Ардчиллын ой аливаа шагналыг үнэгүйдүүлэх шалтгаан болох учиргүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар төрийн дээд одон, медалийг цөөнгүй хүнд өчигдөр гардууллаа. Хэдийгээр нийтээр баярладаг ямар нэг ой, тэмдэглэлт өдөр тохиогоогүй ч Төрийн тэргүүн ийнхүү шагналын хур буулгав. Түүний энэ удаагийн шагналын зарлиг шалтгаангүй биш. Учир нь, энэ өдрүүдэд Монгол Улсын ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байгаа билээ. Үүний дагуу “Голомт”-ын Д.Баясгалан, “Түмэн шувуут” Л.Эрхэмбаяр нараас авахуулаад АН-аар овоглодог 21 хүнийг Гавьяат цол, тэмдгээр шагнаж, урамшуулав. Монгол Улсад иргэний ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, хадгалах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан гэх үндсэн шалгууртайгаар дээрх шагналыг олгосон учраас АН-ын нүүр царай болсон эрхмүүдээс авахуулаад тус намын дээд, дунд, доод шатанд үүрэг гүйцэтгэдэг эрхмүүд шагнал хүртсэн гэсэн үг. Тийм ч учраас дээрх болзлыг хангасан гэж үзээд аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, нийгэм, үйлчилгээний салбарын нэр бүхий эрхмүүдийг ийнхүү урамшууллаа.

 

Улс орондоо хийсэн, бүтээсэн зүйлтэй хэн боловч төрдөө “үнсүүлэх” шиг сайхан зүйл үгүй. Гэтэл улс төрийн нэг хүчин ардчиллын ойг ийнхүү өмчилж, Төрийн тэргүүн нь намын харьяаллаар одон, медалийг баруун солгойгүй гардуулж буйг хэрхэн ойлгох вэ. Монгол Улс гэх өрх гэрийн тэргүүн ард түмнээ алагчлах учиргүй.

 

Монгол Улсад ардчилсан нийгмийг цогцлоосон нь дан ганц АН-ынхны гавьяа зүтгэл байсан гэвэл үнэнээс хол зөрнө. Түүхийн үнэн өнөөдөр ч хэвээр атал Төрийн тэргүүн нь ийнхүү “баллуурдаж”, намаар цензурдэн одон, медаль гардуулж буй нь шударга явдал мөн үү. Эв нэгдлийг илэрхийлэгч байх учиртай атал түүхийг хүртэл мушгин гуйвуулж, улс эх оронд өрнөсөн ардчиллыг нэг намд хэт хамаатуулан батлан тунхаглах нь эрүүл хандлага мөн үү. Нөгөө талаас ардчиллын ойн баяраар аливаа шагналын үнэ цэнийг унагах шаардлага байв уу гэх асуулт ч гарч ирнэ. Учир нь, Төрийн тэргүүний зарлигаар гэх тодотголтой шагналын хур ганц өдөр “буугаад” өнгөрөөгүй. “Ардчиллын ойн баярын үеэр “Алтан гадас” тарааж байна гэх гарчигтай нийтлэлийг нэгэн иргэн фэйсбүүк хуудаснаа байршуулсан нь олны анхаарлыг ихээхэн татсан. Түүний нийтлэлдээ хавсаргасан зургаас үзвэл үнэхээр л “Алтан гадас” одонг ирийтэл өрсөн харагдана. Гэтэл энэ одонгийн болзлыг хангах гэж хэн, хэчнээн жил хөдөлмөрлөж зүтгэдэг билээ. 

 

 

Хамгийн багадаа 20-25 жил төр, улсдаа тууштай зүтгэсэн хүнд нэр хүнд, үнэ цэнтэйгээр гардуулдаг байсан нь ийнхүү Х.Баттулгын /Ерөнхийлөгчийн/ үед үгүй болох хэрэг үү. Үгүй гэхэд, Монгол Улсад нэг дор 20 гаруй гавьяат, 30-40 “Алтан гадас”-тан төрж байсан тохиолдол бий билүү.

 

 

Аливаад голч байр сууринаас хандаж, эвийг эрхэмлэх учиртай Ерөнхийлөгч цаашид энэ мэтээр ард түмнийг хагалан бутаргах аливаа үйлсийг оройлон оролцомгүй байгааг үүгээр дамжуулан дуулгая.

 

Х.Цацрал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)