байдлыг хангасан.
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Өлзийт багийн “Тарианы богд” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 23 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 203 км-т/ Өвөрхангай аймгаас Ховд аймгийн чиглэлд иргэн Т-ын жолоодож явсан “Тоёота Пробокс” загварын суудлын автомашин цасанд суусан дуудлагаар /2019.11.17-ны өдрийн 03:35 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, автомашиныг аюулгүй газарт татан гаргасан.
Мөн Цаг уурын байгууллагаас ирүүлсэн сэрэмжлүүлэг мэдээллийг үндэслэн “Шуурхай мэдээ”-ээр төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудад үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүн, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай харилцан ажиллах, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, “Багц мессеж”-ээр олон удаагийн давтамжтайгаар хүргэн ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)