Шагнал "нүдээ олбол" илүү тод харагддаг

Бидэнд олон бахархал бий. Эх орон, төрсөн нутаг, төрүүлж өсгөсөн аав ээж гээд нэрлэвэл дуусахгүй. Үүнээс гадна дэлхийн тавцанд Монгол Улсын нэрийг өндөрт өргөж яваа, хүн зоны энхийн манаанд цаг мөчтэй уралдан ажиллаж байгаа, тусгаар тогтносон эх орноо үр хойчдоо өвлүүлэн үлдээхээр зүтгэж буй хариу нэхдэггүй монгол бахархлуудыг нэрлэхгүй өнгөрч боломгүй. Ийм хүндтэй эрхмүүдээс жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдрөөр төр, нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулсан хүнийг “Чингис хаан" одонгоор шагнадаг болоод хэдэн жилийг ардаа үджээ.

Уламжлал ёсоор энэ жилийн "Чингис хаан” одон хүртэх эрхмийг өчигдөр албан ёсоор зарлаж, дэлхийд Монголын хүннү рокийг сурталчлан таниулж яваа “Тhe hu” хамтлагийнхан уг одонг энгэртээ гялалзуулахаар болж байна. Байгуулагдаад удаагүй ч Монголын урлагт шинэ түүхийг бичсэн тэдний авьяас чадвар, хөдөлмөрийг үнэлэх нь зүй ёсны хэрэг.

Гэхдээ тэднээс өмнө хийдгээ хийчихсэн, даруухан нь хэтийдсэн хүмүүсийг алгасчихсанд л гол асуудал нь байгаа юм. Манай улсын хамгийн ачаалалтай, нарийн мэргэжлийн эмнэлгийг удирдан ажиллаж олон хүнд амьдрал хайрласан Ж.Чинбүрэн эмч, олон зуун хүүхдэд ой тогтоолтын спортын ач холбогдлыг ойлгуулж Гиннесийн амжилтын эзэн, тив дэлхийн аваргуудыг төрүүлэн гаргасан Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар нарыг дурдаж болно. Үүнээс гадна Монлэл Улсын төр, нийгмийн салбарт нэг насаараа ажиллаж, цаашид хэдэн арван жил ашиглах бүтээлтэй эрхэм хүн олон байгааг ч дурдууштай. Хөрөнгө мөнгийг үрж зарцуулаад дуусна. Харин Монголын төрөөс өгсөн шагнал бол хийсэн бүтээсэн зүйлтэй эрхмүүдэд дурсгал, үр хүүхдүүддээ үлдээх үнэт өв болж үлддэг учир үнэ цэн нь үүнд л оршиж байгаа юм. Тиймээс хэн нэгний авах болзлыг нь аль хэдийнэ хангачихсан шагналыг итгэл алдарч, сэтгэл гундтал нь хүлээлгэх бус баярлаж хөөрөх тэнхээтэй дээр нь өгчихвөл нүдээ олсон хэрэг болох юм.

 

Б.Сийлэн

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (192.82.70.153)

    2019-11-19

    Нудээ олсонгуй дээ

  • зочин (103.26.195.86)

    2019-11-19

    Арай ч эртдэнэ дээ. "Чингис хаан" одон Сүхбаатарын одонгоос дээгүүр болоод алт, хүзүүндээ зүүдэг болж дээ. Энэ одонгийн нэр хүнд эрс буурлаа. 3 сая шоунд ороод 5 минутад 5 саяыг авдаг шиг л юм болж байна. Монголд шагнал нь үл ойлгогдох юм. Одонгийн эрэмбэ, авах шалгуур бол тун ойлгомжгүй юмны нэг. Одон тэмдэгтэй хүний тоогоор хүн амтай нь харьцуулах юм бол Монгол дэлхийд тэргүүлнэ. Гавъяат эдийн засагч, Гавъяат хуульч хоёр маш олон атлаа эдийн засаг, хууль хоёр нь уначихсан байх жишээтэй.

  • зочин (192.82.71.13)

    2019-11-19

    Рок хамтлагт шагнал өгч болох ч энэ жилийн хувьд ёстой нүдээ олоогүй.Бид хүүхдээ дөөнгөж хөлд орж байхад нь энэ хүү алсдаа монголд их юм хийнэ ч гэдэг юмуу эсвэл хэн нэгэн том гэгээнтний хойт дүр гээд л хөөрцөглөдөггүй биздээ.Манай ерөнхийлөгч өөртөө хэт эрдээд сохорчихжээ