“Дэлхий дүүрэн асуулт” доторх Монгол хүүхдийн хариулт
- 2019-12-05
- Үнэн
- 2
“ Хүүхэд өөрсдөө л шүлгээ бичиж, дуугаа зохиодог аж” энэ бол МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б. Баясгалангийн олж харсан ертөнцийн тодорхойлолт. Нэг үгээр хэлбэл өнөөгийн хүүхдийн зохиолчдын тоодоггүй байж мэдэх санаа. Монголын хүүхдийн зохиолчид өөр өөрийн өнгөөрөө шинэ ертөнц, шинэ өнгө аясыг бүтээж дор бүрээ л уран бүтээлээ туурвиж яваа. Тэднийг сайн, муу хэлэх эрх надад байхгүй. Үндэслэл ч байхгүй. Гэхдээ “Хүүхдийн зохиолч бол хүүхэд юм” гэсэн санааг Б.Баясгалан хэлсэн нь загатнасан газар маажих шиг боллоо. Зарим нь хүүхдийн дуу, шүлэг бичих их амархан гэж боддог. Мэдээж насанд хүрсэн хүн өөртөө зориулж хүүхдийн дуу, шүлэг бичих амархан л даа. Харин насанд хүрээгүй хүүхдэд зориулж уран бүтээл хийнэ гэдэг амаргүй даваа. Тэр тусмаа өнөөгийн суурьшмал нийгэмд амьдарч буй хүүхдүүдэд зориулж бүтээл хийх маш хэцүү санагддаг. Монголын хүүхдүүд бусад орны хүүхдүүдтэй харьцуулахад өөр сэтгэхүйтэй. Өөр өв уламжлалтай. Дэлхий нийтэд тархсан хүүхдийн уран бүтээлийг монгол хөрсөнд буулгаж, монгол хүүхдийн сэтгэхүйд тааруулна гэж сүүлийн жилүүдэд их ярих болсон. Магадгүй энэ нь буруу шийдэл биш байх. Тэгвэл эсрэгээр нь Монголын хүүхдийн зохиолчдын уран бүтээлийг дэлхий нийтэд яагаад түгээн дэлгэрүүлж болохгүй гэж. Бид уран бүтээл гэхээр сонгодог зүйл боддог. Тэгвэл тэр сонгодог бүхэн эгэл амьдрал, энгийн санаан дотор оршдог юм шиг санагддаг. Яг одоо би “Дэлхий дүүрэн асуулт” дотор сууж байна. Гэр дүүрэн асуултад хариулж чаддаггүй над шиг жижиг амьтан “Дэлхий дүүрэн асуулт” сонсоно гэдэг барахгүй даваа. Гэвч надад таалагдаж байна.
Зээрд унага минь
Зэлэн дээрээ
Наршчихаж... Нэг үгээр хэлбэл бид унаганд анхны тусламж үзүүлэх хэрэгтэй болж. Хэрэв зээрд унаганд анхны тусламж үзүүлж чадах юм хэн нэгэн найз нь наршчихвал түүнд туслах амархан. Б.Баясгалангийн энэ гурван мөрөнд уламжлал, ахуй, малын зүс гээд маш их танин мэдэхүйн зүйл шингэж чадаж. Үүнийг харин үр хүүхдэдээ бид зөв таниулж, зөв ойлголтыг хүргэх л үүрэг үлдэж. Хөгжлөө хөгжлөө гэхэд аль ч улс гүрэнд өөрийн уламжлалт өв соёл гээгддэггүй. Гээчхэж ч болдоггүй хамгийн үнэт өв бол уламжлал. Магадгүй дэлхий нийтийн хүүхдүүд монгол хүүхдийг унага, даагатайгаар нь төсөөлөн боддог байж болох талтай. Ардын аман зохиолоосоо эхлээд л өнөөг хүртэлх ямар нэгэн уран бүтээлд голчлон хүүхэд, унага даага голчлон гол дүр байдаг. Өнөөдөр надад байгаа “Дэлхий дүүрэн асуулт” бол өв соёл, монгол уламжлалтай байгаа нь гайхам зүйл.
Манайх
Зусландаа буулаа
Номхон хээрийн минь
Хоёр чих
Ногоон дундуур
Гүйж харагдана...Энэ бас л хөөрхөн санаа байгаа биз. Хүүхэд хэзээ ч зүгээр алхаж явдаггүй өөрөө хөдөлгөөнтэй тоглоом л гэсэн үг. Зохиогч тэгвэл энэ хүүхдийн анхаарлыг ямар зөв татаж чадсан байнаа. “Хоёр чих ногоон дундуур гүйж харагдана” мэдээж эндээс яагаад гэх асуулт давхар ургах биз. Тэгвэл монгол орны байгал, өвс ургамалын үр шим ийнхүү морины чих гүйхээр сайхан ургасан байгааг илэрхийлэх тодотгол байх. Үнэндээ “Дэлхий дүүрэн асуулт бол хамтарсан бүтээл юм. Гэхдээ өвөө нь ач, зээ нартайгаа ширмэл дээр сууж тоглож байгаад л чаддаг чаддаг зүйлээ л эвлүүлж “ном” бүтээж. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд бичиг үсэг мэдэхгүй нь өвөөгийн давуу тал болсон. Харин өвөөтэй хүүхдүүд морь мал, хөдөөний ахуйг сайн мэддэг болсон. Бас ч гэж зураг зурах хэмжээний гар, сэтгэхүй нь зүгширсэн нь хүүхдүүдийн давуу тал. Ингээл тэд зүгээр л чаддаг чаддагаа л хийсэн. Харин тэдний чаддаг зүйлийг бид чадахгүй. Тиймээс л “Дэлхий дүүрэн асуулт” бол хүүхдэдээ авч өгөх үнэтэй бэлэг биш үнэт ухаан, уламжлал, өв соёл болж байна. Бид аялалд явахдаа л машиныхаа цонхоор хонь малыг үр хүүхдэдээ харуулдаг. Бид хөдөөний айлд очсон ч хоттой хонийг нь биш тогоотой хоолыг нь сонирхдог. Магадгүй энэ бүхэн зарим ээж аавд таалагдахгүй байж болох. Үнэндээ ийм л цаг үед амьдарч байгаа. Уг нь монгол хүн түрүүлж ирсэн соёолонгийн хөлс авах гэж бие биеэ дайрчих гэж гүйх биш онд орсон өнчин унаганы шар үсийг унатал хондлойг нь илэх сэтгэлтэй. Гэвч шинэ нийгэм шинэ цагийн хөгжилд бялуураад өв соёл, уламжлалт амьдрах ухаанаа гээсээр л байна. Үүнд зохиогч эмзэглэсэн байж болох. Эсвэл МЗЭ-ийн шагналт яруу найрагч Бямбаагийн Баясгалангийн дотоод ертөнц өөрөө ийм буй за. “Дэлхий дүүрэн асуулт”-анд бас нэг амттай зүйл байна. Энэ бол сургуулийн өмнөх насны хүүхдийн зурсан бүтээлүүд. Ямар хөөрхөн гэж санана. Тэнд илүү дутуу хээнцэрлэж, чамирхсан өнгө будагны тусгал алга. Тэнд өөрийгөө зураач гэж бодсон ихэрхсэн санаа алга. Тэндээс зүгээр л хүүхдүүдийн хүсэл, сэтгэл, сэтгэхүй л үнэртэж байна. Энэ бол бүтээл юм. Бүтээл бүтээл дотроо маш том бүтээл юм. “Хүүхдийн номын зургийг сонгодог зураач зурахгүй ээ. Тэгвэл хүүхдийн бүтээл биш болно” гэдэг үг байдаг шиг хүүхдийн бүтээлд хүүхэд өөрөө оролцох их зөв санагдсаныг нуух юун. Нөгөө талаасаа манайд хүүхдийн зохиолыг мөнгө гээд бодчихсон олон хүн байгаа. “Хүүхдийн ном гаргаж хэдэн төгрөгтэй болно доо” гэж ярихыг ч өөрийнхөө хоёр чихээр нэг биш удаа сонсож байсан. Харин МЗЭ-ийн шагналт Б.Баясгалан энэ талаар бодоогүй юм байна. Тиймээс л “Дэлхий дүүрэн асуулт” нь хүүхдийн бүтээл болж чадаж. Та хүүхдэдээ ямар ном авч өгөх нь таны сонголт ч тэр номоос таны хүүхдэдээ хариулах хариулт олдохгүй бол хэцүү. Ямартай ч энэ оны хувьд миний олж харсан хамгийн зөв гаргалгаатай хүүхдийн ном “Дэлхий дүүрэн асуулт” байлаа.
Сэтгэгдэл (2)
Б. Баясгалан (66.181.176.97)
12-13 нд хүүхдийн номын ордоноос
(103.143.40.130)
Номыг хаанаас авах вэ, бүүр үзмээр санагдчихлаа