Улс төрийн намуудад цензур тогтоодог болъё
- 2019-12-20
- Үнэн
- 0
Манай улсад өдгөө улс төрийн 35 нам албан ёсны бүртгэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Албан ёсны гэдэг нь хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн эсэхийг Улсын Дээд шүүхээс хянаад гэрчилгээ олгосон гэсэн үг юм. Үүний дагуу хамгийн сүүлд ЗЁН буюу Зүй ёс намыг Дээд шүүх бүртгэн баталгаажуулаад байна. Харин үүнээс хэдхэн хоногийн өмнө буюу өнгөрсөн есдүгээр сарын 12-нд Шинэн буюу Шинэ намыг Дээд шүүхээс баталгаажуулсан. Үүнийг тодотгохын учир нь манай улсын хамгийн залуу намынхан цаашид үйл ажиллагаагаа хэрхэн явуулах, ямар мөрийн хөтөлбөртэй, намаас нэр дэвшигч нь хэн байх гэх мэтчилэн процессын чанартай зүйлээ тодорхойлоогүй явна. Тэр бүү хэл, үүнийгээ зарлан тунхаглаж, Шинэ намын төв зөвлөлийн дарга нь “Шинэ намд өөрийн гэсэн бодлого, нэр дэвшигч байхгүй” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн нь сошиал орчинд багагүй шуугиан дэгдээгээд байна. Хэдийгээр хэсэг бүлэг иргэн өөрсдийн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, улс төрийн нам байгуулан үйл ажиллагаа явуулах нь Үндсэн хуулиар олгосон эрх боловч үндсэн чиг, үүргээ ухаармаар байна. Өөрөөр хэлбэл, аливаа улс төрийн намын эцсийн зорилго нь төрийн эрхэнд гарах.
Төрийн толгойд гарч, улс эх орныг удирдан чиглүүлэх том зорилготойгоор үйл ажиллагаа эхлүүлсэн хүмүүс өнөөдөр “дүрэмгүй тоглох”-оо айж ичилгүйгээр зарлах нь зүйд нийцэх үү. Адаглаад бусдад зөв үлгэр дуурайл үзүүлэх учиртай нас биед хүрсэн хүмүүс гэдгээ ухамсарламаар байна. Хүссэн нь улс төрийн нам байгуулж, юу дуртайгаа ярьж явах боломжтой гэж хойч үедээ үлгэрлэж байгаа хэрэг үү.
Монгол Улсын иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах үүднээс улс төрийн нам байгуулахыг хуулиар хүлээн зөвшөөрдөг. Гэтэл ямар хүсэл зорилгоор эвлэлдэн нэгдсэн нь тодорхойгүй, ямар ч бодлого чиглэлгүй намыг хэрхэн ойлгох вэ. Нам дотроо эв зүйгээ ололцолгүй хөлөө жийлцсэндээ өрх тусгаарласан Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүнд улс төрийн нам байгууллаа гэх мэдээний гол хүн болох нь чухал байсан юм болов уу. Эс бөгөөс мартагдахгүй байх, телевизийн дэлгэцээр олны нүдэнд харагдаж байхыг юу юунаас илүү чухалчилдаг улстөрчдөд өөрийнх нь өнөөдрийн улс төр чухал болохоос улс төрийн намын нэр хүнд огт хамаагүй бололтой юм. Ерөөсөө улс төрийн намын цензур, үнэ цэнийг шаланд унагах нь чухал бус өөрсдөө дөвийж байх хүсэлдээ дийлдсэн ч байж мэдэх. Үгүй гэвэл сонгуулийн “синдром нь хөдөлсөн” хүмүүс гэж харж бас болох юм.
Ээлжит сонгууль дөхөхтэй зэрэгцээд улстөрчдийн тодрох “өвчин” сэдэрдэг нь гэм биш зан болсон. Тиймээс дахин сонгогдох хүсэл, шунал нь Шинэ намынхныг ийнхүү онолгүй байхад хүргэсэн ч байж мэдэх юм. Ардчиллын алтан хараацайнуудын нэг гэгдэж явсан Л.Болд гишүүн өдгөө АН-аасаа хөөгдөөд зогсохгүй байгуулсан намаа “Өөрийн гэсэн бодлого, нэр дэвшигчгүй” хэмээн зарлаж яваад гайхаж, харамсах хүн олон байна. Шинэ намынхны хэлсэн үгнээс цаашид хийх ажлынх нь үр дүнг ч харж болно. Харамсалтай нь, тэднээс ард иргэд юу ч хүлээх хэрэггүй. Улс төрийн сонгуульд нэр дэвшиж, эх орноо удирдан чиглүүлэх нь байтугай иргэдэд хуулиар олгосон суурь эрхэд хүртэл тэд халдаж байна.
Учир нь, Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэд сонгох, сонгогдох эрхтэй. Гэтэл ирэх онд болох ээлжит сонгуульд оролцож, “өрсөлдөхөд бэлэн” гэдгээ зарлаад буй Шинэ намынхан иргэдийг үл хүндэтгэсэн үйлдэл хийсээр байна. Өөрийн гэсэн бодлогогүй намын юунд итгэж, иргэд сонголт хийх вэ. Энэ мэтээр иргэдийг илтэд доромжилсон зүйл ярьж яваа Шинэ намынханд ард түмэн хатуухан ташуур өгөхгүй бол дооглон, тохуурхаж эхэллээ. Шинэ намынхны энэхүү үйлдлээс дүгнэхэд улс төрийн намуудад тодорхой цензур тогтоох шаардлага зүй ёсоор үүсчээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, иргэдээ басан доромжилдоггүй байх, бусад намтай харьцуулан дүгнэх бололцоог хангах үүднээс бодлого, үйл ажиллагаагаа тодорхой байлгах гэх зэрэг наад захын шаардлагыг хангуулахгүй бол “Ардчилсан нийгэмд амьдарч байна” гэх нэрийдлээр хэн дуртай нь улс төрийн нам байгуулаад ард түмнийг гутаан доромжилдог жишиг тогтож мэдэх нь. Нөгөө талаас тэднийг төлөвшүүлэх, хариуцлагажуулах шаардлага ч байна. Нам дотроо эв зүйгээ олж, бодлого чиглэлээ тодорхойлоогүй, өөрсдөө төлөвшөөгүй, иргэдийн өмнө хариуцлага хүлээх чадваргүй хүмүүсийг төрд “шургуулах” шаардлага байхгүй.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)