112 сая га бэлчээрийн талбайн 35.3 хувь буюу 40 саяд үлийн цагаан оготно тархжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Бэлчээрийн талхагдал, цөлжилт, ой, хээрийн түймэртэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар” УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсов.

    Асуулгын хариуг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа. Монгол Улс 1961 онд 140 сая га бэлчээрийн талбайтай байсан бол эдүгээ 19.9 хувиар буурсан. Харин малын тоо 3.2 дахин өсөөд буй юм. Тиймээс малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, бэлчээрийн даацыг тохируулах шаардлагатай байгааг Шадар сайд онцлов.

    Монгол Улсын 112 сая га бэлчээрийн талбайн 35.3 хувь буюу 40 саяд үлийн цагаан оготно тархжээ. Энэхүү тархалт нь цаашид уулархаг нутаг руу тэлэх хандлагатай байгааг эрдэмтэдийн судалгаагаар тогтоожээ. Үүний улмаас ургамлын ургац муудах, тачир сийрэг болж буй юм.

Сүүлийн 10 жилд улсын төсвийн 13 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 6.3 сая га талбайн үлийн цагаан оготныг устгах арга хэмжээг зохион байгуулсан нь үлийн цагаан оготно тархсан бэлчээрийн 1.3 хувьтай тэнцэж байна. Энэ онд улсын төсөвт тусгагдсан 1.7 тэрбум төгрөгөөр 12 аймгийн 512.1 мянган га талбайн үлийн цагаан оготныг устгах ажлыг энгийн механик болон микробиологийн аргаар, дөрвөн аймгийн 90 мянган га талбайд царцаатай тэмцэх ажлыг зохион байгуулжээ.

Иймээс үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг аймаг, сумын ЗДТГ, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран жил бүр зохион байгуулж буй юм. Ойрын хугацааны зорилтод өнөөгийн тархалтын хүрээг хумих, хөнөөлийг бууруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөн, хуваарь гарган ажиллаж байгаа аж. Цөлжилттэй тэмцэх ажлын хүрээнд 14 аймагт цөлжилттэй тэмцэх хөтөлбөр, 7 аймаг дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 1000 га талбайд ойн зурвас, 1540 га-д заган ойжуулалт, 234 га-д нарсан ойжуулалтын ажил өрнүүлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.14.38.137)

    2019-11-25

    "Монгол Улс 1961 онд 140 сая га бэлчээрийн талбайтай байсан" энэ тоог ямар мэдэмхийрэгч олж өгдөг байнааа Төрийг үнэн зөв мэдээллээр хангах ёстой шүү