Буддын шашныг мухраар шүтэхийн оронд Буддагийн сургаалыг судалж, мэдэх хэрэгтэй
- 2019-12-06
- Өөр өнцөг
- 8
“Миний сургаалыг сонс, судал, таалагдвал амьдралдаа хэрэгжүүл, гэгээр. Түүнээс биш намайг шүтэж болохгүй”
УИХ-ын хэдэн гишүүн Буддагийн мэндэлсэн, гэгээрсэн, мөнх бусыг үзүүлсэн гурван үйл явдал давхацсан Их дүйчин өдрийг баяр болгож, бүх нийтээр амрах заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлтээр оруулах тухай хуулийн төсөл санаачлаад байна. Ертөнцийн амьдралын утга учрыг ухаарч, ариусан гэгээрч Будда болсон, өөрийгөө бусдад бүрэн зориулсан их хүнийг дурсан санаж, хүндэтгэн дээдлэх гэсэн нь сайшаалтай ч жилд ганц удаа Дүйчин өдөр тэмдэглэх бус, сургаал номлолыг нь бүх нийтээр байнга судалж, танин мэдэж, ухаарч ойлгож, хэрэглэдэг болууштай. Будда сүсэг бишрэлийг биш, харин үнэмшлээс төрсөн итгэлийг, үзэх, мэдэх, таних, ухаарч ойлгохыг онцолсон байдаг. Монголчуудын баяр, амрах өдөр мундахгүй. Амрах, баярлах өдрөө нэмэхэд биш, харин хийж бүтээх, сурч мэдэхэд илүү анхаарууштай. Буддагаас уг өдрийн талаар асуух аваас юу гэх байсан бол. Бидний хүсэл тачаал, техник, технологийн хэмээх материаллаг хөгжил байгаль орчин болон хүн төрөлхтөнд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж, хүн материаллаг зүйлсийн боол болох аюул нүүрлэсэн. Сэтгэл, ёс суртахууныг үл хэрэгсэх болсон хүнийг өөрчлөх шаардлага тулгарсан өнөө үед чухам үүний тухай өгүүлдэг Буддагийн сургаалыг судлах, танин мэдэх, ухаарч ойлгох, хэрэгжүүлэх явдал бодит шаардлага болсон.
Сэтгэлээ номхруулж чадаагүй, ёсоо сахидаггүй лам хувраг дэггүй удган зайран, худал хэлэгч үзмэрч, төлөгч, аура цэвэрлэгч, гэрлэн бүрхүүл сэргээгч, мөнгө дуудан ирүүлэгч зэрэг элдэв "шидтэн" одон болсон энэ цагт Буддагийн сургаалын үзэл санааг хамгаалах, мөн чанарынх нь талаар шинжлэх ухаанч ойлголт өгөх, судалж, танин мэдэж, амьдралдаа хэрэгжүүлэхийн ач холбогдлыг таниулах, мухар сүсгийн хор уршгийг олон нийтэд ойлгуулах шаардлагатай байна.
БУДДА, ТҮҮНИЙ СУРГААЛ НОМЛОЛЫН ТУХАЙД
Будда (Buddha) хэмээх үг самгарди гаралтай, танин мэдсэн, сэхээрсэн, ухаанаа мэдлэгээр гийгүүлсэн, гэгээрсэн хүн гэсэн утгатай. Уг үгийг Монголчууд “бурхан” хэмээн дууджээ. “Самгарди хэлний дараалж орсон үсэг авиагаар дуудагдах тохиолдол байдаг. Иймээс Будда гэдэг үгийг “бурхан” хэмээн Монголчлон дуудаж заншсан бололтой” гэж академич Д.Цэрэнсодном тэмдэглэсэн нь бий. Бурхан гэдэг үгийг өрнөдийнхөн бүхнийг бүтээгч, дээд тэнгэр гэсэн утгаар хэрэглэдэг аж. Тоо томшгүй олон Буддагийн нэг Шагжамуни Шагжа (Шакъяа) удмын Ариун идээт хааны гэрт НТӨ 560-аад оны дундуур төрж, Сидхарта Гаутама нэрийг авч бидэнтэй адил хүний орчлонд амьдарч байгаад гэгээрч, өөрийн замналаар бусдыг хөтлөн гэгээрэлд хүргэх зорилгоор сургаалаа айлджээ. Үнэнийг таньж, гэгээрсэн хүн бүхэн Будда болох боломжтой тул тоо томшгүй гэж үздэг. Будда бурхан биш, харин үнэнийг таниулагч, гэгээрэлд хөтлөгч багш юм.
Будда Шагжамуни сургаалдаа хүнээс тусдаа орших ямар нэг дээд хүч, далдын зүйлийн тухай биш, харин хүнд өөрт нь байгаа хүч, боломж, тэдгээрийг хэрхэн зөв олж нээх, арвижуулах, ашиглах тухай номлосон. Тухайлбал, өөрийгөө хэрхэн ялан дийлэх, засан өөрчлөх, зөв амьдрах, сэтгэлээ сайжруулах, оюунаа гэгээрүүлэх, үнэнийг таних тухай номлосон. Будда сургаалуудаа бичиж үлдээгээгүй. Хожим нь түүний шавь, дагалдагсад сургаалыг нь цуглуулан эмхэтгэсэн ч хүлээн авах тал дээр хоёр өөр зам мөрд хуваагдаж, “Дөрвөн үнэний сургаал”-ыг голлон дагадаг Хинаяана-Бага хөлгөн (Өмнөдийн буддизм) үүсэж, пали хэлээр ном судраа гаргасан.
Хоосон чанарын болон их нигүүлсэхүйн сургаалыг мөрддөг, хэн ч гэгээрч болно гэж үздэг Махаяана-Их хөлгөн (Умардын буддизм) НТ I зууны үед дэлгэрч, судар номоо самгарди хэлээр туурвижээ. Энэтхэгийн Асанга, Адиша, Нагаржуна, Төвөдийн Зонхов бблон бусад мэргэд Буддагийн сургаалын мөн чанарыг алдагдуулахгүйгээр, үндсэн зорилгод нь нийцүүлэн тайлбарлах, хөгжүүлэн дэлгэрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Энэтхэгийн их хутагт Адиша XI зуунд Төвөдөд заларч, нийтэд зориулан “Бодь мөрийн зул” хэмээх шастир айлджээ. Богд Зонхов хожим нь түүний утгыг тайлбарлан “Бодь мөрийн зэрэг”-ээ бүтээсэн аж. Адиша “Сэтгэл ариустах долоон утга” хэмээх үлэмж үнэ цэнтэй бүтээл болох долоон судар туурвиж Буддагийн сургаалын мөн чанарыг тодотгон тайлбарласан.
Будда шашин бий болгож, өөрийгөө шүтүүлэх гээгүй, зөвхөн хүн төрөлхтөнд ач тустай сургаал номлож, “Миний сургаалыг сонс, судал, таалагдвал амьдралдаа хэрэгжүүл, гэгээр" хэмээжээ. Буддагийн энэ үгээс сургаалынх нь зорилго, мөн чанар тодорхой харагддаг. Буддагийн сургаалын үзэл санаа хүний амьдрал, үйл ажиллагаанд ямар нэгэн хязгаарлалт тавьдаггүйгээрээ нигүүлсэнгүй. Уг сургаал хүний сэтгэлийг чухалчилдаг, сэтгэлд нэвтрэх, түүнийг судлах, танин мэдэх зорилготой сургалтын бүхэл бүтэн тогтолцоо юм. Энэхүү тогтолцоог ашиглаж сэтгэлээ танин мэдэх, сайжруулан өөрчлөх, сэтгэл оюун (сэтгэц)-ы бодит хөгжилд хүрэх бүрэн боломжтой гэж үздэг. Хүн сэтгэлдээ өдөр тутам дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж, өөртөө гүнзгий нэвтрэх тусам хүч чадлыг улам ихээр бий болгодог. Хүн ингэж байж оюун санааны эрчим хүчээ дотогш нь, сэтгэл рүүгээ хандуулдаг болно, өөрийгөө боловсруулна, сайжруулан өөрчилнө. Энэ бүхэнд хүрэх арга замын тухай мэддэгийг Буддагийн сургаалаас л олж авна. Буддагийн сургаал номлолыг эш үндэс болгосон уг шашныг “Будда-гийн” бус, харин “Буддын” хэмээн хэрэглэж иржээ. “Будда” хэмээх үгийн “а” үсгийг таслан үгүй хийж, “будд” гэсэн үг бий болгож байж “буддын” гэдэг үг бүтээнэ. Буддагийн сургаал номлолын үзэл санаа түүний шавь нар, дагалдагсад, цаг цагийн, газар газрын эрдэмт мэргэд олж хуримтлуулж, баяжуулан дэлгэрүүлсний үр дүнд бүхэл бүтэн үзэл баримтлал “буддизм” болжээ. “Буддизм” гэдэг үгийг Европчууд ХIX зууны үед анх бий болгон хэрэглэсэн байдаг. Буддизм нь Будда, түүний сургаалыг баримтлагч цаг цагийн суут сэтгэгчдийн номлол сургаалын цогц юм. Буддизм нь Дорно дахины ард түмний оюуны соёлын нэгэн гол цөм төдийгүй сүүлийн үед Өрнийн соёл иргэншилд ч зохих нөлөө үзүүлж буй оюуны томоохон хүч. Буддизм аливааг зүй тогтол, шүтэлцээ барилдлагынх нь үүднээс нотолгоонд үндэслэн тайлбарлаж ирсэн үзэл номлол. Шинжлэх ухаанд тодорхой биш байгаа олон зүйлийн учрыг тайлах түлхүүр буддизмын төлөөлөгчдийн бүтээлүүдэд байдаг аж.
ТӨВӨДИЙН БУДДЫН ШАШИН
Буддагийн номлол Их хөлгөний сургаал хэлбэрээр тархсан умард зүгийн улсуудын нэг нь Төвөд, Төвөдүүд Буддагийн гүн ухаан, сэтгэл суддал, ёс зүй болон бусад шинжлэх ухааны өргөн мэддэг, дүн шинжилгээ, дүгнэлт агуулсан, танин мэдэхүйн ихээхэн ач холбогдолтой сургаалыг VII-ХVI зууны мянгаад жилийн турш нутагшуулахдаа хувьсган өөрчилж, бурхангүй шинжийг үгүй хийж, тасралтгүй шашинжуулж, шашин болгон авчээ. Шашны үзэл суртлын үндэс болгоогүй сургаал номлолууд байдаг. Тэдгээрийн нэг нь Хятадын суу билэгт гүн ухаантан, агуу сэтгэгч Күнзийн сургаал. Күнзийн сургаалыг хүндэтгэн дагагчид олон ч күнзийн хэмээх шашин байхгүй.
Төвөдүүд тарнийн хөлгөн хэмээх урсгал чиглэл бий болгож, мухраар шүтдэг байсан бөөгийн зан үйлээ Буддагийн сургаалтай холин хутгаж, хараал, авралын болон бусад элдэв уншлага бий болгож, сүсэгтнийг мунхруулж, өглөг барьцаар хөлжин амьдардаг лам нарыг бэлтгэж, тэднийг мухраар шүтүүлж эхэлсэн байдаг. Буддагийн сургаалыг шашинжуулах бусармаг үйл олон жил үргэлжилсээр байгаа тухай нэгэн судлаач ярилцлагадаа дурьдсан нь бий (Өдрийн сонин. 2017, №012, х.13).
Уг нь Будда сургаалдаа ид шид, арга жатга, далдын хүч, хэн нэгнийг тахин шүтэх, өглөг өгөх, авах, хойд дүр тодруулах тухай өгүүлээгүй. Буддаг бурхан болгон хувиргах, олон дүрээр бүтээх, шинэ шинэ шүтээнүүдийг бий болгох, хутагт, хувилгаадын хойд дүрийг эрж хайх, олж тодруулах болон бусад олон үйлийг Төвөдийн сүм хийдийнхэн бодож олжээ. Буддагийн сургаал дэлгэрсэн бусад оронд хойд дүр тодруулдаг ёс байгаагүй аж.
БУДДЫН ШАШИН МОНГОЛД ДЭЛГЭРСЭН НЬ
Буддын шашныг Монголд дэлгэрүүлэх оролдлогыг гурван удаа хийснээс эхнийх нь Монголчуудын эзэнт гүрэн болох Хүннүгийн үе, хоёр дахь нь ХIII-ХV зууны үе, харин гурав дахь нь XVI зууны дундаас XX зууны дунд үед хамаардаг. Хуваагдаж, захиргаагүй болж, хоорондоо тасралтгүй тэмцэлдэж байсан Монгол ханлигуудыг оюун санааны хувьд нэгтгэх үзэл суртал зайлшгүй хэрэгтэй болсон, Төвөдийн буддын шашны хоорондоо өрсөлдөгч урсгал (шар, улаан)-ууд Монголоос тусламж авах, үзэл суртлаа нутагшуулах, ноёрхлоо тогтоох, Манж Чин улс Монголчуудын эрэлхэг зоригтой, дайчин чанарыг шашнаар номхотгож хүлцэнгүй болгох, Хятад улс эдийн засгийн болон бусад ашиг олох хүсэл, сонирхолтой байсан явдал буддын шашныг Монголд нэвтрүүлэн дэлгэрүүлэх нөхцөл болжээ. Төвөдийн буддын шашин улааны, шарын гэсэн хоёр урсгалтай байсныг дээр өгүүлсэн.
Шарын урсгал нь Буддагийн сургаалыг тууштай баримтлагч, нэгэнт Төвөдөд бий болсон буддын шашныг шинэчлэгч, алдаа завхарлыг нь засагч Зонхов Лувсандагватай холбоотой. Тэрбээр Буддагийн сургаалын үзэл санааг гуйвуулан мунхруулагчидтай тэмцэх зорилгоор шар малгай өмсөн агуйд даяанчилж, сургаал номлож, түүнийгээ дагагч шар малгайтнууд, шарын урсгал бий болгосон бөгөөд Монголчууд яван явсаар эл урсгалыг хүлээн авч, нутаг орондоо дэлгэрүүлж, шарын шашин хэмээн нэрлэж. Заах, сургах гэсэн утгатай шасана хэмээх самгарди үгийг “шашин” (шажин) болгон хэрэглэж ирж. Монголчууд буддын шашныг бурхны шашин гэдэг.
Буддагийн сургаалыг шашинжуулахгүй, сүм хийдэд эмч, зурхайч, дархан бэлдэж, төвөд, самгарди хэл бичиг сурч, олон талын мэддэг эзэмшиж, эрдэмт мэргэдийн зохиол бүтээлийг судалсан үе бий аж. Монголд анхны системтэй боловсрол олгож байсан багш нар Буддагийн сургаалыг номлогч байсан гэдэг. Олонд шүтэгдсэн хутагт, хувилгаадыг тасралтгүй тодруулах, сүм хийд, суварга, шүтээн олноор нь босгох замаар сүсэгтнүүдийн сүжиг бишрэлийг нэмэгдүүлж Монголын эд баялгийг өргөл барьц хэлбэрээр шилжүүлэн авах эдийн засгийн бодлогыг Төвөдийн толгой лам нар хэдэн зууны туршид гарамгай хэрэгжүүлсэн гэж үздэг.
БУДДЫН ШАШИН БОЛОН ӨНӨӨГИЙН МОНГОЛЧУУД
Монголын хүн амын олонх буддын шашин шүтэж, залбирч мөргөдөг ч мөн чанарыг нь танин мэдээгүй, мэдэхийг хүсэхгүй байна. Энэ явдал "Боловсролгүй сүсэгтнүүдийг шашин төрүүлдэг” гэдэг үг үнэн болохыг батлах шиг. Будда Шагжамунигийн сургаалыг олонд тайлбарлан таниулах, түгээн дэлгэрүүлэх үндсэн үүрэгтэй лам нарын олонх харь (төвөд) хэлээр, Монгол хүнд ойлгомжгүй зүйл уншиж, өргөл барьц авч, амьдралаа залгуулж байна. Хамгийн ойлгомжтой сургаал номлолыг ойлгомжгүй зүйл болгож, хүмүүсийг мунхруулах ажлыг лам нар хийсээр. Буддаг бурхан болгон тахиж, түүний үйл хэргийг залгамжлагчдыг хувилгаан хэмээн шүтэж, тэдний хойд дүр хаана төрснийг хайж олдог байснаа, хаана төрж болохыг урьдчилан хэлдэг болж, улмаар амьд сэрүүн байхад нь хаана төрүүлэхийг захиалдаг болсон. (Түмэндэмбэрэл, Д.2014, Шинжлэх ухаан ба мухар сүсэг. х.113)
Монгол хүн бүр өөрийн гэж “өмчилсөн” ламтай болж, түүнээсээ асуухгүйгээр юу ч хийж чадахаа болих нь ээ. Уг нь Буддагийн сургаалыг судлах, танин мэдэх, даган хэрэгжүүлэх, зовлон бэрхшээлийг даван туулах, зөв амьдрах арга зам заалгах гэж л багштай болох ёстойг Будда айлдсан.
Шинжлэх ухаан, техник, технологийн хурдацтай хөгжлийн үед амьдарч байна хэмээгч Монголчууд оюун санааны хувьд мухар сүсэгт автаж гүйцээд байна. Сурагчид, оюутнууд шалгалтдаа сайтар бэлтгэхийн оронд хийдэд ном айлтгаж, нэрээ бичсэн цаасыг сүм хийдийн хаалга үүд, хүрдэн дээр наадаг болсон бол өндөр боловсролтой гэгдэх сэхээтнүүдийн дунд ч мухар сүсэгтэн цөөнгүй. Хүн хийсэн үйлийнхээ үрийг заавал амсдаг жамтай атал муу муухай үйлээ бурхан бүтээх, ном айлтгах, сүм хийдэд хандив өргөх, уул, овоо тахих, суварга босгох зэргээр цайруулж болно гэсэн ойлголт өнөөгийн нийгэмд газар авсаар. Суварга босгохыг ихээхэн буян хийж байна гэж ойлгох болж. Суваргыг Буддагийн шавь нар багшийнхаа сургаалыг бүрэн бүтэн хадгалж, ирээдүйнхэнд хүргэхийн тулд анх босгон ашиглаж, буддын шашинт зарим улс оронд шарил, чандар хадгалах зориулалтаар том шавар суваргууд босгодог байж. Ийм суварга Монголд цөөнгүй.
БУДДАГИЙН СУРГААЛЫГ СУДЛАХ, ТАНИН МЭДЭХИЙН АЧ ХОЛБОГДОЛ
Хүн өөрийн болон бусдын тусын тулд сэтгэлээ судалж, өөрийгөө хянаж сурах ёстойг мэдэж, үүнийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаарддагатайг ойлгоно. Амьдралын утга учир, зорилго, зовлон, жаргалын талаар ойлгоно. Зовлон, жаргалд зөв ханддаг, сайн муу, зөв бурууг ялгадаг, муу, бурууг тэвчдэг болно.
Хүн өөрийнхөө жинхэнэ аврагч, бүх юм зөвхөн өөрөөс шалтгаалахыг ойлгоно, эдлэх жаргал, зовлон, сайн, муу сэтгэл өөрийн үйлээс шалтгаалан үүсдэгийг ухаарна. Сэтгэлийн амар амгаланг бий болгох, сэтгэлээ боловсруулах, хөгжүүлэх, ариусгах арга барилд суралцана.
Биеэ зөв авч явах гэдэг нь бусдыг үл хорлох, бусдад төвөг үл учруулах, бусдад туслахад өөрийгөө зориулдаг болох явдал гэдгийг ухаарна. Буддын сургаалыг ойлгож өдөр тутмын амьдралдаа хэрэглэх нь тарни унших, сүм хийд барих, суварга босгохоос чухлыг мэднэ. Хувь хүн өөрийгөө өөрчилснөөр нийтээр амар амгаланг олж болохыг, улс орноо хөгжүүлэхийн тулд хүн бүр өөрийгөө боловсруулах шаардлагатайг ухаарна. Мухар сүсгээс ангижирна.
Шашин шүтэх, эс шүтэх нь хүний эрх боловч шүүн тунгааж, бодож үзэхгүйгээр сохроор дагахыг шаарддаг, уг чанарыг нь мэддэг хэрнээ номлолыг нь ашиглан сүсэгтнүүдийг далдаас хөтлөн удирдаж байгаа хүмүүст давуу байдал, хүч чадал бий болгодог шашныг мухраар шүтэхийн оронд Буддагийн сургаалуудыг судалж,
танин мэдэж, амьдрал ахуйдаа ашиглаж хэрэгжүүлэхийн ач холбогдлыг өнөөгийн Монголчууд сайтар ойлгож ухаарууштай. Буддагийн айлдсан сургаал мөн чанараараа шашны шинжгүй, уг сургаалыг судлах, танин мэдэх, ашиглаж хэрэгжүүлэхэд шашингүй үзэлтэн байх шаардлагагүй тул уг үйлийг шашин шүтэх, эсвэл шашингүй үзэлтэй байх явдалтай хольж хутгах учиргүй юм. Буддагийн номлосон үнэний гүн ухаан (философи)-ыг шашны мухар сүсгээс ангижруулж, зөв замаар хөгжүүлэн дэлгэрүүлэх явдал өнөөгийн хэцүү цагт бодит шаарддага болж байна. Энэ талаар Будда “Миний айлдсан үнэний номлол ирээдүйд хүн төрөлхтнийг хөтлөх чин үнэний гүн ухаан болж дэлгэрнэ” гэж айлдсан.
Сэтгэл судлалын ухааны доктор, профессор Б.Оюунчимэг
Сэтгэгдэл (8)
(103.57.93.128)
iim soliotoi maluudig deeree suulgasan ni bidnii hohi boljee ,bidnii amralt zugaalga ihdeed ajilah bagadaad ur huuhed humuujilgui ,uls oron ezengui bolood udaj baina daa.bayraa tseelj ajilin tsagin helsee nembel yasan um be?
(103.57.93.128)
iim soliotoi maluudig deeree suulgasan ni bidnii hohi boljee ,bidnii amralt zugaalga ihdeed ajilah bagadaad ur huuhed humuujilgui ,uls oron ezengui bolood udaj baina daa.bayraa tseelj ajilin tsagin helsee nembel yasan um be?
зочин (122.201.21.247)
Оюунхорол ,мэтийн ,салбадайнуудад ,ойлгуулах ,хэрэгтэй. Ухаан ,дутуу ,хүмүүсээс, өөдтэй ,эерэг ,сайн ,зүйл ,гарах ,үйл ,байхгүй. Буддаг ,судал,шашин ,сохроор ,бүү ,шүт.Лам ,нарын ,тоог ,бодлогоор ,цөөлж. баялаг ,бүтээхэд ,оролцуул.
тандах (66.181.176.28)
хох тэнгэр шүтлэгт монголчууд хөрст дэлхийг эзэгнэдэг байжээ мухар сүсэгт автаад боолын боол болжээ
(202.179.26.210)
SHASHIN BOL HUJAA YANHAN,TED HEZEECH AJIL HIIDEGGUI TARIA TARIDAGGUI,BAISHIN BARIDAGGUI,ZUVHUN MUNGU AVNA.
(202.179.26.210)
TEGEED ODOO DAIN BOLOOD CHAMAIG ALAHGEED IREVEL UUDUUS NI HUN ALAH MUU GEH METIIN YUM YARIAD MEDRELTEED BAIJAAHUU..
(122.201.24.142)
Тийм байжээ Үнэн гэж бодож байна Хэт шашинжуулаад мухар сүсэг бишрэлд баригдах юун сайхан байхав дээ Ийм л учираас Монголчууд Буддизмын шинэ Ногоон урсгалыг үүсгэх хэрэгтэй санагдах юм Үндэс мөчир салаалхад буруугүй гэсэн байдаг биш үү Үндэс нэг шүү дээ Их хөлгөн талаа дагасан байвал ямар уу Ум мани бад мэ хум
зочин (122.201.24.142)
Тийм байжээ Үнэн гэж бодож байна Хэт шашинжуулаад мухар сүсэг бишрэлд баригдах юун сайхан байхав дээ Ийм л учираас Монголчууд Буддикмын шинэ Ногоон урсгалыг үүсгэх хэрэгтэй санагдах юм Үндэс мөчир салаалхад буруугүй гэсэн байдаг биш үү Үндэс нэг шүү дээ Их хөлгөн талаа дагасан байвал ямар уу Ум мани бад мэ хум
Хоосон байна
Хоосон байна