Сонгуулийн сурталчилгааг цахим орчинд хийх шаардлагыг нэмэгдүүлжээ

 Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. 

    Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүнээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороо 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийжээ. Ийнхүү хуулийн төслүүдийн эцсийн хувилбарыг, зарчмын зөрүүтэй саналын томъёоллын хамт бэлтгэсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.3 дахь заалтад заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хураан шийдвэрлэсэн боловч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал хураалгах шаардлагатай гэж үзсэн, хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах талаар өгсөн чиглэл, мөн хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн сонгуулийн маргаан шийдвэрлэх асуудлыг тодорхой болгох зарим асуудлаар Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгийн үеэр санал хураан шийдвэрлэсэн байна. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаасан болохыг Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа. 

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, тодруулга хийв. Тэрбээр тодорхой хүнд зориулсан эрх зүйн зохицуулалт төсөлд бий эсэх, сонгуулийн үеэр цахим орчныг хянах талаар тодруулга хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хариулахдаа, төслүүдийн анхны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан авлига, албан тушаалын гэмт хэрэг нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй байх агуулга бүхий саналын томъёолол гаргасан нь дэмжигдсэн. Өнөөдөр Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэг явуулах үеэрээ уг асуудлыг дахин хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн яг энэ асуудлаар гаргаж байсан 2008 оны дүгнэлтийн талаар хэлэлцээд дээрх заалтыг хасах санал оруулж, 2/3 дэмжлэг авсан гэлээ.

Цахим орчныг хянах, хязгаарлах асуудлыг төсөлд огт тусгаагүй бөгөөд сонгуулийн сурталчилгааг цахим орчинд хийх шаардлагыг нэмэгдүүлсэн болохыг тайлбарласан юм. Тухайлбал, сонгуулийн сурталчилгаа явуулах цахим сайт нь бүртгэлтэй, түүгээрээ дамжуулан сонгуулийн сурталчилгаа хийнэ гэсэн зохицуулалтыг төсөлд тусгаад байгаа гэлээ. 

 Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томъёоллын 7 саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм. Хуралдааны явцад Улсын Их Хурлын дарга “Сонгуулийн хуулийг маргаан, зөрчилгүй, улс төрийн намуудын зөвшилцлийн хүрээнд, холбогдох байгууллагуудын саналд үндэслэн эцэслэн батлах ёстой” гэдэг байр суурийг илэрхийлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах бэлтгэлийг бүрэн хангах үүргийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өглөө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)